Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 468

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: Б.С

Хариуцагч: Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө, хариуцагчийн өмгөөлөгч П.А, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх 2001 онд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэн, 2010 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нягтлан бодогчоор шилжин ажиллах болсон. 2012 онд жирэмсний чөлөө авч 2015 онд ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргахад Н.Ө нь манай хэлтэст даргаар томилогдсон байсан. Уг хүсэлтийн хариуд манайд ажлын орон тоо байхгүй, өөрийн хүнийг нягтлан бодогчоор авч ажиллуулна гэж хэлсэн. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад “...жирэмсний чөлөө авсан албан хаагчийн ажлын байр хадгалагдах ёстой, ажлын байраар ханга” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Намайг нягтлан бодогчийн орон тоонд биш дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд байцаагчаар томилсон. Энэ үед ажилд эргэн орохдоо маргаантай орсон бөгөөд хувийн таагүй харьцаа үүсээд 3 жил хамт ажиллаад ажлаас халагдсан.

Ажлаас халсан тушаалд “...үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулсан, тайлан мэдээ буруу гаргасан нь хяналт шалгалтаар илэрсэн” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн тоо, мэдээллийг буруу гэдэг боловч тодорхой дүн мэдээлэл байдаггүй. 

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын удирдамжид “...илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахад шалгалтын зорилго оршино” гэж дурдсан байдаг. Шалгалтын дүн гарч 15 заалттай алдаа, дутагдлыг нэр заан ирүүлэхэд зөвхөн 1 заалт нь сайн дурын нийгмийн даатгалтай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл “сайн дурын даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг  буцаан олгохдоо тооцоо нийлсэн актыг үйлдэж байх” гэсэн алдаа байсан. Нийгмийн даатгалын сайн дурын байцаагч шимтгэлийг олгодоггүй. Ерөнхий нягтлан бодогч өөрөө шимтгэлийг олгодог.

Хариуцагчийн зүгээс Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын “Хариуцлага тооцож ажиллах тухай” гэсэн албан бичигт дурдсан “...сайн дурын даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тайланд тусгагдсан сайн дурын даатгуулагчийн тоо үр дүнгийн гэрээтэй тохирдоггүй, удирдлагаа үнэн зөв мэдээллээр хангадаггүй, илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох актыг хавсаргадаггүй” гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж байгаа. Гэтэл 2016, 2017 онуудад сайн дурын даатгуулагчийн тоо нэмэгдээд явсан. Би уг ажлыг 2016 оны 4 дүгээр сард авахад сайн дурын даатгуулагчийн тоо 2015 онд 1641, 2016 онд 1644, 2017 онд 1725 болж өссөн байгаа. Шалгалтад 2016, 2017 оны ажил хамрагдсан. Алдангийн дүн 3.2 сая төгрөгөөс 5.1 сая төгрөг болж өссөн. Кредит үлдэгдэл ажил авахад 2.2 сая төгрөг байсан бөгөөд үүнийг дээд газраас “0” болго гэсэн үүрэг өгдөг. Уг  2.2 сая төгрөгийг үлдэгдлийг 2017 онд 1.5 сая төгрөг болгон бууруулсан. Үүнээс миний ажлын үзүүлэлт харагдаж байгаа. Тэгэхээр буруу мэдээлэл өгсөн, тайлан мэдээ зөрөөд байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Шалгалтын дүнгийн хурал болоход миний бие гар өргөн асуулт асуух гэтэл дарга чимээгүй байж бай гээд асуулт асуулгаагүй. Шалгалтын дараа хариуцсан байцаагчаас “ямар тайлан мэдээ зөрөөд байна вэ” гэхэд өөр байцаагч нар хоорондоо ярилцаад дүн гаргасан сайн мэдэхгүй байна гэсэн.

Намайг ажлаас халагдсан өдөр н.О гэх хүнийг шинээр миний ажлын байранд тавьсан. Энэ хүн н.О даргын найз, хамт ажиллаж байсан гэдгийг би мэдэж байна. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас уг хүнийг санал болгосны дагуу н.О нь ажиллахаар ирсэн. 

2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт болон тайлан нотлох баримтаар авагдсан. Үр дүнгийн гэрээний биелэлт болон тайлан хоорондоо огт зөрөөгүй.

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл ажлаа шалтгаангүйгээр тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өвчлөөд байгаа гайморит болон геморой өвчин нэг өдөр тусчихдаг өвчин биш өмнө уг өвчнүүдээр өвдөж байсан. Өөрийн үүрэгт ажлаа ажлын цагтаа багтаан хийж, ажлын бус цагаар архив болон шалгалттай холбогдуулан хийж гүйцэтгэх ажлыг оройн цагаар сууж хийснээс гайморит болон геморой өвчнүүд маань хөдөлсөн. Бид нэг нь чөлөө аваад явахад бусад нь тухайн хүнийхээ ажлыг хийж байдаг. Эрүүл мэндийн байцаагч сургалтад явсан байсан. Тухайн орой нь миний бие өвдөж эхэлсэн. Ямар нэг асуудал гарахад манай дарга миний утсыг авдаггүй. Иймд тасгийн даргадаа “...халуураад босч чадахгүй нь би эмчийн магадалгаа авах болно” гэдгээ хэлсэн. Өвчтэй байсан талаарх бүх нотлох баримтыг шүүхэд гаргасан өгсөн байгаа. Маш их ажилтай байсан учраас 6 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гэтэл манай байгууллагын дарга маань дүүргийн эмнэлэг, мэс заслын тасагт очин манай байгууллагад гомдол ирсэн гэж худал хэлэн намайг эмнэлэгт үзүүлсэн эсэхийг шүүж, шалган намайг эмчийн магадалгаа авахад саад хориг учруулсан.

Хариуцагчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалаар надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 

Уг тушаалыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч тус газар гомдлыг хянаад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/98 тоот албан бичгээр “...даргын тушаалыг үндэслэлтэй байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол хууль хяналтын байгууллагад хандана уу.” гэсэн хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. 

Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,  13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 болон Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын албан даалгавар зэргийг хууль зүйн үндэслэл болгоод “... Б.С нь хууль, дүрэм, журмыг биелүүлэх өргөсөн тангарагтаа үнэнч байх байх төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн, дээдлэх үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулж, тайлан мэдээ буруу гаргасан, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан тул 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн өвчтэй байх хугацаандаа эмнэлгээс магадалагаа авч чадаагүй бөгөөд өвчтэй байсан болох нь миний өвчний түүх дээр байгаа эмчийн үзлэгийн тэмдэглэл, онош, бусад ажилтнууд бие нь муу байсныг нотолж байхад хэлтсийн дарга энэ тухай сонсохыг ч хүсээгүй бөгөөд 7 дугаар сарын 10-ны өдөр ажилтнуудыг цуглуулаад намайг ажлаас халсан тухай тушаалыг уншсан.

Хэлтсийн дарга ажилтныхаа эрүүл мэндийн талаар арга хэмжээ авах байтал мөрдөн мөшгөж, асуудлыг бодитойгоор хяналгүй шийдвэрлэж, халах шийтгэл ногдуулсанд маш их гомдолтой байна.

Иймд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.С-д сахилгын арга хэмжээ авсан. Б.С нь төрийн жинхэнэ албан хаагч байсан. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 13.1.5-д заасныг үндэслэсэн. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д Төрийн  албаны  тухай  хуулийн  26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт  нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн, түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна гэж тус тус заасан. Тэгэхээр нэгжийн удирдлага нь ерөнхий нягтлан бодогч н.А юм. Гэтэл ерөнхий нягтлан бодогч н.А нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад санал болгосон зүйл байдаггүй. Ажилд томилсон албан тушаалтан сахилгын шийтгэлийг өөрөө ногдуулж болно гэж үзэхэд шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох ёстой.

Хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах болсон 3 үндэслэлийг тайлбарладаг. Хууль дүрмийг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, төрийн албаны соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт уг зөрчлийг тогтоосон зүйл байхгүй байна.

Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Б.С-н үр дүнгийн гэрээний биелэлтийг нотлох баримтаар авсан. Үр дүнгийн гэрээ 80 хувь буюу сайн гэж дүгнэгдсэн. Тэгэхээр ажлаа хийдэггүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь нотлогдохгүй байна.

Үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулж, тайлан мэдээг буруу гаргасан гэж байгаа. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны тайлангаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл зөрсөн зүйл тогтоогдоогүй. Гэрч н.А-с уг асуудлыг тодруулахад мэдээ, мэдээлэл зөрсөн зүйл байхгүй гэдгийг хэлсэн байгаа.

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтаар сайн дурын даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг  буцаан олгохдоо тооцоо нийлсэн актыг үйлдэж байх гэсэн зөрчлийг л илрүүлсэн. Энэ ажил нь сайн дурын даатгалын байцаагчийн хийх ажил биш. Тухайн дүүргийн татварын хэлтсийн санхүүгийн албаны дарга н.А-н хийх ажил юм. Тэгэхээр тушаалд дурдагдсан 3 үндэслэл нь баримтаар тогтоогдсонгүй.

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгаа. Б.С нь архивын баримтаа цэгцлэхээр удаан хугацаагаар сууснаас гайморит болон геморой өвчнөөр өвчилсөн. 6 дугаар сарын 19-ний өдрийн орой бие нь муудахад зуслангийн байрандаа байсан учраас дээрх ужиг өвчнүүдийг өөрөө эмчлээд 6 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллагын дарга нь “...нөхөж эмчийн магадалгаа өгч болохгүй. гэж мэдэгдсэн байсан. Тэрээр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дарга учраас тухайн эмнэлэгтэй маш нарийн холбоотой ажилладаг. Энэ утгаар эмч нартай уулзан сануулга өгсөн учраас эрүүл мэндийг үзэж, эмчилгээ зөвлөгөө өгөх, магадалгаа бичиж өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл тогтоогдоогүй байхад маргаан бүхий тушаалыг гаргаж хохироосон байна. Уг акт нь гарсан цагаасаа үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Б.С-г ажлаас халсан. Тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 16 удаа ажлаас хоцорч сануулах арга хэмжээ авч, өөрөө “...дахин ажлаас хоцрохгүй” гэдгээ бичгээр бичиж өгч байсан. Цагийг бүртгэлийг харахад 1 сарын ажлын 22 өдрөөс 4,5 өдөрт нь чөлөө авдаг. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бүтэн өдрийн чөлөөг хэлтсийн даргаас авдаг. 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Тамгын газрын даргаас авах журамтай байгаа. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас хийсэн шалгалтаар 4 дүгээр сарыг дуусталх хугацааны цагийн бүртгэлээр 20 өдөр ажил тасалсан, 526 минут ажлаас хоцорсон болох нь тогтоогдсон. Үүнийг цагийн бүртгэлийн төхөөрөмжөөс гарган өөрт нь танилцуулсан. Б.С нь анх 2010 ажилд орсон байдаг. Намайг 2012 оны 12 дугаар сард томилогдон ирэхэд Б.С нь жирэмсний чөлөө аваад зөрөөд явсан. Би Б.С-г танихгүй. 2015 оны 4 дүгээр сард ажилдаа орохоор ирэхэд нь та жиргэсний амралтаа аваад ирж байгаа учраас түр хүлээнэ үү. Чиний оронд ажилд авсан хүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдлийн 30 хоногийн хугацаа шаардлагатай гэхэд намайг хэл амаар доромжилж, гомдол гаргаад явсан. Б.С-тэй ямар нэгэн таарамжгүй харьцаа, хувийн ашиг сонирхол байхгүй. Миний удирдлага дор ажиллаж буй 23 албан хаагч байдаг. Албан хаагчдад журмын дагуу шаардлагаа тавьдаг.

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд ямар ч шалтгаангүйгээр ажлаа тасалсан. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.С-тэй уулзаж ямар асуудал үүссэн талаар тайлбар авах гэж оролдсон. Надад эмчийн магадалгаа болон ямар нэгэн баримт өгөөгүй. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн төвд ажлын шаардлагаар очиход “...танай албан хаагч чинь үзүүлэхээр ирэхдээ бичиг баримтаа өгөхгүй мөртлөө асуудал үүсгээд байна” гэсэн асуудал яригдсан. Манай албан хаагч ямар өвчний улмаас асуудал үүсгээд яваад байгаа талаарх тайлбарыг авсан. Миний бие эмнэлгийн албан хаагчдыг дарамтлах, танил талаа ашигласан асуудал байхгүй. Эмнэлэг нь удирдлага, зохион байгуулалтын хувьд надаас шалтгаалахгүй байгууллага юм.

Б.С-н оронд н.О гэх хүнийг ажилд авсан гэж байна. н.О нь Өвөрхангай аймгаас шилжин ирээд Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөцөд бүртгэгдсэн байсан. Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...н.О-г ажлын байраар хангах шаардлагатай байна. Танайд орон тоо байна уу” гэж уламжилсан. Түүнээс Б.С-г ажлаас халаад түүнийг ажилд ав гэсэн асуудал байгаагүй. Б.С нь ажил тасалдаг, байнга чөлөө авдаг, ажлыг цалгардуулдаг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, дандаа шалтаг, шалтгаан тоочиж байдаг. 3 хоног ажил тасалсан асуудал болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын шалгалтаар зөрчил илэрч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариуцлага тооцох албан бичиг ирсний дагуу 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Сайн дурын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд н.О гэх хүнийг томилсон. н.О гэх хүнийг өөр албан тушаалд томилсон байгаа.

Б.С нь цуцлагдсан, шинээр тогтоогдсон, сунгагдсан нийт хүмүүсийг оруулан сайн дурын даатгалын тоо баримт, мэдээллийг ихэсгэж буруу дүнгээр гаргадаг. Гэрч н.А нь шалгалтын дүнд гарч ирсэн зөрчлийг энэ зөрчил биш юм гэж асуудал гаргаж байсан. Б.С нь н.М гэх хүний бичиг баримтыг буруу бөглөснөөс шалтгаалан манай хэлтсийн нэр дээр 516.000 төгрөгийн төлбөрийн акт тогтоогдож байсан. Жилийн эцсийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор үр дүнгийн гэрээний тайлан мэдээг авахад байнгын зөрүүтэй гаргадаг. Шалгалтын дүнгээр удирдлага үнэн зөв мэдээллээр хангахгүй байна гэдэг нь гарч ирсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрч 1 дүгээр гарын үсэг буюу удирдлага Н.Ө би, 2 дугаар гарын үсгийг н.А зурж хүчин төгөлдөр болсон. Шалгалтыг дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хяналт шалгалт явуулах боломж байдаг. Тухайн үед шалгалтыг дүнг хүлээн зөвшөөрсөн.

Нийгмийн даатгалын байцаагч нарын үр дүнгийн гэрээний биелэлт 90 хувиас дээш байж хангалттай гэж үзэх ерөнхий чиглэл байдаг. Б.С-ийн хувьд 2015, 2016 онд сахилгын шийтгэлтэй байсан учраас үр дүнгийн гэрээг нь дүгнээгүй байгаа. 2017 онд аргагүй байдлыг нь харгалзан үзээд 80 хувь гэж тавьсан. Манай хэлтсийн нийт байцаагч нар 87 хувиас дээш хувьтайгаар дүгнэгдсэн байдаг. Төрийн албан хаагч нар өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажилладаг. Нэхэмжлэгч архивын хяналт шалгалттай холбогдуулан ажлын бус цагаар удаан хугацаагаар сууж ажилласан гэж байна. Байцаагч нарт өөрт нь хамаарах баримт бичгийг эмхлэх, цэгцлэх үүрэг даалгаврыг өгсөн. Б.С нь өвчтэй, чөлөөтэй байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс ажилласан. Тэрээр 4 удаа л ажлын цагаас хойш илүү цагаар ажилласан ба үүнтэй холбоотой цагийн бүртгэл хэрэгт авагдсан байгаа. Өдрийн цагаар ажлаа хийхгүй байж байгаад оройн цагаар ирж ажилласан байдаг. 6 сарын хугацаанд 20 удаа ажилдаа ирээгүй. Надруу мессэжээр чөлөө хүсэхэд нь чөлөө олгож байсан. Чөлөө авахдаа ар гэрийн гачигдал гэсэн шалтгааныг хэлдэг. Надаас өвчтэй байна гэсэн шалтгаанаар чөлөө авч байсан тохиолдол байхгүй.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С нь маргаан бүхий тушаалыг гардан авснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Үүний хариуд “...шүүхийн байгууллагад ханд” гэсэн хариуг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгчээ. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаалыг гардан авснаас хойш 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах хуулийн зохицуулалттай. Мөн маргаан бүхий актыг гарснаас нь хойш 1 жил гаруй хугацааны дараа шүүх хэргийг хянан хэлэлцэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь тус шүүхэд хандан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.С нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тушаалаар анх тус хэлтэст “оператор-нягтлан бодогч”-ийн ажил албан тушаалд томилогдон, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тушаалаар “сургалт сурталчилгаа хариуцсан байцаагч ба үйл ажиллагааны нягтлан бодогч”-оор томилогдон ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэлтсийн даргын Б/10 дугаар тушаалаар 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/108 дугаар тушаалаар Б.С-д Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг олгосон байна.

Б.С-с нярайн чөлөөний хугацаа дуусгавар болж, ажилдаа эргэн орох өргөдөл гаргасны дагуу Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар түүнийг “нэг цонхны үйлчилгээний байцаагч”-аар, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэлтсийн даргын Б/08 дугаар тушаалаар “сайн дурын байцаагч”-аар тус тус томилон ажиллуулжээ.

  Улмаар,   Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар:

-  “хууль дүрэм журмыг биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг  эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үйл ажиллагааны мэдээллийг нуун далдалж, тайлан мэдээ буруу гаргасан зөрчил гаргасан ба энэхүү зөрчил нь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтаар илэрсэн”, 

- “мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.С-д 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. 

Нэхэмжлэгч Б.С-с хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “үйл ажиллагааны мэдээ нуун дарагдуулсан асуудал байхгүй”, “ажил тасалсан гэх 3 хоногийн хугацаанд би өвчтэй байсан” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд,

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шалгах ажлын удирдамж”-ийн хүрээнд тус газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн Улсын ахлах байцаагч Д.О-р ахлуулсан ажлын хэсэг “Нийгмийн даатгалын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, хэлтсийн үйл ажиллагааны батлагдсан төсөв, хүний нөөцийн удирдлага зохион байгуулалт, тушаал, шийдвэр, албан хэргийн хөтлөлтийн стандартын хэрэгжилтийг...шалган, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх” зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга Л.О болон ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны хурал дээр танилцуулжээ.

Шалгалтаар сайн дурын даатгал хариуцсан байцаагчийн /нэхэмжлэгч Б.С-н албаны чиг үүрэгт хамаарах/ үйл ажиллагаатай холбоотой:

- “сайн дурын даатгуулагчийн ажил орсон сард давхардуулан төлсөн СДДаатгалын хураамжийг буцаан олгохдоо тооцоо нийлсэн актаар хянан баталгаажуулаагүйгээс анхан шатны баримтын иж бүрдэл дутуу гүйлгээ хийгдэж байгаа зөрчил”,

- “СДДаатгалын хамралт, орлогыг нэмэгдүүлэх, мэдээ тайлангийн бодит байдалд ахиц гаргах шаардлагатай, тайлан мэдээнд тусгагдсан сайн дурын даатгуулагчийн тоо нь хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний тоон мэдээлэлтэй зөрж байгаа нь дээд удирдлагаа үнэн зөв мэдээллээр хангахгүй байгааг харуулж байна”,

- “СДДаатгалын гэрээний бичилт, цуцлалтыг НДДэвтэрт бичүүлээгүй, төрсний гэрчилгээний лавлагаа хавсаргаагүй зэрэг баримтын бүрдэл хангалтгүй бүрдүүлж байгаа” зэрэг зөрчил илэрсэн болохыг тайланд дурдсан, үүнтэй холбогдуулан Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/18 дугаар тушаалаар хяналт шалгалтын тайлан, түүний дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хугацаатай үүргийг Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад өгч,

Улмаар, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга Л.О-н 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03/170 дугаар албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “2018 оныг Хариуцлагын жил болгох зарлах тухай” 32 дугаар тогтоолыг тус тус  хэрэгжүүлж ... ажлын цаг ашиглалт хангалтгүй, ... баримт бичгийг дутуу бүрдүүлдэг, ... сайн дурын даатгуулагчдын тоо нь хэлтсийн үр дүнгийн гэрээний дүнтэй тохирдоггүй удирдлагаа үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, сайн дурын даатгалыг илүү төлсөн хураамжийг буцаан олгохтой холбогдох тооцоо нийлсэн актыг хавсаргадаггүй... зөрчил дутагдал гаргасан ... албан тушаалтанд холбогдох хууль тогтоомж, албан даалгаврын дагуу хариуцлага тооцож ажиллах нь зүйтэй” болохыг Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс маргаан бүхий актын нэгдүгээр үндэслэлээ: Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн  2.1.6. “... жилийн тайлан тэнцэл, сарын мэдээг зохих журмын дагуу гаргах”, “Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.2.“Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулах”, Сайн дурын даатгал хариуцсан байцаагчийн “Ажлын байрны тодорхойлолт”-ын 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа: 2.7.“Сайн дурын даатгалын тайлан мэдээ гаргах”, “Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын сар улирал, жилийн тайлан тооцоог тухай бүр хэвлэн авч нийгмийн даатгалын сангийн тайланд хавсаргах”, Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа: 6 “өөрийн хариуцан хийж буй ажилтай холбоотой баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хадгаламжийн нэгж бүрдүүлэн архивд хүлээлгэж өгөх” зэрэг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн,

хоёрдугаар үндэслэлээ: Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд 3 хоног ажил тасалсантай холбоотойгоор 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зөрчил гаргасныг түүнд мэдэгдэж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны дотор холбогдох тайлбарыг баримтын хамтаар ирүүлэхийг мэдэгдсэн ч холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй тул дотоод журамд заасан дагуу сахилгын арга хэмжээ авсан хэмээн тус тус тайлбарлаж байна.

3. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.”, 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасанчлан  хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал болох төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д заасан журмыг баримтлах үүрэгтэй.

Тодруулбал, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.” гэж заасанчлан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь тус хэлтсийн сайн дурын даатгалын байцаагч Б.С-д сахилгын шийтгэл ногдуулахын тулд түүний үйлдсэн зөрчил тус бүрийг урьдаар шалган тогтоож, энэ талаарх баримт, үндэслэлийг зөрчил гаргагчид танилцуулж, тайлбар, шаардлага гаргах эрхээр хангасан байх ёстой.

4. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд нийцээгүй байна гэж үзлээ.

Үүнд: нэхэмжлэгч Б.С нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлж улсын байцаагчийн актын хавсралт холбогдох баримтын бүрдлийг дутуу бүрдүүлсэн, тайлан мэдээнд тусгагдсан тоог үнэн зөв гаргаагүй болох нь “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шалгах ажлын хэсгийн шалгалтын тайлан”, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/18 дугаар тушаал, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга Л.О-н 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 03/170 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар,

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд ажил тасалсан, энэ хугацаанд Налайх дүүргийн болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ аваагүй, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажил тасалсан хугацаанд хамаарах эмнэлгийн магадлагааг нөхөж гаргуулахаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Б.С-т хандаж байсан болох нь Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн цагийн бүртгэл, Эрүүд мэндийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн А-1/628 дугаар албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02-03/3167, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, гэрч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Б.С-н мэдүүлэг болон нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байх боловч 

хариуцагчаас нэхэмжлэгч Б.Сд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заагдсан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа төрийн албан хаагчийн эрхийг хангахтай холбоотой, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэх заалтыг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, сахилгын хариуцлага хүлээлгэсэн үндэслэл тус бүртэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байна.

Тодруулбал, маргаан бүхий акт гарах үндэслэл болсон Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэсээс явуулсан шалгалтаар илэрсэн “сайн дурын даатгалыг илүү төлсөн хураамжийг буцаан олгохтой холбогдох тооцоо нийлсэн актыг хавсаргадаггүй” гэх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан албаны чиг үүрэгт хамааралгүй,  харин тус хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн эрхлэгчийн хариуцах ажлын чиг үүрэгт хамаарах асуудал болох нь хэргийн оролцогчдийн тайлбар болон гэрч Санхүү бүртгэлийн тасгийн эрхлэгч Б.А-н мэдүүлгээр, “2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд ажил тасалсан” гэх зөрчилд холбогдох нотлох баримтууд болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02-03/3167, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтыг маргаан бүхий акт гарснаас хойш бүрдүүлсэн байна.

5. Гэвч хариуцагчийн “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний байгууллагын дотоод хэм хэмжээ болох Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолтод заагдсан албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй байх тул шүүх хариуцагч захиргааны байгууллагаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дүгээр зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА