Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

          Улсын яллагч Ц.Идэрмөнх

          Шүүгдэгч Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд

          Хохирогч У.Багана

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд нарт холбогдох эрүүгийн 201614000148 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, тусгай дунд боловсролтой, газар тариалан ба сангийн селъясер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Баруун дэнжийн 15-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бурд овгийн Тоголдойн Бумбаяр /ОЮ94060119/.

2. Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-24 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овгийн Энхбатын Батболд /ФА94041134/.

3. Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксеваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12-22 тоотод оршиг суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Саруул овгийн Даваанямын Эрдэнэсүх /ФА92121859/.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм буюу 57-57 ОРХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу домократ, дорцов зэргийг хэрэглэж, 2016 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” зочид буудлын гаднах авто зогсоол дээр байсан У.Баганаагийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг 4 ширхэг обудын хамт хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Т.Бумбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батболд бид хоёр “Дэлгэрэх” төвийн буудалд эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хүргэж өгчихөөд “Хуримт” зочид буудлын хажуугаар өнгөрч байхад “Хуримт” буудлын зогсоол дээр хар өнгийн Тоёота Приус-30 машин зогсож байхаар нь Батболд бид хоёр ярилцаж байгаад дөрвөн дугуйг нь авахаар болоод бид хоёр хоёр дугуйг нь суллаж авахад бэлэн болгочихоод найз Эрдэнэсүхийн гэрийн гадаа зочиж Батболд, Эрдэнэсүх рүү залгаж дуудаж гаргаж ирээд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнхэр алтай” зочид буудал руу явсан юм. Тэгээд “Хүнхэр алтай” зочид буудлын гадна талаар 12 ширхэг улаан тоосго бид гурав зөөж машиндаа оруулаад 03 цагийн үед “Хуримт” буудлын гадаа очиж нөгөө Приус машины сулласан дөрвөн дугуйг авсан юм. ...Батболд хоёр дугуйг нь тайлж, би өөрийнхөө машины улаан өнгийн домкрадаар уг Приус машиныг хөндийрүүлж тоосго эвэн уг дөрвөн дугуйг авсан юм гэв.

            2. Шүүгдэгч Э.Батболд нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Бумбаяр бид хоёр ярилцаж байгаад Приус- 30 машины дугуйг авахаар болоод би урд, ард талын хоёр дугуйны боолтыг нь суллаж орхисон юм. Мөн нөгөө хоёр дугуйг нь Бумбаяр тайлж суллаад тэгээд бид хоёр бас нэг найз болох Сүхээг гэрээс нь аваад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнхэр алтай” зочид буудал руу явсан юм. Очих замдаа Бумбаяр бид хоёр Сүхээд бид хоёр хэлэхдээ “Хуримт” буудлын гадаа нэг машины дугуй тайлсан байгаа гурвуулаа одоо очоод авъя гэж хэлсэн юм. Тэгээд “Хүнхэр алтай” буудлын гаднаас улаан өнгийн тоосго 12 ширхэгийг бид гурав машиндаа зөөж ачиж байгаад буцаад “Хуримт” буудлын гадаа очоод хүн байхгүй болохоор нь нөгөө Тоёота Приус-30 маркийн 4 дугуйг авахаар болоод би урд хойд хоёр дугуйн боолтыг нь тайлж өгсөн. Бумбаяр өөрийнхөө машины улаан өнгийн домкратаар өргөж тоосго эвэн дугуйнуудыг нь авсан юм. Эрдэнэсүхэд дугуй хулгай хийе гэж хэлээд тоосго зөөлгөсөн гэв.

            3. Шүүгдэгч Д.Эрдэнэсүх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шөнө 03 цагийн үед Бумбаяр, Батболд хоёр утсаар ярьсан. Тэгээд бид гурав уулзаад тоосго зөөсөн. Тэндээс тоосго авахдаа надад “Дэлгэрэх" төвийн тэнд нэг машины дугуйг суллаад орхисон байгаа, тэрийг авч зарж л цагдаагийн торгуулиа төлөхөөс гэж Батболд хэлсэн. Тэгээд бид гурав буугаад 12 ширхэг тоосго аваад машинд ачаад “Дэлгэрэх” буудал дээр очсон. Тэнд очоод тэр хоёр машинаас тоосгонуудаа буулгаад нэг хар өнгийн Приус-30 машины 4 дугуйг тайлж аваад оронд нь тоосго өрж тавиад 4 дугуйны гурвыг нь машины арын суудал дээр миний хажууд тавиад нэгийг нь тээшинд хийсэн. ...Би хулгай хийх гэж байгаа гэдгийг нь мэдсэн. Тоосгоноос нь өргөлцөж оруулсан гэв.

            4. Хохирогч У.Баганаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна. Алдсан эд зүйлсээ бүгдийг нь буцаан авсан гэв.

            5. Гэрч Л.Оргилсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:… Би 2016 оны 03 сарын 15-ны өдөр найз Баганаа, Үүрээ нарын хамтаар Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт" зочид буудалд орж хонохоор болоод машинаа зогсоол дээр байрлуулж буудалд ороод бид гурав жаахан тоглож байгаад унтсан юм. Гэтэл өглөө 08 цаг өнгөрч байхад буудлын жижүүр манай өрөөний хаалгыг нүдээд 47-00 улсын дугаартай машины жолооч мөн үү? машины чинь дугуй алга болчихсон байна гэхээр нь манай найз Баганаа гараад машиныхаа дугуйг хартал алга болсон гэж орж ирсэн юм. Бид нар буудлаас гараад машин дээрээ очтол дугуйн доор нь тоосго эвсэн байдалтай дөрвөн дугуйг нь аваад явсан байсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-р хуудас/

6. Гэрч Б.Цэцэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:… Өглөөний 07 цаг 40 минут орчимд гадаа талбайн хогийг шүүрдэж байтал гадна талд нэг хар өнгийн машины дөрвөн дугуй алдагдсан болохоор нь буудалд орсон хүмүүсээс асуутал 3-р давхарт байсан хүмүүсээс асуутал 47-00 машин танай машин мөн үү гэж асуутал мөн гэж эхлсэн. Тэгэхээр нь дөрвөн дугуй чинь алга болсон талаар хэлсэн юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-р хуудас/

 

            -Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл  / хх 26 ху/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 30-р хуудас/

           -Эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 35-р хуудас/

           -Гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн  9, 25, 29-р хуудас/ 

            -Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23, 27-р хуудас/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24, 28-р хуудас/

             -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 57, 63-р хуудас/

   -Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 76-87-р хуудас/

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм буюу 57-57 ОРХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу домократ, дорцов зэргийг хэрэглэж, 2016 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” зочид буудлын гаднах авто зогсоол дээр байсан У.Баганаагийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг 4 ширхэг обудын хамт хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч У.Баганаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Цэцэнжаргал, Л.Оргилсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Бумбаяр, Д.Эрдэнэсүх, Э.Батболд  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн машин өргөгч домкрат, машины дугуй тайлагч дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 57-57 ОРХ улсын дугаартай Хьюндай Верна аксент загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Т.Бумбаярт буцаан олгох нь зүйтэй байна.  

 Шүүгдэгч нар нь хохирогч У.Баганаад учруулсан хохирол болох 4 ширхэг машины дугуй болон 4 ширхэг обуд болох нийт 1.200.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан байх ба хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бурд овгийн Тоголдойн Бумбаяр, Бичээч овгийн Энхбатын Батболд, Саруул овгийн Даваанямын Эрдэнэсүх нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарын эд хөрөнгийг хураахгүйгээр Т.Бумбаярыг 2 жилийн, Э.Батболдыг 2 жилийн, Д.Эрдэнэсүхийг 2 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч шүүгдэгч Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаангийн өнгийн машин өргөгч домкрат 1 ширхэг, машины дугуй тайлагч дорцов 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө 57-57 ОРХ улсын дугаартай Хьюндай Верна аксент загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Т.Бумбаярт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Т.Бумбаяр, Э.Батболд, Д.Эрдэнэсүх нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ