Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1008

 

 

 

 

 

 

    2021        09          17                                  2021/ШЦТ/1008

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Уянга /томилолтоор/,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Од холбогдох эрүүгийн 2106 00000 1581 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч:

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.О нь согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Баганат Өргөө 414-22 тоотод хохирогч О. Даваа-Очиртой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, нуруу хэсэг нь 10 см урттай, 8 см-г нь улаан өнгийн лентээр ороосон цаасны хутгаар зүсэж, дагзны хуйх, зүүн дал, нуруунд шарх, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-8/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-47/, хохирогч О.Даваа-Очирын мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ж.Нямтулгын мэдүүлэг /хх-16/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №6483 дугаартай дүгнэлт /хх-32-33/, яллагдагч Л.Оын мэдүүлэг /хх-41/, яллагдагч Л.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, Л.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-44-45/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Л.О нь согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Баганат Өргөө 414-22 тоотод хохирогч О. Даваа-Очиртой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, нуруу хэсэг нь 10 см урттай, 8 см-г нь улаан өнгийн лентээр ороосон цаасны хутгаар зүсэж, дагзны хуйх, зүүн дал, нуруунд шарх, зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/

            Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/

            Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-8/

            Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-47/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Даваа-Очирын өгсөн:“ Би 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед манай найз Нямтулга, Батбаатар, О нар ирээд бид нар дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа, 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад ууж эхлээд байж байтал Батбаатар бид 2 хальт ам мурийгаад байж байгаад зүгээр болчихсон. Тэгтэл найз О дундуур орж ирээд бид 2-ыг салгаад намайг дагуулаад жижиг өрөөнд орсон. Жижиг өрөөнд оронгуутаа О “ Чи яагаад Батбаатартай муудалцаад байгаа юм бэ, чи ингэдэг болчихсон юм уу” гэж хэлээд бид 2 барилдаж авсан. Тэгээд муудалцаж байгаад жижиг өрөөнөөс гартал О гал тогооны шүүгээнээс лентээр ороосон жижиг цаасны хутгыг барьж аваад далайхаар нь би бултах гээд хойшоо хартал миний нурууг зүсчихсэн. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудчихсан. Би Оыг огт зодоогүй. Надад гаргах гомдол санал байхгүй...” /хх-11-12/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Нямтулгын: “Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед найз болох О, Батбаатар, Чойжилсүрэн гуравтай БЗД-н 8 хороо 414-р байрны гаднах саравчин дотор 2.5 литртэй Сэнгүр пиво 4 ширхгийг ууж байгаад Батбаатар луу Даваа-Очир залгаж юу хийж байна гэхээр бид 3 танай гэрийн гадаа пиво ууж байна гээд хэлтэл Даваа-Очир би гараад очъё гээд гараад ирсэн. Даваа-Очир гарж ирээд пиво уугаагүй байж Даваа-Очирын гэр лүү орохын өмнө 1 аяга пиво уугаад 22 цагийн үед гэр лүү нь орсон. Бид 4 пиво ууж байтал Даваа-Очир, О 2 хэрэлдээд муудалцаад байсан. Тэгэхээр нь Батбаатар бид 2 салгаад зүгээр бай гэж хэлээд 02 цагийн үед харилаа Батбаатар бид 2 гэрээс нь гараад саравчинд сууж байтал  цагдаа нар ирээд Даваа-Очир, О 2 гадаа гараад ирчихсэн,  Даваа-Очирын хамар, нуруунаас цус гарсан байдалтай байсан...” /хх-16/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн6483 дугаартай: “...1.О.Даваа-Очирын биед дагзны хуйх, зүүн дал, нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо үйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-32-33/ гэх дүгнэлт,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Оын өгсөн:“Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил хийж байгаад 2021 оны 07 дугаар сарын 23 цагийн орчимд Улаанбаатар хотод ирж, найз Даваа-Очирын гэрт буюу Баянзүрх дүүргийн 8 хороо 414-р байр 22 тоотод очсон. Намайг очиход Даваа-Очирын, Чойжилсүрэн, Нямтулга, Батбаатар нар хоол хийгээд пиво уугаад сууж байсан ба би ороод бөөндөө яриад сууж байтал Даваа-Очир, Чойжилсүрэн нар дэлгүүр гараад 1 шил 0.75 литрийн Хараа архитай орж ирсэн. Тэгээд бид нар юм яриад архийг задлаад сууж байтал Чойжилсүрэн гэр рүүгээ харилаа гэж яваад, Даваа-Очирын, Нямтулга, Батбаатар бид 3 үлдээд, Даваа-Очирын, Чойжилсүрэн, Батбаатар бид 3 архи ууж эхэлсэн. Уг архинаас уугаад байж байтал Батбаатар, Даваа-Очир нар хоорондоо ам мурийгаад, хэрэлдээд байхаар нь би болиулах гээд Даваа-Очирыг дагуулаад нөгөө өрөөнд ороод юм ярьж байгаад хоорондоо муудалцаад барилдаж авч байгаад салаад би явсан. Тэгээд гэрээс гараад явах гэж байтал Даваа-Очир миний араас гэрийг чинь мэднэ шүү, ээж чинь зовно шүү гэсэн утгатай юм ярихаар нь би айлгах гээд гал тогооны шүүгээг нь онгойлготол лентээр ороочихсон цаасны хутга байхаар нь барьж аваад далайтал Даваа-Очир бултах гээд арагшаа хартал нурууг нь санамсаргүй зүсчихсэн. Тэгтэл Нямтулга, Батбаатар 2 салгатал Даваа-Очир цагдаад дуудлага өгсөн. Би хохирлын мөнгийг барагдуулсан байгаа...” /хх-41/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Л.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цаасан хутганы ирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Л.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг цаасны хутганы ирийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            7. Шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй  болохыг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА