Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 343

 

 

    2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2017/00343

 

                Хэнтий аймаг

 

                                                                                                                                                                            

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                 156/2017/00274/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг, Шийрийн 2-14 тоотод оршин суух, Сад овогт Хатангийн Цэсэндуламын (СР-84011109) нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

            “2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Цэсэндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2009 оны 10 дугаар сараас 8 дахь жилдээ Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Аймгийн Засаг даргын захирамж хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учир зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Би 2006 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн өмнөх боловсролын сургуулийг бакалавр зэрэгтэйгээр, 2010 онд Улаанбаатар хотын Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн юм. Одоо “Шинэ Иргэншил” дээд сургуулийн магистрантурт суралцаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2 бүлэг шинээр нэмж, 9 хүн ажлын байраар хангаж ажиллуулж байна. 2015 оны 9 дүгээр сард 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж, цэцэрлэгийн техник тоног төхөөрөмж, тавилга, эд хогшилоор бүрэн хангаж ажилласан гэх мэтээр өөрийн мэргэжил боловсролыг дээшлүүлж, мөн өөрийн сэтгэл зүрхээ гарган хоёргүй сэтгэлээр бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхэд шаардлагатай бүхий нөхцөл бололцоог ханган ажилласаар ирсэн билээ. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, Мөн жил бүрийн үр дүнгийн гэрээнүүд хангалттай сайн үнэлэгдэж дүгнэгдэж байсан. Гэтэл албан тушаалыг минь хууль бусаар авч өөрсдийн хүнийг авах гэсэн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд элдэв янзаар дарамтлан, эцэс сүүлдээ үр дүнгийн гэрээг ямар ч үндэслэлгүй 68 хувиар дүгнэж одоо өргөдлөө өөрөө гарга гэж шахаж шаардсан учир би аргагүй байдалд орж 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн засаг даргад өргөдөл гаргаж өгсөн. Аливаа өргөдөл, хүсэлтийг хүн ямар нэгэн шахалт шаардлагагүй, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн чин хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргах ёстой байхад тухайн өргөдлийг би сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй. Тухайлбал: Би өөрийн сайн дураар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах санаачилгыг гаргаагүй, энэ тухай өргөдөл гаргаагүй. Надад цаашид үргэлжлүүлэн өөрийн эзэмшсэн мэргэжлээр ихийг хийж бүтээн ажиллах хүсэл сонирхол байснаас өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдөл гаргах хувийн болон бусад шаардлага, шалтгаан байгаагүй. Харин ч эдийн засгийн энэ хямралтай байдалд хүн болгон ажил, төрөлтэй байхыг эрмэлзэж байхад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эхнэр, ээж хүний үүрэг хүлээсэн энгийн нэг эмэгтэй надад ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлөгдөн ажилгүйчүүдийн эгнээнд орох өргөдөл гаргана гэж хэзээ ч байх боломжгүй зүйл. Тухайн өргөдөлд”...тус байгууллагад багшийн орон тоог гаргаж ажиллуулж өгнө үү” гэж бичсэн болохоос ажлаас чөлөөлөгдөх тухай нэг ч үг, өгүүлбэр бичээгүй байхад ажлаас чөлөөлөөд байгаа нь үндэслэлгүй. Надад багшийн орон тоон дээр ажиллах хүсэл сонирхол байгаагүй, үүгээрээ би 'цаашид ажилламаар байна, ажлаасаа чөлөөлөгдөхгүй гэсэн санааг илэрхийлж бичсэн болохоос үүрэгт ажлаас чөлөөлж өгөөч гэж бичээгүй учир Аймгийн засаг дарга хуулийн ямарч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөнд туйлын их гомдолтой байна. Иймд Хэнтий аймгийн засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Цэсэндулам намайг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.  (хх-ийн 1-2 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Цэсэндулам нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт Мөнхцэцэг даргад  өргөдөл бичиж өгсөн байдаг. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б/63 гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамж нь хуулийг хэд, хэдэн байдлаар зөрчсөн байна. Х.Цэсэндулам нь өргөдөлдөө ажлаас чөлөөлөх тухай нэг ч үг үсэг оруулаагүй байхад уг тушаал нь ажлаас чөлөөлөх тухай гэж гарсан байдаг. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 гэсэн ерөнхий заалт баримталж, ард нь 30.1.15, 30.1.16 гэж баримталсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38.1 гээд ерөнхий заалт баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 гэж тодотгосон боловч энэ нь хууль бус болсон. Ингэж хуулийн ерөнхий заалтуудыг баримталж байгаа нь эргэлзээтэй байна. Уг тушаалаар Цэсэндуламыг өөр ажилд томилохгүйгээр чөлөөлсөн. Хэрвээ Х.Цэсэндуламын өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн бол ямар орон тоон дээр ажиллуулахыг эхлээд шийдэх ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн. 2017 оны 3 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөх тушаал гарч, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл ямар нэг цалин байхгүй, ажилгүй болсон. Тэгэхээр энэ хүн намын ашиг сонирхлоос болж, хохирч байна. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэж хүсч байна гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Цэсэндулам нь би өөрийн сайн дураараа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах санаачлага гаргаагүй гэх боловч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргад гаргасан өргөдөлдөө миний бие 2016 оны үр дүнгийн гэрээгээр 68 хувиар үнэлэгдсэн тул өөрийн хүсэлтээр тус байгууллагад багшийн байнгын орон тоон дээр ажиллуулж өгнө үү гэж дурдсан байна. Иймд Х.Цэсэндуламын өөрийн гаргасан өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Уг хөдөлмөрийн цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхгүйгээр дараагийн ажил болох арга зүйчийн ажлын байранд томилох боломжгүй тул захирамжийн хувьд хууль зүйн үндэслэлтэй байна. Х.Цэсэндуламын гаргасан хүсэлтийн дагуу Жаргалтхаан сумын цэцэрлэгийн арга зүйч гэсэн ажлын байранд томилогдоод гүйцэтгэсэн ажлынхаа цалин хөлсийг авч ажиллаж байгаа нь уг хүсэлтийг хангасан гэж үзэж байна. (хх-ийн 14 тал)

Хариуцагч Л.Бат-Октябрь нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамж гарах болсон шалтгаан нь үр дүнгийн гэрээний биелэлтийг Боловсрол, соёл урлагийн газрын дүгнэснээр оруулж ирж, ажлын хэсэг томилогдон хэлэлцэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Х.Цэсэндуламын 2016 онд хийж, гүйцэтгэсэн ажил нь D буюу дутагдалтай үнэлэгдэж, өөрөө энэ үнэлгээгээ зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ талаар тухайн ажлын хэсэгт томилогдон ажиллаж байсан ажлын хэсгийн  тэмдэглэлд тодорхой байгаа. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х.Цэсэндулам нь Боловсрол, соёл урлагийн газрын дарга Мөнхцэцэгт өөрийн хүсэлтээр албан тушаал буурч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар Х.Цэсэндуламыг ажлаас нь чөлөөлсөн юм. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Б-05 дугаартай тушаалаар Цэсэндуламыг арга зүйчээр томилж ажлын байраар хангасан нь дээрх тушаал болон 4, 5 дугаар сарын цалингийн картаар нотлогдож байна. Тийм учраас Х.Цэсэндуламын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвахатан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, үр дүнгийн гэрээг 68 хувь гэж дүгнэж, Х.Цэсэндулам үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар D буюу дутагдалтай байвал албан тушаал бууруулж, сургалтанд хамруулдаг. Үүний дагуу Х.Цэсэндулам нь өөрийн хүсэлтээр албан тушаал буурч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, үүнийг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

            Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Х.Цэсэндулам нь Хэнтий аймгийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч Хэнтий аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан нар Х.Цэсэндулам нь өөрөө бичгээр аймгийн засаг дарга Н.Ганбямбад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан  юм. Түүний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар аймгийн засаг дарга Х.Цэсэндуламыг Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн юм гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Х.Цэсэндуламыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад Хэнтий аймгийн засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (хх-ийн 38 тал)

            Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан аймгийн засаг даргын захирамжийг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. (хх-ийн 1-2 тал)

            Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

            Ажил олгогч Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн.... ажилтан Х.Цэсэндуламын ажлыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т: ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан халагдсан өдөр гэж заажээ... Иймд ажилтан Х.Цэсэндулам нь шүүхэд хөөн хэлэлцэх хугацаандаа гомдол гаргасан гэж үзэв.

            Хэнтий аймгийн засаг дарга нь ажилтан Х.Цэсэндуламыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан буюу өөрийн биеэр гаргасан хүсэлтийг үндэслэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            1. Ажилтан Х.Цэсэндуламын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн засаг даргад гаргасан хүсэлтдээ: ...2016 оны үр дүнгийн гэрээгээр 68 хувь үнэлэгдсэн тул өөрийн хүсэлтээр тус байгууллагад багшийн байнгын орон тоон дээр ажлуулж өгнө үү гээд гарын үсэг зурсан байна. (хх-ийн 41 тал)

            2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: Нэхэмжлэгч Х.Цэсэндулам нь би өөрийн сайн дураараа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах санаачлага гаргаагүй гэх боловч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргад гаргасан өргөдөлдөө миний бие 2016 оны үр дүнгийн гэрээгээр 68 хувиар үнэлэгдсэн тул өөрийн хүсэлтээр тус байгууллагад багшийн байнгын орон тоон дээр ажиллуулж өгнө үү гэж бичсэн байна. Иймд Х.Цэсэндуламын өөрийн гаргасан өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Уг хөдөлмөрийн цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхгүйгээр дараагийн ажил болох арга зүйчийн ажлын байранд томилох боломжгүй тул захирамжийн хувьд хууль зүйн үндэслэлтэй байна. Х.Цэсэндуламын гаргасан хүсэлтийн дагуу Жаргалтхаан сумын цэцэрлэгийн арга зүйч гэсэн ажлын байранд томилогдоод гүйцэтгэсэн ажлынхаа цалин хөлсийг авч ажиллаж байгаа нь уг хүсэлтийг хангасан гэж үзэж байна гэсэн тайлбар (хх-ийн 14 тал)

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаярын хүсэлтээр Хэнтий аймгийн засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн Оюун-Эрдэнэ нь Х.Цэсэндуламаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 хуудас өргөдлийг Засаг дарга Н.Ганбямбад ирүүлсэн байна. Утасны дугаар 95223070... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилуулах тухай хүсэлт ирсэн байна гэжээ. (хх-ийн 28-29 тал)

            4. Цахим өргөдөл (хх-ийн 30 тал)

            5. Х.Цэсэндуламын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн материал (хх-ийн 39 тал)  зэрэг болно.

            Хэнтий аймгийн засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй тул ажилтан Х.Цэсэндуламыг Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөх эрхтэй боловч тухайн цэцэрлэгийн арга зүйчээр томилох эрхгүй байна гэж үзэв.

            Иргэн Х.Цэсэндуламыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйчээр томилж ажлуулсан байна. (хх-ийн 37 тал)

            Нэхэмжлэгч Х.Цэсэндулам нь ажлаас халагдсан болон Жаргалтхаан сумын цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байхдаа 1 сард (628 022--622 878) төгрөгийн цалин авч байсан болох нь цалингийн картаас харагдаж байна. (хх-ийн 40 тал)

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан: “зохигч...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байна.

            Нэхэмжлэгч тал нь ажил олгогчийг үндэслэлгүйгээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, “2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай Х.Цэсэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Цэсэндулам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ЦЭРЭНДУЛАМ