Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

 

 

   2021        09          20                                 2021/ШЦТ/1016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1637 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар гудамжны 520 тоотод, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 28-ны өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,  РД:,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 03-ны 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамж 520 тоотод нөхөр Б.Дэлгэржаргалтай маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж, биед нь зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Дэлгэржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би гэр рүүгээ харих замдаа 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи аваад гэртээ очиж, Содбаяр, эхнэр Ц нарын хамт архиа хувааж уугаад эхнэр бид хоёр маргалдсан юм шиг болсон би дургүйг нь хүргэсэн юм шиг байсан, нэг мэдсэн би гэрийнхээ гадаа гараад хэвтчихсэн манай хажуу айлын охин эмч дуудаачээ гэж орилоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Б.Содбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Дэлгэржаргал цусандаа хутгалдсан гарч ирээд гэрийнхээ үүдний өвсөн дээр уначихсан араас нь Ц гарч ирээд сөхөрч суучхаад би нөхрийгөө хутгалаад алчихлаа гэж хэлээд орилоод уйлаад байхаар нь би хажуу айлынх нь хүмүүсийг дуудаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Б.Оюумаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08-р сарын 03-ны өдөр ...13 цагийн орчимд гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь гарахад Б.Дэлгэржаргалын хажууд уйлаад суугаад байхаар нь би 103 руу залгаж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Нэг сэрэхэд цагдаагийн эрүүлжүүлэхэд сэрсэн. Би нөхрөө хутгалсан талаар цагдаа хэлэхээр нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №7146 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Дэлгэржаргалын биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь унаснаас болж үүсэх боломжгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 03-ны 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамж 520 тоотод нөхөр Б.Дэлгэржаргалтай маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж, биед нь зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Дэлгэржаргалын: “... Би гэр рүүгээ харих замдаа 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи аваад гэртээ очиж, Содбаяр, эхнэр Ц нарын хамт архиа хувааж уугаад эхнэр бид хоёр маргалдсан юм шиг болсон би дургүйг нь хүргэсэн юм шиг байсан, нэг мэдсэн би гэрийнхээ гадаа гараад хэвтчихсэн манай хажуу айлын охин эмч дуудаачээ гэж орилоод байж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Содбаярын: “...Дэлгэржаргал цусандаа хутгалдсан гарч ирээд гэрийнхээ үүдний өвсөн дээр уначихсан араас нь Ц гарч ирээд сөхөрч суучхаад би нөхрийгөө хутгалаад алчихлаа гэж хэлээд орилоод уйлаад байхаар нь би хажуу айлынх нь хүмүүсийг дуудаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Оюумаагийн: “...2021 оны 08-р сарын 03-ны өдөр ...13 цагийн орчимд гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь гарахад Б.Дэлгэржаргалын хажууд уйлаад суугаад байхаар нь би 103 руу залгаж түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Дэлгэржаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР