Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/993

 

 

 

 

 

 

 

   2021        09          13                                  2021/ШЦТ/993

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Чойдогийн Бт холбогдох эрүүгийн 2106 00000 1648 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

   Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Анужингаас “зөөврийн компьютероо 3 хоног хэрэглүүлээч, магистрын ажил хийчхээд эргүүлээд 80.000 төгрөгийн хамт өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн гаднаас Dell маркийн i5 үзүүлэлтэй зөөврийн компьютерыг нь залилан авч нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

                                                                                                                                                                              

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, “Баялаг Өрнөн Дэлгэрэх” ХХК-ий барьцаат зээлийн үйлчилгээний хуудас бүхий баримт /хх-13/, Dell брэндийн i5 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг 680.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-17/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Анужингийн мэдүүлэг /хх-4-5/, гэрч М.Наваанюндэнгийн мэдүүлэг /хх-12/, яллагдагч Ч.Бийн мэдүүлэг /хх-28/, Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, Ч.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Анужингаас “зөөврийн компьютероо 3 хоног хэрэглүүлээч, магистрын ажил хийчхээд эргүүлээд 80.000 төгрөгийн хамт өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн гаднаас Dell маркийн i5 үзүүлэлтэй зөөврийн компьютерыг нь залилан авч нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, Баялаг Өрнөн Дэлгэрэх ХХК-ий барьцаат зээлийн үйлчилгээний хуудас бүхий баримт /хх-13/,

 

Dell брэндийн i5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг 680.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-17/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Анужингийн “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зүс таних эрэгтэй буюу Б нь Чойдог Чой Б гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чат бичсэн. Чатаар нөтбүүкээ 3 хоног хэрэглүүлээч,  3 хоног магистрын ажлаа хийчхээд эргүүлээд өгье, 3 хоног хэрэглээд 80.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаник дээр байдаг Оршил худалдааны төвийн гадна талд 17 цаг өнгөрч байх үед ирж уулзаад миний нөтбүүкийг аваад явсан. Гурав хоног өнгөрсний дараа чатаар нөтбүүкээ авъя гэхэд орой болчихлоо, амжихгүй маргааш нь авч ирж өгөхөөр болсон. Маргааш нь над руу утсаар яриад чиний нөтбүүкийг 1 найздаа өгөөд явуулчихсан, тэр хүн чамд хүргэж өгнө гэсэн...тэр өдрөөс хойш Бтэй холбогдоод нөтбүүкээ нэхэмжлэхээр өнөөдөр олж  өгнө гэх мэтээр худлаа хэлж явсаар байгаад өнөөдрийг хүрлээ...” /хх-4-5/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Наваанюндэнгийн өгсөн ”...Би Баялаг Өрнөн дэлгэрэх нэртэй хүнсний 4-р дэлгүүрт байрлалтай ломбардын ээлжийн ажилтан. 2021 оны 07 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед Dell брэндийн Celeron 3  дугаар үетэй нөтбүүкийг АП94030311 регистрийн дугаартай Чойдог овогтой Б гэх хүний бичиг баримтыг үзэж шалгаад нөтбүүкийг нь 350.000 төгрөгөөр үнэлээд 14 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй барьцаанд авсан. Гэрээнд зааснаар 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн хугацаа дууссан. Энэ өдрөөс хойш 10 хоногийн хугацаатай хүлээлгэхэд байсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгийн 10 хоногийн хугацаа дуусаж уг  нөтбүүк албан ёсоор Баялаг Өрнөн дэлгэрэх ломбардын орлого болсон. Уг нөтбүүкийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бусдад худалдан борлуулсан...” /хх-12/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бийн:...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Г.Анужингаас 3 хоногийн хугацаанд магистрын ажил бичээд өгье гээд утсаар холбогдон 17 цагийн үед Баянзүрх дүүргийн Оргил худалдааны төвийн гадаа уулзан Dell загварын хар өнгөтэй нөтбүүкийг нь түр хэрэглээд өгье гэж худал хэлэн авч тухайн өдрөө буюу 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хүнсний  4 захын Өрнөн дэлгэрэх ломбардад 350.000 төгрөгөөр 20 цагийн үед өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ломбардын мөнгө болох 400.000 төгрөгийг өгч, Анужинд нөтбүүкийг авч өгсөн...” /хх-28/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ч.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа”...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.“...2.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”  гэж заасны дагуу өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 508 цагаар тогтоож шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ч.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.Бт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 508 цагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА