Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1331

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэртэй, Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Энхтагтаад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 366 662 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Нарантуяа,

Хариуцагч Ж.Энхтагтаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ж.Энхтагтаатай 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж Сонгиохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус-1 хороолол 48/Б байрны 70 тоотыг түрээслэн суухаар 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингээд  2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс уг байранд амьдарч эхэлсэн. Гэрээг 1 жилээр байгуулсан боловч бид харилцан тохиролцож, хугацаанаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлж хүлээлгэн өгсөн.

Харин түрээсийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дуустал бүрэн төлж, гэрээний хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Орон сууц түрээслэх хугацаанд сарын түрээс, байрны мөнгийг цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл орон сууц хүлээлгэн өгсний дараа барьцаа болон суугаагүй хоногийн мөнгийг буцаан олгохоор гэрээнд заасан боловч үүнийг буцаан өгөөгүй.

Барьцаа 250.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ыг дуустал 10 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ийг дуустал 4 хоног буюу 14 хоногийн 116 662 төгрөг, нийт 366 662 төгрөгийг хариуцагч Ж.Энхтагтаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Нарантуяа нь манай байранд амьдарч байгаад гэрээгээ зөрчиж, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан атал хугацаанаас өмнө гарах болсон. Байрнаас гарахаар бол 1 сарын өмнө түрээслэгч талд мэдэгдэх ёстой байтал гэнэт 2, 3 хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ нь учирсан хохирлыг барагдуулахаас санаатай зайлсхийж зугтан гарсан гэж үзэж байна. Иймд дутуу хоногийн 116 662 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй. Үүнийг нотлох баримт нь надад бичсэн мессенжерт ирсэн баримтаас үзэж болно.

Гэрээ зөрчин байраас гарах талаар гэнэт мэдэгдсэн бөгөөд миний хувьд байранд учруулсан хохирлыг зассан эсэхийг ч мэдэж амжаагүй. Б.Нарантуяа манай байранд амьдарч байхад нь учирсан хохирлыг арилгах хугацаа хангалттай байсан. Гэтэл зассан засаагүй нь мэдэгдэхгүй байж байснаа гэнэт гарлаа гэсэн. Жижиг өрөөний хана усанд нэвчин обой халтартаж хуулж хаясан. Удаан хугацаанд арга хэмжээ аваагүйн улмаас мөөгөнцөртөж их хэмжээний хохирол учирсан. Үүнийг нотлох баримт нь Б.Нарантуяагийн надад явуулсан зургаас харж болно.

Зөвхөн жижиг өрөөний тэр ханыг засуулахад түүний барьцаа болгон өгсөн 250 000 төгрөг хүрэхгүй. Үүнийг барилгын засвар хийдэг хувь хүн болон компаниуд хэлж нотолж байгаа ба ажлын хөлс гэхэд л 150 000 төгрөгөөс 200 000 төгрөг болно. Мөн угаалгын өрөөний суултуурын ар талыг нүхэлж онгойлгосон. Одоо тэр нүхийг цаасаар таглачихаад байна. Иймд Б.Нарантуяагаас би мөнгө нэхэмжлэх шаардлага гарч байгаа юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтагтаагаас 319 224.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 437.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхтагтаагаас 10 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Б.Нарантуяа, Ж.Энхтагтаа бид хоёр харилцан тохиролцож хийсэн гэрээнд нэхэмжлэлд байгаа асуудлыг зохицуулах 3.3, 4.2, 7.4-т заасныг хангалттай нотлох баримтын түвшинд үнэлсэнгүй. Б.Нарантуяагийн нэхэмжилж байгаа барьцааны 250 000 төгрөгийн хувьд, байрыг хүлээн авсан байдлаар нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний 3.3, 4.2-т зааснаар хөлслүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэсэн учраас би уг мөнгийг хөлслөгч талд өгөөгүй юм.

Шүүхийн шийдвэрт гэрээний 4.3-д зааснаар хөлслөгч талаас шалтгаалаагүй ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг хоёр тал 50, 50 хувийн зардлаар засварлаж байна гэсний дагуу Орон сууцны контороос хийсэн зөвхөн шугам сольсон хөлс болох 94 875 төгрөгийн 50 хувь 47 437 төгрөгийг Б.Нарантуяагийн мөнгөнөөс суутгуулах гэсэн байгаа.

Гэтэл тэрээр байрыг анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул надаас мөнгө буцаан олгох шийдвэр гарсанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хөлслөн амьдарч байсан байранд засвар хийх зайлшгүй шаардлагатай нь шүүхэд өгсөн зураг болон мессенжерт бичсэн баримтуудаас харагдаж байгааг шүүх үнэлээгүйд гомдоно.

Мөн нэхэмжлэгч суугаагүй хоногт 116 662 төгрөг нэхэмжилсэн. Энэ талаар гарсан шүүхийн шийдвэрт гомдолтой. Учир нь хөлслөгч тал гэрээнд заасан хугацаанаас өмнө байрнаас гарч, хөлслүүлэгчид хохирол учирвал мөнгөө буцаахгүй гэсэн заалт байхгүй. Б.Нарантуяа өөрөө санаачилж гэрээгээ зөрчин байрнаас гарсан байхад дутуу суусан хоногийн гэх мөнгийг буцаан өгөх нь үндэслэлгүй юм.

Гэрээнд хугацааг маш сайн тусгасан ба гэрээний 1.2-т хөлслөх гэрээг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 11-ийг дуустал 1 жил гэж заасан. Гэрээний 5.6-д Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хугацаанаас өмнө цуцлах бол 1 сараас багагүй хугацааны өмнө хөлслөгч талд мэдэгдэнэ гэж тодорхой үүрэг тусгасан. 7.4-т хөлслөгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүсвэл энэ тухай хөлслүүлэгч талд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд барьцаа мөнгийг хөлслөгчид эгүүлэн олгоно” гэсэн нь 250 000 төгрөгийг буцаах үндэслэлгүйг харуулна.

Нөгөө талаар уг мөнгийг би засвартаа зарцуулах шаардлагатай болсон. Учир нь байранд хийх засварт нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгө ч хүрэхгүй нь хэрэгт нотлох баримт болгон өгсөн зурагнаас харагдана. Гэтэл шийдвэрт хариуцагч намайг “байранд хохирол учруулсан тул хохирлын төлбөр нэхэмжилнэ” гэсэн тайлбар гаргасан гэж дурдсан нь миний шүүхэд өгсөн тайлбарыг буруу ойлгосон. Уг тайлбарт би нэхэмжлэгчээс нэмж мөнгө авч байж байраа засуулах шаардлага гарсныг тодруулж бичсэн.

Мөн намайг сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул орон сууцад учирсан хохиролтой холбоотой дүгнэлт хийхгүй гэжээ. Миний бие сөрөг нэхэмжлэл гаргах биш, харин барьцаа мөнгөөр байраа засуулах гэсэн тайлбар хийсэн ба сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр эвлэрлээр уг асуудлыг шийдвэрлэх байх гэж бодсон. Гэтэл нөгөө тал эвлэрэхгүй гэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч Ж.Энхтагтаад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө байр болон эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн учир барьцааны 250 000 төгрөг, оршин суугаагүй хоногт ногдох хөлс 116 662 төгрөг, нийт 366 662 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч Ж.Энхтагтаагийн өмчлөлийн гэх Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, “Залуус-1” хороолол 48/Б байрны 70 тоот орон сууцыг 1 жилийн хугацаанд, сарын 250 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-6/

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтагтаагаас 319 224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд тооцож 47 437 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Зохигчдын тайлбараас үзвэл талуудын хэн аль нь дээрх гэрээнээс татгалзах санал гаргаагүй, харин тохирсон хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосноор хөлслөгч нь  үүргийн гүйцэтгэлийг хангах нотолгоо болгон тавьсан 250 000 төгрөгийн дэнчин болон тухайн байранд оршин суугаагүй хоногт ногдох хөлсийг тооцон шаардсан байна.

Хариуцагч Ж.Энхтагтаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ, хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 1 сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх талаар тохирсон гэрээний үүргээ зөрчсөн, орон сууцанд амьдрах хугацаанд засвар хийх зайлшгүй шаардлагатай хохирол учруулсан гэж тайлбар гарган маргасан. Харин анхан шатны шүүх хариуцагчийг дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас орон сууцанд учирсан хохиролтой холбоотой дүгнэлт хийхгүй гэж маргааны үйл баримтын талаарх нөхцөл байдлыг дүгнээгүй нь буруу болжээ.

Түүнчлэн зохигчид маргааны зүйлийн талаарх өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор тухайн үед цахим хаягаар харилцаж байсан тус тусын мэдээллийг зургаар ирүүлж, тэдгээрийн эх баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад дээрх хүсэлт тус бүрийг хэлэлцээд “хэргийн материалд нотлох баримтаар фейсбүүк мессенжер, мейл хаяг дахь мэдээллийг зургаар өгсөн ба бичгэн мэдээллийн агуулгад зохигчид маргахгүй байгаа тул үзлэг хийх шаардлагагүй” гэж дүгнэж тухайн хүсэлтийг хангахаас татгалзжээ. /хх 52/

Зохигчдын тайлбараас үзвэл эд хөрөнгийг хөлслөх явцад хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг тодруулахын тулд өөрсдийн цахим хаягт ирсэн мэдээлэлд үзлэг хийлгэх талаар хэн аль нь хүссэн. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд уг ажиллагааг анхан шатны шүүх хийж баримтжуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Талууд дээрх үйл баримтад маргаж байгаа, энэ талаарх цахим баримт бичмэл хэлбэрт байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд шүүхээс хийх ажиллагаа бүрэн төгс хийгдээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА