Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00505

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2401 дүгээр магадлалтай,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Г, А.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 245.332.031 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В17042402 тоот Зээлийн гэрээ, С17042402 тоот Зээлийн барьцааны гэрээ, С17042402-01 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг нэг сарын 4.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Гын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, бага шар хоолой доод төгөл, 5 дугаар хэсэг гудамж, 12/7 тоот хаягт байрлах, 216 м.квталбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Г, А.Г нарын хамтран өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, Зв байр, 3 дугаар давхрын хэсэгт байрлах 181.9 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалуулсан. Энэ хугацаанд зээлдэгч нар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа 9.444.000 төгрөг төлснөөс хойш огт төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үндсэн зээл 145.733.348 төгрөг, хүү 95.431.788 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.166.895 төгрөг, нийт 245.332.031 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагч Г.Г, А.Г нараас гаргуулж өгнө үү. Мөн С17042402 тоот, С17042402-01 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Г.Г, А.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 150.000.000 төгрөгийн зээл олгох байсан ч хариуцагчид 21.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр, 26-ны өдөр 128.355.000 төгрөг, нийт 149.355.000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацааны үндсэн зээл, хүү буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 2017 оны 05дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн нийт төлөлтийг тооцож үзэхэд 85.282.677 төгрөг үндсэн хүүгийн нийт төлбөр 84.006.229 төгрөг, нийт 169.288.906 төгрөг гарч байна. Үүнээс хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9.440.000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 145.733.348 төгрөг, төлөх ёстой хүүний төлбөрт 95.431.788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.166.895 төгрөг, нийт 245.332.031 төгрөгийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцээгүй, зээлийн тооцоолуур алдаатай гэдгийг илэрхийлж байна. Мөн И ХХК-ийн цахим сайтад байрлах зээлийн тооцоолуурын программ болон талуудын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан тооцоо зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хүүг багасгаж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Гаас 202.090.724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43.241.307 төгрөг болон хариуцагч А.Гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г.Г, А.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3в тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 мкв талбай бүхий хөрөнгө, Г.Гын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, Г.Гын өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг, 12/7 тоотод байрлах 216 м.кв талбай бүхий хувийн сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.454.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас 1.238.603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2401 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г, А.Г нараас 245.332.031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Г.Гаас 1.238.603 төгрөгийг гаргуулж,” гэснийг “хариуцагч Г.Г, А.Г нараас 1.384.610 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагч нараас 245.332.031 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн №В17042402 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү гэж “Иргэний хууль болон Зээлдүүлэгч, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор зээлийн гэрээнд заасан хүүг;” гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-ийг зөрчсөн буюу хуульд заасан нөхцөлөөс хэтрүүлсэн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг тодорхойлсон байгаа нь зээлдэгчийг нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүйг нотолж байгаа юм. Мөн тус гэрээний 5.3-д Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 24 сар бөгөөд 2019 оны 04 сарын 24-ний өдөр дуусах тул дээрх хугацаанд багтан төлөөгүй тохиолдолд л нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон. Гэтэл шат шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүүг гаргуулан шийдвэрлэж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтуудыг зөв үнэлээгүй, шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул магадлалд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүнд ногдох 4.166.895 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Г.Г, А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245.332.031 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа “... хүүг багасгаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч нар нь И-тай 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 150.000.000 төгрөгийг сарын 4.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлжээ.

ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3В тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 мкв талбай бүхий хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12/7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, мөн тоотод байрлах 216 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан байна /хэргийн 11-19 дүгээр тал/.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2. дэх шаардлагад нийцжээ.  

Хариуцагч 149.355.000 төгрөг хүлээн авч, зээлийн төлбөрт 9.440.000 төгрөг төлснөө үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.12-т “зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг ноцтой зөрчилд тооцох”, энэ тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар гэрээний 10.2.2-т заасан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлснээ хариуцагч нар нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл145.733.348 төгрөг, хүү 95.431.788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.166.895 төгрөг шаардахдаа гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ.

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагч нарын хүлээх үүргийг зөв тодорхойлж чадаагүй, А.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан ба зээлийн гэрээнд А.Гыг хамтран зээлдэгч гэж тодорхойлсон, тэрээр гэрээнд гарын үсэг зуржээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан А.Гыг хамтран зээлдэгч гэж үзэж, хариуцагч нараас зээлийн төлбөрт 245.332.031 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасантай нийцжээ.

Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэмэгдүүлсэн хүүд ногдох 4.166.895 төгрөгийг хасах” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2401 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэлийн гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 81.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ