Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 324

 

 

  2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2017/00324

Хэнтий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00228/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар: А.Энхцэцэгийн хүсэлттэй, “ажиллаж байсан байдлыг  тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч А.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч А.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Эвийн хүч” ХХК-д тракторчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт гараагүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 

Хүсэлт гаргагч А.Энхцэцэг нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Эвийн хүч” ХХК-д тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Эвийн хүч” ХХК-ийн 1995 оноос 2000 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан архивт ирээгүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч А.Энхцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч А.Энхцэцэг нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх-ийн 27 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. А.Энхцэцэгийн хүсэлттэй, “ажиллаж байсан байдлыг  тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  нэхэмжлэгч А.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар буруулан тогтоож, 35 100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                

 

 

                                              ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ