Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 126/2023/0168/З |
Дугаар | 221/МА2023/0557 |
Огноо | 2023-08-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0557
Э.Ба нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Ба
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Ба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н
Хэргийн индекс: 126/2023/0168/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Шарнууд Э Ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Ба ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас Э.Бад ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Э.Ба нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт ахлах аудитораар ажиллаж байгаад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нанжин хотын Аудитын их сургуулийн Аудитын магистрын зэргийн хөтөлбөрт суралцахаар болсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтаар ажлаасаа түр чөлөөлөгдөж Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Тус хэлтэс хүсэлтийг хүлээн авч баримт бичгийн бүрдүүлэлтийг хянахад ажилтныг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б//* тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дах заалтаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, суралцуулах гэрээ байгуулж, Магистрын ажлын сэдэв чиглэлийг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэхийг Захиргаа, хууль эрх зүйн газрын дарга (С.Б)-д даалгасан байдаг. Иймд Э.Баэс тушаалд заагдсан гэрээг шаардахад: Би төрийн албанаас түр чөлөөлөгдсөн боловч миний шимтгэлийг байгууллага төлөхгүй, сайн дурын даатгалд даатгуулж нийгмийн даатгалын шимтгэл төлнө, байгууллагатай гэрээ хийгээгүй гэсэн тайлбар өгч гэрээг гаргаж өгөлгүй тухайн үед хэлтсийг болон нийгмийн даатгалын байцаагчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй, шаардлагатай баримт бичгийг гаргах үүргээ биелээгүйгээс 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмжийн 777535 төгрөгийн олголт хийсэн.
Гэтэл хэлтсийн дотоод аудит, хяналт шалгалтын тасгаас шинээр тогтоогдсон тэтгэмжид тогтмол хяналт хийх удирдамжийн дагуу хяналтыг хийж гэрээг авах хугацаатай үүргийг Үйлчилгээний тасагт өгсөн. Өгсөн үүргийн дагуу Э.Батэй холбогдож гэрээг авчрах эс бөгөөс Үндэсний аудитын газраас албан тоот ирүүлэх шаардлагыг тавьж ажилгүйдлийн тэтгэмжийг түр түдгэлзүүлсэн. Хэлтсийн байцаагч Ц.Бд 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төрийн аудитын байгууллагын ажилтныг гадаадад суралцуулах, төгссөний дараа эргэн ажиллуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ҮАГ/БҮА-****** дугаартай гэрээг авчирч өгсөн байдаг. Э.Б-ИЙГ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтаар төрийн албанаас түр чөлөөлж, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ҮАГ/БҮА-****** дугаарын гэрээг байгуулснаар суралцсан хугацаа эхэлсэн. Тус гэрээний 4 дүгээр хэсгийн 4.9-дэх заалтад “ Суралцах 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Суралцагчаас шалтгаалан сургалтын хугацаа 2 жилээс хэтэрсэн тохиолдолд сунгагдсан хугацаанд захиалагч байгууллага шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй” гэж заасан. Харин тус гэрээний 4 дүгээр хэсгийн 4.10-дах хэсэгт “Суралцагчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлнө” гэж заагдсан байгаа нь мөн гэрээний 4.9 дэх заалт болон Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны Б/** тоот тушаалын 2 дахь хэсэгт заасан үүргийг зөрчиж суралцаж эхэлсэн хугацааны буюу 2023 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй орхигдуулж 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс төлөхөөр заасан байна. Энэ нь Э.Бад Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг зөрчиж давуу байдал олгон нийгмийн даатгалын санг хохироосон гэж үзэж байна. Гэтэл Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр Э.Ба нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.
Иймд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаарын 30-ны өдрийн 126/ШШ2023/0176 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шийдвэрт хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
1. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Анхан шатны шүүх уг 69 дүгээр албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байхад уг нэхэмжлэлийг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
1.2. Уг албан бичгээр “суралцах хугацаанд ... ажил олгогч байгууллага нь ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх үүрэгтэй. Иймд ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.8-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй болохыг танд мэдэгдье” гэж нэхэмжлэгч Э.Бад ажилгүйдлийн тэтгэмж олгож байсныг зогсоосон шийдвэрийнхээ талаар мэдэгдсэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, үр дагавар үүсгэсэн, захирамжилсан” шинжүүдийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй.
1.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Ба ажилгүйдлийн тэтгэмжийг 2023 оны 2 дугаар сараас эхлэн зогсоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нийгмийн даатгалын сангаас Э.Бад ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
2.2 Давж заалдах гомдолд “Э.Б-ИЙГ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлж, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ҮАГ/БҮА-****** дугаар гэрээг байгуулснаар суралцсан хугацаа эхэлсэн. Тус гэрээний 4.9-д “Суралцах 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Суралцагчаас шалтгаалан сургалтын хугацаа 2 жилээс хэтэрсэн тохиолдолд сунгагдсан хугацаанд захиалагч байгууллага шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй” гэж заасан. Харин тус гэрээний 4.10-д “Суралцагчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлнө” гэж заагдсан байгаа нь мөн гэрээний 4.9 дэх заалт болон Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны Б/** тоот тушаалын 2 дахь хэсэгт заасан үүргийг зөрчиж суралцаж эхэлсэн хугацааны буюу 2023 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй орхигдуулж 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс төлөхөөр заасан байна. Э.Бад давуу байдалд олгосон байхад анхан шатны шүүх энэхүү байдлыг анхааралгүй нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй” гэжээ.
2.3. Нэхэмжлэгч Э.Б-ИЙГ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” гэж заасны дагуу түр чөлөөлснөөр Э.Ба нь ажилгүй, цалин орлогогүй болжээ.
2.4. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасны дагуу ажилгүй болохоос өмнө 24 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан байна.
2.5. Ажилгүйдлийн тэтгэмж нь хуульд заасан шаардлага хангасан даатгуулагч нь ажилгүй болж, цалин орлогогүй болох үед учрах эрсдэлийг бууруулж даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэлх хуулиар тогтоосон хугацаанд, тодорхой хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой.
2.6. Нэхэмжлэгч Э.Ба 2 жил суралцах хугацаанд ажил олгогчоос түүнд хөдөлмөрийн хөлс олгохгүй, тушаал гарсан үеэс амьжиргааны баталгааны эх үүсвэргүй болсон байх тул тухайн төрлийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, хуульд заасан шаардлага хангасан даатгуулагчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
2.7. Харин хариуцагчийн тайлбарласан “суралцах хугацаанд нь ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр байгаа” нь цалин орлогыг орлохгүй бөгөөд ажилтны ажилласан жилийг тасалдуулахгүй байх зэргээр зөвхөн нийгмийн даатгалын эрх зүйн харилцааг цаашид үргэлжлүүлж, ажилтнаа дэмжих зорилготой байх тул ажил олгогч нь “шимтгэл төлсөн” гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзах үндэслэлгүй.
2.8. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй” гэж заасныг ажил олгогч нь захиалгаар суралцуулах хугацаандаа хөдөлмөрийн хөлс олгож, түүнээс нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа тохиолдлыг ойлгохоор байна.
2.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Ба нь ажилгүйдлийн тэтгэмж олгуулахтай холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, ...” гэж заасныг хасаж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Э.Ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч Э.Бад буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ