Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С-ийн  М-д холбогдох эрүүгийн 2124000380032 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..............оны .............. дугаар сарын ..........-нд ....................... аймгийн ......................... суманд төрсөн, ............... настай,*******, ................. боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ................аймгийн .............. сумын ..................... багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, 000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, З овгийн С-ийн М.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.М нь  нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд З******* багийн нутаг Улаанхавчуугийн Их шил гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.6581 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 772,723.50 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас З овогт С-ийн МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгч С.М нь  нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд З******* багийн нутаг Улаанхавчуугийн Их шил гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.6581 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 772,723.50 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч О.О-ийн: “...Иргэн С.М-ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжлэнэ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/,

Гэрч Х.Б-ын: “...Сумын хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж иргэдэд хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг олгож эхэлсэн юм. Би Их-Уул сумын Хонгор, Цэцүүх багийн иргэдэд ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг 2021 онд олгож байгаа юм. Их-Уул сумын Хонгор багийн иргэн С.М гэх хүн надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2021 оны 01, 02, дугаар сард надаас өөр байгаль хамгаалагч иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй би ганцаараа бичиж олгож байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/,

Гэрч С.О-ийн: “...Тухайн иргэний зүгээс 2021 оны 02, 03 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,

Гэрч Д.С-ийн: “...Манай нөхөр С.М нь 2021 оны 2 дугаар сард Их- Уул сумын Хонгор багийн нутаг Улаанхавчуугийн Их шил гэх газрын ойгоос шургааг моднуудыг бэлтгэсэн байсныг би сүүлд нь өөрөөс нь мэдсэн юм. Би яах гэж шургааг мод бэлтгэсэн талаар нөхрөөсөө асуухад манай нөхөр хавар дулаарахаар малын тэжээл тарих хашаа баримаар байна, тэр үед хашаа барих шургааг моднууд хэрэгтэй учир хэдэн ширхэг шургааг мод бэлтгэчихлээ гэж надад хэлсэн юм...Тухайн моднуудыг ойгоос бэлтгэх үедээ манай нөхөр С.М ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсныг би дараа нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай “...Иргэн С.М-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ байна... 3,6581 м3 хэрэглээний нарийн шургааг мод байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг, бэлтгэсэн 3,6581 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 722,723.50 төгрөг байна...” гэсэн дүгнэлт,

 Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Ш-ын  2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07.04328.07 дугаартай: “...Иргэн С.М-ын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 3,6581 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-Эдийн засгийн үнэлгээ  болох 3,6581 м3 =722,723 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 722,723х3=2,168,169 төгрөгийг ХААН банкны 100090800914 дугаарын төрийн сангийн дансанд тушааж, тасалбарын нэг хувийг БОХ-ын улсын байцаагчийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Ш/-т өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт, тоолуурын хүснэгт, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ханьтайгаа гэрлээд 20 жил болж байна. Миний хань болох С.М нь хувийн зан байдлын хувьд ерөнхийдөө төлөв даруу, юманд их хүлээцтэй ханддаг, үр хүүхдээ анхаарал халамж сайн тавьдаг. Гэр бүлийн гишүүд болохгүй зүйл хийвэл загнадаг хүн байгаа юм. Гэр бүлдээ түшиг тулгуур, үр хүүхдээ болон хамаатан садандаа байнга тусалдаг...” гэх /хх-ийн 84-р хуудас/,

Гэрч Д.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын Хонгор багт С.М-ын хувийн зан байдлын хувьд гэвэл нийгмийн тустай ажил хөдөлмөрт идэвхтэй  оролцдог, төлөв даруу зантай, шулуун шударга зантай, аливаа болох болохгүй зүйлийн талаар шулуухан хэлчихдэг, Хонгор багт нэр хүнд сайтай, ажилд хариуцлагатай ханддаг, өөрт нь даалгасан ажил төрлийг сэтгэлээсээ сайн хийдэг, багийн иргэд, хөдөлмөрчдийн дунд нэр сайтай. Муу зуршил гэвэл бага зэрэг тамхи хэрэглэдэг. Гэр бүл ах дүү төрөл төрөгсөдтэйгөө зөв боловсон харьцаатай, амьдралын төлөө зүтгэж яваа залуу хүний нэг юм....” гэсэн /хх-ийн 76-77-р хуудас/,

            Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Иргэн С.М-ын өмчлөлд үл хөдлөх хөрөнгөтэй байна...” гэсэн албан бичиг,

            ******* овогт С-ийн М-ийн  иргэний үнэмлэхийн хуулбар,

            Завхан аймгийн Их-Уул сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.С-ийн 125844 дугаартай: “...Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багт оршин суугч С овогтой  М өрх нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт байна....” гэсэн тодорхойлолт,

            З******* багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай: “...Тус багийн харьяат С-ийн М нь /000000000/ регистртэй ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаан-хавчуу гэх нутагт мал маллан амьдардаг. Тэрээр аж амьдрал нь дунд зэрэг төлөв даруу зантай хүнд тусархуу олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог тус багийн төвд 2 ширхэг сүүдрэвч өөрийн хүсэлтээр хийж өгсөн нутгийнхаа малчдын дунд нэр хүндтэй иргэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж, үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч С.М-ийн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би өвөлжөөндөө мал хариулж байхдаа бага багаар 2021 оны 02 дугаар сарын 20-ны  өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд З******* багийн Улаанхавчуугийн Их шил гэх газрын ойгоос 4 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 100 ширхэг шургааг мод бэлтгэсэн юм. Тухайн газар би тухайн шинэс модоо ганцаараа өөрийн эзэмшлийн шар өнгийн цахилгаан хөрөө, цагаан өнгийн мяндсан уяа зэргийг ашиглан цагаалж бэлтгэсэн юм. Тэгээд би цагаалсан шинэс модоо уулнаас буулгах гээд байж байтал экологийн цагдаа, улсын байцаагч нар ирээд тухайн бэлтгэсэн моднуудыг  маань хурааж аваад Их-Уул сумын төвд татан авчирсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 60-р хуудас/ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.   

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлоо шүүгдэгч иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн болох нь:  “...2021 оны 06 дугаар сарын 17...”-ны өдрийн төрийн сангийн 100090800914 дугаартай дансанд 720,000 төгрөгийг С.М-с төлсөн Төрийн банкны гүйлгээний баримт, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай: “...С.М-н төлөх хохирлын үлдэгдэл болох 1,448,169 /Нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Төрийн сангийн 100090800914 тоот дансанд төвлөрүүлсэн байхаар гэрээг байгуулав...” гэсэн  гэрээ болон банкны баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн шүүгдэгч нь дээрх хохиролыг төлөх боломжтой болох нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн багийн засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаархи лавлагаа, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн ойн санд учируулсан хохиролоос  төлөгдөөгүй байгаа буюу төлөхөө илэрхийлсэн 1,448,169 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн цахилгаан хөрөө, цагаан өнгийн мяндсан уяа, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 100 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгчтэй шүүгдэгч нь эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн С-ин М хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-ийн М 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М ойн санд учируулсан хохиролд 1.448.169 /нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун жаран ес/  төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,6581 метр куб хэрэглээний хуурай 100 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн цахилгааны хөрөө, цагаан өнгийн мяндсан уяаг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, прокурорын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.О