Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 323

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2017/00323

                     Хэнтий аймаг

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00226/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Адрага багт оршин суух, Сад овогт Жамсранжавын Дэнсмаагийн (СВ-65122602) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ж.Дэнсмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажилласан юм. Баян-Адрага сумын архив шатсан тул аймгийн төв архиваас ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал зэрэг баримтууд гарч ирээгүй. Иймд 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дэнсмаа нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад малчнаар тасралтгүй ажилласан юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Аймгийн архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирээгүй гэв.

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сад овогт Жамсранжавын Дэнсмаа нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ж.Дэнсмаагийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажлаас халагдсан тушаал байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Дэнсмаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СВ-65122602 регистрийн дугаартай, Сад овогт Жамсранжавын Дэнсмаа нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Сад овогт Жамсранжавын Дэнсмаа, 1965 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, СВ-65122602 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)

2. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:...1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Сайхан бригадад малчнаар томилов гэжээ. (хх-ийн 6-7 тал)

3. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбарт:...769 эм хониноос 750 хурга авч, 100 эхээс 95 хурга бойжуулсан Сайхан хэсгийн хоньчин Ж.Дэнсмааг хурга бойжуулалтын сумын аварга цол, 300 төгрөгөөр шагнасугай...гэжээ. (хх-ийн 9-10 тал)

4. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай тогтоолын хуулбарт:..12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан илгээлтийн эзэн залуучуудын уулзалтаар тэргүүний малчин залуу 8 хүнийг 302 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай... Хавсралтын 8 дугаарт:...Ж.Дэнсмаа 37 төгрөг, 75 мөнгө гэжээ. (хх-ийн 11-12 тал)

5. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай тогтоолын хуулбарт :...Илгээлтийн эзэн малчин залуучуудын улсын 2 дугаар зөвлөгөөнд оролцсон илгээлтийн 9 хүүхдийг авч хоол хүнсний зүйлээр үйлчилсүгэй... Хавсралтанд... Ж.Дэнсмаа гэжээ. (хх-ийн 13-14тал)

6. Гэрч Д.Гомбобаатарын: ...Бид Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар хамт ажиллаж байсан. Манай сумын архив шатсаны улмаар холбогдох тушаал, баримтууд устсан гэсэн мэдүүлэг (хх-ийн  23 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Харин хүсэлт гаргагч нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СВ-65122602 регистрийн дугаартай, Сад овогт Жамсранжавын Дэнсмааг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн “Сайхан” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Дэнсмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ