| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч С.Д,
Нарийн бичгийн дарга Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Д-д холбогдох эрүүгийн 2024000670020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....... оны .............дугаар сарын ..................-нд .................... аймгийн Т................ суманд төрсөн,........... настай, ................, ......................., мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ......................... аймгийн ...................сумын ................... багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, 0000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б овогт Сийн Д.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Д нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоот хашаанд байх Т.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Их хурд маркийн улсын дугааргүй мотоцикл, мөн хөлдөөгчинд нь байсан 3 литрийн хэмжээтэй 2 саванд хийж хөлдөөсөн өрөм, хонины мах, мотоциклын хамгаалах малгайнд хийсэн байсан 320.000 төгрөгийг хулгайлан хохирогч Д.Б-д 1.520.000 төгрөгийн, Т.Ц-д 60.000 төгрөгийн, Д.Г-д 36.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоотод байрлах ээж Т.Ц-ийн байшингийн гал тогооны өрөөн дотор оруулаад тавьсан байсан цэнхэр өнгөтэй, Их-Хурд маркийн улсын дугааргүй мотоцикл 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр очиж үзэхэд алдагдсан байсан. Би мотоциклынхоо хамгаалах малгайн дотор 320.000 орчим төгрөг хийж үлдээсэн нь бас алга болсон байсан. Би сумын төв дээр хайгаад сураг гарахгүй байсан, алдсанаа мэдсэнээс хойш Д гэх залуу хөх өнгийн мотоцикл уначихсан Авдлайд явж байна гэх сураг сонсоод хайгаад олдоогүй. Түүнээс хойш хойш буюу 07 дугаар сарын 20-доор панз Г гэх хүн нэг залуугаас хөх өнгөтэй мотоцикл худалдаж авсан байна гэхлээр нь эхнэртэйгээ хамт очиж уулзаад мотоциклыг нь харсан миний мотоцикл мөн байсан тэгээд хэнээс авав, буцаагаад авмаар байна гэж хэлтэл би Д гэх залуугаас 500.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг нь өгч байж ав тэгэхгүй бол өгөхгүй гэсэн. Тэгээд авч чадахгүй болоод 08 дугаар сарын сүүлээр Цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклоо 1.800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/
Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоотод байрлах манай байшингийн таамбарт байсан хүү Д.Б-ийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй Их-Хурд маркийн улсын дугааргүй мотоцикл болон хөлдөөгчин дотор байсан 6 кг өрөм, төлөгний мах алдагдсан байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 20-нд хөдөөнөөс оруулж ирсэн өрмөө өөрийнхөө хөлдөөгчин дотор хийсэн. 3 литрийн хэмжээтэй 2 саванд хийж хөлдөөсөн өрөм байсан. Мөн Г-ийн эзэмшлийн хонины мах байсан. Би өрмөө 1кг-ийг 10.000 төгрөгөөр үнэлнэ. Би гэрээсээ алдагдсан зүйлээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын эхээр хязаалан эр хонь гаргаад махыг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоотод байрлах ээжийнхээ байшингийн хөлдөөгчинд оруулж ирээд хийсэн. Тэгсэн баярын дараа манай ах Д.Б хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ээжийн байшингийн таамбарт Их-Хурд маркийн мотоциклоо оруулаад тавьсан нь алга болсон байна гэж сонсогдсон. Тэгээд баярын маргааш буюу 07 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ээжийн хөлдөөгчинд хийсэн махаа авах гэсэн чинь хөлдөөгчинд байсан өрөм, хонины мах алга болсон байсан. Ойролцоогоор 6 кг мах байсан байх, хонины 2 гуя, 2 хааг нь шулж цул мах болгоод хийчихсэн байсан. Би 1 кг-ийг
нь 6.500 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020
оны 07 дугаар сарын эхээр хэзээ гэдгийг санахгүй байна нэг танихгүй залуу манай хашаанд мотоцикл унаж орж ирсэн. Тэр залуу одоо энэ Д гэдэг залуу мөн байна. Тэгээд тэр залуу эхнэр хүүхэд хот явах гээд надад мөнгө хэрэгтэй байна. Та энэ мотоциклыг 700.000 төгрөгөөр авчих гэхээр би үгүй гэж хэлтэл тэр залуу гараад явчихсан. Маргааш, нөгөөдөр нь билүү сайн санахгүй байна, дахин ирээд 600.000 төгрөгөөр авчих гэсэн, би үгүй гэсэн чинь намайг 500.000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан санагдаж байна. Би одоо сайн санахгүй байна. Надтай мотоцикл зарах талаар тэр Д гэх залуу ярьсан. Н мотоцикл зарах талаар надад юу ч яриагүй. Н тэр үед хашааны ард билүү амбаарын ард билүү байсан. Маргааш нь Д-ийн аав, ээж нь гэх хүмүүс ирж надтай уулзаад мотоцикл авсан уу гэж асуугаад тухайн хүүхдийн талаар хэлсэн чинь манай хүүхэд мөн байна гэж хэлж байсан. Түүнээс хэд хоногийн дараа Д-ийн хүүхэд эхнэртэйгээ ирж уулзаад манай алдсан мотоцикл мөн байна гэж хэлээд авмаар байна гэхээр нь өгөөгүй, хүнээс худалдаж авсан энэ мотоциклыг надад зарсан залуу удахгүй ирж авна, өвчин зовлон тоочоод байсан гэж хэлээд барьцаанд тавьсан болохоор өгөхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж тэр хүмүүс манайхаар ирээгүй, одоо хүртэл Д гэх залуу ч ирж надтай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-32-р хуудас/,
Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоотод байрлах хадам ээж Т.Ц-ийн байшингийн гал тогооны өрөөн дотор оруулаад тавьсан байсан цэнхэр өнгөтэй, Их-Хурд маркийн улсын дугааргүй мотоцикл 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр очиж үзэхэд алдагдсан байсан. Мөн тэдний хөлдөөгчин дотор байсан 8 кг өрөм, төлөгний мах зэрэг зүйлс алдагдсан. Манай нөхөр тухайн үед ахаасаа хүний дансаар дамжуулж 1.000.000 төгрөг шилжүүлж авсан байсныхаа 300.000 төгрөгийг нь мотоциклынхоо хамгаалах малгайн дотор хийгээд орхисон байсан нь алга болсон байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр баяр болох гэж байхад би цагдаа дээр зөрчлийн хэрэгт холбогдож шалгагдаж байгаад 09-ний өдрийн орчимд байх гэртээ очсон чинь Д манай хаалганы цоожийг эвдэж ороод гэрт унтаж байсан, тэгэхээр нь би өшиглөөд сэрээсэн чинь аяга аваад ирээч гээд нэг шил архи гаргаж ирснийг нь хоёулаа хувааж уусан. Тэгээд Д нэг архи аваад ирье гэж гараад гэрийн хойноос мотоцикл асаагаад хашаанаас гараад явсан. Удаа ч үгүй нэг шил архи авч ирээд тэр архийг хувааж уухдаа чи хаанаас мотоцикл аваад ирсэн юм гэж асуусан чинь миний мотоциклыг аав унаж байсан юм тэгээд мотоциклоо аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө архиа хувааж уучихаад манайхаас явсан. Тэгээд маргааш нь намайг гэртээ байж байхад гаднаас явган ирсэн, ирээд намайг архи уух юм уу гээд асуухлаар нь тэгье гэж хэлсэн чинь 1 ширхэг Соёрхол нэртэй архи авч өгсөн. Би тухайн үед гэрт суугаад үлдсэн болохоор Д авчирсан мотоциклыг хараагүй харин гэрт байхад мотоцикл асаагаад явах чимээ л сонссон. Би Д-ийг хаанаас мөнгөтэй болсон талаар асуугаагүй, нилээн их хэмжээний мөнгө харагдаж байсан. Би түүнээс надад мөнгө зээлээч гэж асуусан чинь тэг тэг гээд надад 50.000 /тавин мянга/ төгрөг зээлсэн. Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэж ярьж байсан. Би Д-ийг хэнд ямар маркийн, ямар өнгөтэй мотоцикл зарсан талаар мэдээгүй. Би тухайн үед цуг яваагүй, цуг хулгай хийгээгүй. Архи хамт уусан үнэн. Тэгээд би маргааш нь Улаанбаатар хот руу Улиастайгаас явж байсан автобусанд суугаад явж байгаад Архангай аймгийн төв ороод автобуснаас буусан чинь Д бас Улаанбаатар хот руу Увс аймгийн автобусанд суугаад явж байна гээд таарсан. Тэгээд Д манай автобусанд шилжиж суугаад бид 2 хамт Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хот руу ороод би автобуснаас буугаад 7-н буудал руу явах гэсэн чинь би Тэрэлж орж ажил хийнэ, чамайг бас тэнд ажилд оруулаад өгье гэж хэлээд бид хоёр тэндээс автобусанд суугаад Налайх орсон, тэгээд бид хоёр Налайх ороод хамт архи ууж байгаад би тасарчихсан байсан, нэг сэрсэн чинь Д алга болчихсон байсан. Түүнээс хойш би Д-тай таараагүй. Д өмнө нь надад хэлэхдээ би Тэрэлжид адуу хариулж байсан гэж ярьж байсан. Би архиа гаргаж эрүүл болчихоод хотын төв орж Э гэдэг ахындаа барилгын ажил хийж байгаад, барилгачдын баяр тэмдэглэж архи уугаад гудамжинд тасраад уначихсан байгаад дуудлагаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж саатуулагдсан. Тэгээд намайг Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, х/ч Ц.Б очиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 –р хуудас/,
Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д-ийн ээжтэй хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд түүнийг эргэхээр орж уулзсан. Тэгтэл С.Д бид хоёрт ярихдаа би Б ахын мотоциклыг Н-тай хамт явж байшин дотроос хулгайлж авсан. Тэгээд Н надад чи ганцаараа хулгай хийсэн гэж цагдаад хэлээрэй гэж хэлсэн. Б ахын мотоцикл ээжийнхээ байшингийн таамбарт байна гэж хэлсэн чинь тэгвэл хоёулаа очиж авъя, эндээс зугтаая гэж хэлсэн болохоор бид хоёр Б-ын байшингийн таамбараас нь мотоциклыг авсан. Нөгөө мотоциклоо бид хоёр хамт явж панз Г-д зарсан гэж ярьсан. Д-ийн зарсан мотоцикл Их хурд маркийн цэнхэр өнгөтэй мотоцикл байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 52-р хуудас/,
Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр хязаалан настай эр хонь гаргаад махыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-510 тоотод байрлах ээжийнхээ байшингийн хөлдөөгчинд оруулж ирээд хийсэн. Түүний дараа манай хадам ах Б хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ээжийнхээ байшингийн таамбарт Их хурд маркийн мотоциклоо оруулаад тавьсан нь алга болсон байна гэж сонсогдсон. Тэгээд баярын маргааш буюу 7 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ээжийнхээ хөлдөөгчинд хийсэн махаа авах гэсэн чинь хөлдөөгчинд байсан өрөм хонины мах алга болсон байна гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд ээжийн байшинд хулгайч орсон талаар мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/ ,
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын эхээр Б, Б бид нар манайд архи уугаад Б хоноод явсан, маргааш нь ээжийн байшин дотор оруулаад тавьсан байсан мотоцикл алга болчихсон байна, сураглаж байгаарай гэж хэлсэн, тэгээд зүс таних хүмүүсээс асууж сурагласан боловч сураг гараагүй. Би нилээн хэд хоногийн дараа панз Г-н хөрөө рам руу очсон чинь тэдний хашаан дотор Б-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн Их хурд маркийн мотоцикл хучаастай байж байсан тэгэхлээр нь Б-д энэ талаар хэлсэн. Батдорж, Батцэнгэл бид нарыг архи ууж байхад гаднаас хэн нэгэн орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б, Ж хоёртой хамт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн орчимд уулзаж Ж-д архи хувааж уугаад би гэртээ харьсан. Харин Б, Ж нар гэртээ үлдсэн. Б, Б бид нарыг архи ууж байхад гаднаас хэн нэгэн орж ирээгүй байх, намайг архи авахаар дэлгүүр рүү орчихоод гарч ирэх хооронд хүн орж ирсэн байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийг сайн санахгүй байна. Би гэр рүүгээ орох гээд явж байхад хөрш айлын хүн болох Б нь цэнхэр өнгийн Их хурд гэсэн бичигтэй мотоциклыг гэр рүүгээ оруулах гээд түрээд явж байсан. Тэгээд би тухайн мотоциклыг Б-ийн хамт түрээд байшингийн таамбарт нь оруулж өгөөд гарсан. Би Н-ыг танихгүй, харин Д-г танина. Би Д-ийн хүргэн ах нь байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/, мэдүүлгүүд,
Мөн мөрдөгчийн магадлагаа:
Цагдаагийн хошууч Б.А-ийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн: “...Мустанг 5 маркийн мотоцикл 1.200.000 төгрөг, мах 6 кг 36.000 төгрөг, өрөм 6 кг 60.000 төгрөг нийт 1,296,000 төгрөг ...” гэсэн мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:
Завхан аймгийн Цагдаагийн газрын “... Б овогт С-ийн Д-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа...” гэсэн ял шийтгэл шалгах хуудас /хх-ийн 169-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 7/35 дугаартай: “... Сэрээтэрдоржийн Даваадорж /0000000000/ нь ам бүл 4, аав ээж дүү нарын хамт амьдардаг. Тус багийн иргэн. Мал болон үл хөдлөх хөрөнгө байхгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,
Гэрч Я.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл зургуулаа. С.Д нь миний төрсөн хүүхэд. Миний хүү бол дөлгөөн, хүнд тусархуу зантай. Муу зуршил гэвэл бага зэрэг тамхи татдаг. Төрснөөс хойш гэр бүлтэй хамт амьдарч байсан. Миний хүү 2016 онд тусдаа гарч байсан. Удалгүй тэр эмэгтэйгээсээ салсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 165-р хуудас/
Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл зургуулаа. Миний төрсөн хүүхэд С.Д нь манай гэр бүлийн 2 дахь хүүхэд. Миний хүү бол дөлгөөн, хүнд тусархуу зантай. Муу зуршил гэвэл бага зэрэг тамхи татдаг. Сургуульд суралцаагүй юм. Хөдөө мал тэжээгээд байж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-р хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөн шүүгдэгч С.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ ээжтэйгээ гараад явж байтал миний 8846**** гэсэн дугаарын утас руу Н залгаад гэртээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд би Н-ын гэрт очтол гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд би Н-д хандаж чи хүн хэрэгт хийчихээд одоо ингээд архи уугаад байгаа юм уу гэхэд Н чиний анхны хэрэг гайгүй байхаа. Намайг оролцсон гэх юм бол хүндэрнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Н-н гэрт тал шил архи хувааж уусан. Архиа хувааж ууж дуусгаад тэдний гэрээс гараад панз Г гэх хүний гэр рүү явсан. Тэгээд би тэр айлд ороогүй. Харин Н панз Г гэх айл ороод 20-30 минут болоод гарч ирэхдээ панз Ганбаа гэх хүн үнэхээр мөнгө хэрэг болоод байгаа бол аваад ирэхгүй юу даа гэж байна гэж хэлээд гарч ирсэн. Юуны тухай ярьсныг би мэдээгүй. Тэгээд панз Г-ийн гэрээс гараад бид хоёр 1 шил архи аваад хувааж уугаад сууж байтал Н миний нэг таньдаг ах мотоциклоо байшиндаа хийчихээд хөдөө явсан хоёулаа тэр мотоциклыг аваад сая очсон айлд очих хэрэгтэй байна. Би чиний мотоцикл гээд хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би хоёр архиа ууж дуусгаад Н-ын гэрээс гараад Хишиг дэлгүүрийн хойд талын гудамжинд байдаг нэг айлд очсон. Тэгээд Н би хөл муутай чи орчих гээд намайг хөлнөөс өргөж оруулсан. Би тэндээс мотоцикл аваад Н хаалга онгойлгож ороод бид хоёр тэр мотоциклыг гаргаад явж байтал Н буцаад байшинд ороод ягаан өнгийн ууттай юм авчихсан ирсэн. Тэр мотоциклыг аваад нөгөө Г гэх айлд 500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгийг Н-д өгсөн. Н мотоциклын хамгаалах малгай нь дотор 330.000 төгрөг байсныг би авсан. Чамд хэлээгүй юм гэж хэлээд одоо хоёулаа мөнгөө хувааж авна гэж хэлээд 365.000 төгрөг өгсөн. Би энэ хэргийг Н-той хамт үйлдсэн гэж, харин шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг би үйлдсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Яллагдагч С.Д нь 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоот хашаанд байх Т.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Их хурд маркийн улсын дугааргүй мотоцикл, хөлдөөсөн өрөм, хонины мах, мотоциклын хамгаалах малгайнд хийсэн байсан 320.000 төгрөгийг хулгайлан авч, хохирогч Д.Б-д 1.520.000 төгрөг, Ц-д 60.000 төгрөг, Д.Г-д 36.000 төгрөг, Г.Г-д 500.000 төгрөг, нийт 2.116.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч С.Д-ийн дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 1.520.000 төгрөг, Т.Ц-д 60,000 төгрөг, Д.Г-д 36.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 500.000 төгрөг нийт 2.116.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй болох нь:
Хохирогч Т.Ц, Д.Г, Д.Б, иргэний нэхэмжлэгч Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон “...С.Д нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт,
Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн хохирлыг аав ээж маань төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох ба дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна.
Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.Д-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 5-511 тоот хашаанд байх Т.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Их хурд маркийн улсын дугааргүй мотоцикл, өрөм, хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч С.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байгаад тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорьж, ялтныг шилжүүлэн авах” тухай шүүгчийн захирамжаар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамж, хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл, санал, шилжүүлэх хуудас, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, болон шүүгдэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 171 хоног буюу 5 сар 19 хоногийг биечлэн эдэлж, 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Иймд эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 10 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Д-д хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хүчинтэй бөгөөд хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Д нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн Д-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овогт С-ийн Д-г 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийн цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Д-с энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.О