Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

 

   2021       09          21                                  2021/ШЦТ/1022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2106 00000 1658 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1972 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1-1981 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Жамсран-Уулын өврийн 1-1981 тоот хашаанд иргэн Ц.Хандсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний биед зүүн хацрын төвгөр, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ц.Хандсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07-р сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын үед хөрш айлын хашаа буюу Нийн хүүхэд болох Өсөхөөг хөөгөөд хашаанд нь хөөж ороод танай хүүхэд Өсөхөө манай охин болох Эрхсаранг зодоод байна, яагаад ингээд байгаа юм гэхэд 55-ын мэдрэлүүд гэж хэл амаар доромжилсон. ...Миний үснээс маш их зулгааж, үс халцарсан. Толгой руу маш олон удаа өшиглөсөн, баруун гарыг мушгиж дарсан, зүүн нүдний шанаа хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Б.Доржцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлхэдээ: “...тэгээд Н, тэр хүүхэн 2 хоорондоо зодолдоод  байсан. Тэгээд үсдэлцэж бие биенийгээ доошоо хараад зууралдаж байгаад хашаанд байсан автомашинд тулж түшигдээд, бие биенийгээ дараад доошоо унасан. ...тэр 2 зууралдсан хажуунаас өөр хүн орж цохиогүй...10 гаруй минут үсдэлцэж бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Б.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 21-р хороо, Жамсран уулын өврийн 1-1982а тоот өөрийн гэртээ байхад гадаа хүмүүс нэлээн удаан орилолдоод байсан. Тэгээд юу болсныг харахаар гарсан чинь манай эгч Н, Хандсүрэн гэдэг хүүхэнтэй үсдэлцэж байсан. Тэгсэн чинь хажуунаас нь охин Хулан нь хүүхдээ тэврээд салгах гээд очиход нөгөө гараараа Хуланг үсдсэн. Тэгээд ах Бат-Өлзий бид хоёр салгасан. ...тэгээд салсны дараа Хандсүрэн гаднаас тоосготой орж ирээд  Нийн гэр рүү шидэж байсан. Хажуунаас нь өөр хүн орж зууралдаж, цохиогүй. Хулан л салгах гэж байгаад үсдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай гэрт орж ирээд Өсөхбаярыг зодох гээд хөөхөөр нь би Өсөхбаярыг өмөөрөөд Хандаатай хэрэлдэхэд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №6955 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Ц.Хандсүрэнгийн биед зүүн хацрын төвгөр, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Жамсран-Уулын өврийн 1-1981 тоот хашаанд иргэн Ц.Хандсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний биед зүүн хацрын төвгөр, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ц.Хандсүрэнгийн: “...2021 оны 07-р сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын үед хөрш айлын хашаа буюу Нийн хүүхэд болох Өсөхөөг хөөгөөд хашаанд нь хөөж ороод танай хүүхэд Өсөхөө манай охин болох Эрхсаранг зодоод байна, яагаад ингээд байгаа юм гэхэд 55-ын мэдрэлүүд гэж хэл амаар доромжилсон. ...Миний үснээс маш их зулгааж, үс халцарсан. Толгой руу маш олон удаа өшиглөсөн, баруун гарыг мушгиж дарсан, зүүн нүдний шанаа хавдсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Доржцэрэнгийн: “...тэгээд Н, тэр хүүхэн 2 хоорондоо зодолдоод  байсан. Тэгээд үсдэлцэж бие биенийгээ доошоо хараад зууралдаж байгаад хашаанд байсан автомашинд тулж түшигдээд, бие биенийгээ дараад доошоо унасан. ...тэр 2 зууралдсан хажуунаас өөр хүн орж цохиогүй...10 гаруй минут үсдэлцэж бие биенийгээ цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Энхсайханы: “...Баянзүрх дүүргийн 21-р хороо, Жамсран уулын өврийн 1-1982а тоот өөрийн гэртээ байхад гадаа хүмүүс нэлээн удаан орилолдоод байсан. Тэгээд юу болсныг харахаар гарсан чинь манай эгч Н, Хандсүрэн гэдэг хүүхэнтэй үсдэлцэж байсан. Тэгсэн чинь хажуунаас нь охин Хулан нь хүүхдээ тэврээд салгах гээд очиход нөгөө гараараа Хуланг үсдсэн. Тэгээд ах Бат-Өлзий бид хоёр салгасан. ...тэгээд салсны дараа Хандсүрэн гаднаас тоосготой орж ирээд  Нийн гэр рүү шидэж байсан. Хажуунаас нь өөр хүн орж зууралдаж, цохиогүй. Хулан л салгах гэж байгаад үсдүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Хандсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР