Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2017/00336

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00173/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-52 дугаар байрны 23 тоотод оршин суух, Нарангэрэлийн Ундрах /РД: СУ89062179/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Цантын хоолой” гэх газар нутагладаг, Жамаадоржийн Батсүх /РД: СЕ71111811/-д холбогдох,

 

"зээлийн гэрээний үүрэг 22 800 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагч Ж.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов. 

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Н.Ундрах, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж.Батсүхтэй байгуулсан гэрээний дагуу түүнээс 22 800 000 төгрөгийг нэхэмжилж байна. Н.Ундрах нь 2016 оны 9 дүгээр сарын 03 өдөр 15 сая төгрөгийг зээлдүүлсэн. Үндсэн мөнгө 15.000.000 төгрөг, сарын 8 хувийн хүү, хоног тутам 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу үндсэн мөнгө, хүү, алданги нийт 22 800 000 төгрөг болж байна” гэв.

Хариуцагч Ж.Батсүх, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие дэлгүүр худалдана гэсэн аман гэрээгээр урьдчилан авсан 15 сая төгрөгийг төлнө. Нотариатаар батлуулсан гэрээг Н.Ундрах мөнгө зээлдүүлсэн учраас хоосон байж болохгүй юм байна, ямар нэг барьцаатай аман гэрээ байгуулья гээд байгуулсан. Тэрнээс биш би хүү тооцно гэж мэдээгүй. Нэг өдөр Н.Ундрах гэрт ирээд та малынхаа А дансыг авчих, хоёулаа нотариатаар орьё. Ямар ч байсан бичиг баримттай больё, би хүү нэхэхгүй гэж хэлсэн. Би тэр гэрээг уншаагүй” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 2,13,14-15,17/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ундрах, хариуцагч Ж.Батсүхээс зээлийн гэрээний үүргийн биелэлт, зээл 15 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 5 400 000 төгрөг, бүгд 22 800 000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Ж.Батсүх дэлгүүр худалдана гэсэн аман гэрээгээр Н.Ундрахаас урьдчилан авсан 15 сая төгрөгийг төлнө, харин мөнгө зээлээгүй тул хүү, алданги төлөхгүй гэж маргаж байна.   

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Н.Ундрах, хариуцагч Ж.Батсүхээс дэлгүүрийг нь худалдах авах зорилгоор 2016 оны 09 сарын 03 өдөр  урьдчилгаа болгож 15 000 000 төгрөг түүнд дансаар шилжүүлсэн, үүнээс хойш үнийн дүн дээр тохиролцоогүйгээс дэлгүүр худалдаж авахаа болих тухай мэдэгдэж хариуцагчаас мөнгөө буцаан шаардаж байсан нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар нотлогдож байх ба тэд энэ үйл баримтын талаар  маргаагүй болно.

2016 оны 12 сарын 28 өдөр Н.Ундрах, Ж.Батсүх нар 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба хугацааг 2 сараар тогтоож, сард 8 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн нөхцөлд алданги төлөхөөр гэрээнд заажээ.

Дээрх гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг Н.Ундрах нь Ж.Батсүхэд шилжүүлээгүй, боловч түүнээс буцааж авах ёстой байсан 15 000 000 төгрөгөө гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнд зээлүүлсэн гэж үзэж, энэ мөнгийг цагаан сарын өмнө буюу 02 сарын 20 өдрөөс өмнө буцааж төлөх, төлөөгүй тохиолдолд хүү, алданги авахаар ярилцаж уг зээлийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба,

харин энэхүү гэрээгээр 15 000 000 төгрөгийг Н.Ундрах нь Э.Батсүхийн өмчлөлд шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулаагүй, уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч тал мэтгэлцэж байна.

 

Ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, хууль зүйн аливаа үр дагавар гаргах зорилгогүй атлаа хийсэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх ба худалдах, худалдан авах гэрээний дагуу буцаан авах ёстой мөнгөө гэрээ байгуулж, хүү алданги буюу хариуцлага тооцохоор тохиролцож хийсэн “зээлийн гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй юм. Иймээс зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр хүү, алданги /2 400 000+5 400 000/ 7 800 000  төгрөгийг хариуцахгүй гэж маргаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 236.1.3-т заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэх тохиолдол нь үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарах тул зохигчид  тохиролцож зээлийн гэрээ байгуулснаар өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, энэхүү гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 281.1, 232.6, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 15 000 000 төгрөг, 2 сарын хүү /15 000 000₮*8%/ 2 400 000 төгрөг, алданги 5 400 000 /15 000 000₮*0,5%*72 хоног/ төгрөг, бүгд 22 800 000 төгрөгийг  нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нь зээл, хүү, алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан хариуцагч Ж.Батсүхээс 22 800 000 /хорин хоёр сая найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ундрахад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 271 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батсүхээс 271 950 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Н.Ундрахад олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Э.АРИУНАА