Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0713/З |
Дугаар | 221/МА2023/0486 |
Огноо | 2023-08-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0486
“В х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Т.М
Нэхэмжлэлийн шаардлага: “В х” ХХК болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахыг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 470 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Ц
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0713/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “В х” ХХК-иас ““В х” ХХК болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахыг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “В х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийн татан оролцуулна...” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн гаргасан хариу тайлбар татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага түүний хүрээ хязгаарыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч ... гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгуулах”-аар Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад хүсэлт гаргаж, хариуцагч нарыг хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргасан нь “Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байх ба ... шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Засгийн газар байна .... иймд тухай этгээдүүдэд олгогдоогүй бүрэн эрхийн асуудлаар нэхэмжлэгч маргасан ... нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бусад асуудалд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.
Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт анх удаа хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр хандаж байгаа асуудал биш бөгөөд хүчин төгөлдөр Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан гэрээний үргэлжлэх хугацааг гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр сунгаж, хуваарт өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэхгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, уг үүргээ гүйцэтгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл юм.
Хариуцагч нар нь уг гэрээний хугацааг сунгах эрх бүхий этгээд болох талаар шүүх огт анхаарч үзсэнгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолын дагуу талуудын хооронд байгуулсан 2020 оны 176 дугаар тогтоолын дагуу талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайд нар нь байгуулсан болох нь тус гэрээнд тодорхой заагдсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь манай компанид албан татвар төлөх хугацааг хойшлуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх эрхийг Засгийн газраас шилжүүлэн авсан байх ба уг гэрээний хэрэгжилт, татвар төлж эхлэх хугацаа зэргийг бие даан шийдвэрлэх эрхтэй болно.
Гэтэл шүүхээс байгуулагдсан хариуцагч нарын гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн талаар дүгнэлт огт хийгээгүй мөртлөө манай компанийг албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг шинээр хүсэлт гаргаж байгаатай адилтан үзэж нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь шүүхэд зөвхөн хариуцагч нарын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүйн улмаас шаардлагын хэмжээнээс хальсан байдлаар дүгнэлт хийж, улмаар энэ байдлын улмаас хэргийн бусад нөхцөлийг дүгнээгүй орхигдуулсан.
Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “...Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д заасан “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заасныг зөрчиж хариуцагч Сангийн яамны нотлох баримтаар өгсөн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дугаартай хариу хүргүүлэх тухай 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/5483 тоот албан тоотуудыг нэхэмжлэгч талд хэрхэн хүргүүлсэн зэргийг шалган тогтоогоогүй, энэ талаарх баримтуудыг цуглуулаагүй бөгөөд бүхэлдээ хариуцагч Сангийн яамны төлөөлөгчийн гаргасан тайлбарт үндэслэж нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
Хэрэгт уг албан бичиг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талд хууль ёсоор хүргэгдсэн үйл баримт байхгүй. Хэрвээ уг татгалзлын үндэслэл болсон албан тоотууд нэхэмжлэгчид зохих журмын дагуу хүргэгдсэн эсэхээс хамаарч энэхүү хэргийн шаардлага үйл баримт өөрчлөгдөх байсан.
Хариуцагч Сангийн сайдыг төлөөлж шүүхэд гаргасан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тайлбар, түүнд хавсарган өгсөн нотлох баримт нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан тайлбар, нотлох баримт байх ба хэрэгт дахиж нотлох баримт тайлбар өгөөгүй байна. Учир нь хариуцагчаар оролцож байгаа Сангийн сайдаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөөлөгч нарт итгэмжлэл олгосон тул уг тайлбар нь хууль ёсны гэж үзэх, шүүх хуралдаанд оролцсон байр суурь нь жинхэнэ хариуцагчийн гаргасан байр суурь гэж үзэх үндэслэл байхгүй юм.
Гэтэл хэрэгт ижилхэн эрх хэмжээ бүхий хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд өөрийн хууль бус үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн, гэрээний хугацааг сунгах үндэслэл бүхий нөхцөл байгаа талаар бодит санал гаргасан байгаа болно.
3.2. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох хууль ёсны эрхийг нь зөрчиж, эзгүйд хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй боломжгүй болохоо илэрхийлж, хүсэлтээ холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч энэ нөхцөлийг авч үзээгүйн улмаас шүүхэд мэтгэлцэх эрх нь зөрчигдөж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байхад шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг огт танилцуулаагүй, уг хүсэлтийг хэлэлцээгүй байгаа болно.
Улмаар нэхэмжлэлийн шаардлага хэргийн үйл баримтын талаарх биш урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгож,% нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг тодорхойлж шүүх хуралдааныг явуулсан нь шүүх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болох бөгөөд энэ нь хэргийн шийдэлд нөлөөлж байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 470 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...4. Хариуцагч нараас тус компаниас гэрээнд заасан хугацаанд хойшлуулсан, мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар албан татвар төлөх хугацааг нэг удаа 2 жил хүртэл хугацаагаар сунгах болно, үүнээс өөрөөр дахин 2 жил хүртэл хугацаагаар сунгана гэсэн эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхаас гадна тус шийдвэрийг гаргах эрхий бүхий этгээд нь Засгийн газар биш байх тул Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайд” биш гэсэн тайлбарыг үндэслэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасныг үндэслэн хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж шийдсэн байх ба ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг баримтлан давж заалдах шатны шүүхийн харьяалах маргаан гэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас эрхийг олгоод гэрээнд байгуулсан гэрээний үйлчлэлийн талаар маргаж байхад шинэ захиргааны акт гаргах асуудал мэтээр шүүхээс дүгнэж хариуцагч нарыг жинхэнэ хариуцагч биш гэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Маргааны зүйл нь өөрөө захиргааны гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй. Захиргааны гэрээнд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх учиртай. Маргаж буй захиргааны гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээний үйлчлэлийг зогсоохоор маш тодорхой заасан ба тухайн нөхцөл үүссэн даруйд гэрээнд заасан арга хэмжээ авахыг гэрээний талуудаас хүссэн ба гэрээний нэг тал болох Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс зөвшөөрч гэрээг сунгахыг Сангийн сайдаас хүссэн байдаг. Хууль ёсны итгэлийг хамгаална гэдэг суурь зарчим нь захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтнаас ирээдүйд үүсэх үр дагаврыг шийдвэрлэхээр харилцан тохирсон заавал биелэгдэх амлалт байдаг.
Гэтэл гэрээнд заасан нөхцөл байдлыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн заалтыг зөвхөн нэг удаа хэрэглэх зохицуулалт гэж шийдвэрлэж байгаа нь алдаатай. Учир нь хариуцагч нь өөрийгөө жинхэнэ хариуцагч биш гэх атлаа Засгийн газрын нэрийн өмнөөс хуулийг буруу тайлбарлан татгалзсаныг шүүх шийдвэртээ үндэслэл болгожээ.
“В х” ХХК-ийн хувьд Засгийн газраас шийдвэрээ гаргачихсан ба Засгийн газрын төлөөлж хариуцагч нар гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл гэрээгээр талуудын хүлээх үүрэг хариуцлага тусгай зохицуулалт тодорхой тусгагдсан учраас Засгийн газраар шийдвэр гаргуулах шаардлагагүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үйл ажиллагаа хийхийг хариуцагч нараас шаардсан ба Засгийн газраас шийдвэр гаргуулах үйл ажиллагааг огт хэлээгүй юм.
Энэ төрлийн захиргааны гэрээний зохицуулалт процессын хувьд хэрхэн явагддаг талаар шүүх бодитой баримт цуглуулаагүйгээс илэрхий зөрүүтэй шийдвэр гаргасан. Хэдийгээр хэрэгт байхгүй боловч Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор “М б м” ХХК-ийн гаалийн албан татварын 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх шийдвэр гарсан ба уг гэрээний хугацаа дуусахад 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сангийн сайдын гэрээг сунгасан үйлдлийг баталж 191 дүгээр тогтоол шинээр гарсан байдаг. Гэхдээ энэ шийдвэр хожим нийтэд илт болсон тогтоол бөгөөд энэ талаарх процессын талаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүйгээр шийдвэрлэсэн нь алдаатай байна. Мөн хариуцагчийн зүгээс өгсөн татгалзал нь үйл баримтынхаа хувьд ч хууль хэрэглээнийхээ хувьд ч зөрүүтэй байгааг шүүх үндэслэлгүйгээр шийдсэн. Мөн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагч нарыг жинхэнэ хариуцагч биш гэж үзсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь алдаатай байна.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан хэлэлцэх өдөр хүүхдийн нүдний яаралтай эмчилгээний улмаас 3 дугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд илгээсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчгүйгээр хийсэн. Ийнхүү хийхдээ нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөвтгөн тайлбарлах боломжийг олгоогүй ба мөн өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхийн туслах руу хүсэлт хүлээн авахгүй бол цахимаар оролцох боломжтой болохоо илэрхийлсэн ч тухайн өдөр туслах нь шүүгчийн шалгалттай байж таарсан. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн харьяалалтай ба 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэг өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлага үүссэн болохыг өмнөх хуралдаан дээр илэрхийлсэн ба төлөөлөгчийн зүгээс яаралтай хүндэтгэн үзэх шалтгаан учирсан талаараа нотлох баримтуудыг шүүхэд илгээсээр байтал оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан нь мэтгэлцэх боломжийг олгоогүй шийдвэр гаргасан.
Иймд 470 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгч “В х” ХХК-иас Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад тус тус холбогдуулан ““В х” ХХК болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахыг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анхан шатны шүүхээс “...Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ... албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Засгийн газар байна, ...Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайд нараас “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацааг сунгах боломжгүй, өөрт нь хуулиар эрх олгогдоогүй гэсэн үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэлтэй...” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Учир нь хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор “В х” ХХК-ийн “Х Э Ц” төслийн үйлдвэрт зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар сунгах, импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу ангилан баталж, техник тоног төхөөрөмжийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлж байхыг Сангийн сайдад үүрэг болгож, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван талт гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгожээ.
2.4. Ийнхүү Засгийн газраас эрх олгосны дагуу Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нар нь “В х” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 93/188А/ВХ-08/20-16 дугаартай “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай” гурван талт гэрээг байгуулж албан татварыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
2.5. Нэхэмжлэгч “В х” ХХК-иас дээрх гурван талт гэрээний хугацааг сунгуулахаар Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч нараас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг удаа дараа нэхэмжлэгчид хүргүүлсэн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасантай нийцжээ.
2.6. Нөгөөтээгүүр, Засгийн газрын шийдвэрээр албан татвар төлөх хугацааг сунгасан гурван талт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний хугацааг сунгах эрхийг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад олгоогүй байх төдийгүй энэхүү эрх нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гагцхүү Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар байна.
2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Сангийн яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/5099, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/5483 дугаар албан бичгүүдийг нэхэмжлэгч талд хэрхэн хүргүүлсэн зэргийг шалган тогтоогоогүй...” гэж тайлбарлан маргах боловч дээрх хариу хүргүүлсэн албан бичгүүдийг нэхэмжлэгч компанид хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаарх баримт нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой гэж үзэхээргүй байх төдийгүй анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
2.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сангийн сайдаас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөөлөгч нарт итгэмжлэл олгосон тул 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг хариуцагчийн гаргасан байр суурь гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлын тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар шүүхэд ирснээс хойш итгэмжлэл нь олгогдсон гэж үзэхээр байх боловч уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас өмнө өгсөн тайлбараа дэмжиж оролцсон байх тул тэдний тайлбарыг “хариуцагчийн албан ёсны байр суурь гэж үзэхгүй” байх үндэслэлгүйн зэрэгцээ анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2.9. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э-ээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны явцад “хэргийн материалтай танилцах хүсэлт” гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад товлож, хэргийн оролцогч нарт товыг мэдэгдсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан 10 цаг 05 минутад эхэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгджээ.
2.10. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-аас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон холбогдох баримтыг боломжит хугацааны өмнө шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаан эхлэх цагтай зэрэгцэн 10 цаг 03 минут, 10 цаг 05 минутад тус тус ирүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгчийн бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хувьд шүүх хуралдаанд оролцох эрх, боломж нь нээлттэй байсан бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН