Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 331

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2017/00331

Хэнтий аймаг

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00288/И

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн      17-07 тоотод оршин суух, Батбаярын Ганпүрэвт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 862 325 төгрөг гаргуулах тухай,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Б.Ганпүрэв болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Нэргүй нар нь 2014 оны 12 дугаар сарын 05 өдөр тус сангаас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. 2017 оны 12 дугаар сарын 05 өдөр үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 900 000 төгрөгийг төлж дуусгах байсан боловч үндсэн зээл 8 897 000 төгрөг, хүү 689 518 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд Б.Ганпүрэвээс үндсэн зээл 8 897 000 төгрөг, хүү 689 518 төгрөг, алданги 275 807 төгрөг, нийт 9 862 325 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Ганпүрэв нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус сангаас 2014 оны 12 дугаар сарын 05 өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 0.25 хувийн хүүтэй гэрээ байгуулан авсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8 897 000 төгрөг, хүү 689 518 төгрөг, алданги 275 807 төгрөг, нийт 9 862 325 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо, энэ хэрэгт гомдол гаргахгүй болно” гэжээ.

                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Ганпүрэвт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 862 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Ганпүрэв болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Нэргүй нар нь 2014 оны 12 дугаар сарын 05 өдөр тус сангаас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан байна.

 

Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд хариуцагч Б.Ганпүрэв нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн  биелэлт 9 862 325 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Б.Ганпүрэвээс 9 862 325 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 172 747 төгрөгийн 50 хувь болох 86 373,5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Ганпүрэвт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 862 325 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Ганпүрэвээс улсын тэмдэгтийн хураамж 172 747 төгрөгийн 50 хувь болох 86 373,5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Ганпүрэв нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                      

ШҮҮГЧ                                     Э.АРИУНАА