| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00244/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 330
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00244/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 25-07 тоотод оршин суух, Дамиран овогт Сундуйн Жаргалсайханы (СЕ-62062502) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг маань хурааж авсан. Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн архив шатсан тул хөдөлмөрийн дэвтэргүй болсон гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Дамиран овогт Сундуйн Жаргалсайханы 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчин, саальчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн захиргаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь хөдөлмөрийн дэвтэргүй, ажлаас халагдсан тушаал байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СЕ-62062502 регистрийн дугаартай, Дамиран овогт Сундуйн Жаргалсайхан нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн захиргаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Дамиран овогт Сундуйн Жаргалсайхан, 1962 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, СЕ-62062502 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
2. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч С.Жаргалсайханы 1984 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл, 1985 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл, 1986 оны 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад, 1987 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1988 оны 1, 2, 3, 6, 7, 8, 10, 12 дугаар саруудад авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)
3. Хэнтий аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай захирамжийн хуулбарт:...С.Жаргалсайханыг аж ахуйн тасгийн үйлчлэгчээр 08 дугаар сарын 06-ны өдрөөс тус тус томилсугай гэжээ. (хх-ийн 6 тал)
4. Хэнтий аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай захирамжийн хуулбарт:...С.Жаргалсайханыг аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны үйлчлэгчээс 03 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсүгэй гэжээ. (хх-ийн 7 тал)
5. Гэрч Б.Эрдэнэчимэгийн: ...Бид 1982 оноос 1989 он хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Баянхүрээ бригадын 1 дүгээр тасагт саальчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 тал)
6. Гэрч Л.Мэндсайханы: ...Бид 1983 оноос 1989 он хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Баянхүрээ бригадад саальчнаар ажиллаж байсан. Бид 6 жил хамт ажилласан гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 тал)
7. Гэрч С.Гантөмөрийн: ...Би 1980 оноос 1988 он хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Баянхүрээ бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тухайн үед С.Жаргалсайхан нь 1980 оноос 1988 он хүртэл нөхрийн хамт малчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Харин хүсэлт гаргагч нь 1982, 1983, 1989 онуудад ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-62062502 регистрийн дугаартай, Дамиран овогт Сундуйн Жаргалсайханы 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн захиргаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ