| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00303/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 344
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 156/ШШ2017/00344 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00303/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 34 дүгээр байрны 43 тоотод оршин суух, Санга овогт Чимэддоржийн Баатарсайхан /РД: СР62062817/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальцогт, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баатарсайхан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальцогт нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ч.Баатарсайхан нь 1983 оноос 1989 онд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Баатарсайхан өндөр насанд хүрч, хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах болоход ажиллаж байсан талаар тушаал, шийдвэр бүрэн гарч ирээгүй тул Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн шаардлага тавьсан. Хөдөлмөрийн дэвтэрт нь мөн бичилт байхгүй байсан.
Хавтаст хэрэгт өгсөн бусад нотлох баримтууд болон, хоёр гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Баатарсайханы дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7-8, 14, 18-19, 20, 21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баатарсайхан нь 1983 оны 7 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймаг дахь Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ч.Баатарсайхан нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хүсэлт гаргагч Ч.Баатарсайхан нь Хэнтий аймаг дахь Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04 өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5/, Хэнтий аймгийн архивын тодорхойлолт /хх 6/, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 29 өдрийн 81 дугаартай тушаалын хуулбар, /хх 7-8/, 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин нормчноор ажиллаж байсан гэрч Ж.Зоригтбаатарын мэдүүлэг /хх 14/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 18-19/, 1984 оноос 1994 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан гэрч Н.Бат-Эрдэний мэдүүлэг /хх 20/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21/ зэрэг болно.
Ч.Баатарсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймаг дахь Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04 өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэнгэ овогт Чимэддоржийн Баатарсайхан /РД:СР62062817/-Ы Хэнтий аймаг дахь Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04 өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Баатарсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальцогтод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА