| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1501/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/813 |
| Огноо | 2021-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/813
2021 07 19 2021/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч А.Сайнбаяр /томилолтоор/,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2006 00000 0923 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ундрам Сууц өмчлөгчдийн холбоонд нягтлан ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 41 гудамжны 859 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Цэргийн 3 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Данзангийн 3 дугаар гудамжны 7 тоотод бэр Г.Лхамсүрэнгийн хөл, гар, нуруун тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”
Хавтас хэргээс:
Хохирогч Х.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай хадам ээж болох ******* нь манай хоёр хүүхдийг ээжийнд авчраад хувцсыг нь хаалгаар оруулж шидчихээд намайг барьж аваад миний нуруу, хөл, гар луу өшиглөөд байсан ... Золжаргал л намайг зодсон ... Би Батболдыг дууд би таныг явуулахгүй гээд Золжаргалыг бариад авсан чинь гараа тавиулах гээд миний хоёр гараас барьж доош нь дараад миний баруун гуя руу хөлөөрөө өшиглөөд, нуруу руу гараараа зөндөө олон удаа цохисон, би дээшээ өндийхөд миний нүүр гарыг маажсан ... Золжаргалд зодуулсны дараа Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахад хуучин гэмтлүүд маань дүгнэлтэд тогтоогдоогүй, зөвхөн шинэ гэмтлүүд дүгнэлтээр тогтоогдсон ... Манай байрны шатны дээр коридор хэсэгт зодсон, эхлээд зууралдаж аваад намайг дарж тонгойлгоод яг аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна хөлөөрөө миний гуяны баруун тал руу 2-3удаа өшиглөсөн. Тэгж байхдаа миний нуруу, зүүн дал хэсэг рүү гараараа цохисон, гараараа 4-5удаа цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Гэрч Л.Даваадолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... эргээд харсан чинь Золжаргал манай охин Лхамсүрэнг үсдэж дараад хөлөөрөө өшиглөөд зогсож байсан, би яаж байгаа юм бэ гээд наанаас нь салгах гээд ойртоход Золжаргал намайг хохичихно шүү ч гэл үү ална шүү ч гэл үү нэг үг хэлээд над руу дайрах гэхээр нь би айгаад ойртоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3977 дугаартай “Г.Лхамсүрэнгийн биед уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Үзүүлэгч Лхамсүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ирж үзүүлэхэд биед нь үүссэн гэмтлүүд нь ногоон шаргал өнгийн болж эдгэрч байсан, гэмтлийн эдгэрэлт нь 3ба түүнээс дээш хоногтоо ногоон шаргал өнгөтэй болдог. Тухайн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар дүгнэлтэд дурдсан байгаа. Тухайн хугацаанаас өмнө үүссэн бол гэмтлийн эдгэрэлт, өнгө нь ногоон шаргал өнгөнөөс өөр өнгөтэй харагдах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил 3 тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Данзан 3 дугаар гудамжны 7 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зууралдах явцад хохирогч Г.Лхамсүрэнгийн нүүрэн тус газарт маажих, нуруу, хөлөн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн халдаж эрүүл мэндэд нь уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан
- Хохирогч Г.Лхамсүрэнгийн “Манай хадам ээж болох ******* нь манай 2 хүүхдийг ээжийнд авчраад хувцсыг нь хаалгаар оруулж шидчихээд намайг барьж аваад миний нуруу, хөл, гар луу өшиглөөд байсан ... Золжаргал л намайг зодсон ... Би Батболдыг дууд би таныг явуулахгүй гээд Золжаргалыг бариад авсан чинь гараа тавиулах гээд миний хоёр гараас барьж доош нь дараад миний баруун гуя руу хөлөөрөө өшиглөөд, нуруу руу гараараа зөндөө олон удаа цохисон, би дээшээ өндийхөд миний нүүр гарыг маажсан ... Золжаргалд зодуулсны дараа Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахад хуучин гэмтлүүд маань дүгнэлтэд тогтоогдоогүй, зөвхөн шинэ гэмтлүүд дүгнэлтээр тогтоогдсон ... Манай байрны шатны дээр коридор хэсэгт зодсон, эхлээд зууралдаж аваад намайг дарж тонгойлгоод яг аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна хөлөөрөө миний гуяны баруун тал руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгж байхдаа миний нуруу, зүүн дал хэсэг рүү гараараа цохисон, гараараа 4-5 удаа цохисон байх” гэх мэдүүлэг /хх 4-6/,
- Гэрч Л.Даваадолгорын “эргээд харсан чинь Золжаргал манай охин Лхамсүрэнг үсдэж дараад хөлөөрөө өшиглөөд зогсож байсан, би яаж байгаа юм бэ гээд наанаас нь салгах гээд ойртоход Золжаргал намайг хохичихно шүү ч гэл үү ална шүү ч гэл үү нэг үг хэлээд над руу дайрах гэхээр нь би айгаад ойртоогүй” гэх мэдүүлэг /хх 15/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3977 дугаартай “Г.Лхамсүрэнгийн биед уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 16/,
- Шинжээч эмч Т.Сэлэнгийн “Үзүүлэгч Лхамсүрэн нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирж үзүүлэхэд биед нь үүссэн гэмтлүүд нь ногоон шаргал өнгийн болж эдгэрч байсан, гэмтлийн эдгэрэлт нь 3 ба түүнээс дээш хоногтоо ногоон шаргал өнгөтэй болдог. Тухайн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар дүгнэлтэд дурдсан байгаа. Тухайн хугацаанаас өмнө үүссэн бол гэмтлийн эдгэрэлт, өнгө нь ногоон шаргал өнгөнөөс өөр өнгөтэй 4 харагдах байсан” гэх мэдүүлэг /хх 17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.Лхамсүрэнгийн биед гэмтэл учруулаагүй, би огт цохиж зодоогүй, зөвхөн зууралдсан, хэргийг дутуу шалгасан, хэрэг болоход байсан Х.Даянгэрэлийг гэрчээр асуух шаардлагатай гэж мэтгэлцэж оролцсон,
Мөн хохирогч Г.Лхамсүрэн нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж нөхөр С.Батболдтой маргалдсан асуудал болсон, тэр үед энэ гэмтлийг авсан байх гэж тайлбарладаг боловч энэ нь Г.Лхамсүрэн, С.Батболд нарын хооронд бичсэн мессежнүүд, Г.Лхамсүрэнгээс биеийнхээ өвдөг, нуруу хэсэгт хөхөрсөн байдлыг харуулсан зургийг С.Батболдод илгээсэн баримтаар үгүйсгэгдэж байна.
Гэрч Даянгэрэлийн мэдүүлэгт “явуулахгүй гэж зууралдсан, ******* нь Г.Лхамсүрэнд нэг ч гар хүрээгүй, харин Л.Даваадолгор нь *******ын нүүр, тогой хэсэгт алгадсан, миний гарыг хазаж, толгой руу цохисон, Г.Лхамсүрэн нь *******ыг заамдаж аваад нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж тусгасан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмтэл учирсан нь өөр баримтаар тогтоогдоогүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
Нөгөөтээгүүр Г.Лхамсүрэнгийн биед учирсан уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар шинжээч дүгнэж, мэдүүлгээрээ тодорхой тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.
******* нь биедээ гэмтэл авсан байдлыг харуулах гэрэл зургийг хэрэгт хавсаргуулсан боловч шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоогүй байна. Гэвч үүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулах эрхтэй бөгөөд энэ нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын хохирогч Г.Лхамсүрэн рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч Г.Лхамсүрэн нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үнэлж дүгнэв.
Тогтоогдсон үйл баримтаар харилцан маргалдсан, зууралдсан, таталцсан буюу 2 талын хүчний үйлчлэл хийгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч хамт амьдардаггүй, байнга давтагдсан шинжгүй зэргээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн авч үзээгүй нь зөв зүйтэй байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Г.Лхамсүрэн, шүүгдэгч ******* нар бэр, хадам эхийн харилцаатай ба ахуйн хүрээнд эхнэр, нөхрийн дундах гэр бүлийн хувийн таарамжгүй харилцаанд хөндлөнгөөс оролцсон байдал, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Хохирогч Г.Лхамсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 48 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, 48 настай, эмэгтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар бага байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улмын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Лхамсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ