Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1301

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Вишн фанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00768 дугаар шийдвэртэй, “Вишн фанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ах мянган” ХХК-д холбогдох,

Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 6 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд,

Хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Вишн фанд ББСБ” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг “Ах мянган” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15-18 хороодын иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулахын тулд 26 ширхэг хүлэмж бэлтгэн нийлүүлэх үүргийг “Ах мянган” ХХК хүлээсэн. “Вишн фанд ББСБ” нь 26 хүлэмжийн үнэ 34 320 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 21 гэхэд бүгдийг шилжүүлсэн. “Ах мянган” ХХК нь барааны төлбөрийг хүлээн авснаас хойш 7-10 хоногийн дотор барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл 26 ширхэг хүлэмжнээс 5 хүлэмжийг хүлээлгэн өгөөгүй. “Вишн фанд ББСБ” ХХК нь гүйцэтгэгчийг цаг тухайд нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй байх ба одоо хүлэмж ашиглах шаардлага байхгүй болсон.

“Ах мянган” ХХК-ийг төлөөлж М.Мөнхзаяа гэрээ байгуулсан. Компанийг шүүхэд хариуцагчаар татсаны дараа М.Мөнхзаяа компани дампуурч байгаа тухай тайлбар өгсөн байна. Компанийн нэрийг ашиглан хувьдаа мөнгийг авсан байх боломжтой тул бидэнд төлөх ёстой төлбөрийг компанитайгаа хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд дутуу нийлүүлсэн 5 ширхэг хүлэмжийн үнэ болох 6 600 000 төгрөгийг “Ах мянган” ХХК, М.Мөнхзаяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь “Вишн фанд ББСБ” ХХК, Дэлхийн зөн ОУБ-д 26 ширхэг хүлэмж нийлүүлэхээр тохиролцож, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Гэрээг бүтээгдэхүүн нийлүүлж дууссан хойно байгуулсан. Гэрээний дагуу бид 1 загвар хүлэмж барьж өгөх байсан. Гэхдээ харилцан тохиролцож 24 ширхэг хүлэмжийг нийлүүлсэн бөгөөд бүх айлд нь барьж өгөхөөр тохиролцсоны дагуу бид ажлаа гүйцэтгэсэн. Бүтээгдэхүүний үнэд байцааны үрслэгээ, тээврийн зардал, усалгааны системийн үнэ орсон бөгөөд хүлэмжийн цэвэр үнэ 900 000 төгрөг болно. Гэрээнд Солонгос болон түүнтэй адилхан хүлэмж нийлүүлнэ гэж заасан. Дан ганц Солонгос хүлэмж гэж тохироогүй. Хүлэмж хүлээж авах 5 айлаас 3 нь аваагүй, шилжиж ирсэн айл байдаг.

Миний хувьд тэр хүмүүстэй гэрээ хийгээгүй, бид “Вишн фанд ББСБ” ХХК-тай гэрээ хийсэн. Манай хүлэмж бусад хүлэмжээс илүү давуу талтай 2,70 метр өндөр, төмрөөр хийсэн байдаг. Мөн хүлэмжээ өөрдсөө барьж өгсөн. Манай зүгээс авахгүй бол буцааж өг гэдгийг албан бичгээр мэдэгдэж байсан. Хүлэмжийг бид тохирсон хугацаанд айлуудад буулгаж өгсөн. Зарим нь авахгүй гэсэн, яагаад авахгүй гэснийг сайн мэдэхгүй. Зөвхөн Солонгос хүлэмж авна гэж хэлсэн. Би энэ талаар баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтад тодорхой байгаа. Уг асуудлаас болж манай байгууллага болон миний нэр хүндэд муугаар нөлөөлж байна.

Миний хувьд “Вишн фанд ББСБ” ХХК-тай гэрээ байгуулсан. Би бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Дэлхийн зөн ОУБ, “Вишн фанд ББСБ” гэсэн энэ хоёр байгууллагын асуудлаас болж гуравдагч компанийг хохироож байна гэж үзэж байна. Манай компани иргэдтэй гэрээ хийгээгүй, иргэдийн өмнө хариуцлага хүлээхгүй. Мөн “Ах мянган” ХХК нь гэрээний үүргийн дагуу зөвхөн 1 хүлэмжийг загвар болгож барьж өгөх ёстой байсан боловч 22 айлд нь хүлэмж барьж өгсөн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарт байдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Ах мянган” ХХК болон М.Мөнхзаяа нарт холбогдох Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 6 600 000 төгрөг гаргуулах тухай “Вишн фанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ хоёр талын үүрэг хуульчлагдсан байхад зөвхөн нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг эрж хайн, холбоо тогтоохыг оролдон асуудлыг шийдвэрлэхийг хичээсэн боловч сураггүй болсон учир эрэн сурвалжлуулсан. Хариуцагч 5 хүлэмжийг доголдолгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь хүлэмжтэй холбоотой бизнес эрхлэдэггүй тул илүү шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх нь зүй ёсны юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хариуцагч нэг хүлэмжний доголдлыг арилгахаар хичээж байсан, нэг хүлэмжийг огт бариагүй хашаанд нь буулгаад орхичихсон, үлдсэн гурван хүлэмжийг гэрээнд тохироогүй зардлын нөхөн суутгалд авна гэж тайлбарласан нь гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдоно. Энэ нь захиалагч хүлэмжээ хүлээн аваагүй, хариуцагч хүлэмжийг хүлээлгэн өгөх хүсэл зориг байгаагүйг харуулж байна.

Худалдан авах гэрээгээр нийт 26 хүлэмж нийлүүлэхээс 21 иргэнд хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч шууд хүлээн аваагүй тул хүлээн авах эцсийн хэрэглэгч нь иргэд гэдэгт талууд маргалдаагүй, харилцан ойлголттой байсан. Хэрэв хүлээн авагчийн маргаан байсан бол эхнээсээ 21 иргэнд хүлээлгэн өгөхгүй, доголдолтой гэж үзсэн иргэдийн гомдлоор хариуцагч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх байсан. Шүүх хуралдааны явцад талууд иргэдэд шууд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба Дэлхийн зөн ОУБ, Вишн фанд ББСБ, иргэд, “Ах мянган” ХХК-ийг оруулсан 4 талт уулзалтаар хүлээлгэн өгөх талаар болон доголдлыг яаж арилгах талаар ярилцаж байсныг хариуцагч зөвшөөрсөн ч  доголдлыг арилгах талаар арга хэмжээ аваагүй.

Хүлэмж биет байдлын доголдолтой нь нотлогдоогүй гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээс ердийн ашиглалтад доголдолтой, гэрээнд дурдсанаас чанар хангалтгүй байсан гэдэг нь нотлогддог. Нэхэмжлэгч доголдолтой холбогдуулан гэрээ цуцлах шаардлага гаргаагүй бөгөөд цаг хугацаандаа гүйцэд нийлүүлээгүй буюу 3 жил өнгөрсөнтэй холбогдуулан шаардлага гаргасан. Иймд илүү шилжүүлсэн мөнгөө буцаан авна гэж гомдол гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлон шүүх шийдвэр гаргасан.

Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь доголдолтой холбогдуулан гэрээ цуцлах байсан бол бид шинжээчээр доголдлыг тогтоолгох байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Нэхэмжлэгч 26 хүлэмжийн үнэ төлсөн боловч 21 хүлэмж хэрэглэгчдэд очсон бөгөөд шүүхийн шийдвэрээр 5 хүлэмжийн мөнгөн хөрөнгөөр хохироод байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Вишн фанд ББСБ” ХХК нь хариуцагч “Ах мянган” ХХК, М.Мөнхзаяа нарт холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт дутуу нийлүүлсэн 5 хүлэмжийн үнэ 6 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу захиалагч “Вишн фанд ББСБ” ХХК нь Налайх, Сүхбаатар дүүргийн зарим хорооны иргэдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр айл өрхийн хүлэмжийн аж ахуйн хэрэгцээг хангахад зуучлах, бэлтгэн нийлүүлэгч “Ах мянган” ХХК-ийн хувьд Солонгос хүлэмж болон түүнтэй адилтгах 26 хүлэмж нэг бүрийн үнийг 1 320 000 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний үнэ 34 320 000 төгрөгийг захиалагч тал шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх 10-11/

Гэрээний зүйл болох 5 хүлэмжийг худалдан авагч талд дутуу нийлүүлсэн учир үнийн 6 600 000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол, хариуцагч нь 5 хүлэмжээс 2 хүлэмжийг айл тус бүрт нь хүлээлгэн өгсөн, үлдсэн 3 хүлэмжийг ажлын хөлсөнд суутган авсан гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч тал хүлэмж бүрэн гүйцэд нийлүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор Б.Орхонбаяр, Д.Цэрэндэжид, Т.Сугар, Д.Бат-Очир, Ж.Наранцэцэг нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд гэрч Д.Бат-Очир гадаадад байгаа учраас шүүхэд хүрэлцэн ирээгүй, түүний мэдүүлэг зайлшгүй талаар нэхэмжлэгч тусгайлан санал гаргаагүй, ирсэн гэрчүүдийн хүрээнд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэснээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ. /хх 66/

Зохигчдын тайлбараас гадна хэрэгт авагдсан хүлэмж хүлээн авахаас татгалзсан иргэдийн нэрс, тэдгээрийн нэхэмжлэгчид гаргасан хүсэлт зэргээр хариуцагч нь Т.Сугар, Д.Бат-Очир нарт хүлэмжийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн эдгээр хүлэмж доголдолтой байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, үүнтэй холбогдуулж талуудын хооронд гэрээ цуцлах талаар яригдаагүй байна. /хх77-83/

Харин үлдсэн гурван хүлэмжийг ажлын хөлсөнд авахаар тохиролцсон гэх тайлбар болон уг шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Талуудын байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээ, төлбөрийн даалгаврууд, хүлэмж төсөлд хамрагдсан иргэдийн нэрс, хүлэмж авахаас татгалзсан иргэдийн нэрс болон тэдгээрийн гаргасан өргөдөл, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн хүлэмж нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна. /хх 10-11,12-19, 76, 77-83/

Харин нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгө нийлүүлсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс болон эд хөрөнгө авахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардсан нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцааг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд гэрээгээр тохирсон эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гурван хүлэмжний үнийг гаргуулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Бэлтгэн нийлүүлэх гэрээг нэхэмжлэгч “Вишн Фанд ББСБ” ХХК  хариуцагч “Ах мянган” ХХК-ийн хооронд байгуулсан байх тул уг гэрээний үүрэгтэй холбогдуулан хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг тухайн компанийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа хамтран хариуцах үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч “Ах мянган” ХХК-иас 3 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 640 000 төгрөгт болон хариуцагч  М.Мөнхзаяа нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ах мянган” ХХК-иас 3 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 640 000 төгрөгт холбогдох хэсгийг болон М.Мөнхзаяад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Ах мянган” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                                                                                                          

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА