Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 327

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2017/00327

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00316/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Шарайд овогт Цэвэгдоржийн Мөнхбаяр /РД: СЖ57061370/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 1980 оноос 1982 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сум дахь ойн аж ахуйн газарт мод бэлтгэгчээр ажиллаж байсан. 1982 оны 06 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Биндэр сумын цаг уурын станцад техникч, ажиглагчаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэсэн тул шүүхэд хандсан юм” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7, 8, 10, 14, 16, 17-20, 21, 22-24, 25, 26-28, 29, 31-33/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр нь 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1982 оны 03 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн газарт мод бэлтгэгчээр,  1982 оны 06 дугаар сарын 10 өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Цаг уурын өртөөнд техникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\327-Ш-И.docx

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ц.Мөнхбаяр нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч Ц.Мөнхбаяр нь 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1982 оны 03 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн газарт мод бэлтгэгчээр,  Хэнтий аймгийн Биндэр сумын Цаг уурын өртөөнд 1982 оны 06 дугаар сарын 10 өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хугацаанд техникчээр тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэнтий аймгийн архивын газрын тодорхойлолт /хх 4/, цалингийн тодорхойлолтын хуулбар /хх 5/, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын хуулбар /хх 6, 7/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, 1976 оноос 2016 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Ус цаг уурын албанд техникчээр ажиллаж байсан гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /хх 16/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 17-20/, 1972 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын “Ус цаг уурын өртөө”-нд ахлах техникчээр ажиллаж байсан гэрч Д.Даариймаагийн мэдүүлэг /хх 21/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 22-24/, 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байсан гэрч Ж.Оюуны мэдүүлэг /хх 25/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 26-28/, 1979 оноос 1982 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан гэрч Ц.Галхүүгийн мэдүүлэг /хх 29/, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 31-33/ зэрэг болно.

Ц.Мөнхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1982 оны 03 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн газарт мод бэлтгэгчээр,  1982 оны 06 дугаар сарын 10 өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Цаг уурын өртөөнд техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарайд овогт Цэвэгдоржийн Мөнхбаяр /РД: СЖ57061370/-ын 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1982 оны 03 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн газарт мод бэлтгэгчээр,  1982 оны 06 дугаар сарын 10 өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Цаг уурын өртөөнд техникчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ц.Мөнхбаярт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА