| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00268/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 340
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00268/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Жавзмаагийн Баяртогоогийн (СЖ-62043003) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Баяртогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс дэлгүүрийн цэвэрлэгчээр ажиллаж байгаад, 1988 оны 04 дүгээр сарны 01-ний өдрийн 09 тоот тушаалаар аж үйлдвэрийн барааны дэлгүүрийн худалдагчаар түр хугацаагаар томилогдон ажилласан юм. 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 тоот тушаалаар Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн анги” нь татан буугдсан тул миний бие үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалаар “Дэвшил” хоршооны худалдагчаар ажиллаж, 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Хүсэлт гаргач Ж.Баяртогоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө мал маллаж амьдардаг. Шүүхэд дахин ирэх боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 38 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Жавзмаагийн Баяртогоо нь 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д цэвэрлэгч, худалдагчаар, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Дэвшил” хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ж.Баяртогоогийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Баяртогоо нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СЖ-620430003 регистрийн дугаартай, Боржигон овогт Жавзмаагийн Баяртогоо нь 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д цэвэрлэгч, худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч У.Баяртогоогийн 1983 оны 8, 10, 12 дугаар саруудад, 1984 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12 дугаар саруудад, 1985 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1987 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1989 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1992 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл, 1993 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)
2. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Худалдаа бэлтгэлийн ангийн” даргын 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 40 тоот тушаалаар 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс дэлгүүрийн цэвэрлэгчээр ажлуулав. “Худалдаа бэлтгэлийн ангийн” даргын 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тушаалаар 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн барааны дэлгүүрийн худалдагчаар ажлуулав гэжээ. (хх-ийн 6-10 тал)
3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Жавзмаагийн Баяртогоо, 1962 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, СЖ-62043003 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)
4. Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн ангийн” даргын 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай тушаалын хуулбарт:...1983 оны төлөвлөгөө үзүүлэлтийг тоо чанараар нь биелүүлэхэд идэвхтэй оролцсоныг тэмдэглэж 54 нэр бүхий хүмүүсийг 30-иас 120 төгрөг хүртэл үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 32-т...Ж.Баяртогоо 32 төгрөг, 50 мөнгө...гэжээ. (хх-ийн 13-14 тал)
5. Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн ангийн даргын” 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбарт: “Дэвшил” холбооны ажилчин албан хаагчдыг 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажилд авсугай. Хавсралтанд Ж.Баяртогоо худалдагч гэжээ. (хх-ийн 18-19 тал)
6. Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн ангийн даргын” 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбарт:...Жавзмаагийн Баяртогоо дэлгүүрийн цэвэрлэгчийн ажлаас чөлөөлж, аж үйлдвэрийн барааны дэлгүүрийн худалдагчаар түр ажлуулсугай...гэжээ. (хх-ийн 20 тал)
7. Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн ангийн даргын” 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаартай тушаалын хуулбарт: Социалист худалдаа байгуулагдсаны 67 жилийн ой угтсан социалист уралдаанд амжилт гаргасан нэр бүхий ажилтны шагналыг хавсралтаар баталсугай...Хавсралтын 6-т:...Ж.Баяртогоо 50 төгрөг гэжээ. (хх-ийн 21-22 тал)
8. Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн ангийн даргын” 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбарт: Эхний хагас жилийн төлөвлөгөө үүргээ биелүүлэх Ардын хувьсгалын 67 жилийн ой угтсан социалист уралдаанд амжилт гаргасан хүмүүсийн шагналыг хавсралтаар баталсугай. Хавсралтын 7-д...Ж.Баяртогоо 120 төгрөг гэжээ. (хх-ийн 22-23 тал)
9. нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа шагнагдсан баярын бичгийн хуулбар (хх-ийн 29-31 тал)
6. Гэрч Б.Маналсүрэнгийн: ...Би 1982 оноос 1987 онуудад Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагчаар, 1987 оноос 1989 онуудад Хэнтий аймгийн Биндэр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар, 1989 оноос 1994 оныг дуустал Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагчаар тус тус ажилласан юм. ...Ж.Баяртогоо нь Хэнтий аймгийн Биндэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1988 он хүртэл үйлчлэгчээр, 1988 оноос 1990 он хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
“Дэвшил” хоршоо нь 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх нь тодорхойгүй, зохигч нь энэ талаар бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд зохигчийн дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдэв. (хх-ийн 38 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЖ-62043003 регистрийн дугаартай, Боржигон овогт Жавзмаагийн Баяртогоог 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д цэвэрлэгч, худалдагчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Баяртогоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ