| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00296/И |
| Дугаар | 341 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 341
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2017/00341 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00296/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Капитал” банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар байрны 07 тоотод оршин суух, Мэнтэгсүрэнгийн Энхчимэг /РД: СТ62110485/-д холбогдох,
"зээлийн гэрээний үүрэг 77 116 659 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэнцэцэг, хариуцагч М.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч маань анх 48 600 000 төгрөгийн зээл авсан боловч уг хугацаанд нийт төлсөн зээлийн төлбөр нь 9 000 000 төгрөг дөнгөж гаран байгаа. Хариуцагч уг зээлийг аваад 3 жил гаруй хугацаа болж байгаа. Энэ хугацаанд зээлээ бараг төлөөд дуусгах боломжтой байсан. Манай байгууллагын зүгээс дөнгөж ашиглалтанд орсон байр хүлээлгэн өгсөн байсан. Энэ хугацаанд хариуцагч нь байрандаа амьдарч байсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар уг байр нь хариуцагчаас нэхэмжилж байгаа 77 116 659,09 төгрөгтөө хүрэхгүй юм. Тийм учраас хариуцагчийн зүгээс банкны зээлээ төлж барагдуулж чадахгүй барьцаа хөрөнгөө өгнө гэж байгаа бол шүүх барьцаа хөрөнгөө дуудлага худалдаагаар заруулж, нийт өгөх ёстой үнийн дүнгээс барьцаа хөрөнгийн үнийг хасаад цаана нь үлдэгдэл мөнгөнд нь хариуцагчийн бусад хөрөнгөөс нь үлдэгдэл мөнгийг гаргуулах ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэжлэлээ дэмжиж байна” гэв.
Хариуцагч М.Энхчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2013 онд Хүн ам хөгжлийн яамны сайдын А/26 дугаартай тушаалаар Багануур дахь банкны салбарт гэрээ байгуулж, анх 38,15 м2 2 өрөө байрыг 49 595 000
төгрөгөөр 1 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан. Манай байгууллагын зүгээс ажилчидаа орон сууцтай болгоё гээд банк, Хүн ам хөгжлийн яамтай хамтарсан гэрээ байгуулж урьдчилгаа төлбөргүйгээр 100 лизингээр жилд 8 хувиийн хүүтэй гэсэн нөхцөлтэйгөөр 2013 оны 11 сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Ингээд миний бие хугацаандаа уг мөнгийг төлж барагдуулж чадаагүй. Капитал банкнаас Ипотек рүү шилжих болсон иймд урьдчилгаагаа төлж барагдуул гэсэн. Би цалингийн зээлтэй мөнгө байхгүй байсан учраас урьдчилгаа төлбөрийг нь төлж өгч чадаагүй. Энэ нь миний буруу өөрийн орлогоо тооцож зээл хийгээгүй сэтгэлийн хөөрлөөр хандсан. Төрийн байгууллагад би 30 жил ажилласных нэг байртай болчихьё гэж бодсон юм. Гэсэн ч мөнгийг нь төлж барагдуулж чадахгүй байгаа учраас байраа өгөхөд надад гомдол байхгүй. Төлөхгүй гэсэн сэтгэлээр хандаагүй. Би энэ байрны мөнгийг төлж чадахгүй байгаа талаараа Капитал банканд 2 удаа хүсэлт өгч үнэхээр төлж чадахгүй байна. Байраа буцаая гэж хэлж байсан. Мөн шүүхэд 2015 оны 12 сард би шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан удаа байгаа. Надад төлөх боломж үнэхээр байхгүй байгаа учраас барьцаа хөрөнгөө өгөөд цаана нь үлдэгдэл үлдвэл би яаж ийж байгаад төлж барагдуулна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 3-6, 7-10, 11, 18, 24, 41-44/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч М.Энхчимэгээс зээлийн гэрээний үүрэг 77 116 659 төгрөг гаргуулах Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч М.Энхчимэгээс үндсэн зээл 48 020 079,39 төгрөг, үндсэн хүү 24 247 149,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 849 429,88 төгрөг, бүгд 77 116 659 төгрөгийг түүнтэй байгуулсан 2014 оны 09 сарын 20 өдрийн №2021000931 дугаартай зээлийн гэрээнд үндэслэн шаардаж байна.
Хариуцагч М.Энхчимэг “дахин зээлийн гэрээ хийх хүсэлгүй байсан, банкны зээлийг төлөх ёстой нь үнэн боловч байрнаас өөр хөрөнгөгүй, өр төлбөрийг байраараа хаах хүсэлтэй байна...” гэж тайлбарлаж байна.
Капитал банк, М.Энхчимэг нар 2013 оны 11 сарын 14 өдөр №2021000844 дугаартай зээлийн гэрээ байгуулж, банк нь М.Энхчимэгт орон сууц худалдан авах зориулалтаар 49 595 000 төгрөгийн зээлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувьтай байхаар тооцож, 10 сарын хугацаатай олгожээ.
Дээрх гэрээний хугацаа дуусахад зээлдэгч М.Энхчимэг банкны өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба гэрээгээр хүлээсэн түүний үүрэг дуусгавар болоогүй, үүргийн зөрчилтэй байсан үйл баримт зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хууль, зохигчдын хооронд байгуулсан №2021000844 дугаартай зээлийн гэрээнд /гэрээний 8.1, 8.2/ заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болоогүй байх ба гэрээний 8.3-т заасны дагуу банк гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах эрхтэй /хх 3, 5/ байжээ.
Дээрх гэрээний 3.16-д “гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ...” гэж зохицуулсан байхад гэрээнд заасан 10 сарын хугацаанд сарын 0,67 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй хариуцагч М.Энхчимэгийн эрх зүйн байдлыг Капитал банк илт дордуулж, сарын 1,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээг 2014 оны 09 сарын 20 өдөр М.Энхчимэгтэй дахин байгуулсан нь №2021000931 дугаартай /хх 7-10/ зээлийн гэрээгээр нотлогдож байх ба энэхүү гэрээг байгуулахад талуудын тэгш эрхийн болон гэрээний чөлөөт байдлын зарчим хангагдсан гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч М.Энхчимэг зээлийн төлбөрийн нөхцөл хүнд байгаа талаар 2015 онд нэхэмжлэгч банкинд 2 удаа бичгээр хүсэлт гаргаж байсан гэдэг ба энэ талаар мөн шүүхэд хандаж байсан /хх 41-42/ нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч М.Энхчимэгээс үндсэн зээл 48 020 079,39 төгрөг, үндсэн хүү 24 247 149,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 849 429,88 төгрөг, бүгд 77 116 659 төгрөгийг түүнтэй байгуулсан 2014 оны 09 сарын 20 өдрийн №2021000931 дугаартай зээлийн гэрээнд үндэслэн шаардаж байх боловч энэ гэрээний 3.9-д /хх 7/ заасны дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ хэрхэн яаж биелүүлсэн болохоо нэхэмжлэгч шүүхэд нотлож чадаагүй, энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хариуцагч нь 2 өрөө, 38 м.кв талбай бүхий орон сууц авах зориулалтаар, 2013 оны 11 сарын 14 өдрийн №2021000844 дугаартай зээлийн гэрээгээр авсан 49 595 000 төгрөгийн зээлийн төлбөрт банкинд 52 977 086,77 төгрөг, 2014 оны 09 сарын 20 өдрийн №2021000931 дугаартай зээлийн гэрээний дагуу авсан гэх зээлийн төлбөрт 6 075 943,23 төгрөг, нийтдээ 59 053 030 төгрөг төлсөн тухай хүү тооцооллын хүснэгтийг /хх 43-44 / банк шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримт нь зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Капитал банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар шүүхэд нотлоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч банк нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч М.Энхчимэгээс 2014 оны 09 сарын 20 өдрийн №2021000931 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт 77 116 659 төгрөг гаргуулах тухай Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ шийдвэр нь хариуцагчаас 2013 оны 11 сарын 14 өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Энхчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 77 116 659 төгрөг гаргуулах тухай Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 543 534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА