Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00115

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч С.Ёндонсамбуу

Хохирогч Л.Болд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Шүүгдэгч С.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сансарын Дашцэрэнд холбогдох Эрүүгийн 201614000164  дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

         Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндар сумын Яргуйт багийн Толгодын 30-06 тоотод оршин суух, дээд боловсролтой, Улс төр судлаач, төрийн захиргааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сансар овогт Сансарын Дашцэрэн /ФБ86011616/

                                Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч С.Дашцэрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 30-06 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн ах С.Бумтивтэй маргалдан түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

1. Шүүгдэгч С.Дашцэрэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цаг 10 минутад манай гэрт ах Бумтив орж ирсэн. 3 литр машины масло өдөр хүнээр өгөөд явуулна чи авчихаарай өдөр гэртээ байна биз дээ гэхээр нь би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч гарна, өөрөөр гэрээсээ гарахгүй гэж хэлсэн. Бид хоёрын дунд ийм яриа өрнөөд ах маань ажилдаа явсан. Энэ үед ах архи дарс уугаагүй эрүүл байсан. Өглөө 08 цагт би бага охин Ариунболорыг “Унага” цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирсэн. Энэ үед манай гэрт хадам ахын охин Алтансувд байсан. Тэгээд би 15 цаг 30 минутад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар гэрээсээ гараад 17 цаг 10 минутад гэртээ орж ирсэн. Ингээд хоёр хүүхдийнхээ хувцсыг нь солиулаад дүү Алтансувдаар гал дээр цай чануулаад, би өөрөө банштай цай хийх гээд баншны мах татаат байж байтал 17 цаг 35 минутын орчимд гаднаас Бумтив ах нэлээн согтуу байдалтай орж ирээд орон дээр суусан. Тэгэхээр нь би цай хийж өгсөн чинь уугаагүй, харин халааснаасаа 10.000 төгрөг гаргаж ирээд надад хадгалчих гээд өгсөн. Би тэр мөнгийг нь бурханы доод талын шүүгээнд хийж хадгалсан. Тэгээд сууж байснаа надаас 500 төгрөг байна уу гэж асуусан. Би архи уусан хүнд их дургүй, уур хүрээд байдаг болохоор жаахан янзгүй дүр үзүүлж, уцаарлаж надад ямар мөнгө байдаг юм бэ гээд уурласан чинь Бумтив ах тэгвэл миний 10.000 төгрөгийг аваал ир би архи авч ууна гэхээр нь би архи ууж ирчихээд дахиад архи ууж яах гээд байгаа юм бэ одоо гэртээ ороод амар гээд уурлангуй хэлсэн. Тэгтэл Бумтив ах чам шиг муу алуурчин,  чи муу эцэг, эх, ахынхаа махыг идээд шороонд булаад хаясан биз дээ, би чиний мөнгөөр архи ууж байгаа юм уу гэхээр нь би өөдөөс нь бас уурлан яадаг юм бэ би эхийгээ алж идээд дээд сургууль төгссөн. Тэглээ гээд би ямар чам шиг өдөр болгон хар ус гударч ирдэггүй гэж хэлсэн чинь Бумтив ах уурлаад босож ирээд ална шүү пизда минь чи муу хадмынхаа бөгсийг долоож амьдарч байгаа биз дээ гээд босоод ирсэн. Энэ үед би заазуураар мах хэрчээд зогсож байсан бөгөөд тэрийгээ хаяад ахыг заамдаж аваад одоо харь орон гэртээ харь, битгий гэрт орж ирээд гай болоод бай хүүхдүүд айгаад уйлаад байна гэсэн чинь Бумтив чиний муу жингэр хоёр хүүхэд надад ямар хамаатай юм бэ гэхээр нь би уурлаад заамдаж аваад үүд рүү түлхсэн чинь унаагүй надтай барьцалдаад үүд рүү явсан. Ингэж ноцолдож байхад гэрийн унь миний толгой дээр унасан бөгөөд би унийг буцааж хийгээд махаа татаад байж байсан чинь манай шүүгээнд байсан хоёр хутганы хар иштэй хар иштэй хутгыг аваад надруу чиглүүлээд хутгаа шидээд чи муу намайг алахгүй юу гэсэн тэгэхээр нь би газар унасан хутгыг аваад шүүгээнд хийх гээд гартаа бариад босоод явтал Бумтив өөдөөс чамайг ална гээд гүйгээд ирсэн. Тэгээд гэнэт өөдөөс ална гээд гүйгээд ирсэн бөгөөд энэ үед би зүүн гартаа хутгатай байсан ба сандарсан юм уу яасан юм мэдэхгүй надтай ирж барьцалдаж авах үед Бумтивын хэвлий рүү хутга орчих шиг болсон. Талийгаач ах бас өөрөө их эвгүй дуугарсан. Тэгээд би гартаа барьсан хутгаа хартал талигаачийн хэвлий рүү орсон байсан. Хутгаа сугалж аваад хартад манай хар иштэй хутганы талаас нь урагш цус болсон байсан. Ах хутгалуулчихаад гараад гүйсэн. Би цустай хутгыг харчаад улмаар шар өнгийн ширээний алчуураар хутганы цусыг арчаад гутлаа өмсөөд гартал ах хашаан дотор доошоо тонгойгоод өвдөглөөд эвхрээд хэвтсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ оруулж ирээд та яаж байгаа юм бэ гээд өөрийнхөө утсаар 103 руу залгаж түргэн дуудсан. Би түргэнд айж сандарсандаа гаднаас ах маань хүнд хутгалуулчихаад ороод ирлээ хурдан ирээрэй гэж хэлсэн. Түргэн 20 гаруй минутын дараа ирсэн. Би эмчид ах маань гаднаас хутгалуулаад орж ирээд хашаан дотроо хэвтэж байсан гэж худлаа хэлсэн. Тэгээд ахыг эмнэлэг рүү аваад явсан. Би хоёр жаахан хүүхэдтэй байсан болохоор хамт явж чадаагүй. Айж сандарсан байсан болохоор өөрийгөө хутгалсан гэдгээ нуугаад Бумтив ахын хамтран амьдрагч Нарангэрэл эгчийн утас руу яриад сая ах гаднаас хутгалуулж орж ирээд би түргэн дуудаад түргэн рүү явуулчихлаа. Би хүүхдүүдтэйгээ байгаа учраас явж чадсангүй та очоорой гэж хэлсэн. 1 цагийн дараа намайг эмнэлэг дээр очиход ах маань амьсгал хураасан байсан. Би тухайн үед их айж сандарсан байсан учраас ах дүү нарынхаа хэнд нь ч хэлээгүй. Гаднаас хутгалуулж орж ирээд хашаандаа хэвтэж байсан л гэж хэлсэн. Ингээд цагдаа дээр очоод гэрчийн мэдүүлэг надаас авахад би бас худлаа мэдүүлж, гаднаас хутгалуулчихаад орж ирээд хашаандаа хэвтэж байсан. Авраарай гэж хашгирахаар нь гарч харж мэдсэн гэж хэлсэн. Манай хоёр хүүхэд жаахан учраас юмны учир ойлгохгүй байсан бөгөөд тэр үед хамт байсан дүү Алтансувдад би ах нь хүн алсан болно тэгэхээр чи цагдаа болон хүн асуувал Бумтив ах гаднаас хүнд хутгалуулж орж ирээд хашаанл хэвтэж байхад нь ахыгаа оруулж ирсэн гэж хэлээрэй тэгэхгүй бол ах нь хүн алсан болох гээд байна шүү гэж үг зааж өгсөн гэв.

2. Хохирогч Л.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  С.Дашцэрэн миний дүүгийн хүүхэд байгаа юм. Талийгаач дүү архи их уудаг байсан. Архи уухаараа их агсан согтуу тавьдаг байсан. С.Дашцэрэн нь гэртээ амьдралын төлөө зүтгэдэг ганц хүн нь юм. Талийгаач нь архи уухаараа дандаа агсан согтуу тавьдаг байсан. Гэр орон нь хоригдож байсан хугацаанд нь шатсан. С.Дашцэрэнгийн дүү Алтансувд гэртээгээ шатаж амь үрэгдсэн. Ялыг нь хөнгөлж өгөөч гэж шүүгч нараас хүсэж байна. Гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.

3. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач Бумтивын биед хэвлийн урд хананд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний хөндпөн хэсгийн урд болон арын хана, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэн байсан. Талийгаачийн биед үүссэн шарх нь хэвлийн урд ханыг нэвтэлж, гол судас хүрсэн байгаа, шархны орчимд хэвлийн булчинд цус хурсан зэргээс үзэхэд чиглэсэн, хүчтэй хүч үйлчилсний улмаас уг гэмтэл үүссэн байх боломжтой. Хүний гарын хүчээр үүсэх боломжтой яг тийм хэмжээний хүч гэж хэмжих боломжгүй. Уг гэмтэл нь хохирогчийг хэвтээ, босоо байрлалд байхад урдаас арагш чиглэсэн хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Шархны байдлаас үзэхэд хутганы ажлын хэсэг босоо байрлалд байсан ба ажлын хэсгийн ирмэг дээшээ харсан байх боломжтой байгаа, мөн урдаас арагш, эгц чиглэсэн байгаа. Орон дээр сууж байхад бөгтийгөөгуй, гэдийсэн байдалтай байхад уг шарх үүсэх боломжтой. Том судас гэмтэж богино хугацаанд их хэмжээний цус алдсан тул эмнэлэгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй байсан. Гол судсыг гэмтээсэн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Хэвлийн хөндийг нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн гэмтэл нь эмнэлэгийн тусламж үзүүлээгүй тохиолдолд гэдэсний агуулахуудын хэвлийн хөндийд сул гарсанаас ерөнхий хордпогод орж нас барж болно. Гол судсанд ийм шарх үүссэн тохиолдолд маш богино хугацаанд их хэмжээний цус алддаг тул богино хугацаанд амьд байх ба цус алдалтын шок үүстэл богино хугацаанд сууж босох, явах зэрэг, хөдөлгөөн хийж болно. 2.6 промиль согтолттой хүнд ухаан балартах, рефлекс болон өвдөлтийг мэдрэхгүй сулрах биеийн температур, судасны цохилт, амьсгалын тоо буурах шинжүүд илрэх ба өөрийгөө ухамсарлан дүгнэх чадвар буурна өөрийгөө гэмт халдлагаас хамгаалах чадвар багсана гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 117-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 11-ны өдрийн 2390 дугаартай “Мөр судлалын шинжилгээний”

а. Шинжилгээнд        ирүүлсэн бор саарал өнгийн дөрвөлжин хээтэй ноосон цамц богино ханцуйтай саарал цамц, богино ханцуйтай хар өнгийн цамцнуудад хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас 1 багаж зэвсгийн, тус бүр 1 удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд гарсан байна.

Мөн бор саарал өнгийн дөрвөлжин хээтэй ноосон цамц, богино ханцуйтай саарал цамц, цайвар ягаан цамцнуудад татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна. Ханзарсан уранхайнууд нь эсэргүүцэл үзүүлсний улмаас гарах боломжтой. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

Түүнчлэн хар хөх өнгийн биеийн тамирын өмдөнд хатуу мохоо зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр гогодсон шинэ уранхай гарсан байна.

Ягаан саарал хөндпөн судалтай дотуур өмдөнд татах чангаах хүчний үйлчлэлээр ханзарсан хуучин уранхай. Хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр эдэлгээний явцад гарсан хуучин уранхай. Мөн эдэлгээний явцад сэмэрсэн хуучин уранхай гарсан байна.

б. Шинжилгээнд ирүүлсэн заазуур, хутагнуудыг буруу битүүмжилж ирүүлснээс утасны сэмэрдэс илэрээгүй тул алинаар нь үүссэнийг тогтоох боломжгүй.

в. Уранхайнууд нь хохирогч болон сэжигтэн нарын ямар байрлалд байхад гарсаныг тогтоох криминалистикийн шинжилгээний аргачлал байхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 139-140-р хуудас/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 13-ны өдрийн 3021 дугаартай “Биологийн шинжилгээний”:...

а. С.Бумтивийн гэх хумсны дээж, гуталны түрий хэсэгт, хар хүрэн эрээн ноосон цамц, саарал цамц, дотоож саарал өмд дээр цус илэрсэн. Энэ нь 0/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцас, үсний дээж дээр цус илрээгүй. Биологийн бусад ул мөр илрээүуй.

б. С.Дашцэрэнгийн   гэх ногоон хүрэм дээр цус илэрсэн энэ нь 0 /I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцас үсний дээж дээр цус илрээгүй, биеологийн бусад ул мөр илрээгүй.

            в. Хэргийн газраас авсан гэх савхин хүрэм дээр цус илэрсэн энэ нь В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Биеологийн бусад ул мөр илрээгуй.

г. Хэргийн газраас хураан авсан алчуур, заазуур, хутагнууд дээр цус болон р биологийн бусад ул мөр илрээгүй.

д. С.Бумтивын гэх хатаасан цус 0 /I/ бүлгийн цус байна.

е. С.Дашцэрэнгийн гэх хатаасан цус В/III/ 3 бүлгийн цус байна гэх дүгнэлт /хх-ийн 153-р хуудас/

6. Шинжээч Ж.Должмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 04 сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтүүдийг комиссын бүрэлдэхүүнтэй буюу сэтгэцийн их эмч Л.Бүдсүрэн, мэдрэлийн эмч С.Энхмаа нарын хамт гаргасан. Дүгнэлтийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмчийн албан өрөөнд асуумж хэлбэрээр болон хавтаст хэрэгтэй танилцаж гаргасан. С.Дашцэрэн нь болсон үйл явдлыг зөв дарааллаар ярьж байсан бөгөөд үйл явдлыг цэгцтэй буюу өөрийнхөө хийсэн үйлдлийг зөв дараалалтай ярьж байсан учир сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан үйлдэл бол байхгүй байсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 135-р хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч Н.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....С.Бумтив ахыг танина. Манай ээж Нарангэрэлтэй Бумтив ах одоогоос 5 жилийн өмнөөс танилцаж улмаар манай ээж Бумтив ахтай нэг гэрт хамтран амьдардаг байсан юм. Бумтив ах зан байдлын хувьд энгийн л зантай их сайхан зантай, надад бол их сайхан ханддаг намайг миний хүү гэж дууддаг байсан. Архи бол хааяа уудаг бөгөөд архи уухаараа их агсан тавьдаг юм шиг байна лээ. Миний хажууд бол ээжтэй муудалцаж маргалдаж байсан зүйл байхгүй. Би эмээгийндээ байдаг бөгөөд хааяа ээж Бумтив архи уугаад агсан согтуу тавиад хөөж туугаад гээд нүд ам нь хөхөрсөн орж ирдэг байсан. Хааяа хөөгөөд зодож цохиод агсан тавиад байна гээд эмээ бид хоёр очиж авч байсан. Архи уухарааа л муухай зантай болчихдог юм тэрнээс эрүүлдээ бол яадаг ч үгүй зүгээр байдаг. Ээжийн амьдарч байгаа хашаа гэр нь Бумтивийн ахын гэр хашаа байгаа юм. Хашаандаа дүү Дашцэрэнгийнхээ хамт амьдардаг. Гэхдээ тус тусдаа гэрт амьдардаг байсан. Ээж маань аль болох арга эвийг нь олох гэж явдаг байсан. Бумтив архи уухгүй л бол их сайн хүн байгаа юм. Би эмээгийндээ байдаг бөгөөд 2016 оны 02 сарын эхээс буюу цагаан сараас хойш Бумтив ахын гэрт очоогүй. Тэр өдөр би хичээл дээрээ байж байсан чинь манай эгч Оюунгэрэл надруу яриад аав чинь хутгалуулсан эмнэлэг дээр байна хүрээд ир гэж хэлсэн тэгээд би хичээлээ тараад эмнэлэг дээр очсон чинь нас барсан байсан. Хэн хуталсаныг мэдээгүй. Ямарч байсан хутгалуулаад нас барсан гэж сонссон. Дашцэрэнг Бумтив ахын төрсөн дүү нь гэдэг утгаар танина. Нэг хашаанд амьдардаг юм. Эхнэр Отгонбаяр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Дашцэрэн ах зан байдпын хувьд гайгүй их ажилсаг юм шиг л харагддаг юм. Бумтив ах согтуу ирээд дандаа дүүдээ агсан тавьж дүүгээ зодож цохиж гэрт нь орж агсан тавьдаг гэж сураг сонсож байсан, 2016 оны цагаан сараар гэрт нь орж зодоод агсан тавьж гэрийнх нь эд зүйлийг эвдэлж бусниулсан гэж сонсож байсан хоорондоо их таарамж муутай байдаг юм шиг байна лээ. Дашцэрэн ах бол архи бол уудаггүй юм. Дашцэрэн ахынд амьдардаг 4 дүгээр ангид сурдаг охиныг мэднэ. Нэрийг нь мэдэхгүй ганц хоёр удаа зүс харж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас /

8. Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... С.Дашцэрэн бол миний нөхөр байгаа юм. Нөхөр Дашцэрэн нь 1986 аны 01 сарын 16-ны өдөр төрсөн, айлын бага хүүхэд. Надтай танилцах үед нөхрийн маань ээж, аав нас барсан байсан. Дээрээ хоёр ахтай гэж байсан бөгөөд нэг ах нь сураггүй алга болсон нас барсан гэж хэлж байсан. Төрсөн ганц ах нь Бумтив гэж хүн байсан юм. Нөхөр Сансарын Дашцэрэнтэй 2008 онд Орхон аймагт Жаргалант суманд ногоо хураалтын ажилд ажиллаж байхдаа танилцаж улмаар дотно харьцаатай болж 2009 онд гэр бүлээ батлуулан албан ёсны гэр бүл болсон. Бид хоёрын дундаас том охин Ариунзаяа 2010 онд төрсөн, одоо Одод цэцэрлэгт хүмүүжиж байгаа, бага охин Ариунболор 2012 онд төрсөн одоо Унага цэцэрлэгт хүмүүжиж байна. Бумтив ах нөхрийг маань хадмыгаа асарч доошоо орлоо бөгсийг нь долоож амьдарлаа гээд хөөж байсан, Аав маань ч энэ байдлыг мэдээд тав тухгүй байсан учраас буцаж явж байсан. Энэ мэтчилэн ер нь 7 хоногт дунджаар 4-5 удаа бол байнга орж ирээд агсан согтуу тавьж гэр орны эд зүйл эвдэлж буулгадаг байсан. Мөн манай нөхрийг зодож цохиж байсан манай нөхөр тэвчихгүй байдлаас болж нэг удаа гар хүрч хавирагыг нь хугалж гэмтээж байсан. 2014 онд байсан санаж байна. 2016 оны 02 сард цагаан сарын шинийн нэгэнд айл руу хамт явсангүй гэж гэрт орж ирээд гэрийн эд зүйлийг эвдэлж нураагаад, улмаар униар манай нөхрийн духруу цохиж хагалж байсан. Чамайг ална гээд заналхийлээд цохиод байсан би дундуур нь орж салгахад чам шиг гичийд хамаагүй би өөрийнхөө дүүг алах алахгүйг өөрөө мэдэж байна гэж хэлж байсан. Би арай гэж салгаж авч байсан. Тэр өдөр би ажилдаа 08:00 цагт явсан орой 19 цагт тардаг юм. Ажил дээрээ байж байсан чинь 18 цаг өнгөрч байхад Дашцэрэн над руу өөрийнхөө 95258895 дугаарын утсаар манай ажлын газрын хүний утсаар дамжуулан яриад Бумтив ах бие нь муудаад би түргэн дуудаад явуулчихлаа гэж л хэлсэн. Би яасан юм бэ гэж асуухад сандарсан байдалтай байсан олигтой юм яриагүй утсаа тасалсан бөгөөд эргэж залгаад Бумтив ах хашаанд хүнд хутгалуулсан байдалтай орж ирээд бие нь муудаад эмнэлэгрүү явуулсан гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр байна хүрээд ир гэж хэлсэн улмаар манай ажил дээр 10- 20 минуты н дараа ирээд бид хоёр эмнэлэг рүү хамт явсан. Тэгээд явж байхдаа хэргийн талаар юу болсон талаар надад юу ч яриагүй дуугаа яваад байсан, их сандарсан байдалтай байсан. Ингээд эмнэлэг дээр ирсэн чинь нас барсан гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ яваад Дашцэрэн цагдаа руу явсан. Улмаар орой нь Дашцэрэнг хорьсон байсан би ахынхаа амь насыг хохироосон буруутай үйлдэл хийсэн юм байна гэж ойлгосон. Энэ хэрэг гарах үед манай гэрт 6 настай охин Ариунзаяа, 4 настай Ариунболор мөн манай төрсөн ах Ганболдын охин Аптансувд байсан. Алтансувд угаасаа манайд амьдардаг юм. Сургуульд ороод л манайд ирсэн. Манай ахынх хөдөө байдаг юм. Аптансувдаас яг юу болсон гэж одоо хүртэл асууж амжаагүй байна. Алтансувд надад хэлэхдээ цагдаа нар надаас мэдүүлэг авсан би түүн дээр болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн гэж хэлсэн. Надад бол юу болсон талаар нарийн хэлээгүй. Манай хоёр охин бол юу ч мэдэхгүй байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 53-54-р хуудас /

9. Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Би Орхон аймгийн хот тохижуулах газарт ачигчаар ажилладаг юм. Би жолооч Бумтивийн хамт ажилладаг. Өнөөдөр би 16 цаг болж байхад ажлаа тараад хамт ажил хийдэг жолооч Төрөө ахын машинаар Бумтив, жолооч Алтанхуяг бид нар хотын төв рүү яваад Алтанхуяг ах 1-р микрийн 3-р байрны гадна буугаад Төрөө ах, Бумтив бид гурав цаашаа явсан. Бид гурав цаашаа яваад гэр хороололын эцсийн буудлын тэнд байдаг дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи аваад манай гэрийн урд байдаг Дашбалбар гэж айлд очсон. Тэдний гэрт очоод авсан архиа Дашбалбар, Бумтив бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусаад Бумтив, Төрөө ах бид гурав буцаж хотын төв орж манай хүүхдийг “Унага” цэцэрлэгээс авсан. Манай хүүхдийг авсаны дараа 5-р микрийн 18 дугаар байрны урд талын дэлгүүрээс 0,33 граммын нэг шил архи аваад 5-р микрийн 18 дугаар байрны хажуу талд зогсож байгаад авсан архиа Төрөө ахын машинд сууж байгаад Бумтив бид хоёр хувааж уусан. Архиа ууж дуусаад явсан. Намайг хүүхэдтэй минь 6 дугаар микрийн нэг дүгээр байрны урд талд буюу Дэнж, Эрдэнэ баг руу машин явдаг буудал дээр буулгаад Төрөө ах Бумтив хоёр цаашаа явсан. Би тэндээс хүүхдээ аваад гэртээ харьсан. Бумтив, Алтанхуяг, Төрөө нарын хамт ажил дээрээс гарсан. Миний санаж байгаагаар бид нарыг ажил дээрээс гарах үед 16 цаг болж байсан байх. Бид нар ажил дээрээс гарахдаа архи дарс уугаагүй эрүүл байсан. Бид нар архиа ууж байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Бумтив, Төрөө хоёр гэр гэртээ харина гээд явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-56-р хуудас/.

10. Гэрч Ц.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Бумтивийг өнөө орой 17 цаг 30-40 минутын орчимд гэрт нь хүргэж өгсөн. Тэднийх хуучнаар Их залуу багийн ДӨТ-1 барилгын материалын дэлгүүрийн арын гудамжинд байдаг юм. Би талийгаач Бумтив болон түүний ачигч Бямбадорж нартай Хот тохижуулах газрын хашааны гаднаас өөрийнхөө машинтай гурвуулаа хөдлөж 5-р микрын араар явсаар Булаг багийн хуучнаар “Хүрэн” дэлгүүрээс 0,5 литрийн Монгол Стандарт архийг талийгаач мөнгө гаргаж авсан юм. Тэгээд тэндээсээ хөдөлж Дэнж багт мөн манай байгууллагад ажилладаг хог ачигч Балбарын гэрт очиж нөгөө авч явсан архиа уусан юм.Тэгээд ачигч Бямбадоржийн цэцэрлэгт явдаг хүүхдийг авахаар хотын төв орж хүүхдийг нь аваад 5-18-р байрны хажууд зогсож байгаад миний машин дотор тухайн байрны дэлгүүрээс авсан 0,33 литрийн архиа Бямбадорж, талийгаач хоёр хувааж уусан юм. Тэгээд тэндээсээ хөдлөж явсаар 6-1-р байранд Бямбадоржийг хүүхэдтэй нь буулгасан юм. Бямбадорж Дэнж багт байдаг болохоор тэнд буусан юм.Тэгээд чигээрээ явж “Жаст ойл” ШТС-йин хажуугаар хойшоо эргэж, Их залуу багийн сургуулийн урдуур явсаар Дөт-1 дэлгүүрийн арын гудамжинд наад талаасаа 3 дахь хаалганд талийгаачийг буулгаж өгөөд Шанд багийн 22-2 тоотод байрлах гэртээ харьсан юм. Тэрнээс хойш талийгаачтай уулзаагүй. Би талийгаачийг 17 цаг 40 минутын үед буулгасан. Би талийгаачийг хашааны ар талын жижиг хаалганы харалдаа буулгаад эргээд төв замруу ороход 17 цаг 40 минутанд явдаг ажилчдын автобус явж байсан юм. Талийгаач машинаас гараад шууд хашааруугаа орж байсан. Талийгаач миний машинаас буухдаа хүрэн өнгийн богино савхин куртиктэй, түүний дотуур цэнхэр өнгийн ноосон цамцтай, доогуураа саарал өнгийн давуун өмдтэй, хар өнгийн урт түрийтэй хоромон гуталтай байсан. Бид нар архи ууж байхад хоорондоо маргалдсан, зодолдсон зүйл байхгүй зүгээр байсан. Машинаас буугаад өөрөө алхаад зүгээр хашааруугаа орсон. Талийгаач өөрийгөө хянах чадвартай, бага зэргийн согтолтой байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/

11. Гэрч Н.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулсан зүйл байхгүй, хамтран амьдраад 4 жил болж байна. Талийгаачийг С.Бумтив гэдэг байсан бөгөөд 1977 оны 06 дугаа сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн Сансар гэж хүний том хүү болж хорвоод мэндэлсэн, эцэг эхээсээ хоёулаа бөгөөд доороо нэг эрэгтэй дүүтэй, Бумбативын төрсөн эцэг нь Сансар гэж хүн байсан бөгөөд 1998 онд өвчнөөр нас барсан. Төрсөн ганц дүү нь Дашцэрэн гэдэг одоо Орхон аймагт манай хашаанд тусдаа гэрт эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би талийгаачтай 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар найз нартайгаа баяр тэмдэглэж байгаад танилцаж, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэг гэрт орж, нас барах хүртэл нь нэг гэрт амьдарсан. Төрсөн дүү Дашцэрэн нь 2014 оны 04 сараас эхлэн манай хашаанд тусдаа гэрт нэг хашаанд одоог болтол амьдарч байгаа. Миний хань хот тохижуулах газарт жолоочоор ажилладаг бөгөөд сарын 450.000 төгрөгний цалинтай ажил хийдэг байсан. Бүрэн дунд боловсролтой хүн байсан. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр талийгаач амарсан. Долоо хоногийн Лхагва, Бямба гаригт амардаг бусад өдөрт ажилтай байдаг. Ажил нь 07 цаг 30 минутаас эхлээд 16 цагт дуусдаг байсан. Оройтлоо гэхэд 17 цагт гэртээ ирдэг, гэр амьтай хүн байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын 31-нд гэртээ унтаж амарсан бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 07 цаг 30 минутанд босоод ажилдаа явсан. Би Номин телевизын дэргэд байрлах “Шерон” солонгос хоолны газарт бэлтгэгчээр ажилд орсон бөгөөд өглөө 09 цагаас оройн 23 цаг хүртэл ажилдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талийгаач түрүүлж ажилдаа яваад би гэртээ байж байгаад 09 цагт ажилдаа явсан. Өдөржингөө би ажлаа хийж байсан бөгөөд өдөр 13 цаг 20 минутын үед би өөрийнхөө 94645565 дугаараас талийгаачийн 99368440 гэсэн дугаар руу залгасан чинь утсаа авсан бөгөөд би “юу хийж байна” гэсэн чинь талийгаач “машин бариад явж байна, ярих боломжгүй байна. Дараа ярья” гээд утсаа салгасан. Ингэж ярих үед архи уусан зүйл мэдэгдээгүй. Архи уучихсан бол утсаар ярихад дороо мэдэгддэг бөгөөд хэл ам орооцолдоод үг нь ойлгомжгүй болчихдог юм. Өдөр 13 цаг 20 цагт ярихад архи уугаагүй, машинаа бариад ажлаа хийгээд явж байсан. Ингээд би дахиж яриагүй байж байгаад 15 цаг 30 минутанд дахин залгасан чинь утсаа салгаад байсан. Би өөрийнхөө утсаар 3 удаа залгахад утсаа авахгүй салгаад байсан. Би дахиж яриагүй, холбоо бариагүй байж байгаад 17 цагт залгасан чинь утсаа нэлээн дуудуулж байгаад авсан бөгөөд би “хаана байна” гэхэщд талийгаач “хань нь гражаасаа гараад явж байна, удахгуй харина” гэхээр нь би “чи ямар унаагаар явж байгаа юм бэ?” гэж асуухад дуугарахгүй хариулахгуй байсан. Тэгээд сонссон чинь цаана нь нэг эрэгтэй хүн “пизданууд минь дуугай байгаарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би талийгаачаас “цаана чинь хэн орилоод байгаа юм бэ? миний хань хүнтэй муудалцаж маргалдаад байгаа юм уу? архи уучихсан юм уу?” гэхэд талийгаач “жаахан архи уучихсан байна, манай  хог ачигч нар хоорондоо маргалдаад байна” гэсэн. Би “чи маргалдаад байгаа юм биш үү” гэхэд талийгаач “хань нь маргалдаагүй” гэж хэлээд өөрөө утсаа салгасан. Би талийгаачтай ярьсанаас хойш дахиж залгаагүй, талийгаач ч гэсэн надруу эргэж залгаагүй бид хоёр дахиж холбоо бариагүй байж байгаад би 18 цаг өнгөрч байхад талийгаачийн утас руу залгасан чинь холбогдох боломжгүй дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байсан бөгөөд би гэртээ очсон байж магадгүй гэж бодоод дүү Дашцэрэнгийн 95258895 гэсэн дугаар руу залгаад түүнээс талийгаачийг ирсэн үү гэсэн чинь ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би дахиж залгаагүй холбоо бариагүй байж байтал 18 цаг 40 минутын үед дүү Дашцэрэн нь миний гар утас руу залгаад агаа хашаан дотор авраач гээд орилоод байхаар нь гарч ирээд хартал хашааны дотор газар хэвтсэн хэвлийрүүгээ хутгалуулсан байдалтай байж байсан тэгээд би гэр рүү өргөж оруулаад түргэн дуудаад эмнэлэг явуулчихлаа би өөрөө хоёр хүүхэдтэйгээ хамт байгаа болохоор хамт явж чадсангүй, та шууд эмнэлэг рүү очоорой гэсэн. Ингээд би шууд хүлээн авах тасаг дээр очсон чинь талийгаач ухаангүй насилка дээр хэвтээд дусал залгуулсан, хиймэл амьсгал хийсэн байдалтай байж байсан. Намайг очиход ухаангүй, хүнтэй харьцах чадваргүй байсан бөгөөд хагалгаанд орно гээд аваад явсан боловч 30 гаруй минутын дараа хагалгаа дийлээгүй нас барсан гэж хэлсэн. Талийгаач С.Дашцэрэн нар төрсөн ах дүү хоёр бөгөөд хоорондын харьцаа бол муу байдаг. Ер нь таарч тохирдоггүй. Дүү Дашцэрэн нь архи уудаггүй юм. Талийгаач архи ууж ирхээрээ дүүгийндээ ороод юм хэлэхээр дүү нь өөдөөс нь хэрэлдээд үгийг нь авахгүй тэрнээс болж хэрэлдэж зодолдож маргалдаж байсан. Энэ хоёр урд өмнө нь хэд хэдэн удаа зодолдож маргалдаж байсан. 2015 оны 12 сард зодолдоод дүү нь ахынхаа хавиргыг хугалж байсан. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй бөгөөд талийгаач хавиргаа хугалуулсандаа өсөрхөөд байдаг юм шиг байна лээ. Согтуу ирэхээрээ дүүгээ ална хядна гээд байдаг юм. Дүү нь хэрүүл хийхээр өөдөөс нь босоод хэрэлдэж маргалддаг гар хүрдэг байсан сүүлийн үед бол ахдаа гар хүрэхээ больсон байсан. Би өөрөө гэртээ байгаа үедээ дүүгийнд нь оруулдаггүй бөгөөд гэртээ унтуулчихдаг юм. Эрүүлдээ бол агаа агаа гээд гүйгээд явж байдаг юм. 2016 оны 02 сард шинийн нэгний өдөр талийгаач согтуу байсан бөгөөд дүү Дашцэрэнтэй маргалдаад улмаар гэрийнх нь унийг аваад духруу нь цохиж гэмтээсэн бөгөөд гэрийг нь юу ч үгүй нураагаад хаясан байсан. Дүү нь тэгэхэд их уурласан байсан. Тэрнээс хойш маргалдаагүй. Манайх 2 хутгатай, нэг том хар иштэй, нэг цэнхэр өнгийн лентээр ороосон хутгатай. Дашцэрэнгийнд нэг цэнхэр лентээр ороосон хутга лав харагддаг юм. Хэдэн хутгатай талаар бол хэлж мэдэхгүй байна. Талийгаач хашаан дотроо орж ирээд газар хэвтсэн байсан. Мөн авраарай гээд орилоод байсан гэсэн. Хэнд хутгалуулсанаа бол хэлээгүй. Хувцасыг нь тайлаад гэр рүүгээ оруулсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-65-р хуудас/

12. Гэрч Н.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... С.Бумтивийг танина. Манай төрсөн дүү Нарангэрэлтэй хамтран амьдарч байсан юм. Бумтив зан байдлын хувьд эрүүлдээ бол энгийн харьцаатай, согтуу архи уухаараа агсан согтуу тавьдаг, ширүүн догшин болдог юм байна лээ. Бид нар руу бол агсан согтуу тавиад байдаггүй бөгөөд ар гэртээ л айдас түгшүүр төрүүлдэг байсан. Манай дүү Нарангэрэлийг зодож цохиж гар хүрдэг, гэр орноосоо хөөдөг байсан. Би хэд хэдэн удаа дуудагдаж очиж авч байсан. Архи  уухгүй бол зүгээр хүн байгаа юм. Архи уухаараа л зан байдал нь эрс өөрчлөгдөг хүн байсан. Дашцэрэнг зүс танина. Их цочимог ууртай бололтой хүн байсан. Байнга харьцаж байгаагүй учраас зан байдлыг хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан архи уудаггүй хүн байгаа юм. Нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд талийгаач Бумтив бас дүүдээ агсан согтуу тавьдаг гэж сураг сонсож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

13. Гэрч Д.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... С.Дашцэрэн бол миний хамгийн бага охин Отгонбаярын нөхөр байгаа юм. Би зургаан хүүхэдтэй бөгөөд Отгонбаяр хамгийн бага нь юм. Манай бага охин Отгонбаяртай С.Дашцэрэн одоогоос 8-9 жилийн өмнө Орхон аймагт танилцаж байсан бөгөөд улмаар гэр бүлээ батлуулж албан ёсны гэр бүл болсон. Манай охин Отгонбаяр хэрэг болсоны маргааш нь надад утсаар хэлсэн. Сураг сонсоход охин ажилдаа явсан эзгүй байх хойгуур нь талийгаач ах нь согтуу ирээд улмаар бас л хэл амаараа доромжлоод зүгээр байлгахгүй дарамталаад байсан учраас хүргэн хүү маань ахыгаа хутгалж амь насыг нь хохироосон гэж л сонссон. Хажууд нь байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би бодохдоо тэсэхгүй байдалд ороод л ийм хэрэг хийсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг/хх-ийн 74-75-р хуудас/

14. Гэрч Л.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08:00 цагаас маргааш өдрийн 08:00 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэж гарсан бөгөөд үдээс хойш 18 цаг өнгөрч байхад манай 7035-103 дугаарын утсанд Их залуу багийн 22-Б-ОЗ тоотод хутгалуулсан хүн байна ухаангүй хүн байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг эмч Батзаяа утсаа авсан бөгөөд дуудлага ирсэн даруйд надад хэлээд, би дуудлаганд 103 дээрээс гараад явсан. Дуудлаганд 10-15 минутын дараа очсон байх. Хаягаар очиход хашаандаа хоёр гэртээ айл байсан бөгөөд зүүн талын гэрт нь өвчтөн түрүүлгээ хараад хэвтсэн ухаангүй байдалтай, хэвлий хэсгээс сэмж гоожиж гарсан, сэмжний үзүүр доод хэсгээр шороо болж бохирлогдсон байдалтай байсан. Гадуураа куртик өмсөөгүй цамцтай байсан бөгөөд цамцыг дээш сөхөж үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт хутгалуулсан шархтай байсан. Шархнаас цус шүүрсэн байдалтай байсан. Намайг гэрт ороход уг айлд бага насны 3 хүүхэд мөн өвчтөний дүү нь гэх нэг залуу байсан. Яаралтай эмнэлэг рүү авч явах хэрэгтэй байна аваад явах уу гэхэд хүүхэд харах хүн байхгүй гээд өөрөө үлдээд ахыгаа эмнэлэг рүү өгч явуулсан. Дүү нь болох залуу ахыгаа гаднаас хутгалуулж орж ирсэн дандаа архи уудаг юм, согтуу байгаа гэж хэлсэн. Гэрт нь үзлэг хийж цус тогтоох тариа хийсэн, дүүгээр нь өргүүлж байгаад хэвлийгээс гарсан сэмжний ариун цэвэр хэсгийг буцаж хэвлий хөндий рүү шахаж ариун боолт хийсэн. Энэ үед өвчтөн өөрөө сэмжнээсээ зулгааж татаад байсан бөгөөд биеийн байдал хүнд, орчиндоо харьцаа сул, архи уусан согтуу, ухаан санаа самуурсан, асуултанд ганц нэг хоёр үгээр хариулж байсан бөгөөд би өвчтөнөөс чамайг хэн хутгалсан бэ гэхэд Ука хутгалсан гэж хэлж байсан. Ука гэж ямар хүн болох талаар бол хэлж мэдэхгүй байна. Ингээд өвчтөнг насильк дээр хэвтүүлэн улмаар тээвэрлэж хүлээн авах тасаг дээр хүргэж ирсэн бөгөөд хүлээн авах тасагт байж байгаад улмаар яаралтай хагалгаанд орох гээд хагалгаанд орохын өмнө хагалгааны өрөөнд нас барсан. Дүү гэх хүнийг танихгүй, урд өмнө харж байгаагүй. 2-3 нялх жаахан хүүхдүүд байсан. Насанд хүрсэн хүнээс тэр дүү нь гэх хүн л байсан. Хажуу гэрт нь хүн байхгүй байх шиг байсан. Ар гэрээс нь заавал хүн явдаг юм гэхэд би жаахан хүүхдүүдтэй яаж явах вэ гэж хэлж байсан. Дүү нь бол эрүүл байсан бөгөөд ах нь гэх өвчтөнөөс архи үнэртэж байсан ба хүнд зэргийн согтолттой байсан. Ямар ч байсан би дүүгээс хэн хутгалсан юм бэ гэхэд дуугарахгүй гаднаас хутгалуулж орж ирсэн гээд байсан. Юм нуугаад байгаа байдалтай байсан. Дүү нь ахыгаа дандаа архи уудаг юм гэж хэлж байсан. Гэрт нь зодоон маргаан болсон шинж тэмдэг бол анзаарагдаагүй. Дүү нь ер нь их дуугарч ядаад асуултанд хариулахгүй байдалтай байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 84-85-р хуудас/   

15. Гэрч Н.Цэнгүүнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... С.Дашцэрэн бол манай ээж Л.Еринжингийн төрсөн эгч Л.Наянжингийн бага хүү нь байгаа юм. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. С.Дашцэрэнгийн төрсөн эхийг Наянжин гэдэг байсан, төрсөн эцгийг нь Сансар гэдэг байсан бөгөөд хоёулаа бурхан болсон. Дашцэрэн нь эцэг эхээс 3-лаа            бөгөөд хамгийн том ах нь Бумтив байсан, дараагийн ах нь Болортив гэж байсан бөгөөд 2008 оноос хойш сураггүй алга болсон бөгөөд одоо амьд үхсэн нь мэдэгдэхгүй байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр над руу Болдоо ах залгаад Бумтив бие нь муу эмнэлэгт очсон гэнээ эмнэлэг дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дашцэрэн бас яриад гаднаас хүнд хутгалуулсан орж ирсэн гэж надад хэлсэн. Эмнэлэг дээр очсон чинь нас барсан байсан тэгээд цагдаа нар шалгаад Дашцэрэнг хорьсон гэхээр нь би уг        хэрэгт холбоотой юм байна гэж бодсон. Би бодохдоо Бумтив ах л Дашцэрэнг ийм хэрэг хийтэл нь хүнд хэцүү байдалд орлууснаас болсон байх гэж бодож байна. Дашцэрэнг санаатай ахынхаа амь насыг хохироох хүн биш гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/                     

16. Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Миний бие Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн төвд дуудлага хүлээн авах их эмчээр ажилладаг бөгөөд уг албан тушаал дээр ажиллаад 4 сар болж байна. Би 2016 оны 04 сарын 01-ний өдөр би өглөө 08:00 цагт ажилдаа гарсан бөгөөд 24 цагаар үүрэг гүйцэтгэж гарч байсан юм. 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 18 цаг 15 минутанд 95258895 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн яриад би өөрөө энэ гэмтсэн хүний дүү нь байна манай ах гаднаас хутгалуулсан орж ирсэн бие нь муу байна гэсэн тэгэхээр нь утсаар лавлаж наад хүний чинь биеийн байдал ямар байна вэ гэсэн чинь ёолоод хэвтээд байна хашаанд хэвтэж байхад нь гэртээ оруулж ирлээ гэж хэлсэн бөгөөд тэр хүн ярьж байхдаа хоолой нь чичрээд нэлээн сандарч тэвдсэн байдалтай байсан. Би цагдаа руу ярьж хэлээч гэсэн чинь гаднаас хутгалуулж орж ирсэн тэр хүнээ танихгүй юм чинь яасан гэж цагдаад хэлэх юм бэ гээд байсан. Ингээд би дуудлагыг бүртгэж аваад, дуудлагын эмч Хүрэлсүхэд хэлээд, улмаар дуудлагын эмч дуудлага руу 18 цаг 15 минутанд явсан бөгөөд уг дуудлага өгсөн газарт 18 цаг 23 минутанд очсон талаар хэлсэнийг би бүртгэж авсан байна. Тухайн хутгалуулсан хүн нь хэвлийн тус газар руу хутгалуулсан бөгөөд сэмж нь гарсан, ухаангүй байдалтай байна гэж дуудлагын эмч дамжуулсан. Биеийн байдал хүнд байсан эмнэлэгт ирэхдээ амьсгал хураасан байсан. Дуудпагын эмч дуудлаганд явж байхад нөгөө хүн дахиж залгаж яасан бэ гэж шаардсан бөгөөд би цагдаад хэлсэн үү гэсэн чинь хэлээгүй гэсэн тэгэхээр нь би өөрөө цагдаагийн газар руу утасдаж энэ хэргийн талаар бас дуудлага өгсөн. Хатанбаатар гэж хүн цагдаагийн газраас дуудлага хүлээн авсан. Уг дуудлага өгсөн хүн нэрээ хэлээгүй бөгөөд гаднаас хутгалуулж орж ирсэн гэх ахынхаа нэрийг Бумтив гэж хэлж байсан. Нөгөө дуудлага өгч байгаа хүн өвчтөний нэрийг хэлэхдээ сонин нэр хэлээд байсан. Тэгээд эхлээд Бадамтив гэж сонсоод тэгж андуурч бичсэн байсан эмнэлэгт ирээд лавласан чинь Бумтив гэж хүн байсан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 95-р хуудас/

17. Насанд хүрээгүй гэрч Г.Алтансувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Манай аав, эмээ нар хөдөө “Бухын даваа” гэх газар амьдардаг учир би сургуульд суралцахын тулд Орхон аймагт аавын төрсөн дүү Отгонбаяр эгчийн гэрт суудаг юм. Би одоо 15 дугаар сургуулийн 4-в ангийн сурагч. Би 4 дүгээр ангиасаа эхлэн тэдний гэрт сууж байгаа юм. 1-3 дугаар анги хүртлээ өөр хамаатныхаа гэрт суудаг байсан юм. Өнөөдөр 18 цагийн үед Бумтив ах согтуу манай гэрт тод ногоон өнгийн савтай бензин аваад орж ирсэн. Тэгээд Бумтив ах Дашцэрэнд 10 мянган төгрөг өгөөд “хадгалчих” гэж хэлсэн. Би тэр мөнгийг нь аваад бурханы шүүгээнд хийсэн юм. Тэгээд Бумтив ах “ах нь бензин авч ирлээ” гэтэл Дашцэрэн ах “Та яагаад архи уугаад байгаа юм, гудамжинд хүнд алуулвал яах юм бэ” гэж хэлтэл Бумтив ах “Би ямар чиний мөнгөөр идэж ууж байгаа биш, өөрийнхөө мөнгөөр идэж ууж байна” гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Бумтив ах Дашцэрэн ахад 10 мянган төгрөг өгчихөөд дараа нь 500 төгрөг нэхээд байсан. Дашцэрэн ах “Надад мөнгө байхгүй, байгаа нь 200 төгрөг л байна” гэж хэлсэн. Бумтив ах “10 мянган төгрөг буцаагаад аваад ир” гэсэн. Тэгээд би 10 мянган төгрөгийг нь бурханы урдаас аваад Дашцэрэн ахад өгсөн. Дашцэрэн ах өөрөө архи уудаггүй учир архи уусан хүнийг харахаар их уурлаад байдаг. Дашцэрэн ах хоол хийх гээд заазуураар мах татаж байсан юм. Тэгтэл Бумтив ах Дашцэрэн ахыг тайван байлгахгүй агсараад байсан. Бумтив ах “би чамайг өсгөх гэж их зовсон, амьдарлыг чинь босгох гэж их зовсон, одоо чи намайг ал, илүү иртэй хутгаар ал” гээд Бумтив ахын хажууд модон иштэй хутга тавиад өөрийнхөө цамцийг дээш нь сөхөөд Дашцэрэн ахыг өдөөд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад Дашцэрэн ах тэсэлгүй шургуулганаас хар иштэй хутга автал Бумтив ах орон дээр сууж байгаад босч ирэх үед Дашцэрэн ах Бумтив ахын гэдэсрүү хутгалчихсан. Тэгээд Бумтив ах гэдсээ бариад гэрээс гарсан бөгөөд хашаанд байдаг 53 гэдэг машины хажууд уначихсан үхэр мөөрч байгаа мэт дугараад “үхлээ” гээд байсан. Тэгтэл Дашцэрэн ах гэрээс гараад эмнэлэг рүү утасдаад байсан. Дашцэрэн ах эхлээд Улаанбаатар хотын түргэн рүү андуурч утасдаад, 2,3 удаа утасдаж байж дуудлага өгч байсан. Би гэр дотор байсан ч яриа нь надад сонсогдож байсан. Тэгээд Дашцэрэн ах Бумтив ахыг өргөөд гэрт оруулж ирээд дрожин дээр хэвтүүлсэн. Удалгүй манай гэрт эмч нар ирээд Бумтив ахын биеийг үзээд нэг тариа хийгээд шархыг нь боож байх үед “өвдөж байна өвдөж байна үхлээ” гээд их чанга, хүчтэй амьсгалаад байсан. Тэгээд эмч нар эвхдэг ор оруулж ирээд Бумтив ахыг аваад явсан. Дашцэрэн ах Бумтив ахын эхнэр рүү утсаар яриад “Цаадах чинь гудамжинд явж байгаад хүнд хутгалуулсан байна, хэнд хутгалуулсан юм бүү мэд, сая түргэн тусламж аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд Дашцэрэн ах хийж байсан хоолоо орхиод гараад явсан. Тэр хоёр Бумтив ах архи ууж согтуу ирсэний улмаас маргалдсан. Дашцэрэн ах архи уулаа гээд л уурлаад байсан. Дашцэрэн ах хар иштэй хутгаар Бумтив ахыг хутгалаад, тогоо шанага арчдаг шар өнгийн алчуураар хутгаа арчаад, буцаагаад хутга байдаг шургуулганд хийсэн. Шар өнгийн алчуураа гал тогооны хэсэгт байдаг шкаф дээр тавьсан санагдаж байна. Дашцэрэн ах, Бумтив ах, Ариунзаяа дүү, Ариунболор дүү бид тав байсан. Дашцэрэн ахын эхнэр Отгонбаяр эгч ажилдаа явсан байсан. Дашцэрэн, Бумтив ах хоёр уг нь эвтэй л байдаг. Бумтив ахыг архи уусан үед Дашцэрэн ах загнаж уурладаг. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр Бумтив ах “цуг айлруу явсангүй” гээд Дашцэрэн ахад уурлаад байсан. Тэр үед Ариунболорын гэдэс өвдсөн байсан юм. Тэгээд Дашцэрэн ах “Хүүхдийн бие өвдөж байхад яаж айл хэсдэг юм бэ” гэтэл Бумтив ах уурлаад униар толгойг нь цохиж байсан. Бумтив ах архи уусан үедээ их агсам болдог. Дашцэрэн ах их сайн хүн. Бид нарт их сайн үлгэр дуурайлал болдог. Миний чадахгүй юмыг дандаа зааж өгдөг. Би анх гурил зуурж чаддаггүй байсан бол надад гурил зуурахыг зааж өгсөн. Тооны хичээлдээ муу байсан юм. Дашцэрэн ах зааж өгөөд хичээлдээ сайжирсан. Дашцэрэн ах архи уудаггүй, хааяа нэг баяр ёслолоор нэг хоёр балгаад өглөө нь босоод толгой эргээд байна гэж ярьдаг. Дашцэрэн ах тамхи татдаг. Архи уусан хүн харахаар Дашцэрэн ахын уур нь хүрээд байдаг юм гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 96-98-р хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

1. С.Дашцэрэнд одоо болон өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчин байгаагүй,

2. Өмнө нь эмчилгээ хяналтанд байгаагүй,

3. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай,

4. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочроогүй,

5. Хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх-ийн 132-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3, 8-9-р хуудас/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7, 10, 114-116-р хуудас/

-Цогцосын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34-р хуудас/

-Цогцосын гадна биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36-р хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28-р хуудас/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157-р хуудас/

-С.Дашцэрэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 197-204-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.

Шүүгдэгч С.Дашцэрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 30-06 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн ах С.Бумтивтэй маргалдан түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Г.Алтансувдын “ Дашцэрэн ах Бумтив ах хоёр хоорондоо маргалдаад Дашцэрэн ах тэсэлгүй шургуулганаас хар иштэй хутга автал Бумтив ах орон дээр сууж байгаад босч ирэх үед Дашцэрэн ах Бумтив ахын гэдэсрүү хутгалчихсан. Тэгээд Бумтив ах гэдсээ бариад гэрээс гарсан бөгөөд хашаанд байдаг 53 гэдэг машины хажууд уначихсан үхэр мөөрч байгаа мэт дуугараад байсан” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 96-98-р хуудас/, насанд хүрээгүй гэрч  Н.Амгаланбаатар / хх-ийн 51-52-р хуудас/, гэрч Ж.Отгонбаяр /хх-ийн 53-54-р хуудас/, Д.Бямбадорж /хх-ийн 55-56-р хуудас/, Ц.Энхтөр /хх-ийн 59-60-р хуудас/, Н.Нарангэрэл /хх-ийн 61-65-р хуудас/, Н.Оюунгэрэл /хх-ийн 66-р хуудас/, Д.Хоролсүрэн /хх-ийн 74-75-р хуудас/, Л.Хүрэлсүх /хх-ийн 84-85-р хуудас/, Н.Цэнгүүнжав /хх-ийн 91-92-р хуудас/, Б.Батзаяа /хх-ийн 95-р хуудас/ нарын мэдүүлгүүд,  хохирогчийн үхлийн шалтгаан нь хэвлийн урд хананд, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн урд болон арын хана, гол судасны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, түүнээс үүссэн хурц дотуур цус алдалт, цус алдалтын шок болохыг тогтоосон 32 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113-р хуудас/, ял шалгах хуудас, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Дашцэрэнг Орхон аймгийн Прокурорын газраас хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Л.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 Шүүгдэгч С.Дашцэрэн нь 87 хоног  цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хромон гутлыг хохирогч Л.Болдод буцаан олгож, хар хөх өнгийн саравчтай малгай, урд хэсэгтээ цахилгаантай босоо захтай ногоон өнгийн куртик, хар өнгийн бооо захтай ханцуйтай цамц, хагас ханцуйтай цагаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, хар өнгийн брюкан өмд, улаан өнгийн судалтай саарал өнгийн ноосон өмд, шаргал туяатай саарал өнгийн хос оймс, хар өнгийн зуны  хос ботинк, бор хүрэн өнгийн төмөр арал бүхий цэрэг өргөн бүс, урд хэсэгтээ хар өнгийн дөрвөлжин хээ бүхий улаан хүрэн өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн срочкон цамц, хажуу талаараа улаан өнгийн кант бүхий цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс, бор өнгийн тэлээ, амь хохирогч Л.Бумтивын өмсөж явсан хүрэм, шаргал өнгийн алчуур, хар өнгийн иштэй хутга, хүрэн шаргал өнгийн модон иштэй хутга, ногоон өнгийн иштэй заазуур, амь хохирогчийн цогцосноос авсан үсний дээж, хумсны дээж, шүүгдэгч С.Дашцэрэнгийн үсний дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

              1. Шүүгдэгч Сансар овгийн Сансарын Дашцэрэнг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүнийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч С.Дашцэрэнг 10 /арав/  жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Дашцэрэнд оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дашцэрэнгийн цагдан хоригдсон 87 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

              5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гутлыг хохирогч Л.Болдод буцаан олгож, хар хөх өнгийн саравчтай малгай, урд хэсэгтээ цахилгаантай босоо захтай ногоон өнгийн куртик, хар өнгийн бооо захтай ханцуйтай цамц, хагас ханцуйтай цагаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, хар өнгийн брюкан өмд, улаан өнгийн судалтай саарал өнгийн ноосон өмд, шаргал туяатай саарал өнгийн хос оймс, хар өнгийн зуны  хос ботинк, бор хүрэн өнгийн төмөр арал бүхий цэрэг өргөн бүс, урд хэсэгтээ хар өнгийн дөрвөлжин хээ бүхий улаан хүрэн өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн срочкон цамц, хажуу талаараа улаан өнгийн кант бүхий цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс, бор өнгийн тэлээ, амь хохирогч Л.Бумтивын өмсөж явсан хүрэм, шаргал өнгийн алчуур, хар өнгийн иштэй хутга, хүрэн шаргал өнгийн модон иштэй хутга, ногоон өнгийн иштэй заазуур, амь хохирогчийн цогцосноос авсан үсний дээж, хумсны дээж, шүүгдэгч С.Дашцэрэнгийн үсний дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

               6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдсугай.

   7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дашцэрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

   8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

                                    ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНГАДАС

                                                                                        Ж.БАЙГАЛМАА