| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0916/Э |
| Дугаар | 1023 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1023
2021 09 21 2021/ШЦТ/1023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.У, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ут, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2106 00000 1549 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Б.У, 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 16-р хороо, Хорго хотхоны 2-2 дугаар байрны 44 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Монгол Улсын иргэн Э.А, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Матрушка” ресторанд менежерийн ажил эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 59-2 дугаар байрны 14 тоотод аав, 2 дүүгийн хамт оршин суух, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар 2015.08.11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн, РД:,
Шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртй авто угаалгын газарт иргэн Э.Атай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гар, шуу хэсэгт аохины шил болон төмрөөр цохисны улмаас Э.Аын биед баруун шуунд урагдсан шарх, цус хуралт, зүүн эрхий хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто угаалгын газарт иргэн Б.Утай миний дүү гэж дуудлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж, газар хавирч унаган Б.Уын биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, зүүн шуу, баруун бугуйн үений цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найз Жавзандорж залгаад Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавзандоржийн өөрийн ажиллуулдаг Од нэртэй авто угаалгад хүрч ирж амжих уу гээд над руу залгасан. Тэгээд 00 цаг 45 минутын орчим Жавзандоржийн ажил болох Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Од авто угаалгад очсон. 04 цагийн орчим гэртээ харих гээд гарахдаа угаалгад ажилладаг дүү нарыг баяртай дүү нар гэж хэлэхэд Жавзандоржийн найз гэх залуу чиний дүү байснаа санахгүй юм байна гээд надтай муудалцаж бид 2 хоорондоо барилцаж авсан. Тэгэхэд тэнд байсан дүү нар салгаад бид хоёрыг болиулж байсныг санаж байна. Нэг мэдэхэд газар уначихсан толгойгоо хоёр гараараа хамгаалаад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Найз Жавзандорж Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Од нэртэй авто угаалгад дуудаад би 2 цаг өнгөрч байхад очсон. Би тэгээд тэр архинаас нь хувааж уугаад Жавзаа, Ууганаа хоёр 3 цагийн үед гэр лүүгээ явна гэж ярьж байгаад шат руу гарчихаад буцааж орж ирсэн. Буцаж орж ирээд Ууганаа над руу агсраад архины шил бариад намайг цохих гэж оролдсон. Би зүүн гарын алга, баруун гарын шуу хэсгээрээ хаагаад зөрүүлээд архины шилийг нь булааж аваад Ууганааг гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Намайг сууж байхад гялгар урт уян төмрөөр дахиад цохих гэж байхад нь би баруун гарын бугалганы дотор хэсгээр хаасан, хаахдаа гараа 5-6 см орчим хэмжээтэй зүссэн. У намайг баяртай ахын дүү гэхээр нь би чиний дүү биш шүү гэж хэлснээс болоод У над руу дайраад агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Жавзандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...03 цагийн үед А над руу залгаад ажил дээрээ пиво уугаад сууж байна гэсэн. Тэгэхээр нь би хүрээд ирвэл ирээч гэсэн. 03 цаг 50 минутын орчим А хүрч ирээд ирэхдээ нэг шил архитай ирсэн. Тэрийг нь хувааж уугаад сууж байтал манай найз У Аыг дүү гэсэн утгатай юм хэлтэл А би чиний дүү биш шүү гээд уурлаад хоорондоо муудаж эхэлсэн. Тэгсэн *******ыг сууж байхад нь цохьсон чинь Э.А зөрүүлээд цохисон. Б.У архины шил бариад Э.Аыг цохих гэтэл Э.А гараараа хамгаалаад буцаагаад нэг цохисон чинь Б.У газар 2 гараа хойноо тулан унасан. Унаад босч ирэхдээ Б.У нь газар байсан жижиг пильта аваад Э.Аын хамар тус газар шууд шидсэн боловч Б.У шидсэн пильтанаас бултаж оногдоогүй. Э.А пильта шидсэний дараа сандал дээр суухад Б.У барилгын хана тусгаарлалтад хэрэглэдэг С төмөр аван, Э.Аыг цохиход Э.А баруун гар талаараа хамгаалсан. Босч ирээд Э.А Б.Уыг хавирч унагаан гуя руу нь 2 өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг салгаад би Б.Уыг дагуулан Од авто угаалгын 2 давхраас дагуулан гарсан. Б.Утай Э.Ааас өөр зодолдож, цохилцсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №5900 дугаартай “
1. Б.Уын биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, зүүн шуу, баруун бугуйн үений цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5997 дугаартай “
1. Э.А-н биед баруун шуунд урагдсан шарх, цус хуралт, зүүн эрхий хурууны үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68,74/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртй авто угаалгын газарт иргэн Э.Атай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гар, шуу хэсэгт аохины шил болон төмрөөр цохисны улмаас Э.Аын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Э.Аын: “...Найз Жавзандорж Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Од нэртэй авто угаалгад дуудаад би 2 цаг өнгөрч байхад очсон. Би тэгээд тэр архинаас нь хувааж уугаад Жавзаа, Ууганаа хоёр 3 цагийн үед гэр лүүгээ явна гэж ярьж байгаад шат руу гарчихаад буцааж орж ирсэн. Буцаж орж ирээд Ууганаа над руу агсраад архины шил бариад намайг цохих гэж оролдсон. Би зүүн гарын алга, баруун гарын шуу хэсгээрээ хаагаад зөрүүлээд архины шилийг нь булааж аваад Ууганааг гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Намайг сууж байхад гялгар урт уян төмрөөр дахиад цохих гэж байхад нь би баруун гарын бугалганы дотор хэсгээр хаасан, хаахдаа гараа 5-6 см орчим хэмжээтэй зүссэн. У намайг баяртай ахын дүү гэхээр нь би чиний дүү биш шүү гэж хэлснээс болоод У над руу дайраад агсраад байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй авто угаалгын газарт иргэн Б.Утай миний дүү гэж дуудлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж, газар хавирч унаган Б.Уын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Б.Уын: “...Манай найз Жавзандорж залгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавзандоржийн өөрийн ажиллуулдаг Од нэртэй авто угаалгад хүрч ирж амжих уу гээд над руу залгасан. Тэгээд 00 цаг 45 минутын орчим Жавзандоржийн ажил болох Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Од авто угаалгад очсон. 04 цагийн орчим гэртээ харих гээд гарахдаа угаалгад ажилладаг дүү нарыг баяртай дүү нар гэж хэлэхэд Жавзандоржийн найз гэх залуу чиний дүү байснаа санахгүй юм байна гээд надтай муудалцаж бид 2 хоорондоо барилцаж авсан. Тэгэхэд тэнд байсан дүү нар салгаад бид хоёрыг болиулж байсныг санаж байна. Нэг мэдэхэд газар уначихсан толгойгоо хоёр гараараа хамгаалаад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
-Шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй ба түүнээс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирол болох нийт 8.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ат,
-Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй ба нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирол болох нийт 4.166.820 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ут тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У, Э.А нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.У, Э.А нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
- Э.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ут 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
- Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Э.Ат 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нь 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох,
- Э.Ат 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд тус бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У, Э.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.У, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Уаас нийт 8.000 /найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ат,
- Э.Ааас нийт 4.166.820 /дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ут тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР