| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00270/И |
| Дугаар | 355 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 355
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2017/00355 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00270/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 4- тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Дэлгэрмаа /РД: СЭ-91051524/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёнгийн 611 тоотод оршин суух, Тойдууд овогт Цэндийн Болд-Эрдэнэ /РД: СЮ92050612/-д холбогдох
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа, хариуцагч Ц.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид салаад 2 жил шахам болж байгаа учраас Ц.Болд-Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэвэр гаргуулах хүсэлтэй байна.
2010 онд би Ц.Болд-Эрдэнэтэй танилцаж хамтран амьдрах болсон, 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 11 сарын 23 өдөр охин Б.Номин төрсөн. Бид зан харилцааны улмаас 2015 оноос хойш хамт амьдархаа больсон. Охин Б.Номин нь миний асрамжид өсч торнисон.
Ер нь Ц.Болд-Эрдэнэ хартай, хэл амаар доромжилж хааяа надад гар хүрч, зөөлөн эдийн гэмтэл учруулж байсан. 2015 оны 1 сард би охиноо аваад ээж, аав дээрээ очсон.
Би Ц.Болд-Эрдэнэтэй цаашид хамт амьдарч чадахгүй. Ц.Болд-Эрдэнэ нь одоо өөр гэр бүлтэй болсон бөгөөд тэр хүнтэйгээ хамт амьдардаг. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Б.Номинг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг эцэг Ц.Болд-Эрдэнээс гаргуулж өгнө үү” гэв.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\355-Ш-И.docx
Хариуцагч Ц.Болд-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Надад хэлээд байх зүйл байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Харин намайг зоддог гэмтэл учруулсан гэж байна. Энэ бол худлаа би цохиж зодоод байсан удаа байхгүй.
Г.Дэлгэрмаа нь оюутан байхдаа өөр хүнтэй 8 сар холбоотой явсан байсан. Тэгээд л бидний хоорондын харилцаа таарамжгүй болсон.
Тус тусдаа амьдарч байхад охинтой минь уулзуулдаггүй байсан учраас би цэцэрлэг дээр нь очиж уулзаж байсан.
Бид 2 эвлэрэх гэж оролдож хамт амьдарсан боловч болохгүй байсан тул дахин салсан, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Болд-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2010 оны 10 дугаар сарын 24 өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2012 оны 10 дугаар сарын 24 өдөр бүртгүүлсэн /хх 3/, тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 23 өдөр охин Б.Номин төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/, өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 3/, Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Б.Хүрэлзүрхийн тодорхойлолт /хх 3/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид зан харилцааны таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн хэн үзэж байгаа болох нь тэдний шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Ц.Болд-Эрдэнээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин Б.Номинг хуульд заасан насанд хүртэл тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөр зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /165.700₮*50%*1 хүүхэд*12 сар=994 200₮/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагчаас 28 411 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Ганболдын Дэлгэрмаа, Тойдууд овогт Цэндийн Болд-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 23 өдөр төрсөн охин Б.Номинг эх Г.Дэлгэрмаагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг баримтлан Б.Номинг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 насанд хүрсэн /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Болд-Эрдэнээс /цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болд-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дэлгэрмаад олгож, Ц.Болд-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 28 411 төгрөг нөхөн гаруулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Мөнхноминд даалгасугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА