Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/812

 

2021        07         19                                   2021/ШЦТ/812

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2002 00603 0086 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Номин холдинг ХХК-нд Зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүрэг 1 дүгээр хороо Наран хороолол 11 дүгээр байрны 5 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Garden Residence хотхон 76 дугаар байрны 23 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* /РД:УЮ97051147/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Гарден Ресиденс” хотхоны 76 дугаар байрны 23 тоотод өөрийн гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 36,9 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өвс гэх зүйлийг хуучин найз залуу манай гэрт авчирч тавьсан нь үнэн. Мансууруулах зүйл байсан гэдгийг би огт мэдээгүй. Мөн манайд үлдээгээд явсан гэдгийг нь мэдээгүй. Манай найзууд тухайн өвс гээд байгаа зүйлийг намайг унтаж байхад хэрэглэсэн байсан. Би тухайн өвснөөс хэрэглээгүй. Манай гэрт тухайн өвч байсан учраас би өөрийгөө буруутай гэж үзэж байна” гэв. 

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 14-22 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 58 минутаас 01 цаг 52 минут хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Гарден ресидэнс” хотхоны 76 дугаар байрны 23 тоотод үзлэг хийсэн  ... 00-н өрөөнөөс 45 грамм жинтэй, гялгар уут бүхий савлагаатай ногоон өнгөтэй нунтаг зүйл, “Воna аquа” цэвэр усны саванд мөнгөлөг цаастай гуурс шургуулж, бонго мэт засаж тохируулсан сав 1 ширхэг зэргийг хураан авсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-23 хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө *******, Э.Үүрдбаяр, Э.Энхнасан, Б.Үлэмжбаатар, Б.Мөнхжин нар “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тэдний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 24-36 хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 41-42 хуудас/,

*******ын эзэмшлийн 9989-6951 дугаартай iPphone 6s  загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 47-49/,

Гэрч А.Ариунтулгын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 52-57 хуудас/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 59-61 хуудас/,

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******, А.Ариунтулга нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 хх-ийн 95-98 хуудас/,

Гэрч Б.Мөнхжингийн “2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20-21 цагийн хооронд намайг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 217 дугаар байрны 29 тоотод байрлах гэртээ байхад найз .Б.Үлэмжбаатар нь хоёулаа Насаагийн байгаа газар луу явах уу? Насаа дуудаад байна, чамайг явахгүй гэвэл би явахгүй гэхээр нь би “за за ярья гээд хэсэг хаячихсан байсан” чинь манай найз Уянга нь Баянзүрх дүүргийн Амгалан амаржих газарт төрөх байна гэж манай найзууд яриад Б.Үлэмжбаатар бид хоёрыг авья гэхээр нь би тэг тэг гэж хэлээд найз Уянга дээр Б.Үлэмжбаатар, Билгүүн бид гурав очоод хэсэг тэнд 1 цаг гаран байж байгаад Б.Үлэмжбаатар бид хоёр эндээс Маралаагийнх ойрхон юм чинь гэж бодоод гэрт нь очсон. Гэрт нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед ирэхэд Маралын гэрт Энхнасан, Маралаа, Үүрдбаяр гурав сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. Тэгсэн Насаа, Марал хоёр хоорондоо маргалдаад, тамхи татах нь нойлд орж нэг нэгээрээ тамхи татаад, пиво уух нь уугаад байж байсан. Би тэднийд очоод аяганд хийж өгсөн пивоноос хальт амсаад өглөө эрт ажилтай юм чинь гээд оронд нь хэвтээд унтах гэж байсан. Тэр хэд Маралаа миний хөлийн ойролцоо орноо доод хэсэгт хэвтчихсэн, Үүрдбаяр, Б.Үлэмжбаатар, Энхсаран гурвын 2 нь нойлд хамт, 1 нь цаад талын жижиг өрөөнд байсан. Миний мэдэхийн хамгийн сүүлд Б.Үлэмжбаатар нойлоос гарч ирж харагдсан. Тэгээд намайг унтах гээд хэвтэж байхад хаалга дуугарахаар нь босоогүй, нөгөө гурвын нэг нь онгойлгож өгсөн. Тэгсэн цагдаа нар ирчихсэн тэр гурвыг дагуулаад том өрөө рүү орж ирсэн. Цагдаа нар орж ирээд юу үнэртээд байгаа юм өвс үнэртээд байгаа юм биш үү, гэж хэлэхээр нь би орноос босоод нойл руу дөхөөд сонин үнэр үнэртэж байсан. Намайг анх Маралаагийн гэрт орж ирээд нойл ороход тийм үнэр үнэртээгүй, би ирээд нойл ороол оронд нь хэвтээд унтах гэж байсан болохоор дахиж нойл ороогүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-63 хуудас/,

Гэрч Б.Үлэмжбаатарын “ Би уг өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед манай найз Энхнасан намайг фэйсбүүк чатаар Маралаагийнд байна, хүрээд ир, ууя, энд жоохон өвс байна гэж хэлсэн ... Маралаагийн гэрт очиход Энхнасан, Маралаа, Үүрдээ 3 пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 2 ороод тавуулаа ярилцаж байгаад Маралаа Энхнасан 2 мөнгө гаргаад дэлгүүрээс 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво худалдаж аваад бид нар ууж байгаад ... Энхнасан бид 2 тамхи татахаар жижиг өрөөнд ороод цонхны тавцан дээр байсан хайрцгаас тамхи авсан гэтэл Энхнасан тэр хайрцгаас гялгар ууттай өвс гаргаж ирээд ийм юм байна ш дээ гэж хэлээд хэрэглэж үзэхээр болж Маралаас Энхнасан асуугаад зөвшөөрөл аваад 00 өрөөнд орж хуванцар савыг цоолж тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулаад , ягаан цаасыг би хуйлж гуурс мэт болгоод өвснөөс хэрэглэсэн. Энхнасан том өрөөнд орж Маралаас тухайн өвсийг хэрэглэж болох талаар асуусан. Энэ үед би жижиг өрөөний үүд хэсэгт байсан” гэх мэдүүлэг /1хх 73-75/,

Гэрч Э.Энхнасангийн “Би 2020 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Гарден Ресидэнт хотхоны 3 давхар 23 тоотод оршин суудаг Маралмаа гэх охинтой танилцсан юм, би энэ охинтой 1 сар гарангын өмнөөс үерхэж эхэлсэн ба 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх охины гэрт 16:00 цагийн орчим ирсэн. Намайг ирэхэд гэрт Маралмаагийн найз Сайханаа, түүний ээж, Маралмаагийн дүү Наранбаяр, түүний найз нар байсан. Тэгээд гэрт нь байж байхад Маралмаагаас бусад хүмүүс яваад өгсөн. Бид хоёр кино үзэж байгаад, пиво уухаар болоод 2,5 литрийн савлагаатай Сэнгүр, лаазтай 0.5 литртэй Калтанберг зэрэг пивонуудыг авч бид хоёр хувааж уусан. Орой нь 19:00 цагийн орчим Маралмаагийн найз Үүрдбаяр гэх эмэгтэй ирсэн. Тэгээд бид 3 Маралмаагийн гэрээс гараад Зайсан ороод буцаад ирсэн. Тэр хооронд би өөрийн найз болох Б.Үлэмжбаатар, Мөнхжин нарыг Маралмаагийн гэрт хүрээд ир гээд дуудсан. Бид хэд гэрт нь орохдоо дэлгүүрээс 2.5 литртэй Сэнгүр пиво аваад гэрт нь ороод Үүрдбаяр, Маралмаа нарын хамт ууж байтал гаднаас Б.Үлэмжбаатар, Мөнхжин хоёр орж ирээд бидэнтэй хамт ууж эхэлсэн. Уусан пиво дуусахаар нь дахиж дэлгүүр гараад 2.5 литрийн Сэнгүр пивоноос 5 ширхгийг худалдаж аваад дахиад уусан. Бид хэд нь гэрт нь ороод пиво уугаад, зурагт үзээд сууж байхад Маралмаа унтаж байсан, тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим Улсын их дэлгүүрийн баруун урд талд байх байрны тэр хавиас хүнтэй уулзаж мансууруулах төрлийн ногоон өнгийн хатааж нунтагласан өвсийг 50.000 төгрөгөөр үл таних хүнээс худалдаж авсан юм. Тэр мансууруулах төрлийн өвс нь гялгар ууттай, миний санаж байгаагаар 150 орчим грамм өвсийг авсан. Тэгээд өчигдөр Маралмаагийнд ирэхдээ дээрх мансууруулах төрлийн өвсийг авч ирсэн байсан ба тэнд байсан Б.Үлэмжбаатар, Мөнхжин, Үүрдбаяр нараас “надад мансууруулах өвс байна, та гурав хэрэглэх үү” гэж асуухад үгүй гэж хэлэхээр нь би өөрөө байрны 00-н өрөөнд ороод усны жижиг савыг хажуу бөөр хэсэгт 2 удаа тамхиар цоолоод, цаас хуйлж ороогоод доод талынх нь нүх рүү хийгээд, мөнгөлөг цаастай тогоо хэлбэртэй бөөрөнхий цаасыг хуйлсан цаасан дээрээ хийгээд, саван дотор нь бага зэрэг ус хийгээд хэрэглүүрээ бэлдсэн. Тогоо хэлбэртэй бөөрөнхий цаасан дээрээ дээрх мансууруулах төрлийн хатааж, нунтагласан өвснөөс бага зэргийн хэмжээгээр 3 удаа тавиад, галаар асаагаад, усныхаа савны ус уудаг хэсгээс сорж татах маягаар хэрэглэж мансуурсан байж байтал хаалга гаднаас тогштол тайлж өгөхөд цагдаагийн албан хаагч ирсэн байсан. Гэрээс мансууруулах төрлийн өвсний үнэр үнэртээд баригдсан ба тэр хоёр цагдаа 00-н өрөөнөөс өвс татах хэрэглүүрийг олж авсан. Би үлдсэн мансууруулах төрлийн өвсийг хаана хийсэн талаараа буюу 00-и өрөөний ванны доор тавьсан байгаа гэж хэлээд хураалгасан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83-85/,

Гэрч Э.Үүрдбаярын “Би уг өдөр ажилдаа явахгүй амарч байсан учраас Каргогоор захиалсан бараагаа очиж авахаар 19 цагийн үед өөрийн найз Маралаагийнд очиход Маралаа найз залуу Насаатай хамт байсан. Тэгээд бид 3 гарч яваад Зайсан ороод Каргогоо авчхаад буцаад 22 цаг өнгөрч байхад Маралаагийнд ирсэн. Маралаа руу явж байхдаа уугаад, юм ярьж сууя гээд ярилцсан. Тэгээд Маралаагийн гадаа ирээд дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво авсан. Тэгээд бид 3 юм яриад уугаад сууж байтал Энхнасангийн 2 найз нь гээд 2 залуу орж ирээд бид нар юм ярьж байгаад мөнгөө нийлүүлээд 5 ширхэг пиво аваад уугаад сууж байсан. Тэгээд 2 дахийг нь дуусаад байж байгаад би бие засах гээд бие засах өрөө рүү ортол битүү утаа болчихсон байхаар нь би буцаад хаалгыг нь хаагаад жижиг өрөөнд найз залуутайгаа ярьж байгаад гараад иртэл Маралаа унтчихсан, 2 цагдаа ороод ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67/,

  Гэрч Э.Халиуны “Энхнасан нь миний төрсөн дүү байгаа юм. Бид хоёр эхээс хоёулаа. Манай аав Энхжаргал, ээж Наранчимэг нар нь Дундговь аймгийн нэрийг нь санахгүй байна сумын төвд амьдардаг. Хотод манай гэрт Энхнасан нь хамт амьдардаг. Энхнасан нь 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн боловсролоо Монген цогцолбор сургуульд суралцаж 2017 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургууль төгсөөд элсэлтийн шалгалт өгч Урлах эрдэм дээд сургуулийн дизайнерийн ангид элсэн орж суралцсан боловч 1 дүгээр курсээсээ ар гэрийн шалтгаанаас төлбөр мөнгөний асуудлаас болж жилийн чөлөө аваад түүнээс хойш дахин суралцаагүй. Манай аав, ээж хоёр Улаанбаатар хотод суурьшин амьдарч хувиараа ажил төрөл хийж байсан ч тухайн ажил нь бүтэлгүй ч урагш муутай байсан учраас 2016-2017 оны үед хөдөө Дундговь аймаг руу явж тэндээ ажил төрөл хийж амьдрах болсон. Би өөрөө 2013 онд гэр бүлтэй болж тусдаа амьдарч эхэлсэн учраас аав, ээжийг хөдөө шилжиж амьдрах болсон цагаас төрсөн дүүгээ өөр дээрээ авч хамт амьдрах болсон. Ер нь сургуульд сураагүй байх хугацаандаа манай хоёр хүүхдийг харах, ойр зуурын ажилд туслах зэргээр хань болоод л явж байдаг байсан. Энэ жилээс сургуульдаа буцаж сурах гэсэн боловч тухайн сургуульд нь манай дүүгийн сурч байсан анги нь байхгүй байсан болсон учраас сурч чадаагүй. Ингээд сургуульдаа суралгүйгээр нэг маркетингийн компанид туршилтын хугацаагаар ажиллаж байгаад энэ хэрэгт холбогдчихсон. Одоо бол ямар нэгэн ажил төрөл хийгээгүй гэртээ байгаа. Манай дүү Энхнасан нь зан байдлын хувьд сэргэлэн цовоо хүнтэй эвсэг найрсаг харьцаж чаддаг өрөвч зөөлөн сэтгэлтэй сайн хүүхэд байгаа юмаа. Манай нөхөр нь өөрөө багаасаа олон эрэгтэй хүүхэдтэй айлд өссөн учраас манай дүүг ерөнхийдөө чанга гараар хүмүүжүүлж ирсэн. Гэртээ оройтож ирж болохгүй гадуур хонож болохгүй гэх зэргээр байнга л шаардлага тавьж хянаж байдаг тиймдээ ч манай дүү ер нь бол гэрээсээ гадуур их гараад байдаггүй. Энхнасан нь өөрөө бөөрний дутагдалтай учраас ямар нэгэн хортой зүйлийг хэрэглэж болохгүй хэрэв хэрэглэвэл бөөр нь өвдөж эрүүл мэнд нь муудах учраас өөрөө ч тэрийгээ сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 хуудас/,

Гэрч А.Ариунтулгын “Би дээр дурдсан хүмүүсээс Марал болон Үүрдбаяр нарыг танина. Марал гэх охинтой 2020 оны 4 сарын сүүлээр фейсбүүк хаягаар танилцаж уулзаад удалгүй үерхэж эхэлсэн. Үерхэж эхлээд л Маралын амьдардаг Чулуун овооны ойролцоо байх 76 дугаар байрны 23 тоот хаягт байрлах байранд нь очиж хонож өнждөг байсан Марал тухайн байрандаа төрсөн дүүтэйгээ хоёулхнаа амьдардаг гэж байсан. Харин Үүрдбаяр гэх охинтой 2020 оны 6 сарын үед Маралтай уулзаж байх үедээ танилцсан Маралын найз охин гэж байсан. Ингээд Маралтай 9 сарын сүүл хүртэл үерхэж байгаад хоорондоо таарч тохирохгүй маргалдаж салж байсан. Уг нь бол би Маралыг өөрийнхөө гэрээр оруулж аав, ээжтэйгээ танилцуулж манайд ганц хоёр удаа хамт хонож байсан. Харин 9 сарын сүүлээр салснаасаа хойш дахиж нэг ч удаа холбогдож уулзаагүй өдийг хүрч байгаа юм. Би Маралын гэрт өвс гэх зүйлийг нь авч очоод үлдээсэн зүйл байхгүй. Би ээжийгээ Гачуурт руу бариач айлд хүргэж бариулчхаад буцаад авч ирдэг байсан нь бол үнэн. Тэр үедээ өвс түүж Маралын гэрт үлдээсэн гэдэг бол худал зүйлээ. Ямар учраас гэртээ байгаа өвсийг минийх гээд байгааг ойлгохгүй байна. Надаас салсандаа уурлаад ийм зан гаргаж байж магадгүй гэж бодож байна” /1 хх-ийн 102-103 хуудас/,

Гэрч Ц.Дэмбэрэлийн “... Манай гэрийн гадуур нэг ч бүрсийх ургамал байхгүй, уулын энгэр талдаа хөрс нь элсэрхэг байдаг. Зун бороо ихтэй үед үер усны эрсдэл өндөртэй байдаг” гэх мэдүүлэг /1 хх-ийн 109-110 хуудас/,

Гэрч Б.Долгормаагийн “Манай хүү намайг бариач айлд хүргэж өгчхөөд гэрт нь хамт орж хажууд байж байгаад л бариулж дуусахаар хамт гараад машиндаа суугаад л харьдаг байсан. Манай хүү надад цагдаа дээр ирж байцаалт өгсөн талаараа хэлсэн. Ямар учиртай болох талаар асуухад 2020 оны хавраас үерхэж байсан манай гэрээр орж гараад явж байсан Марал гэх охин нь манай хүүг өөрийнхөө гэрт хууль бус зүйл авч ирээд үлдээсэн гэж хэлээд тэрнээс нь болж шалгуулж байгаа юм аа гэж байсан. Манай хүү гэртээ болон аав ээжийнхээ нүдэн дээр нэг ч удаа утаат тамхи татаж харагдаж байгаагүй. Мөн хувцас эд зүйлээс нь сэжиг төрөхүйц ямар нэгэн эд зүйл гарч байгаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 104-105 хуудас/,

Гэрч Б.Сайхантуяагийн “Манай ээж Нарантуяа бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу ээжийг явахаас нэг хоногийн өмнө нь Маралыг ажилдаа явсан хойгуур нь гэрт нь цэвэрлэгээ хийсэн. Тэр үед би 00-ийн өрөөг цэвэрлэж байгаад ванны доод хэсгээс угаалгын нунтгийн хажууд гялгар ууттай ногоон өнгийн хатсан өвс ургамал байхаар нь байсан газар нь хэвээр нь үлдээсэн. Тэнд өвс байсныг манай ээж мэдээгүй нөгөө өрөөнд нь цэвэрлэгээ хийж байсан. Би тухайн өвсийг ямар учиртай зүйл болох талаар нь мэдэхгүй учраас орхисон. Ингээд тэр шөнийн үүрээр Марал ажаасаа ирээд 29-ний өглөө сэрэх үед нь “00-ийн өрөөнд чинь гялгар ууттай ногоон юм байна лээ юу юм бэ” гэхэд Марал нойрмог байсан учраас “Тэгж байгаад хаяна” гэж хэлээд буцаад унтаад өгсөн. Үдээс хойш Маралын гэрт байх үед Маралын найз залуу нь ирсэн ба ээж бид хоёр 18-19 цагийн үед ээжийг вагонд суулгахаар гарсан. Тэгээд буцаж очилгүй эгчийндээ хоночхоод маргааш нь ирэхэд цагдаад урд шөнө баригдсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Маралын гэрт би 10 гаран хоног амьдраад Баянхошуунд байх ээжийнхээ төрсөн дүүгийнд байхаар хувцсаа аваад явсан түүнээс хойш ахиж очоогүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-107 хуудас/,

Гэрч П.Ихмонголын “Тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08:30 цагаас 30-ны өдрийн 08.30 цаг хүртэлх 12 цагийн хугацаанд ахлах дэслэгч Ууганбаярын хамтаар Гачуурт 116 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Шөнийн 23 цагийн үед санагдаж байна доод айлын хүнээс нь дээрх байрны 23 тоот айлд хүмүүс шуугилдаад амраахгүй байна гэдэг дуудлагын дагуу очиж хаалгыг тогшиход толгойдоо жижиг үстэй өндөр туранхай залуу хаалга тайлж өгсөн ба ороход өвсний үнэр үнэртэж байсан тэнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5 хүн байсан. Гэрийн эзэн гэх эмэгтэй нь том өрөөнийхөө орон дээр унтаж байсан ба нөгөө нэг охин нь жижиг өрөөнөөс гарч ирсэн. Харин хаалга тайлж өгсөн залуугийн нөгөө хоёр залуу нь том өрөөнд нэг нь орон дээр суусан байдалтай нөгөө нь босож зогссон байдалтай байсан. Дуудлагын дагуу ирсэн талаараа хэлж танилцуулаад гэрээс юун содон сонин үнэртэй зүйл үнэртээд байгаа талаар асуухад хаалга тайлж өгсөн залуу /анх цагдаагийн байгууллагад баригдаж биологийн дээж өгөх үед авхуулсан зургийг харуулахад Э.Энхнасанг хаалга тайлж өгсөн залуу гэж заав/ бид нар зүгээр л ууж байна ш тээ гэж хариулахаар нь ванны өрөөний хаалгыг нээж ортол угаалгын машины дээд хэсэг болон угаалтуурын хэсэгт өвсний үртэс болчихсон, угаалгын машины ард хэсэгт өвс хэрэглэхэд ашиглах зорилгоор бэлдсэн хажуу хэсэгтээ хоёр цоолсон усны сав, цоолсон хэсгээр нь гуурс болон тугалган цаасыг хийж тогтоосон байсан тул Гачуурт 10 буюу жижүүрийн бүрэлдэхүүн рүү залгаж дуудлага мэдээллийг шалгахад хүмүүс хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо гэж хэлсэн. Ингээд бүрэлдэхүүн дуудчихаад хүлээж байх үед том өрөөнд унтаж байсан эмэгтэй нь босож ирээд хаалга тайлж өгсөн залууг манай найз залуу байгаа юмаа. Юу болсон юм бэ гэхээр нь энд харин юу болоод байна нийтийн зориулалттай орон сууцны байранд архидан согтуураад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад, хажуугаар нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж хэлэхэд хаалга тайлж өгсөн залуу нь эд нар хамаагүй ахаа би ганцаараа хэрэглэсэн юм гэж хариулсан гэхээр нь би хаалга тайлж өгсөн залууг ганцааранг нь авч гараад машин дотор суулгаад юу болсон юм талаар асуухад өвс гэх бодис хэрэглэсэн, хэрэглэсэн өвс нь ванны өрөөний доогуур байгаа гэж хэлэхээр нь офицертоо хэлж мэдэгдээд бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн байх. Офицер бид хоёрын тухайд байранд байсан хүмүүсийг бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагадаа явсан” /1 хх-ийн  112 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6424 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, ягаан өнгийн хуйлсан гуурс мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, Bon aqua гэсэн бичиглэлтэй цэвэр усны сав тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна” Ирүүлсэн том гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 36.9 гр байсан ба дээжнээс 0.1 гр шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт /1хх-ийн 119-120 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6023 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* УЮ37051147 2020.10.30”, “үүрдбаяр АН97081602 2020.10.30”, “ Б.Мөнхжин УШ96060237 2020.10.30”, “Э.Энхнасан УХ 99100... 2020.10.30” гэж тус тус хаягласан шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Б.Үлэмж УХ99061139 2020.10.30” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт /1хх-ийн 148-149 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “******* нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. ******* нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 164-166 хуудас/,

Яллагдагч *******ын “Би энэ өвсийг гэртээ авчирч хадгалаагүй А.Ариунтулга нь манай гэрт авчирч тавьсныг цагдаа нар ирдэг өдөр л мэдсэн. Тогтоолтой уншиж танилцахад Б.Энхнасан нь энэ өвсийг чинь Б.Үлэмжбаатартай хамт хэрэглэж үзье тэгээд намайг тэг тэг гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тухайн үед би унтсан байсан Б.Үлэмжбаатар, Энхнасан нарыг хэрэглэсэн талаар огт мэдээгүй, гэтэл намайг худлаа гүтгэсэн байна. Уг хэрэг болсны дараа Б.Энхнасан, Б.Үлэмжбаатар нараас тэр өвсийг татахаар мансуурдаг мөн гуурсыг хаанаас мэдэж хэрэглэж татсан вэ гэж асуухад бид нар урьд нь хэрэглэж байсан учраас шууд мэдээд татаад танай 00 өрөөнд хэрэглэсэн юм гэж хэлсэн. Би энэ өвсийг мансууруулах төрлийн өвс гэдгийг мэдээгүй та нар мэдэж байгаа юм бол намайг сэрээгээд мансууруулах өвс байна ш дээ гэж хэлэхгүй яасан гэж найз залуу Б.Энхнасанд уурлахад чамайг маргааш ажилтай учраас сэрээгээгүй өөрсдөө сайн дураараа хэрэглэсэн юм гэж хэлсэн.Энэ өвс миний биш Ариунтулгын өвс байгаа юм. ” гэх мэдүүлэг /1хх-ийн 122-123 хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 215 хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /2хх-н 235 хуудас/  зэргийг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхээр тогтов.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Garden Residence хотхоны 76 дугаар байрны 23 тоотод гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 36,9 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 14-22/,  

Хэргийн газарт үзлэг хийсэн “2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 58 минутаас 01 цаг 52 минут хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Гарден ресиденс хотхоны 76 дугаар байрны 23 тоотод үзлэг хийсэн  ... 00-н өрөөнөөс 45 грамм жинтэй, гялгар уут бүхий савлагаатай ногоон өнгөтэй нунтаг зүйл, цэвэр усны саванд мөнгөлөг цаастай гуурс шургуулж, бонго мэт засаж тохируулсан сав 1 ширхэг зэргийг хураан авав” гэсэн тэмдэглэл /1хх 15-23/,

*******ын эзэмшлийн 9989-6951 дугаартай iPphone 6s загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-49/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 59-61 хуудас/,

Гэрч Б.Б.Үлэмжбаатарын Би уг өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед манай найз Энхнасан намайг фэйсбүүк чатаар Маралаагийнд байна, хүрээд ир, ууя, энд жоохон өвс байна гэж хэлсэн ... Маралаагийн гэрт очиход Энхнасан, Маралаа, Үүрдээ 3 пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 2 ороод тавуулаа ярилцаж байгаад Маралаа Энхнасан 2 мөнгө гаргаад дэлгүүрээс 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво худалдаж аваад бид нар ууж байгаад ... Энхнасан бид 2 тамхи татахаар жижиг өрөөнд ороод цонхны тавцан дээр байсан хайрцгаас тамхи авсан гэтэл Энхнасан тэр хайрцгаас гялгар ууттай өвс гаргаж ирээд ийм юм байна ш дээ гэж хэлээд хэрэглэж үзэхээр болж Маралаас Энхнасан асуугаад зөвшөөрөл аваад 00 өрөөнд орж хуванцар савыг цоолж тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулаад , ягаан цаасыг би хуйлж гуурс мэт болгоод өвснөөс хэрэглэсэн. Энхнасан том өрөөнд орж Маралаас тухайн өвсийг хэрэглэж болох талаар асуусан. Энэ үед би жижиг өрөөний үүд хэсэгт байсан” гэх мэдүүлэг /1хх 73-75/,

Гэрч Э.Энхнасангийн “... Б.Үлэмжбаатар, Мөнхжин, Үүрдбаяр нараас надад мансууруулах өвс байна, та гурав хэрэглэх үү гэж асуухад үгүй гэж хэлэхээр нь би өөрөө байрны 00-н өрөөнд ороод усны жижиг савыг хажуу бөөр хэсэгт 2 удаа тамхиар цоолоод, цаас хуйлж ороогоод доод талынх нь нүх рүү хийгээд, мөнгөлөг цаастай тогоо хэлбэртэй бөөрөнхий цаасыг хуйлсан цаасан дээрээ хийгээд, саван дотор нь бага зэрэг ус хийгээд хэрэглүүрээ бэлдсэн. Тогоо хэлбэртэй бөөрөнхий цаасан дээрээ дээрх мансууруулах төрлийн хатааж, нунтагласан өвснөөс бага зэргийн хэмжээгээр 3 удаа тавиад, галаар асаагаад, усныхаа савны ус уудаг хэсгээс сорж татах маягаар хэрэглэж мансуурсан байж байтал хаалга гаднаас тогштол тайлж өгөхөд цагдаагийн албан хаагч ирсэн байсан” гэх мэдүүлэг /1хх 83-85/,

Гэрч Э.Үүрдбаярын “... 2 дахийг нь дуусаад байж байгаад би бие засах гээд бие засах өрөө рүү ортол битүү утаа болчихсон байхаар нь би буцаад хаалгыг нь хаагаад жижиг өрөөнд найз залуутайгаа ярьж байгаад гараад иртэл Маралаа унтчихсан, 2 цагдаа ороод ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1хх 66-67/,

Гэрч Б.Сайхантуяагийн “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу ээжийг явахаас нэг хоногийн өмнө нь Маралыг ажилдаа явсан хойгуур гэрт нь цэвэрлэгээ хийсэн. Тэр үед би 00-н өрөөг цэвэрлэж байгаад ванны доод хэсгээс угаалгын нунтгийн хажууд гялгар ууттай ногоон өнгийн хатсан өвс ургамал байхаар нь байсан газарт хэвээр нь үлдээсэн ... шөнийн үүрээр Марал ажлаасаа ирээд өглөө сэрэх үед нь 00 өрөөнд чинь гялгар ууттай ногоон юм байна лээ юу юм бэ гэхэд Марал нойрмог байсан учраас тэгж байгаад хаяна гэж хэлээд буцаад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /1хх 106-107/,

Гэрч П.Ихмонголын “Шөнийн 23 цагийн үед санагдаж байна доод айлын хүнээс нь дээрх байрны 23 тоот айлд хүмүүс шуугилдаад амраахгүй байна гэдэг дуудлагын дагуу очиж хаалгыг тогшиход толгойдоо жижиг үстэй өндөр туранхай залуу хаалга тайлж өгсөн ба ороход өвсний үнэр үнэртэж байсан тэнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5 хүн байсан. Гэрийн эзэн гэх эмэгтэй нь том өрөөнийхөө орон дээр унтаж байсан ... унтаж байсан эмэгтэй босож ирээд хаалга тайлж өгсөн залууг манай найз залуу байгаа юмаа. Юу болсон юм бэ гэхээр нь энд харин юу болоод байна нийтийн зориулалттай орон сууцны байранд архидан согтуураад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад, хажуугаар нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж хэлэхэд хаалга тайлж өгсөн залуу нь эд нар хамаагүй ахаа би ганцаараа хэрэглэсэн юм гэж хариулсан гэхээр нь би хаалга тайлж өгсөн залууг авч гараад машин дотор суулгаад юу болсон юм талаар асуухад өвс гэх бодис хэрэглэсэн, хэрэглэсэн өвс нь ванны өрөөний доогуур байгаа гэж хэлэхээр нь офицертоо хэлж мэдэгдээд бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн байх” /1хх 112/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6424 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, ягаан өнгийн хуйлсан гуурс мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, Bon aqua гэсэн бичиглэлтэй цэвэр усны сав тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 36.9 грамм байсан ба дээжээс 0.1 граммыг шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт /1хх 119-120/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6023 дугаартай “Б.Үлэмж УХ99061139 2020.10.30” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв” гэсэн дүгнэлт /1хх 148-149/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай “******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна” гэсэн дүгнэлт /1 хх 164-166/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор тодорхойлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******ын гэрээс хураан авсан “өвс” мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч, энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч ******* нь гэртээ “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис буюу өвсийг байлгаж хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан” гэх шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан  боловч түүнийг хүсэж хийсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул *******ыг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн байхгүй, учирсан хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хадгалсан гэх үйлдэлд 1 жил сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *******д холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг тус тус гаргасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Хэдийгээр ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь тохиромжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

*******ын үйлдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг авч үзвэл, гэртээ олон хүн дуудаж, шөнийн цагаар нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар гэрт нь байсан хориглосон мансууруулах үйлчилгээтэй өвсийг хэрэглэсэн, хөрш айлаас амгалан тайван байдал алдагдуулсан тул дуудлага өгч энэ гэмт хэрэг илэрчээ.

Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.

Хувийн байдлын хувьд ******* нь урьд ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилтай гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдалтай. 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын хяналтад *******ыг ажил эрхлэхээс бусад нөхцөлд оршин суух хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, зөвхөн ажлын газар хүртэл зорчихоос өөр чиглэлд зорчихыг хязгаарлаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зорчих чиглэл, ял эдлэх бүсийг тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял болон шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг даалгаж байна. 

******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Хэрэгт эд мөрийн хураагдсан ягаан өнгийн хуйлсан гуурс мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “bon aquay” гэсэн шошготой цэвэр усны хуванцар сав, гялгар уутны хамт 36.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй шавар мэт, “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгалаа.

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад *******ыг ажил эрхлэхээс бусад нөхцөлд Баянзүрх  дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, оршин суух газраас Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг Номин холдинг ХХК-ий ажлын байр хүртэл зорчих чиглэлийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон шүүхээс авсан албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан ягаан өнгийн хуйлсан гуурс мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “bon aquay” гэсэн шошготой цэвэр усны хуванцар сав, гялгар уутны хамт 36.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй шавар мэт, “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ