| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0390/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/378 |
| Огноо | 2021-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/378
2021 06 02 2021/ШЦТ/0378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0390/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Г-д холбогдох 2009... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч В.Г нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноёд зочид буудалд хамт үйлчлүүлж хоносон иргэн С.Ц г унтаж байх хойгуур нь түүний 759.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Г нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноёд зочид буудалд хамт үйлчлүүлж хоносон иргэн С.Ц г унтаж байх хойгуур нь түүний 759.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/
Хохирогч С.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах пабд сууж үйлчлүүлж байгаад Одбаяр гэх залуу найз Гантогтох гэх залуугийн хамтаар над дээр хүрч ирээд өөрсдийгөө танилцуулаад надтай хамт сууж надад нэг шил пиво авч ууж юм ярьж сууж байгаад тухайн газраас 18 цаг өнгөрч байхад гарч Одбаяр, Гантогтох нарын хамтаар нийтийн байр үзэж явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэрийг нь сайхан мэдэхгүй пабд орж бид 3 пиво ууж сууж байгаад тухайн газраас гарч шөнийн 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноёд гэх нэртэй буудалд орсон ба орохдоо архи болон пиво авч орж уусан ба 02 цагийн орчим унтацгаасан ба би унтахдаа Одбаяртай хамт унтсан ба Гантогтох тусдаа унтсан. Тэгээд өглөө сэрээд өөрийнхөө гар утсыг авах гэтэл миний гар утас байхгүй мөн Гантогтох гараад явсан байсан. Гантогтохыг сэжиглэж байна... миний утас Самсунг А-51 загварын гар утас байсан... Би унтахдаа гар утсаа өөрийн дэрэн доороо хийчихээд унтсан... ’’.гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16 тал/
Гэрч Ө.Одбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш найз В.Г ын хамт... 21 дүгээр хороололд уулзахаар болсон ба 16 цагт уулзаад хоёулаа нэг пабд орж 1 шил архи хувааж уусан ба нэг хүүхэнтэй танилцаад бид гурав Ноёд гэх буудалд хоносон ба манай найз өчигдөр утсаа ломбардсан өглөө явахдаа хамт хоносон Цолмон гэх хүүхний утсыг аваад явчихсан юм шиг байна лээ одоо утас руу залгахаар холбогдохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сард цагдаагаас залгаад Гантогтох гэх хүн танай ломбардад самсунг галакси А-51 загварын гар утас барьцаанд тавьсан байна тухайн гар утсыг битгий өгөөрэй гэж хэлж байсан. Удалгүй 4 хоногийн дараа Гантогтох ирээд барьцаанд тавьсан гар утсаа 150.000 төгрөгөөр буцааж авсан надад барьцаанд тавьсан гар утсыг өгөхгүй байх үндэслэл байхгүй. Ломбардын программ дээр регистрийн дугаар хийхээр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй мэдээлэл гарч ирсэн учир би үйлчилсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
“Дамно” ХХК-ийн хохирогч С.Ц гийн Самсунг А-51 загварын гар утсыг 759.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 тал/,
Яллагдагч В.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз Одбаяртай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчим очиж уулзсан. Тэгээд бид хоёр тэр хавьдаа пабд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн пабд хажуу талын ширээн дээр үл таних нэг эмэгтэй сууж байсан. Манай найз Одбаяр очоод танилцсан. Бид нар цуг тухайн пабд үйлчлүүлж байгаад гараад зурагт руу хүнтэй уулзахаар таксинд суусан. Тэгтэл бид нарын уулзахаар очсон хүн байгаагүй гэтэл тэр эмэгтэй надад мөнгө байна хэдүүлээ буудал орж архи ууя гээд Одбаяр бид хоёрт Хараа гэх бичиглэлтэй 0.75 мл- ийн савалгаатай архи авч өгсөн. Тэр эмэгтэй Одбаяр бид 3 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буудалд архи уухаар ирсэн. Тэгээд бид нар архи ууж дуусгаад унтахаар болоход манай найз Одбаяр тэр эмэгтэйтэй цуг унтаад би утасгүй байсан учраас тухайн эмэгтэйн самсунг А-51 гэх гар утсаар фэйсбүүк орж байгаад орой нь хэдэн цагийн үед гэдгээ сайн санахгүй байна тухайн эмэгтэйн гар утсыг аваад найзындаа очиж хоносон. Тэгээд маргааш нь би тухайн эмэгтэйн гар утсыг 200.000 төгрөгөөр ломбардад тавиад өөрийн Хуавай гар утсаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сансарын орчим ломбардад тавьсан байсан тул тэр мөнгөөрөө авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч В.Г нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч В.Г нь хохирогч С.Ц гийн эзэмшлийн А51 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч В.Г ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 759.200 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Ц нь шүүгдэгч В.Г од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... талаарх баримт, шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хохирогч С.Ц гийн тайлбар /хх-ийн 78-92 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч В.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г ыг 300 / гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г од оногдуулсан 300 / гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г од урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ