Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/825

 

 

 

 

 

 2021         07          20                                 2021/ШЦТ/825

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч А.Сайнбаяр /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н, түүний өмгөөлөгч Э.Туул,

гэрч Ж.Отгонцас,

насанд хүрээгүй гэрч С.Хангал, түүний хууль ёсны төлөөлөгч А.Мягмарцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 0575 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булан 17 дугаар гудамжны 781 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* .

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.Саранг байнга хүчирхийлж, айлган сүрдүүлсний улмаас А.Саран нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 220 дугаар байрны дээврээс үсэрч амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Шүүгдэгч *******ийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нгийн “Би амь хохирогч А.Сарангийн төрсөн дүү. Бид эцэг эхээс гурвуулаа. А.Саран, А.Н А.Одон гээд гурван охин байдаг. Миний эгч айлын том байсан. Шүүгдэгч ******* нь миний эгчтэй 2016 оноос эхлэн хамтран амьдарсан. 2 бага хүүхдийнх нь төрсөн ээж. Миний эгч Саран БНХАУ-д бакалаврын зэрэг, Санхүү Эдийн засгийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалж Хаан банкинд 2004 оноос хойш 5 албан тушаал дэвшиж ажилласан. Ажил мэргэжилдээ үнэнч шударга, тууштай сайн хүн байсан. Хүүхдэд дэндүү хайртайдаа амьдралд алдаж оносон ч, 4 сайхан хүүхэд төрүүлж амьдарсан. ******* 2016 оноос хойш миний эгчтэй амьдраад 2017 онд Хонгорзул, 2018 онд Хосбаяр гэх 2 хүүхэд гаргасан. Миний эгч Хосбаярыг тээж байхад дэлбэртэл нь зодсон байхад би гэрт нь очиж таарсан. Тэгээд цагдаа дуудаж эгчийгээ эмнэлэгт хүргэж өгч байсан түүхтэй. Батсүлд Хангай гэх хүүхдийг байнга манжинддаг. Одоо тэр хүүхэд хэлний бэрхшээлтэй. 7 настай хүүхэд асар муу ярьдаг. Энэ бол зуун хувийн хүчирхийллээс болсон. Өнөөдөр 4 хүүхэд нь бүлтэлзээд орой болгон ээжийгээ надаас нэхэж байна. ******* нь сэтгэл санааны байнгын дарамт, доромжлол, бие махбодын болон эдийн засгийн хүчирхийллийг үзүүлдэг байсан. Миний эгч өнөөдөр мэдлэг боловсролтой, сэтгэл сайтай, шулуун шударга, орон байртай, эд хөрөнгийн хөрөнгийн гачигдалгүй хүн яагаад 2021 оны 03 дугаар сарын 19-нд ийм үйлдэл хийх болов. Миний эгчид Батсүлдээс өөр дарамт байхгүй. Би тэрийг баттай хэлж чадна. Батсүлд үнэхээр худалч, хэзээ ч хэлсэн амандаа хүрдэггүй. Бид нар амьдралыг нь дэмжих гэж маш их хичээсэн. Ээж минь хүртэл байраа өгөөд амьдруулж үзсэн. Хоёр ч удаа машин авч өгсөн. Ажил хийдэггүй, архи уудаг. Эгчийг минь зодож тамладаг, маш их доромжилдог. Та бүхэн мессежийг харсан байх тэр бол зах зухаас нь бичсэн зүйл. Асар их буюу миний хэлний үгийн санд байдаггүй дарамталсан, доромжилсон, үгнүүд байдаг. Миний эгч сайн ханьтай, элэг бүтэн амьдрахыг л хүссэн. Хүний муутай учирсан учраас өнөөдөр өөрийгөө золиослоод үр хүүхдээ, ээжийгээ, бүх хайртай хүмүүсээ орхиод энэ хорвоогоос явсан. Би өнөөдөр Батсүлдийг гэмшиж байна гэж бодохгүй байна. Гэмшиж байгаа хүн ийм зүйл ярьдаггүй юм. Бид нар маш их шоконд орсон. Хохирол төлбөрийн хувьд бид нар байгаа баримтуудаа нийлүүлээд 16.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2-16 насны 4 хүүхдийг сэтгэл заслын эмчилгээнд явуулсан. Хангал гэхэд одоо сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа. Хохирол төлбөрт ороогүй 10 гаруй сая төгрөгийн хохирол байгаа. Батсүлд сая миний ээжийн бие муу байгаа гэж байна. Уучлаарай миний ээжийн бие ч муу байгаа. Төрсөн охин нь 4 хүүхдээ орхиод үхэх шийдвэр гаргасан байхад юу яриад байгаа юм бэ. Миний ээж маш хүнд байгаа. Та хэд хэргээс харсан бол миний ээж энэ хэрэг дээр хохирогчоор тогтоогдсон. Дараа нь ээжийн бие муудсан. Хоорондоо зөвшилцөөд би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож энэ хэрэгт оролцож байна” гэх мэдүүлэг,

Гэрч С.Отгонцасын “Талийгаач над руу фейсбүүк чатаар зураг, бичлэг явуулдаг байсан. Найзынх нь нүд ийм болсон, гараа ингэчихлээ, Батсүлд намайг зодоод одонгоо авч чадаагүй гэсэн. Өмнө нь 2 хүүхдэд хоёр өөр дээл өмсгөсөн буюу Батсүлд миний охинд ийм дээл өмсгөж, энэ хүүхдэд ийм дээл өмсгөлөө гээд зодсон гэсэн. Гар утсыг нь булаагаад зугтаасан. Би тэрийг маш сайн санадаг. Яагаад гэхээр би нэгжгүй болчихлоо, найз нь гар утсаар ярих гэсэн боловч гар утас өгөөгүй. Би охиноо аваад зугтаасан гэж хэлж байсан. Лагерьд очсон байсан. Шөнийн 12, 1 цаг болж байхад яасан бэ гэсэн чинь ээж дээрээ ирсэн байна. Миний найз шулуун шударга зантай, илүү дутуу үг яриагүй, хийх ёстой ажлаа хийдэг. Хүнд хүндлэгдэж чаддаг. Энэ муу хүн, энэ сайн хүн гэж нөхөрлөж байгаагүй. Хамгийн харамсалтай нь гэвэл энэ хүнтэй амьдраад ямар нэгэн байдлаар жаргаж байсныг нь би үнэхээр санахгүй байна. Хамт хэдхэн удаа уулзахад мессеж бичиж байгаа нь, мөн бид хэд аяга хоол идээд суухад 2 үг солиулахгүй байнга залгадаг. Сүүлдээ гадаа ирсэн байна гэхээр тайван сууж чаддаггүй. Талийгаач гар утсаа унтраадаг болсон. Гар утас руу залгахаар холбогддоггүй. Арай хийж нэг юм холбогдохоор яасан Сүлдээ яриад байна, ажил руу залгаад байна, ажлын хамт олны дунд намайг нэр хүндгүй болгож байна. Хүүхдүүдээ хүртэл зоддог. Батсүлд Хангайг яаж зодсоныг нь би мэдэж байна. Бид хоёр 1-2 минут ярьдаггүй, 1-2 цаг ярьдаг. Бүх зүйлээ надад ярьдаг байсан. Над руу явуулж байсан зураг болон бичлэгийг явуулахаар л холдоод өгөөч, явуулаад өгөөч гэж хэлдэг. Батсүлд холдож явахаараа араас нь мессеж бичээд, залгадаг. Өдөр шөнөгүй, завсар зайгүйгээр дарамталдаг. Бодохоор үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч С.Хангалын “2016 онд манай ээж Батсүлдтэй танилцаж байсан. Батсүлд удаа дараа манай ээжийг маш их зоддог байсан. Ээж минь бид нарыг үргэлж өнчин өсгөхгүй гэсэндээ бүгдийг тэвчиж явдаг байсан. Би доороо 3 дүүтэй. Ээж минь Батсүлдэд зодуулчхаад бид нар луу хараад зүгээрээ ээж нь яах ч үгүй, миний хүүхдүүд харж болохгүй шүү гэж хэлж байсан. Би 3 дүүгээ аваад цаашаа өрөөндөө ордог байсан. 2019 онд би 15 нас хүрсэн. Ялт ч үгүй миний ээжийг нүдний урд зодож байхад нь үнэхээр тэсээгүй. Батсүлдийн өөдөөс боль гээд бага зэрэг маргалдахад хоолойг минь боомилж аваад хажуу тал руу аяга шидэж зүсэж байсан. Батсүлд манай гэрийг бусниулаад маш их зүйлс хулгайлж байсан. Манай гэрийг сүйрүүлсэн. Тэр явдлаас хойш хөөгөөд явуулсан. Ээж рүү минь үргэлж ярьж, ажлын газарт нь очиж хүртэл дарамталдаг байсан. Манай бага эгч Батсүлдийг цагдаа дуудаж өгсөн. Эгчийг минь ална гээд ер нь бүгдийг нь сүрдүүлж байсан. Ээж хэлэхдээ би дарамт шахалтыг үнэхээр тэвчиж чадахгүй нь гэж хэлж байсан. Ажлаа тараад гарч ирэхэд нь хүртэл Батсүлд ажлынх нь гадаа хүлээж байгаад дагаж яваад, ээж машины араар нуугдаад ирсэн гэдгээ надад хэлж байсан. Тэгэхэд надад үнэхээр хэцүү байсан. Тэр явдлаас хойш эмээ, ээж, эгч нар луу байнга ярьдаг. Танайхыг сүйрүүлнэ, гэрийг чинь шатаана, бүх юмыг чинь шатаана гэж маш их дарамталж, удаа дараа сүрдүүлж байсан. Манай машиныг хулгайлж авч явж байсан. Архи ууж, агсам согтуу тавина. Тэгэхэд манай 3 дүү болон бид нарт үнэхээр хэцүү байсан. Одоо хүртэл миний дүү нарын уйлж байгаа болон ээжийн минь өрөвдөлтэйгөөр харж байгаа харц байнга харагддаг” гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5-6 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-18 хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-22 хуудас/,

*******ийн эзэмшлийн Huawei загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх  24-31 хуудас/,

Гэрч Ж.Отгонцасаас гаргаж өгсөн талийгаач А.Сарантай харьцаж байсан мессэжийн хуулбар /1хх 68-70 хуудас/,

Талийгаачийн А.Сарангийн эзэмшиж ашиглаж байсан гэх Samsung Galaxy 10s загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 72-112 хуудас/,

Хохирогчийн хууль төлөөлөгч А.Нгаас гаргаж өгсөн талийгаач А.Саран болон шүүгдэгч ******* нарын хооронд бичсэн мессэжийн хуулбар, утсаар ярьсан ярианы бичлэг, талийгаачийн Чингэлтэй дүүргийн шүүхэд бичсэн өргөдөл, А.Хангал зодуулсан байдлыг харуулсан гэрэл зураг /1хх 37-39, 55, 64-65 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон талийгаач А.Сарангийн бичсэн гэрээслэлд “Миний бие Алтан-Өлзий овогтой Саран, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 2021 оны 03 дугаар сарын 09-нд амиа хорлох шийдвэр гаргасан. Миний 4 сайхан үр болон ажил мэргэжил минь уучлаарай. Хайртай ээж минь уучлаарай. Таны минь хугарч нугаршгүй тэмцэж бүтээсэн би нь сөхөрч уналаа. 4 хүүхдээ танд үлдээлээ. Батсүлдийн 2-ыг өөрт нь өгнө биз. Батсүлдийн энэ их дарамтыг үүрч дийлшгүй. Хангалын сургалтын төлбөр 1.6 сая төгрөг дутуу байна. Үрс минь уучлаарай. Ээж минь уучлаарай. Сайхан дүү нар минь уучлаарай. Намайг таньдаг бүхэн минь уучлаарай” гэжээ /1хх 125 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Амь хохирогч болох миний төрсөн эгч Саран нь 2016 оноос эхлээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элезабет хотхоны 214 дүгээр байрны 70 тоотод манай ээж болох Ч.Уламбаярын өмчлөлийн орон сууцанд өөрийн дөрвөн хүүхэд болох С.Хангал, С.Хангай, Б.Хонгорзул, Б.Хосбаяр нар болон хамтран амьдрагч ******* нарын хамт амьдарч байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч А.Саранг 7 сартай жирэмсэн байхад хамтран амьдрагч ******* нь зодсон байсан тул би өөрөө энэ талаар цагдаагийн байгууллагад хандан арга хэмжээ авхуулж байсан. Үүнээс болоод манай эгч А.Саран нь дутуу төрж байсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай эгч А.Саранг хамтран амьдрагч ******* нь зодоход том хүү С.Хангал нь ээжийгээ хамгаалахад С.Хангалыг зодож гэмтэл учруулсан. Зодох үедээ шаазан аяга, таваг шидээд түүний зүүн ташаанд нь зүсэгдэж байсан ба ална гээд хүзүүг нь багалзуурдаж хурууны ул мөр болон цус хуралт үүсгэсэн. Энэ талаарх гэрэл зургийг гаргаж өгөх болно. Энэ байдлаас болоод манай эгч А.Саран нь хамтран амьдрагч *******ийг гэртээ оруулахгүй болсон, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зорилготой байсан. Манай эгч А.Саран нь урьд өмнө нэлээн хэдэн удаа сэтгэлээр унаад цөхөрсөн үедээ надад хандан ******* надад ээжийг чинь ална, энэ орон сууцанд чинь амьдарна, Хангалыг орцонд явж байхад нь хутгалж ална, чамайг нэг хүнд хэлээд зохицуулж алуулна гэсэн утга бүхий зүйлийг хэлж дарамталдаг байсан гэж хэлж байсан ба энэнд нь манай эгч А.Саран бүрэн итгээд айдастай байдаг байсан. Миний төрсөн эх Ч.Уламбаяр одоо 62 настай ба манай эгчтэй хамт амьдарч үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь эгчид минь тус болж байсан. ******* нь манай ээжийг байнга үг хэлээр дарамталж, айлган сүрдүүлж, хүүхдүүдийг шоголдог байсан. *******ийн энэхүү дарамт, айлган сүрдүүлэлт нь хэрээс хэтэрч байсан тул нотлох баримт бүрдүүлж байгаад цагдаагийн байгууллагад хандах гэж байхад миний эгчид ийм зүйл тохиолдлоо. Цагдаад хандах гээд цуглуулж байсан *******ээс манай эгч, ээжтэй гар утсаар хоорондоо ярилцсан ярианы бичлэг, гар утасны мессежний зургууд байгаа. Манай аав Г.Алтан-Өлзий 7 жилийн өмнө өөд болсон. Манай ээж 3 охинтой байсан ба биднийг хамгаалах эр хүн дутуу байдлыг далимдуулж ******* нь удаа дараа ээж, эгч болон эгчийн хүүхдүүдийг дарамталснаас болоод эгч маань сэтгэл санааны дарамтад байдаг болсон. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эгч А.Саран гэрээслэл бичсэн талаар хүү С.Хангалаас нь олж мэдээд тэр өдрөө манай дүү А.Одон бид хоёр эгчийнхээ ажил дээр очиж уулзаж ярилцсан бөгөөд ямар учраас гэрээслэл бичсэн талаар асууж, өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө тэвчээртэй бай, асуудал байвал цагдаагийн байгууллагад хандъя гэхэд манай эгч гэрээслэл бичээд *******эд үзүүлэх юм бол ******* айгаад биднийг дарамтлахаа болих байх гэж хэлж байсан. Манай эгч *******ээс өдөр бүр ирэх гар утасны 20-60 дуудлага болон дарамт, сүрдүүлэг бүхий маш их мессежийг уншихгүйгээр шууд устгаж, гар утсаа унтраах, дугаарыг нь блоклох зэрэг үйлдэл хийдэг байсан. Манай эгч өөрийг нь гарцаагүй байдалд хүргэж байгаа талаарх ярианы бичлэгээ надад өгч байсан. Эгч минь өөрийгөө, 4 хүүхэд, эхийгээ хамгаалж амар тайван амьдруулахын төлөө их зовж байсан. *******эд итгэж түүнд 2 сайхан хүүхэд төрүүлж, амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, ажил хамт олондоо нэр хүндтэй, эхийгээ ачилж, дүү нартаа сургамжилсан сайхан эгчийг маань хамтран амьдрагч ******* нь хардан, доромжилж, сүрдүүлж, зодож улмаар ажил хамт олонд нь муулж нэр хүндийг гутааж ажилгүй болгох гэж байнга дарамталж байсан, энэ байнгын дарамт айлган сүрдүүлэлтийг зогсоох гэж эгч минь их тэмцэж, ядарч, эцэст нь амь нас нь хохирсон. Үүнд нь бид маш их гомдолтой байна. ... Хүүхдүүд нь ааваасаа ямар ихээр айдаг талаар манай эгч надад яриад уйлж байсан. Бид *******ийн дарамт, айлган сүрдүүлгийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахаар бэлдэж байхад цар тахал өвчний улмаас 26  дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосон тул цагдаад хандаж чадаагүй. Манай гэр бүлийн зүгээс *******эд маш их гомдолтой бөгөөд буяны ажил явдлынх нь үеэр ******* болон тэдний гэр бүлийн зүгээс хүн ёсоор эмгэнэл илэрхийлээгүй, түүний айлган сүрдүүлэлт, дарамт нь биеллээ олсон гэсэн шиг талийгаач эгчийг минь хүндэтгээгүй” гэх мэдүүлэг /1хх 141-143 хуудас/,

Гэрч Т.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...12 давхар луу хараад явж байхад өөдөөс ирж байсан нэг ах гараараа хол зайнаас тухайн хүнийг зааж өгсөн. Би харахад 220 дугаар байрны хотхон тал руу харсан дээврийн цонхны тавцан дээр эмэгтэй хүн ганцаараа зогсож байхыг хараад бид 2 хөөе болиоч ээ буцаад орооч гэж орилсны дараа тухайн эмэгтэй шууд доошоо үсэрсэн. Тухайн өрөө болон өрөөний гадна талд хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг /1хх 147 хуудас/,

Гэрч *******илгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Сарантай хамт ажилладаг ба гэр ойрхон байсан учир өглөө, оройдоо хамт ажилдаа явдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд орсноос хойш 7 хоногийн дараа гэж санаж байна. Ажлаа хийгээд хүмүүстэй харилцаж байхад талийгаач Саран эгчийн утас байнга дуугардаг байсан. Гар утсаа аваад яриад таслахаар дахиад гар утас нь дуугардаг байсан. Энэ нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг байсан. Талийгаач Саран эгчээс хэн залгаад байгааг нь асуухаар манай нөхөр Батсүлд залгаад гэдэг байсан. Харилцагч нар хүртэл Саран эгчийг ажлыг нь хийлгээч, өдөржингөө энэ хүн чинь нөхөртэйгөө хэрэлдээд байна гээд гомдол гаргадаг байсан. Саран эгч гар утсаа авахгүй ажлаа хийх гэхээр ажлын газрын дотуур утас руу залгаад утас авсан нэгнийг нь хэл амаар доромжлоод Сарантай яриулаад өг гээд байнга залгадаг байсан. Энэ байдал нь миний мэдэхээр ажилд орсноос эхлээд Саран эгчийг нас барсан өдөр хүртэл үргэлжилсэн. 2020 оны 08 дугаар сард гэж санаж байна, Саран эгч алдарт эхийн одон авахаас 3 хоногийн өмнө ажилдаа ирэхдээ зүүн нүд нь хөхөрчихсөн ирсэн ба асуухад нөхөр Батсүлдтэй маргалдаад зодуулсан гэж байсан. Саран эгч гэр бүлийн дарамтад байгаа талаар өөрөө хэлдэггүй байсан ч ажил дээр илт байдаг байсан” гэх мэдүүлэг /1хх 157-159 хуудас/,

Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Саран эгчийг ажилд орсон үеэс эхлээд салсан нөхөр Сүлдээ гэж дууддаг байсан залуу ажил дээр байх үед байнга гар утас руу залгадаг байсан, гар утсаа авахгүй байхаар өөрийнх нь 70075054 дугаар луу залгадаг байсан. Нэг удаа манай банкаар үйлчлүүлж байсан иргэн Саран эгчид гомдол гаргаж байсан бөгөөд тэр үйлчлүүлэгчийн надад хэлснээр зээлийн асуудлыг нь шийдэж өгөхгүйгээр 1 цаг орчим нөхөртэйгөө гар утсаар маргалдсан гэж хэлж байсан. манай ажилчид ажлын утас руу байнга залгаад байхаар утсыг нь мэддэг болоод сүүлдээ авахгүй байхаар ажилчид чинь утсаа авахгүй байна гэж манай Хаан банкны төв салбарт гомдол гаргаж байсан” гэх мэдүүлэг /1хх 160-164 хуудас/,

Гэрч А.Одонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын үед манай эгч Саран над руу уйлж залгаад яаралтай цагдаа дуудаад өгөөч Батсүлд манай ажил дээр ирээд хаалга үүд өшиглөөд намайг гараад ир, ална гээд байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгч байсан. 2020 оны 09 дүгээр сард Сарантай гадуур хамт явж байхад надад хандан Батсүлд надад нэг ч төгрөг өгөхгүй байж ямар нэгэн шалтаг хэлээд надаас байнга мөнгө нэхдэг байсан, би мөнгө өгөхгүй гэхээр намайг ажилгүй болгоно, хэн ч биш болгоно, эхийг чинь ална гэж дарамталж сүрдүүлдэг гэж хэлж байсан. Батсүлд нь манай эгч Саранг байнга дарамталдаг байсан тул эгч Саран нас барахаасаа нэг сарын өмнөөс эхлээд гэртээ ирээд гар утсаа унтраачихдаг байсан. Батсүлдээс гаргаж байсан айлган сүрдүүлэлт, зоволт нь манай эгч Саранг амь насаа хохирооход хүргэсэн” гэх мэдүүлэг /1хх 170-173 хуудас/,

           Гэрч С.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэр зааж өгсөн зүг рүү харахад хар бараан өнгийн урт куртиктэй, махлагдуу биетэй эмэгтэй хүн 220 дугаар байрны дээр зогсож байсан ба би доороос нь буцаад цаашаа буугаарай гээд 2-3 удаа орилоход ямар нэгэн хариу өгөлгүй дээрээс газарт унасан. Байрны дээрээс үсэрсэн гэх эмэгтэй хүний хажууд ямар нэгэн хүн байхгүй, ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх 184-185 хуудас/,

           Гэрч Ж.Отгонцасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Саран нь хамтран амьдрагч Батсүлд болон 4 хүүхдийн хамт амьдардаг байсан ба Сарангийн ээж Уламбаяр нь Саран болон дүү Нарангийнх нь гэрийн хооронд ирэн очин явдаг байсан. Батсүлд манай найз Сарантай амьдардаг байх хугацаандаа ажил хийдэггүй, гэр бүлдээ тус дэмгүй байсан ба Саранг болон хоёр дагавар хүүхдийг нь ямар нэгэн байдлаар дарамталдаг, зоддог байсан. Батсүлд нь байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба эрүүл болон согтуу үедээ манай найз Саранг болон хоёр дагавар хүүхэд Хангай болон Хангал нарыг зоддог байсан. Манай найз Саран Батсүлдэд зодуулсныхаа дараа хэд хоногийн дараа л Батсүлдэд зодуулсан талаараа надад хэлдэг байсан ба түр хэд хоног салаад Батсүлд нь буцаад гэртээ хүрээд ирдэг байсан. Би ихэвчлэн Батсүлдийг гэртээ байхгүй үед нь очиж найз Сарантайгаа уулздаг байсан. Манай Саран надад хэлэхдээ Батсүлд нь 2020 онд салсныхаа дараа Сарангийн гар утас болон Хаан банкны ажлынх нь утас руу байнга залгадаг, месееж бичдэг ба ямар нэгэн байдлаар хардаж, дарамталдаг байсан гэж хэлдэг байсан.”  гэх мэдүүлэг /1хх 188-189/,

           Гэрч Н.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай талийгаач 2009 онд гэж санаж байна. Одоогоос 10 гаран жилийн өмнө надтай уулзахдаа ******* гэдэг залуутай танилцсан гэж ярьж байсан. Үүнээс хойш талийгаач найз маань *******тэй жил гаран хамтран амьдарсан. Энэ хугацаанд ******* манай найзыг хардсаны улмаас зодож цохиод, машиныг нь эвдээд салсан. Намайг Саран луу утсаар залгаад ярих гэхээр хажуугаас нь гар утсыг нь аваад хэн яриад байгаа гээд хардаад байдаг байсан. Үүний дараа найз маань жирэмсэн болсон гэж байсан ба *******тэйгээ хамтран амьдарч байгаа гэсэн. Манай найзыг ******* жирэмсэн байхад нь зодож цохиод хавиргыг нь хугалаад хугацаанаасаа өмнө төрж байсан. Үүнээс хойш нуруу өвдөөд байна гэж ярьдаг болсон. Энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд торгуулийн ял аваад манай найз торгуулийн мөнгийг нь төлсөн гэж байсан. 2020 оны зун дотны найзуудаараа уулзахад талийгаач найз маань *******эд зодуулсны улмаас 4-5 шүдээ унагаасан. Тийм учраас юм идэхэд хүндрэлтэй байна. Найз нь хиймэл шүд хийлгэдэг юм бил үү гэж ярьж байсан. Бид нар найзуудаараа нийлээд талийгаач найзынхаа төрсөн өдрөөр монетон бөгж бэлэглэж байсан. Сүүлд уулзахад бид нарын өгсөн монетон бөгжийг яагаад зүүгээгүй талаар асуухад Батсүлд ломбардад тавиад архи уучихсан гэж байсан. 2020 оны сүүлээр манай найз нуруу нь өвдөөд байна гээд 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ******* нь ажил хийдэггүй байсан ба манай талийгаач найз тэжээдэг байсан. Найз маань бага хүүхдээ төрүүлээд гэртээ суудаг байхдаа бид нар луу залгаад 10.000, 20.000 төгрөг зээлээч ээ ******* архи тамхины мөнгөгүй болчихлоо гээд дарамтлаад байна гэдэг байсан. ******* миний мэдэхээр манай талийгаач найзыг зодож цохиод сэтгэл санааны гүн хямралд байлгадаг, ажлыг нь ч тайван хийлгэдэггүй байсан.” гэх мэдүүлэг /1хх 192-193/,

                Насанд хүрээгүй гэрч С.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 03 дугаар сарын 19-ний 12 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны 114 дүгээр байрны 70 тоот гэртээ байж байхад манай эээ Саран нь гараад яваад удахаар нь би байрны хотхоны үүд хэсэгт байсан цагдаагаас ээжийгээ хотхоноос гарч явсан эсэх талаар нь асуухад мэдэхгүй байна гэхээр нь түүнээс явахад манай хотхоны урд талын байрны хажууд хэдэн хүмүүс бөөгнөрөөд дээшээ хараад байж байхаар нь яваад очтол тэнд байсан хүмүүс нь дээр хүн байна гэхээр нь би сайн харж амжаагүй ба манай ээж байж магадгүй гэж бодоод сөх-ийн ажилтан ахаар байрны орцны хаалгыг нь онгойлгуулаад лифтэнд суугаад байрны хамгийн дээд давхарт гарахад дээвэр лүү гардаг жижигхэн цонх байхаар нь дээвэр лүү гарахад байшингийн дээд хэсэгт манай ээж зогсож байгаа юм шиг харагдсан ба тэр үедээ шууд доошоо унасан ба би дээш гарсан цонхоороо буцаж ороод лифтэнд суугаад доош буугаад байрны гадаа гарч ирэхэд манай ээж Саран байрны гадаа унасан байсан. Батсүлд нь манай ээж Сарантай хамтран амьдарч байх хугацаандаа болон салсныхаа дараа архи их уудаг байсан ба эрүүлдээ болон согтуу байх үедээ манай ээж Саран-г байнга хэл амаар болон хараалын үг хэллэгээр доромжилдог байсан ба Батсүлд манай ээжийг ойролцоогоор сардаа 3-4 удаа зоддог байсан ба нэг удаа бүр жирэмсэн байхад нь гэртээ хэвтэрт ортол нь зодож байсан. Мөн манайх Майхан толгойд зуслангийн байшинд байхад ирж зоддог байсан ба ингэж зодож байх үедээ манай ээжийн биед ямар нэгэн байдлаар гэмтэл, шарх учруулдаг байсан. Батсүлд нь манай ээж А.Саран-ыг байнга "ээж дүү нарыг чиний нүдэн дээр ална, том хүүг чинь ална, зуслангийн байшин, машиныг чинь шалтаан манай ээжийг үхэж чадах уу, үхэхийг чинь харья” гэж хэлдэг байсан ба ингэх үедээ байнга хэл амаар доромжилж хараалын үг хэллэг хэлдэг байсан. Батсүлд манай ээжээс салсныхаа дараа заримдаа манай гэрт өдөр болон шөнийн цагаар ирж гэрийн хаалгыг нүдэж манай гэрийнхэнийг айлгаж дарамтанд оруулдаг байсан. Өмнө нь манай ээж 30-84 гэсэн улсын дугаартай авто машинтай байсан ба машиныхаа түлхүүрийг өгчих гээд нэг өдөр хэлж байсан ба манай ээж машиныхаа түлхүүрийг өгөөгүй байхад нэг шөнө түлхүүрийг нь хулгайлаад авто машиныг нь унаад олон хоногоор хөдөө яваад ирэхдээ машин эвдэрчихлээ засуулах хэрэгтэй байна гэж худал хэлээд манай хуучин гражыг заруулаад 7 сая төгрөгийг манай ээжээс аваад машин засуулж байгаагүй ба тэр машиныг нь хөдөө усанд живүүлээд хаясан байсныг нь манай ээж авч ирээд өөрийнхөө мөнгөөр засуулж байсан. Батсүлд нэг удаа манай ээжийн 81-02 улсын дугаартай машиныг нь засварын газраас авч яваад манай ээж рүү гар утсаар залгаад “ирэхгүй бол машиныг чинь шатаан шүү” гэж хэлж байсан гэсэн ба тэр өдөр манай ээж Батсүлдийн байгаа газарт нь хайж явж олоход манай ээжийн машин дотор согтуу унтаж байхаар нь гэрт нь хүргэж өг гээд дарамталсаар байгаад манай ээжээр гэртээ хүргүүлж байсан гэсэн. Манай ээж Саран нь Батсүлдийн гар утасны дугаарыг нь заримдаа блоколдог зарим үедээ блокийг нь гаргадаг байсан ба өдөрт гар утасруу нь ойролцоогоор 10- 50 удаа залгадаг байсан.Батсүлд нь манай ээжийн ажил дээр нь хэд хэдэн удаа очоод ажпынх нь утас руу нь “Сарантай ярия” гээд залгадаг байсан гэж манай ээж надад хэлдэг байсан. Манай ээжийг гэртээ хүүхэд хардаг байх үед нь Батсүлд ажил хийдэггүй байсан ба манай гэрийн эд зүйл болон ээжийн ээмэг бөгжийг нууцаар аваад ломбарданд тавичихдаг байсан ба үүнийг нь манай ээж очиж авдаг байсан.- Шүүхээр орж торгуулсан мөнгөө манай ээж Сарангаар төлүүлж байсан.” гэх мэдүүлэг /1хх 197-198 хуудас/,

Гэрч *******ат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Айлд байрны засварын ажил хийж байх хугацаандаа өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажилладаг байсан ба ажилдаа явахдаа Батсүлд бид 2 миний машинаар хамт яваад хамтдаа буцаад гэртээ ирдэг байсан. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө *******ийн данс руу байрны засварын үлдэгдэл мөнгө болох 100.000 төгрөг орохоор нь бид 2 дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол архи аваад манай гэрт хувааж уугаад ******* гэр лүүгээ харина гээд манайхаас 12 цагийн орчимд гараад явсан ... 14 цагийн үед *******ийн гэр лүү ороход *******, ээж, эрэгтэй дүү нар нь байсан ба ******* орон дээрээ унтаж байсан, намайг гэрт нь ороод 5 минут болж байхад гаднаас энгийн хувцастай цагдаа болон манай хорооны цагдаа нар орж ирээд *******ийг аваад явсан” /1хх 167-168 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 570 дугаартай “Талийгаач А.Сарангийн цогцост баруун 1, 2, зүүн талын бүх хавирганы шууд хугарал, гялтанд цус хуралт, зүүн уушгины дээд. доод дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, цус хуралт, 2 талын цээжний гялтан хальсанд цус хуралт, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальс, зүрхний язарсан урагдал, гол судас тасрал, голтод цус хуралт,  сээрний 1, 2-р нугалмын их биеийн салсан хугарал,  нугас, холбоос тасрал, элэгний баруун, зүүн дэлбэнгийн язрал, дэлүүний язрал, бөөрний язрал, гялтан хальсанд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун шаант, тахилзуур, зүүн бугалга ясны далд хугарал, дагзны хуйханд цус хуралт, цээж, хүзүү, эрүү, зүүн ташаа, нуруу, хэвлий, баруун хацар, хамар, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед, нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн ходоодонд 200 мл орчим хоолны өтгөн агууламжтай байна. Талийгаачаас авсан дээжид спиртийн агууламж болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэнгүй. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт /2хх 15-19 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Сэлэнгийн 2021 оны 04  дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Гэрээслэл” гэсэн гар бичвэр нь “2021.03.18“ гэсэн огноотой, “Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн, “Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт” гэсэн, төмөр нугастай 8 хуудас дэвтрийн хуудаст бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдтэй тохирно. Шинжилгээнд ирүүлсэн “Гэрээслэл” гэсэн гар бичвэр нь “2021.03.18” гэсэн огноотой, Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн, төмөр нугастай 8 хуудас дэвтрийн хуудаст бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдтэй орон зайн байрлал, хөдөлгөөний илэрхийлэх шинж тэмдэг, бичгийн дадлын түвшинг илэрхийлэх шинж тэмдэг, хөдөлгөөний бүтэц илэрхийлэх шинж тэмдэг зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, хэлбэр, хэмжээ, тоо, харилцан байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно” гэсэн дүгнэлт /1хх 220-236 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Мөнхбаатарын 2021 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн 1200 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “СД-1” гэсэн бичигтэй цаасан уутанд байх DVD дискэнд хадгалагдаж байгаа “audioclip-1615430723000-179769.mp4”, “audioclip-1615430770000-51084.mp4” гэсэн нэртэй бичлэгүүд нь дууны чанар, агуулга 50%-аас дээш чанарын шаардлага хангасан, орчны шуугианы бага нөлөөлөл, харилцан ярианы үг, хэллэг, сонсогдохуйц /тод/ зэрэг дуу авиа адилтгалын шинжилгээний ерөнхий шаардлагыг хангаж байх тул шинжилгээнд тэнцэнэ. Харин “СД-2” гэсэн бичигтэй цаасан уутанд байх DVD дискэнд хадгалагдаж байгаа “*******,m4a” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь дуу авиа адилтгалын шинжилгээний харьцуулах загвар, бичлэгийн шаардлага хангахгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн “СД1” гэсэн бичигтэй цаасан уутанд байх DVD дискэнд хадгалагдаж байх “audioclip-1615430723000-179769.mp4”, “audioclip-1615430723000-51084.mp4” гэсэн нэртэй бичлэгүүдэд тус тус ярьж байгаа *******ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ВЭ82102411 регистрийн дугаартай *******ийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /2хх 33-34 хуудас/, 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /2хх 45-46 хуудас/,

Талийгаач А.Сарангийн эзэмшлийн утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллийн лавлагаа /2хх 76-77 хуудас/,

Хаан банкны харилцагчийн мэдээллийн төвийн утсанд ******* хандсан талаарх албан бичиг /2хх 86-88 хуудас/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн талаарх материалууд /2хх 109-154 хуудас/,

*******ийн эзэмшлийн Мобикомын утасны дугаарын ярианы билл /2хх-214-228 хуудас/,

Талийгаач А.Саран болон шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /2хх 156-180 хуудас/,

С.Хангал, З.Хангай, Б.Хонгорзул, Б.Хосбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх 58-61 хуудас/,

Сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би дагавар хүүхэд Хангалтай гэр бүлийн асуудлаас болж маргахад манай хадам ээж надад өгч унуулж байсан машиныхаа түлхүүрийг надаас аваад намайг гэрээсээ хөөгөөд явуулсан ... Миний утасны дугаар 94006188. Би хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сарангийн утас руу нэлээн хэдэн удаа залгасан ба миний утасны дугаарыг блок хийсэн тул ярьж чадаагүй ... миний утсыг блоклосон тул би өөрийн утаснаас мессеж бичдэг байсан ба хардсан утга бүхий хараалын үг хэллэг хэрэглэж бичдэг байсан. Ажлынх нь утас руу залгадаг. Хажууд нь суудаг эмэгтэй утсыг нь аваад Саранг байхгүй гэж хэлдэг. Заримдаа би Сарантай согтуу байх үедээ гар утсаар ярьсан байдаг. Маргааш нь харахаар ярьсан байдаг, юу ярьснаа мэдэхгүй байсан. Саран надаас өмнө 2 удаа амьдрал зохиож өөр хүнтэй амьдарч байсан тул би харддаг байсан. Би 2018 оны 04 дүгээр сард Саранг 7 сартай жирэмсэн байхад нь нэг удаа зодож, энэ асуудлаараа цагдаад шалгагдаад шүүхээр орж байсан. Түүнээс хойш зодож байгаагүй, харин хоорондоо маргаж хэрүүл хийх тохиолдол байсан. Би дагавар хүүхэд Хангал, Хангай нарыг гэр орон цэвэрлэхгүй байна гэж гэр бүлийн маргааны асуудлаас болж 2-3 удаа зодож цохиж байсан. Нэг удаа Хангал руу хананд байсан цэцгийн ваарны өлгүүрийн төмөр авч шидээд гэдэснийх нь орчимд бага зэрэг зүсэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх 51-53/

Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би анх Сарантай танилцаад хадмындаа хамтран амьдарсан, энэ хугацаанд 2 настай Хангал гэдэг хүүтэй нь хамт амьдардаг байсан.Сарангийн ээж Уламбаяр нь байнга архи уудаг байсан ба энэ нь Саран бид хоёрт дарамттай байдаг байсан. Ингээд би 1 жил хамт амьдраад салсан. 2016 онд Сарантай дахин нийлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хамт амьдрахад Саран нь өөр хүнээс дахин хүүхэдтэй болсон. Энэ хугацаандаа Саран бид 2 дундаасаа 2017 онд Хонгорзул гэдэг охин, 2018 онд Хосбаяр гэдэг хүүтэй болсон. Хамт амьдрах хугацаанд хадам ээж Уламбаярын дарамт шахалтад байдаг байсан тул 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр салаад явсан. Саран нь 2020 оны 06 дугаар сарын үед ажилдаа орсон гэж надад хэлж байсан ба Саран намайг дуудах үед нь би Бага тойрогт байрлах Хаан банк дээр очиж уулзаж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын сүүлд би өөрөө ажил дээр нь явж очсон байгаа. Би А.Сарангийн ажлын газрынх нь 70075054 дугаарын утас руу залгадаг байсан. Миний гар утасны дугаарыг блоклосон байхаар нь хааяа нэг удаа л залгадаг байсан” /2хх 62-63, 68-70 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролтой холбоотой 13 хуудас баримт

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 31 хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /2хх 200-201 хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 197 хуудас/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх 191 хуудас/,

Гэрч Г.Зоригтсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хүүү ******* нь 1982 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн төвд айлын 4 дэх хүүхэд болон төрсөн ба эхээс долуулаа байгаа. Бага насаа эцэг эхийн дэргэд өсөж ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1990 онд найман настайдаа Баянхонгор аймгийн төв нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, манайх гэр бүлээрээ 1992 онд Улаанбаатар шилжин ирж суурьшсан ба манай хүү ******* Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд үргэлжпүүлэн суралцаад 8 дугаар ангиа 1998 онд төгсөөд, Барилгын политехникийн коллежид элсэн орж 2 жил суралцаад 2000 онд барилгын дотор заслын ажил мэргэжил эзэмшин төгссөн, Ингээд Нарантуул зах дээр хувиараа наймаа хийдэг байсан. Үүнээс хойш хувиараа барилгын ажил хийх болсон. Гэр бүлийн хувьд одоогоос 5 жилийн өмнө Саран гэдэг 2 хүүхэдтэй эмэгтэйтэй Баянзүрх дүүрэгт хамт амьдарч эхэлсэн бэ дундаасаа 4 настай охинтой, 3 настай хүүтэй болсон ба сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж салсан байсан. Яг ямар учраас гэр бүл салсаныг нь би тодорхой мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх 154-155/,

*******ийн эх Г.Зоригтсайхан нь Чихрийн шижин өвчин, үе мөчний үрэвсэл оношоор өрхийн эмчийн хяналтад байдаг талаарх ШЭЖИДДҮГ БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

*******ийн ах, дүү *******атсоёмбо сэтгэцийн эмгэгтэй, *******ат-Эрдэнэ нь хөгжлийн бэрхшээлтэй талаарх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

*******ийн эцэг Ж.Бэгзсүрэн нас барсан талаарх баримт,

Талийгаачийн буянд ном уншуулсан баримт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оноос 2021 хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Саранг байнга доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 220 дугаар байрны 14 дүгээр давхрын дээврээс үсэрч амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нгийн “2018 онд Хосбаяр гэх 2 хүүхэд гаргасан. Миний эгч Хосбаярыг тээж байхад дэлбэртэл нь зодсон байхад би гэрт нь очиж таарсан. Тэгээд цагдаа дуудаж эгчийгээ эмнэлэгт хүргэж өгч байсан түүхтэй. Батсүлд Хангай гэх хүүхдийг байнга манжинддаг. Одоо тэр хүүхэд хэлний бэрхшээлтэй. 7 настай хүүхэд асар муу ярьдаг. Энэ бол зуун хувийн хүчирхийллээс болсон. Өнөөдөр 4 хүүхэд нь бүлтэлзээд орой болгон ээжийгээ надаас нэхэж байна. Миний эгчид Батсүлдээс өөр дарамт байхгүй. Эгчийг минь зодож тамладаг, маш их доромжилдог. Миний эгч сайн ханьтай, элэг бүтэн амьдрахыг л хүссэн. Хүний муутай учирсан учраас өнөөдөр өөрийгөө золиослоод үр хүүхдээ, ээжийгээ, бүх хайртай хүмүүсээ орхиод энэ хорвоогоос явсан. Хохирол төлбөрийн хувьд бид нар байгаа баримтуудаа нийлүүлээд 16.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч С.Отгонцасын “Хамгийн харамсалтай нь гэвэл энэ хүнтэй амьдраад ямар нэгэн байдлаар жаргаж байсныг нь би үнэхээр санахгүй байна ... Бүх зүйлээ надад ярьдаг байсан. Өдөр шөнөгүй, завсар зайгүйгээр дарамталдаг. Бодохоор үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч С.Хангалын “Батсүлд удаа дараа манай ээжийг маш их зоддог байсан. Ээж минь бид нарыг үргэлж өнчин өсгөхгүй гэсэндээ бүгдийг тэвчиж явдаг байсан. Би доороо 3 дүүтэй. Ээж минь Батсүлдэд зодуулчхаад бид нар луу хараад зүгээрээ ээж нь яах ч үгүй, миний хүүхдүүд харж болохгүй шүү гэж хэлж байсан. Би 3 дүүгээ аваад цаашаа өрөөндөө ордог байсан. 2019 онд би 15 нас хүрсэн. Ялт ч үгүй миний ээжийг нүдний урд зодож байхад нь үнэхээр тэсээгүй. Батсүлдийн өөдөөс боль гээд бага зэрэг маргалдахад хоолойг минь боомилж аваад хажуу тал руу аяга шидэж зүсэж байсан. Батсүлд манай гэрийг бусниулаад маш их зүйлс хулгайлж байсан. Манай гэрийг сүйрүүлсэн. Тэр явдлаас хойш хөөгөөд явуулсан. Ээж рүү минь үргэлж ярьж, ажлын газарт нь очиж хүртэл дарамталдаг байсан. Манай бага эгч Батсүлдийг цагдаа дуудаж өгсөн. Эгчийг минь ална гээд ер нь бүгдийг нь сүрдүүлж байсан. Ээж хэлэхдээ би дарамт шахалтыг үнэхээр тэвчиж чадахгүй нь гэж хэлж байсан. Ажлаа тараад гарч ирэхэд нь хүртэл Батсүлд ажлынх нь гадаа хүлээж байгаад дагаж яваад, ээж машины араар нуугдаад ирсэн гэдгээ надад хэлж байсан. Тэгэхэд надад үнэхээр хэцүү байсан. Тэр явдлаас хойш эмээ, ээж, эгч нар луу байнга ярьдаг. Танайхыг сүйрүүлнэ, гэрийг чинь шатаана, бүх юмыг чинь шатаана гэж маш их дарамталж, удаа дараа сүрдүүлж байсан. Манай машиныг хулгайлж авч явж байсан. Архи ууж, агсам согтуу тавина. Тэгэхэд манай 3 дүү болон бид нарт үнэхээр хэцүү байсан. Одоо хүртэл миний дүү нарын уйлж байгаа болон ээжийн минь өрөвдөлтэйгөөр харж байгаа харц байнга харагддаг” гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-18 хуудас/,

*******ийн эзэмшлийн Huawei загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх  24-31 хуудас/,

Гэрч Ж.Отгонцасаас гаргаж өгсөн талийгаач А.Сарантай харьцаж байсан мессэжийн хуулбар /1хх 68-70 хуудас/,

Талийгаачийн А.Сарангийн эзэмшиж ашиглаж байсан гэх Samsung Galaxy 10s загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 72-112 хуудас/,

Хохирогчийн хууль төлөөлөгч А.Нгаас гаргаж өгсөн талийгаач А.Саран болон шүүгдэгч ******* нарын хооронд бичсэн мессэжийн хуулбар, утсаар ярьсан ярианы бичлэг, талийгаачийн Чингэлтэй дүүргийн шүүхэд бичсэн өргөдөл, А.Хангал зодуулсан байдлыг харуулсан гэрэл зураг /1хх 37-39, 55, 64-65 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон талийгаач А.Сарангийн бичсэн гэрээслэлд “Миний бие Алтан-Өлзий овогтой Саран, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 2021 оны 03 дугаар сарын 09-нд амиа хорлох шийдвэр гаргасан. Миний 4 сайхан үр болон ажил мэргэжил минь уучлаарай. Хайртай ээж минь уучлаарай. Таны минь хугарч нугаршгүй тэмцэж бүтээсэн би нь сөхөрч уналаа. 4 хүүхдээ танд үлдээлээ. Батсүлдийн 2-ыг өөрт нь өгнө биз. Батсүлдийн энэ их дарамтыг үүрч дийлшгүй. Хангалын сургалтын төлбөр 1.6 сая төгрөг дутуу байна. Үрс минь уучлаарай. Ээж минь уучлаарай. Сайхан дүү нар минь уучлаарай. Намайг таньдаг бүхэн минь уучлаарай” гэжээ /1хх 125 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нгийн “Амь хохирогч болох миний төрсөн эгч Саран нь 2016 оноос эхлээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элезабет хотхоны 214 дүгээр байрны 70 тоотод манай ээж болох Ч.Уламбаярын өмчлөлийн орон сууцанд өөрийн дөрвөн хүүхэд болох С.Хангал, С.Хангай, Б.Хонгорзул, Б.Хосбаяр нар болон хамтран амьдрагч ******* нарын хамт амьдарч байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч А.Саранг 7 сартай жирэмсэн байхад хамтран амьдрагч ******* нь зодсон байсан тул би өөрөө энэ талаар цагдаагийн байгууллагад хандан арга хэмжээ авхуулж байсан. Үүнээс болоод манай эгч А.Саран нь дутуу төрж байсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай эгч А.Саранг хамтран амьдрагч ******* нь зодоход том хүү С.Хангал нь ээжийгээ хамгаалахад С.Хангалыг зодож гэмтэл учруулсан. Зодох үедээ шаазан аяга, таваг шидээд түүний зүүн ташаанд нь зүсэгдэж байсан ба ална гээд хүзүүг нь багалзуурдаж хурууны ул мөр болон цус хуралт үүсгэсэн. Энэ талаарх гэрэл зургийг гаргаж өгөх болно. Энэ байдлаас болоод манай эгч А.Саран нь хамтран амьдрагч *******ийг гэртээ оруулахгүй болсон, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зорилготой байсан. Манай эгч А.Саран нь урьд өмнө нэлээн хэдэн удаа сэтгэлээр унаад цөхөрсөн үедээ надад хандан ******* надад ээжийг чинь ална, энэ орон сууцанд чинь амьдарна, Хангалыг орцонд явж байхад нь хутгалж ална, чамайг нэг хүнд хэлээд зохицуулж алуулна гэсэн утга бүхий зүйлийг хэлж дарамталдаг байсан гэж хэлж байсан ба энэнд нь манай эгч А.Саран бүрэн итгээд айдастай байдаг байсан. Миний төрсөн эх Ч.Уламбаяр одоо 62 настай ба манай эгчтэй хамт амьдарч үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь эгчид минь тус болж байсан. ******* нь манай ээжийг байнга үг хэлээр дарамталж, айлган сүрдүүлж, хүүхдүүдийг шоголдог байсан. *******ийн энэхүү дарамт, айлган сүрдүүлэлт нь хэрээс хэтэрч байсан тул нотлох баримт бүрдүүлж байгаад цагдаагийн байгууллагад хандах гэж байхад миний эгчид ийм зүйл тохиолдлоо. Цагдаад хандах гээд цуглуулж байсан *******ээс манай эгч, ээжтэй гар утсаар хоорондоо ярилцсан ярианы бичлэг, гар утасны мессежний зургууд байгаа. Манай аав Г.Алтан-Өлзий 7 жилийн өмнө өөд болсон. Манай ээж 3 охинтой байсан ба биднийг хамгаалах эр хүн дутуу байдлыг далимдуулж ******* нь удаа дараа ээж, эгч болон эгчийн хүүхдүүдийг дарамталснаас болоод эгч маань сэтгэл санааны дарамтад байдаг болсон. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эгч А.Саран гэрээслэл бичсэн талаар хүү С.Хангалаас нь олж мэдээд тэр өдрөө манай дүү А.Одон бид хоёр эгчийнхээ ажил дээр очиж уулзаж ярилцсан бөгөөд ямар учраас гэрээслэл бичсэн талаар асууж, өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө тэвчээртэй бай, асуудал байвал цагдаагийн байгууллагад хандъя гэхэд манай эгч гэрээслэл бичээд *******эд үзүүлэх юм бол ******* айгаад биднийг дарамтлахаа болих байх гэж хэлж байсан. Манай эгч *******ээс өдөр бүр ирэх гар утасны 20-60 дуудлага болон дарамт, сүрдүүлэг бүхий маш их мессежийг уншихгүйгээр шууд устгаж, гар утсаа унтраах, дугаарыг нь блоклох зэрэг үйлдэл хийдэг байсан. Манай эгч өөрийг нь гарцаагүй байдалд хүргэж байгаа талаарх ярианы бичлэгээ надад өгч байсан. Эгч минь өөрийгөө, 4 хүүхэд, эхийгээ хамгаалж амар тайван амьдруулахын төлөө их зовж байсан. *******эд итгэж түүнд 2 сайхан хүүхэд төрүүлж, амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, ажил хамт олондоо нэр хүндтэй, эхийгээ ачилж, дүү нартаа сургамжилсан сайхан эгчийг маань хамтран амьдрагч ******* нь хардан, доромжилж, сүрдүүлж, зодож улмаар ажил хамт олонд нь муулж нэр хүндийг гутааж ажилгүй болгох гэж байнга дарамталж байсан, энэ байнгын дарамт айлган сүрдүүлэлтийг зогсоох гэж эгч минь их тэмцэж, ядарч, эцэст нь амь нас нь хохирсон. Үүнд нь бид маш их гомдолтой байна. ... Хүүхдүүд нь ааваасаа ямар ихээр айдаг талаар манай эгч надад яриад уйлж байсан. Бид *******ийн дарамт, айлган сүрдүүлгийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахаар бэлдэж байхад цар тахал өвчний улмаас 26  дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосон тул цагдаад хандаж чадаагүй. Манай гэр бүлийн зүгээс *******эд маш их гомдолтой бөгөөд буяны ажил явдлынх нь үеэр ******* болон тэдний гэр бүлийн зүгээс хүн ёсоор эмгэнэл илэрхийлээгүй, түүний айлган сүрдүүлэлт, дарамт нь биеллээ олсон гэсэн шиг талийгаач эгчийг минь хүндэтгээгүй” гэх мэдүүлэг /1хх 141-143 хуудас/,

Гэрч Т.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...12 давхар луу хараад явж байхад өөдөөс ирж байсан нэг ах гараараа хол зайнаас тухайн хүнийг зааж өгсөн. Би харахад 220 дугаар байрны хотхон тал руу харсан дээврийн цонхны тавцан дээр эмэгтэй хүн ганцаараа зогсож байхыг хараад бид 2 хөөе болиоч ээ буцаад орооч гэж орилсны дараа тухайн эмэгтэй шууд доошоо үсэрсэн. Тухайн өрөө болон өрөөний гадна талд хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг /1хх 147 хуудас/,

Гэрч *******илгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Сарантай хамт ажилладаг ба гэр ойрхон байсан учир өглөө, оройдоо хамт ажилдаа явдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд орсноос хойш 7 хоногийн дараа гэж санаж байна. Ажлаа хийгээд хүмүүстэй харилцаж байхад талийгаач Саран эгчийн утас байнга дуугардаг байсан. Гар утсаа аваад яриад таслахаар дахиад гар утас нь дуугардаг байсан. Энэ нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг байсан. Талийгаач Саран эгчээс хэн залгаад байгааг нь асуухаар манай нөхөр Батсүлд залгаад гэдэг байсан. Харилцагч нар хүртэл Саран эгчийг ажлыг нь хийлгээч, өдөржингөө энэ хүн чинь нөхөртэйгөө хэрэлдээд байна гээд гомдол гаргадаг байсан. Саран эгч гар утсаа авахгүй ажлаа хийх гэхээр ажлын газрын дотуур утас руу залгаад утас авсан нэгнийг нь хэл амаар доромжлоод Сарантай яриулаад өг гээд байнга залгадаг байсан. Энэ байдал нь миний мэдэхээр ажилд орсноос эхлээд Саран эгчийг нас барсан өдөр хүртэл үргэлжилсэн. 2020 оны 08 дугаар сард гэж санаж байна, Саран эгч алдарт эхийн одон авахаас 3 хоногийн өмнө ажилдаа ирэхдээ зүүн нүд нь хөхөрчихсөн ирсэн ба асуухад нөхөр Батсүлдтэй маргалдаад зодуулсан гэж байсан. Саран эгч гэр бүлийн дарамтад байгаа талаар өөрөө хэлдэггүй байсан ч ажил дээр илт байдаг байсан” гэх мэдүүлэг /1хх 157-159 хуудас/,

Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Саран эгчийг ажилд орсон үеэс эхлээд салсан нөхөр Сүлдээ гэж дууддаг байсан залуу ажил дээр байх үед байнга гар утас руу залгадаг байсан, гар утсаа авахгүй байхаар өөрийнх нь 70075054 дугаар луу залгадаг байсан. Нэг удаа манай банкаар үйлчлүүлж байсан иргэн Саран эгчид гомдол гаргаж байсан бөгөөд тэр үйлчлүүлэгчийн надад хэлснээр зээлийн асуудлыг нь шийдэж өгөхгүйгээр 1 цаг орчим нөхөртэйгөө гар утсаар маргалдсан гэж хэлж байсан. манай ажилчид ажлын утас руу байнга залгаад байхаар утсыг нь мэддэг болоод сүүлдээ авахгүй байхаар ажилчид чинь утсаа авахгүй байна гэж манай Хаан банкны төв салбарт гомдол гаргаж байсан” гэх мэдүүлэг /1хх 160-164 хуудас/,

Гэрч А.Одонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын үед манай эгч Саран над руу уйлж залгаад яаралтай цагдаа дуудаад өгөөч Батсүлд манай ажил дээр ирээд хаалга үүд өшиглөөд намайг гараад ир, ална гээд байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгч байсан. 2020 оны 09 дүгээр сард Сарантай гадуур хамт явж байхад надад хандан Батсүлд надад нэг ч төгрөг өгөхгүй байж ямар нэгэн шалтаг хэлээд надаас байнга мөнгө нэхдэг байсан, би мөнгө өгөхгүй гэхээр намайг ажилгүй болгоно, хэн ч биш болгоно, эхийг чинь ална гэж дарамталж сүрдүүлдэг гэж хэлж байсан. Батсүлд нь манай эгч Саранг байнга дарамталдаг байсан тул эгч Саран нас барахаасаа нэг сарын өмнөөс эхлээд гэртээ ирээд гар утсаа унтраачихдаг байсан. Батсүлдээс гаргаж байсан айлган сүрдүүлэлт, зоволт нь манай эгч Саранг амь насаа хохирооход хүргэсэн” гэх мэдүүлэг /1хх 170-173 хуудас/,

           Гэрч С.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэр зааж өгсөн зүг рүү харахад хар бараан өнгийн урт куртиктэй, махлагдуу биетэй эмэгтэй хүн 220 дугаар байрны дээр зогсож байсан ба би доороос нь буцаад цаашаа буугаарай гээд 2-3 удаа орилоход ямар нэгэн хариу өгөлгүй дээрээс газарт унасан. Байрны дээрээс үсэрсэн гэх эмэгтэй хүний хажууд ямар нэгэн хүн байхгүй, ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1хх 184-185 хуудас/,

                Гэрч Ж.Отгонцасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Батсүлд манай найз Сарантай амьдардаг байх хугацаандаа ажил хийдэггүй, гэр бүлдээ тус дэмгүй байсан ба Саранг болон хоёр дагавар хүүхдийг нь ямар нэгэн байдлаар дарамталдаг, зоддог байсан. Батсүлд нь байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба эрүүл болон согтуу үедээ манай найз Саранг болон хоёр дагавар хүүхэд Хангай болон Хангал нарыг зоддог байсан. Манай найз Саран Батсүлдэд зодуулсныхаа дараа хэд хоногийн дараа л Батсүлдэд зодуулсан талаараа надад хэлдэг байсан ба түр хэд хоног салаад Батсүлд нь буцаад гэртээ хүрээд ирдэг байсан. Би ихэвчлэн Батсүлдийг гэртээ байхгүй үед нь очиж найз Сарантайгаа уулздаг байсан. Манай Саран надад хэлэхдээ Батсүлд нь 2020 онд салсныхаа дараа Сарангийн гар утас болон Хаан банкны ажлынх нь утас руу байнга залгадаг, месееж бичдэг ба ямар нэгэн байдлаар хардаж, дарамталдаг байсан гэж хэлдэг байсан.”  гэх мэдүүлэг /1хх 188-189/,

            Гэрч Н.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Энэ хугацаанд ******* манай найзыг хардсаны улмаас зодож цохиод, машиныг нь эвдээд салсан. Намайг Саран луу утсаар залгаад ярих гэхээр хажуугаас нь гар утсыг нь аваад хэн яриад байгаа гээд хардаад байдаг байсан. Үүний дараа найз маань жирэмсэн болсон гэж байсан ба *******тэйгээ хамтран амьдарч байгаа гэсэн. Манай найзыг ******* жирэмсэн байхад нь зодож цохиод хавиргыг нь хугалаад хугацаанаасаа өмнө төрж байсан. Үүнээс хойш нуруу өвдөөд байна гэж ярьдаг болсон. Энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд торгуулийн ял аваад манай найз торгуулийн мөнгийг нь төлсөн гэж байсан. 2020 оны зун дотны найзуудаараа уулзахад талийгаач найз маань *******эд зодуулсны улмаас 4-5 шүдээ унагаасан. Тийм учраас юм идэхэд хүндрэлтэй байна. Найз нь хиймэл шүд хийлгэдэг юм бил үү гэж ярьж байсан. Бид нар найзуудаараа нийлээд талийгаач найзынхаа төрсөн өдрөөр монетон бөгж бэлэглэж байсан. Сүүлд уулзахад бид нарын өгсөн монетон бөгжийг яагаад зүүгээгүй талаар асуухад Батсүлд ломбардад тавиад архи уучихсан гэж байсан. 2020 оны сүүлээр манай найз нуруу нь өвдөөд байна гээд 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ******* миний мэдэхээр манай талийгаач найзыг зодож цохиод сэтгэл санааны гүн хямралд байлгадаг, ажлыг нь ч тайван хийлгэдэггүй байсан.” гэх мэдүүлэг /1хх 192-193/,

            Насанд хүрээгүй гэрч С.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Батсүлд нь манай ээж Сарантай хамтран амьдарч байх хугацаандаа болон салсныхаа дараа архи их уудаг байсан ба эрүүлдээ болон согтуу байх үедээ манай ээж Саран-г байнга хэл амаар болон хараалын үг хэллэгээр доромжилдог байсан ба Батсүлд манай ээжийг ойролцоогоор сардаа 3-4 удаа зоддог байсан ба нэг удаа бүр жирэмсэн байхад нь гэртээ хэвтэрт ортол нь зодож байсан. Мөн манайх Майхан толгойд зуслангийн байшинд байхад ирж зоддог байсан ба ингэж зодож байх үедээ манай ээжийн биед ямар нэгэн байдлаар гэмтэл, шарх учруулдаг байсан. Батсүлд нь манай ээж А.Саран-ыг байнга "ээж дүү нарыг чиний нүдэн дээр ална, том хүүг чинь ална, зуслангийн байшин, машиныг чинь шалтаан манай ээжийг үхэж чадах уу, үхэхийг чинь харья” гэж хэлдэг байсан ба ингэх үедээ байнга хэл амаар доромжилж хараалын үг хэллэг хэлдэг байсан. Батсүлд манай ээжээс салсныхаа дараа заримдаа манай гэрт өдөр болон шөнийн цагаар ирж гэрийн хаалгыг нүдэж манай гэрийнхэнийг айлгаж дарамтанд оруулдаг байсан. Өмнө нь манай ээж 30-84 гэсэн улсын дугаартай авто машинтай байсан ба машиныхаа түлхүүрийг өгчих гээд нэг өдөр хэлж байсан ба манай ээж машиныхаа түлхүүрийг өгөөгүй байхад нэг шөнө түлхүүрийг нь хулгайлаад авто машиныг нь унаад олон хоногоор хөдөө яваад ирэхдээ машин эвдэрчихлээ засуулах хэрэгтэй байна гэж худал хэлээд манай хуучин гражыг заруулаад 7 сая төгрөгийг манай ээжээс аваад машин засуулж байгаагүй ба тэр машиныг нь хөдөө усанд живүүлээд хаясан байсныг нь манай ээж авч ирээд өөрийнхөө мөнгөөр засуулж байсан. Батсүлд нэг удаа манай ээжийн 81-02 улсын дугаартай машиныг нь засварын газраас авч яваад манай ээж рүү гар утсаар залгаад “ирэхгүй бол машиныг чинь шатаан шүү” гэж хэлж байсан гэсэн ба тэр өдөр манай ээж Батсүлдийн байгаа газарт нь хайж явж олоход манай ээжийн машин дотор согтуу унтаж байхаар нь гэрт нь хүргэж өг гээд дарамталсаар байгаад манай ээжээр гэртээ хүргүүлж байсан гэсэн. Манай ээж Саран нь Батсүлдийн гар утасны дугаарыг нь заримдаа блоколдог зарим үедээ блокийг нь гаргадаг байсан ба өдөрт гар утас руу нь ойролцоогоор 10- 50 удаа залгадаг байсан.Батсүлд нь манай ээжийн ажил дээр нь хэд хэдэн удаа очоод ажпынх нь утас руу нь “Сарантай ярия” гээд залгадаг байсан гэж манай ээж надад хэлдэг байсан. Манай ээжийг гэртээ хүүхэд хардаг байх үед нь Батсүлд ажил хийдэггүй байсан ба манай гэрийн эд зүйл болон ээжийн ээмэг бөгжийг нууцаар аваад ломбарданд тавичихдаг байсан ба үүнийг нь манай ээж очиж авдаг байсан.- Шүүхээр орж торгуулсан мөнгөө манай ээж Сарангаар төлүүлж байсан.” гэх мэдүүлэг /1хх 197-198 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 570 дугаартай “Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед, нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачаас авсан дээжид спиртийн агууламж болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэнгүй” гэсэн дүгнэлт /2хх 15-19 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04  дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Гэрээслэл” гэсэн гар бичвэр нь “2021.03.18” гэсэн огноотой, Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн, төмөр нугастай 8 хуудас дэвтрийн хуудаст бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдтэй орон зайн байрлал, хөдөлгөөний илэрхийлэх шинж тэмдэг, бичгийн дадлын түвшинг илэрхийлэх шинж тэмдэг, хөдөлгөөний бүтэц илэрхийлэх шинж тэмдэг зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, хэлбэр, хэмжээ, тоо, харилцан байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно” гэсэн дүгнэлт /1хх 220-236 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн 1200 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “СД1” гэсэн бичигтэй цаасан уутанд байх DVD дискэнд хадгалагдаж байх “audioclip-1615430723000-179769.mp4”, “audioclip-1615430723000-51084.mp4” гэсэн нэртэй бичлэгүүдэд тус тус ярьж байгаа *******ийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ВЭ82102411 регистрийн дугаартай *******ийн дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /2хх 33-34 хуудас/, 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 271 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэсэн дүгнэлт /2хх 45-46 хуудас/,

Талийгаач А.Сарангийн эзэмшлийн утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллийн лавлагаа /2хх 76-77 хуудас/,

Хаан банкны харилцагчийн мэдээллийн төвийн утсанд ******* хандсан талаарх албан бичиг /2хх 86-88 хуудас/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн талаарх материалууд /2хх 109-154 хуудас/,

*******ийн эзэмшлийн Мобикомын утасны дугаарын ярианы билл /2хх-214-228 хуудас/,

Талийгаач А.Саран болон шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /2хх 156-180 хуудас/,

Сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би дагавар хүүхэд Хангалтай гэр бүлийн асуудлаас болж маргахад манай хадам ээж надад өгч унуулж байсан машиныхаа түлхүүрийг надаас аваад намайг гэрээсээ хөөгөөд явуулсан ... Миний утасны дугаар 94006188. Би хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сарангийн утас руу нэлээн хэдэн удаа залгасан ба миний утасны дугаарыг блок хийсэн тул ярьж чадаагүй ... миний утсыг блоклосон тул би өөрийн утаснаас мессеж бичдэг байсан ба хардсан утга бүхий хараалын үг хэллэг хэрэглэж бичдэг байсан. Ажлынх нь утас руу залгадаг. Хажууд нь суудаг эмэгтэй утсыг нь аваад Саранг байхгүй гэж хэлдэг. Заримдаа би Сарантай согтуу байх үедээ гар утсаар ярьсан байдаг. Маргааш нь харахаар ярьсан байдаг, юу ярьснаа мэдэхгүй байсан. Саран надаас өмнө 2 удаа амьдрал зохиож өөр хүнтэй амьдарч байсан тул би харддаг байсан. Би 2018 оны 04 дүгээр сард Саранг 7 сартай жирэмсэн байхад нь нэг удаа зодож, энэ асуудлаараа цагдаад шалгагдаад шүүхээр орж байсан. Түүнээс хойш зодож байгаагүй, харин хоорондоо маргаж хэрүүл хийх тохиолдол байсан. Би дагавар хүүхэд Хангал, Хангай нарыг гэр орон цэвэрлэхгүй байна гэж гэр бүлийн маргааны асуудлаас болж 2-3 удаа зодож цохиж байсан. Нэг удаа Хангал руу хананд байсан цэцгийн ваарны өлгүүрийн төмөр авч шидээд гэдэснийх нь орчимд бага зэрэг зүсэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх 51-53/

Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би анх Сарантай танилцаад хадмындаа хамтран амьдарсан, энэ хугацаанд 2 настай Хангал гэдэг хүүтэй нь хамт амьдардаг байсан.Сарангийн ээж Уламбаяр нь байнга архи уудаг байсан ба энэ нь Саран бид хоёрт дарамттай байдаг байсан. Ингээд би 1 жил хамт амьдраад салсан. 2016 онд Сарантай дахин нийлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хамт амьдрахад Саран нь өөр хүнээс дахин хүүхэдтэй болсон. Энэ хугацаандаа Саран бид 2 дундаасаа 2017 онд Хонгорзул гэдэг охин, 2018 онд Хосбаяр гэдэг хүүтэй болсон. Хамт амьдрах хугацаанд хадам ээж Уламбаярын дарамт шахалтад байдаг байсан тул 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр салаад явсан. Саран нь 2020 оны 06 дугаар сарын үед ажилдаа орсон гэж надад хэлж байсан ба Саран намайг дуудах үед нь би Бага тойрогт байрлах Хаан банк дээр очиж уулзаж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын сүүлд би өөрөө ажил дээр нь явж очсон байгаа. Би А.Сарангийн ажлын газрынх нь 70075054 дугаарын утас руу залгадаг байсан. Миний гар утасны дугаарыг блоклосон байхаар нь хааяа нэг удаа л залгадаг байсан” /2хх 62-63, 68-70 хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлжээ.

*******ийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний учирч болох хүн нас барж болзошгүй хохирлыг урьдаас мэдсэн, мэдэх бололцоотой байтал, түүнийг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ хохиролд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийсэн гэж үзнэ. 

Амиа хорлохыг хүсээгүй боловч байнга шаналгасан, айлган сүрдүүлсэн үйлдлийн улмаас тухайн хор уршигт хүргэсэн, хор уршиг учрах гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эрхшээлдээ байгаа хүний амьд явах эрхийн эсрэг үйлдэгддэг, түүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн санаатай, идэвхтэй, давтамжтай үйлдлийн улмаас хүний амь хохирсон эсхүл амь нас хохирох эрсдэлд хүрсэн хохирол, хор уршиг учирсан байх шинжтэй.

Шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч *******, амь хохирогч А.Саран нар гэрлэлтээ батлуулаагүй ч гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийн харилцаатай, А.Саранг 2 хүүхэдтэй байхад хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн, хэн аль нь урьд амьдрал зохиож байсан, *******ийн хүүхдийг дагавар хүүхэд гэж ялгаварлаж зүй бус харьцдаг, гэр бүлдээ хүч хэрэглэдэг, үгээр доромжилдог, гэр бүлийн амьдралд идэвхгүй, эхнэр, үр хүүхдэдээ хайр халамж үзүүлдэггүй, архи уудаг байдал нь гэр бүлийн таагүй орчинг бий болгож тусдаа амьдрахад хүргэсэн, тусдаа амьдарснаар сэтгэл санааны дарамт үзүүлэх нь улам даамжирсан, хэр хэмжээнээс хэтэрсэн, ийм байдалтай нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн байна.

 Уг нөхцөл байдалд шүүгдэгч ******* нь амь хохирогч эхнэр А.Сарангийн  эсрэг чиглэсэн хэвшмэл шинжтэйгээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамтыг байнга үзүүлж шаналгасан, ажил хэргийг нэр хүндийг унагаж гутаасан, өөрийг нь  болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эд хөрөнгийг устгана гэх зэргээр заналхийлэн айлган сүрдүүлсний улмаас амь хохирогч сэтгэл санааны дарамтад орж амиа хорлоход гарцаагүй хүрсэн байх тул бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул *******ийг Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл даамжирч байнгын сэтгэл санаанд дарамт болж хувирсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Тус гэмт хэргийн улмаас эх, эцэгтэйгээ амьдрах боломжгүй болсон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн 3 настай хүү Жаагийхан овогт Батсүлдийн Хосбаяр /РД:УА18261979/, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 4 настай охин Жаагийхан овогт Батсүлдийн Хонгорзул /РД:УК17233120/, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 6 настай хүү Хэрээд овогт Заяабаярын Хангай /РД:УК14320691/, 2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 16 настай хүү Авга овогт Сарангийн Хангал /РД:УК04312131/ нарт асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нгаас гэм хорын хохиролд баримтаар 16.563.397 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч *******ээс 16.563.397 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нд олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н, түүний өмгөөлөгчөөс энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн тул цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* 38 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******эд 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй, хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн бодитой биш тул улсын яллагчийн саналаас багасгахгүйгээр ял шийтгэл оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, өндөр настай өвчтэй ээжтэй, ээжийг нь харж асрах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хөнгөн ял шийтгэл оногдуулах санал тус тус гаргасныг дурдвал зохино.

Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ байнгын шинжтэй сэтгэл зүйн дарамт үзүүлсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол ихтэй, хор уршгийн шинж чанар арилахгүй нөхөгдөхгүй, 4 хүүхэд өнчирч үлдсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага, биеийн хэлэмж зэрэг хувийн байдлыг харгалзан *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар *******эд шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн энэ хэрэгт 48 цаг баривчлагдсан болон 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан гэрээслэл 1 хуудас болон дүрс, дуу бичлэг бүхий CD 2 ширхэг зэргийг хэрэгт хавсарган хадгалахаар тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******эд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар *******эд шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 16.563.397 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нд олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. ....................нарт асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан гэрээслэл 1 хуудас, дуу, дүрсний бичлэг бүхий CD 2 ширхэг зэргийг хэрэгт хавсарган хадгалсугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

   11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ