Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

улсын яллагч Б.С,

шүүгдэгч Б.Ө,

нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б Ө-т холбогдох эрүүгийн 2124000000056 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын 8-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, ...............настай,*******,*******, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...............аймгийн .................л сумын ........................ багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Ө овогт Б-ын Ө.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Завхан аймгийн ...............л сумын .............й багийн Б....................эсэг ..................тоотод оршин суух өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-тай  маргалдаж, түүний толгойн тус газарт төмрөөр цохиж толгойн зүүн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд ******* оршин суух өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байх үедээ Б.С-тай маргалдаж, түүний толгойн тус газарт төмрөөр цохиж толгойн зүүн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Б.С-ын: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад М над руу утсаар залгаад чи хүрч ирээд намайг аваадхаач гэсэн. Тэгээд би хаана байгааг нь асуухад надад байгаа газрынхаа хаягийг хэлж өгсөн. Түүнээс хойш хагас цагийн дараа би М-н байсан Ө гэх айлд очсон. Тэдний байшинд нь орсон чинь манай найз М, Г нар мөн Ө-н 2 найз нар хамт сууцгааж байсан. Намайг ороход М, Ө хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд байж байтал Ө манай найз Г-г  зодох гээд томроод байхлаар нь би дундуур нь ороод салгасан чинь Ө Г руу хандаад чи наад нохойн гөлөгнүүдээ аваад зайл гэхээр нь Г уурлаад чи юу гээд байгаа юм гээд бариад авахлаар нь би тэр хоёрыг салгаад Ө-г орон дээр дараад суусан чинь Ө миний баруун талын шанаа руу нэг удаа өшиглөхөөр нь чи босоод ир гарч учраа олъё гэж хэлээд би гэрээс нь түрүүлж гарах гээд явж байсан чинь Ө хойноос ирээд миний хүзүүнээс атгаад бид хоёр гадагшаа хамт гарсан. Гадаа гараад Ө миний хүзүүнээс атгаад тавихгүй байхлаар нь чи зүгээр байгаач гэж хэлээд түлхчихсэн чинь газар унасан. Ө газар унамагцаа босоод хажуу талынхаа байшин руу гүйгээд явчихсан. Тэгээд би буцаад гэрт нь ороод М, Г болон Ө-ын хоёр найзтай юм яриад зогсож байсан чинь Өсөхбаяр гаднаас орж ирж байгаа бололтой хаалганы чимээ гараад эргээд харахын зуургүй миний толгой руу орны толгойны төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24-р хуудас/,

Гэрч Г.Г-ын: “...Би М ахтай яриад зогсож байтал С, Ө хоёр гадагшаа гарсанаа удаа ч үгүй С буцаад ороод ирэхээр нь Ө хаачсан юм гэж асуусан чинь гараад гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд М, С, Б бид нар юм яриад зогсож байсан чинь Ө гаднаас гартаа төмөр барьчихсан ороод ирсэн тэгэхээр нь Б бид хоёр урдаас нь очиж барьж авах гэсэн чинь бид хоёрын дээгүүр давуулаад нөгөө төмрөөрөө С-ын толгой руу цохичихсон...” гэх /ХХ-ийн 31-32-р хуудас/,

 Гэрч М.М-ийн: “...Ө бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаад байж байтал С намайг авахаар тэднийд ирсэн. Тэгээд бид нар хамт байж байтал Ө согтуурхаад бид нарыг ална гээд дайраад байсан. Тэгээд намайг бариад авахлаар нь С салгаад С, Ө хоёр гадаа гарч учраа олъё гээд гарсан. Удаа ч үгүй С буцаад ганцаараа ороод ирсэн. Ө-ийн  2 найз болон С бид нар хоорондоо юм яриад зогсож байсан гаднаас Ө гартаа төмөр бариад ороод ирсэн урдаас нь нэг найз нь очоод бариад авсан чинь түүний дээгүүр давуулаад нөгөө төмрөөрөө С-ийн толгой руу цохисон...” гэх /ХХ-ийн 34-35-р хуудас/,

Гэрч У.Б-ийн: “...Ө, М хоёр хоорондоо байн байн босож ирээд маргалдаад байсан. Тэр болгонд нь Г бид хоёр салгаад суулгаад байсан. Мөн С гэх залуу ч гэсэн тэр хоёрыг салгалцсан. Тэгээд С, Ө нар гадагшаа гарч учраа олоод ирье гэж гараад удаа ч үгүй С буцаад ороод ирсэн. Бид нар түүнээс Ө хаашаа явсан талаар асуухад гэрийнхээ хажуу талын байшин руу гүйгээд явчихлаа гэсэн. Ө-ийн гэрт С, Г, М бид дөрөв юм яриад зогсож байсан чинь Ө гаднаас гартаа орны толгойны төмөр барьчихсан ороод ирэхлээр нь Г түүнийг бариад авах шиг болсон чинь Ө нөгөө барьж орж ирсэн төмрөөрөө С-ийн  толгой руу цохьчихсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000000255 дугаартай: “...Б.С-ийн  биед гэмтэл учирсан байна. Толгойн зүүн оройн хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл  нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.С-ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 44-р хуудас/,

Хүний их эмч Э.Ш-ийн “...Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаантай, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, үг яриа хэвийн зүрхний авиа тод, хэм жигд, уушиг хоёр талд цулцангийн амьсгаатай, хэвлий зөөлөн эмзэг бус хуйханд зүсэгдсэн, язарсан ил шархтай, шарханд 5 мм оёдол тавьж, даралттай боолт хийв...” гэсэн тодорхойлолт /ХХ-ийн 48-р хуудас/

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн “... Ө овгийн Б-ын Ө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/197 дугаартай: “...Б-ийн Ө /*******/, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Улаантолгой багийн Баянбүрд 6-608 тоотод амьдардаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 15-р хуудас/

Өвчтүүд овогт Б-ийн Ө 00000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар, гэрчийн мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад тодорхойлолтын хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Яллагдагч Б.Ө нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд ******* оршин суух өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-тай маргалдаж, түүний толгойн тус газарт төмрөөр цохиж толгойн зүүн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Хохирогч Б.С-ийн гаргасан “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн иргэн Содмандах намайг Б.Ө нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө миний толгойн тус газар төмрөөр цохиж хөнгөн хохирол учруулсан. Б.Ө нь миний биед учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул Б.Ө-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө би гэртээ Б, Ц, М, Г нартай хамт пиво уугаад  байж байтал С манайд ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байтал С, М-ыг өмөөрөөд надтай маргалдсан, тэгээд би   “гарч учраа олъё” гээд бид хоёр гэрээс гадагшаа гарсан, гадаа гараад бид хоёр бие биенийхээ хоолойг боож байгаад С намайг түлхээд газар унагахаар нь би босож зугтааж гүйгээд хажуу талын байшинд очсон. Тэгээд гэртээ буцаж орохдоо өвсний хашааны хажуу талд байсан орны толгойны төмрийг барьж аваад гэртээ ортол нөгөө хэд шуугилдаад юм яриад босоод зогсоцгоож байхаар нь би шууд очоод С-ын толгой руу нөгөө төмрөөрөө нэг удаа цохитол тэнд байсан залуучууд намайг барьж аваад салгасан. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.  

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны толгойн хэсгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Б-ийн Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овогт Б-н Ө-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр /дөрвөн зуун тавин мянга / торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т  шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ө нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн орны толгойн хэсгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.О