Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнх-Осорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэртэй, Д.Мөнх-Осорын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 дугаар байрны 3 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн дүү Д.Мөнх-Осорын нэр дээр бүртгэлтэй байрыг барьцаалж А.Цэцэгмаа гэж хүнээс 10 000 000 төгрөгийн зээл авсан. Би өөрөө ашигт малтмал олборлолт, замын ажлыг хийж байтал лиценз бичиг баримтын асуудлаас болоод ажил зогссон боловч зээлийн хүү 1 200 000 төгрөгийг төлсөн. Мөн 11 сараас хойш төлөөд одоогийн байдлаар 3 800 000 төгрөгийг төлөгдсөн. Цаашид үргэлжлүүлэн төлж дуусгана.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж буй байранд манай ээж амьдардаг. Уг байр нь хуучны 40 м кв талбайтай боловч гал тогтоо, 00-ын өрөө, коридор нийт талбайд орж тооцдоггүй. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/6208 тоот мэдэгдэлд дурдсанаар орон сууцыг 40 м.кв гэж тооцон 64 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 44 800 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6030 дугаар шийдвэрээр Д.Мөнх-Осороос 15 000 000 төгрөг гаргуулж А.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч өөрийн орон сууцаа 64 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч үнэлгээг зөвшөөрч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын тохирсон үнийн 70 хувиар үнэлсэн. Уг үнэлгээг хууль бус гэж үзэхгүй байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Мөнх-Осорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6036 дугаар захирамжаар Д.Мөнх-Очироос 15 006 500 төгрөг гаргуулж А.Цэцэгмаад олгож, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох орон сууцны бодит хэмжээ 80 м.кв бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд хуучны хэмжээгээр нь 40 м.кв гэж бичигдсэн. Үүнд гал тогоо, угаалгын өрөө, 00-ын өрөө, коридор, харанхуй өрөө зэрэг нь ороогүй байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх орон сууцыг битүүмжилж, хураан үнийн санал авахад Д.Мөнх-Осор 1 м.кв талбайн үнийг 1 600 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн боловч уг м.кв-ын үнийг гэрчилгээн дээрх 40 м.кв-аар тооцон 64 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх орон сууц нь бодит байдалд 80 м.кв бөгөөд үнийг зах зээлийн ханш болох 1 600 000 төгрөгөөр тооцвол 128 000 000 төгрөг болох юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцны үнэлгээг 64 000 000 төгрөгөөр тогтоон үүний 70 хувиар тооцон 44 800 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Осор нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 10 дугаар байрны 3 тоот орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 44 000 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Д.Мөнх-Осор нь шүүхийн шийдвэрийн дагуу А.Цэцэгмаад 15 006 500 төгрөгийн төлбөрийг төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг явуулсан байна. /хх 35, 36, 37, 38, 39/

 

Төлбөр төлөгч Д.Мөнх-Осор нь зээлийн гэрээний үүрэгт дээрх орон сууцыг барьцаалсан, шүүх түүнийг төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус албанд даалгасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. /хх 30-32, 34/

 

Нэхэмжлэгчийн хувьд уг орон сууц нь 40 м.кв буюу гал тогоо, коридор, харанхуй өрөө, угаалга, 00-ын өрөөг оруулж тооцохгүйгээр 64 000 000 төгрөгөөр үнэлсэн, үүнээс 70 хувиар тооцож 44 800 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд  оруулах үнийг тогтоосон, бодит байдалд нийт талбай 80 м.кв талбайтай, зах зээлийн ханшаар 128 000 000 төгрөгийн үнэ ханштай гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч байгууллага хуульд заасан журмаар талуудаас үнийн санал авсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Төлбөр төлөгч Д.Мөнх-Осор 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрийн орон сууцыг зах зээлийн ханшаар 64 000 000 төгрөгөөр үнэлж, энэ үнээр албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч, холбогдох хуулийн заалтыг уншиж танилцсан талаар бичгээр санал гаргасныг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан, төлбөр авагч А.Цэцэгмаагийн хувьд дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт гаргасан үйл баримтууд тогтоогдсон болно. /хх40, 42/

 

Энэ нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч харилцан тохиролцож тогтоох талаар зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам болон төлбөр төлөгч, төлбөр авагчийн эрхийг зөрчсөн, эд хөрөнгийн үнийг талуудын гаргасан саналаас өөрөөр тооцож, буруу үнэлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА