Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1006

 

 

 

 

 

 

 

    2021        09          16                                  2021/ШЦТ/1006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батхаан овогт Нямдоржийн Бд холбогдох эрүүгийн 2106 00000 1794 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч:

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын мангасын амны хэрэгт Ю.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар баруун хөл рүү нь нэг удаа өшиглөж,  биед нь баруун шаант  тахилзуур ясны далд хугарал, шилбэний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ю.Мөнхбаярын мэдүүлэг /хх-8-11/, гэрч Н.Батнасангийн мэдүүлэг /хх-18-19/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №8009 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35/, яллагдагч Н.Б мэдүүлэг /хх-43-44/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын мангасын амны хэрэгт Ю.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар баруун хөл рүү нь нэг удаа өшиглөж,  биед нь баруун шаант  тахилзуур ясны далд хугарал, шилбэний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Мөнхбаярын өгсөн: “ ...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд хамт ажилдаг ХХХрХуягаа гэх залуутай архи ууж байхад Нарантуул олон улсын худалдааны төвд буйдан зардаг Тулга гэх залуу хүнтэй муудалцсан байхаар нь би салгасан. Би тэр хоёрыг салгаад эргээд явж байхад Тулга миний хойноос ирж нүд рүү нэг удаа цохиод миний баруун хөл рүү нэг удаа өшиглөж газар унагаасан. Би өшиглүүлээд босох гэтэл хөл хугарсан байсан тул цагдаа нар ирээд түргэн тусламж дуудаж өгсөн. Тулга согтуу хүнтэй маргалдаад байхаар нь салгасан чинь надад уурлаад байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батнасангийн өгсөн: “ ... Би Нарантуул зах дээр буйдангийн борлуулагч ажил хийдэг. 4-5 жил уг газарт ажиллаж байна. 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 17-18 цагийн үед би буйдангаа хурааж дуусаад зах дотроос гараад ирж байх үед зах дээр тэрэг түрдэг Мөнхбаяр ах болон миний төрсөн ах Б 2 захын хойд талын мангасын амны дотор талд юм яриад зогсож байсан. Тухайн үед тэр 2 ямар шалтгааны улмаас маргалдах болсныг нь сайн мэдэхгүй байна. Уг нь бол Мөнхбаяр ах манай барааг зөөдөг тэгээд ч тэр 2 өмнө маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед тэр 2-уулаа л ерөнхийдөө согтуу архи уучихсан байгаа харагдсан. Гэхдээ нээх их согтуу харагдаагүй. Тэгээд би мангасын амны хажууд тамхи зардаг эгчээс тамхи авчхаад эргээд харсан чинь тэр 2 барилдаад авчихсан унагаачихсан. Б ах Мөнхбаяр ахыг цохисон эсэхийг хараагүй.  Мөнхбаяр ах Б ахыг цохиогүй. Тэгэхээр нь би наанаас нь очоод та 2 одоо болиоч нүдний булайнууд чинь гэж хэлээд Б ахыг цааш нь түлхсэн. Тэгсэн чинь Мөнхбаяр ах газарт хөлөө жийгээд суучихсан байсан. Тухайн үед Б ахын биед ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. Харин Мөнхбаяр ах тухайн унасан газраасаа босохгүй суугаад байсан. Тэгэхээр нь би Б ахыг цааш нь явж үз гээд явуулсан. Түүнийг явуулчхаад Мөнхбаяр ах дээр ирээд алив бос явъя гэсэн чинь яая яая гээд байсан. Тэгсэн чинь хажууд нь зогсож байсан Нарантуул зах дээр тэрэг түрдэг “үхэр” гэх хочтой Хуягаа ах наадахын чинь хөл нь хугарчихсан байна гэж хэлээд юмаар боочихсон байсан. Тэгэхээр нь би Мөнхбаяр ахын баруун хөлийг нь харсан чинь шилбэ хэсгээрээ хойшоо тахийчихсан юм шиг харагдсан. Тухайн үед Мөнхбаяр ах шорт өмссөн явж байсан болохоор хөлийн шилбэ хэсэг нь ил харагдаж байсан. Б ах Мөнхбаяр ахыг түлхэж унагаах үед тэрэг түрдэг Хуягаа ах байсан байхаа. Би сайн санахгүй байна. Тэгэхээр нь би Мөнхбаяр ахад ус авчирч өгөх гээд цаашаа явчхаад буцаад тэрэн дээр ирэх үед Нарантуул захын 2 цагдаа ирчихсэн байсан. Тэгээд тэр 2 цагдаа 103-т дуудлага өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд эмч ирж үзээд түүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгэхээр нь би араас нь өөрийнхөө машинтай гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгээд Мөнхбаяр ах эмнэлэгт хэвтэхээр болохоор нь би ойр зуурын юмнуудыг нь авч өгчхөөд гэртээ харьсан. Бас тэрэнтэй уулзаад утсаар хэрэгтэй юм байвал хэлээрэй гэж хэлчхээд явсан. Тэгээд маргааш нь Б ах бид 2 эмнэлэгт хоол унд хүргэж өгсөн. Тэгээд тэрнээс хойш Мөнхбаяр ахыг эмнэлэгт байх хугацаанд нь болон эмнэлгээс гарахад нь мөн одоо хүртэл Б ах эргэж тойрч байгаа. Бас эм тарианы мөнгө гээд 900 гаран мянган төгрөг өгсөн байхаа. Би эмчилгээний зардал гээд хэдэн төгрөг өгснийг нь сайн мэдэхгүй байна. Тэр 2 уг нь бол бие биедээ их л сайн ханддаг бараг л ах дүү шиг болсон улсууд даа. Тэр өдөр яагаад юунаас болж муудалцах болсныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед Мөнхбаяр ах Б ахаас өөр хүнтэй маргаж муудалцаж барьцалдаж авахыг нь бол би тухайн үед огт хараагүй. Тухайн өдөр Б ах Нарантуул зах дээр өөр хүнтэй маргалдаж муудалцсан эсэхийг нь би хараагүй, мэдэхгүй байна.” /хх-18-19/ гэх мэдүүлэг

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №8009 дугаартай “...Ю.Мөнхбаярын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтийн зэргийг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-34-35/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Б “ ...Би Нарантуул зах дээр буйдан зардаг хэсэгт буйдангийн борлуулагч хийдэг. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой 17 цагийн үед би жоохон архи уучихсан халамцуу явж байгаад хуурай ах болох Мөнхбаяртай Нарантуул захын хойд талын хаалга болох мангасын амны тэр хавьд таарсан. Тэгсэн чинь тэр миний араар явж өнгөрөхдөө намайг хэл амаар доромжлоод байхаар нь араас нь очоод та яах гэж дандаа ингэж байдаг юм бэ гэсэн чинь тэр над руу гараараа далайхаар нь би түүнийг цээж дүү нь нэг удаа хойш нь түлхсэн. Тэгсэн чинь тэр хойшоо суугаад өгсөн. Тухайн үед Мөнхбаяр ах Нарантуул зах дээр тэрэг түрдэг Хуягаа гэх хүнтэй хамт явж байсан. Тэгтэл манай дүү Батнасан ирээд түүнийг өшиглөөгүй. Зөвхөн нэг удаа л түлхсэн. Тухайн үед Мөнхбаяр ах намайг зохиж зодоогүй. Тухайн үед би Мөнхбаяр ахын биед ямар гэмтэл, шарх учирсныг нь би хараагүй. Тэгээд маргааш өглөө нь би гэртээ байж байсан чинь миний төрсөн дүү Батнасан гэрт орж ирээд Мөнхбаяр ахын хөл нь хугарчихсан байна гэж хэлэхэд нь л хоол унд хүргэж өгөнгөө уулзахад тэрний баруун хөлийн шилбэ хэсгээр нь хугарчихсан, боолттой байсан. Мөнхбаяр ах гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх үед нь зардал гээд 1.216.900 мянган төгрөг өгсөн. Мөнхбаяр ах бид 2 өмнө маргалдаж муудалцаж байгаагүй. Бид 2 бие биеэ таньдаг болоод удаж байна. Бид 2-ийн дунд өв авлага, өс хонзонгийн сэдэлттэй зүйл байхгүй. Тэр өдөр Мөнхбаяр ах намайг согтуу явж байхад чи намайг барахгүй шүү, амжихгүй шүү гэх мэтээр хорон үгээр доромжлоод байхаар нь уур хүрээд нэг удаа түлхчихсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Би Ю.Мөнхбаяр ахаас уучлалт гуйж, биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулж өгсөн.” /хх-43-44/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Н.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогч Ю.Мөнхбаяр нь энэ гэмт хэрэгтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Н.Б холбогдсон харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хохирогч Ю.Мөнхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА