Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 325

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2017/00325

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00221/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Биндэр сумын 1 дүгээр багт оршин суух, Ониг овогт Аюушийн Самданпунцаг РД:/СЖ57051071/-гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Самданпунцаг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“А.Самданпунцаг нь 1973 оны 07 дугаар 15 1993 оны 06 дугаар сарыг дуустал 19 жил 11 сар 15 хоног Хэнтий аймгийн Биндэр сумын бүтээлч нэгдэлд ямаачнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэгт ажилд орсон, гарсан тушаалууд, цалингийн тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, баярын бичиг, дипломын хуулбаруудыг хавсаргасан.

Дээрх нотлох баримтуудаар ажиллаж байсан нь хангалттай нотлогдож байгаа. Иймд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас өндөр насны тэтгэврээ тогтоолгох нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 8, 9, 12-18, 19-21, 22-27, 28-32, 39-40, 41, 42-43, 44/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Самданпунцаг нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор А.Самданпунцаг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч А.Самданпунцаг нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд ямаачнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэнтий аймгийн архивын тодорхойлолт /хх 5/, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн зөвлөлийн даргын №18 дугаартай тушаалын хуулбар      /хх 6/, цалингийн тодорхойлолт /хх 8, 9/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 12-18/, Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх 19-21/, нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа авч байсан дипломын хуулбарууд          /хх 22-27/, баярын бичгийн хуулбарууд /хх 28-32/, 1984 оны 07 дугаар сараас 1986 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчин, саальчнаар, 1991 оноос мал зүйчээр ажиллаж байсан гэрч Г.Хандсүрэнгийн мэдүүлэг /хх 41/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 39-40/, 1973 оноос Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Г.Баатарын мэдүүлэг /хх 44/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 42-43/ зэрэг болно.

 

А.Самданпунцагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ониг овогтой Аюушийн Самданпунцаг РД:/СЖ57051071/ нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1973 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Самданпунцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА