| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Л.Б************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш************* овогт Л*************ийн Б*************д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б************* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага бургаст” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон шилүүсийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б************* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага бургаст” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон шилүүсийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Л.Б*************н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байх би өглөө 11 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа байсан ба над руу нэг хүн залгасан. Утсаа аваад ярьсан чинь манай тэнд нутагладаг Түмэнжаргал гэдэг эгч яриад манай мал руу амьтан орчихлоо гээд намайг дуудсан. Би мотоциклоо асаагаад давхиад очиход айлуудаас баруун тийш нэг Шилүүс гэдэг амьтан дээр 6 нохой боргоод зогсож байсан. Хажууд нь нэг ямааны сэг байсан. Би жаахан дөхөж очоод ойролцоогоор 200 м орчим зайнаас нөгөө шилүүс рүү буудсан. Тэгтэл оноогүй юм шиг байна лээ буун дуунаар нөгөө амьтан мод руу зугтсан, араас нь нөгөө ноход хөөгөөд давхисан. Би араас нь хөөгөөд модонд гарч очоод хараалж байгаад хоёр буудаж алсан. Тэгээд тэндээсээ нөгөө алсан шилүүсээ аваад гэр лүүгээ харьсан. Нөгөө амьтныхаа арьсыг өвчиж аваад махыг нь хаяад арьсыг нь амбаартаа хийчихсэн байсан. Тэр амьтнаас өөр юмыг нь аваагүй хаясан ба махыг нь манай нохойнууд идчихсэн байсан ...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.З******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... засаг даргын тамгын газрын дарга Баасанжав, багийн дарга Г******** нар ярихдаа Б************* нь шилүүс агнасан хэрэгт цагдаад шалгагдаж байгаа өөрийг чинь хариуцсан байгаль хамгаалагч учраас иргэний нэхэмжлэгчээр томиллоо гэсэн. ... экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг сумын орон нутгийн орлогын дансанд тушаалгаж өгнө үү гэх мэдүүлэг /хх-23х/,
Гэрч Б.Д********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манайх 5 дугаар багийн Их бургас гэдэг газар өвөлждөг юм. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үед байх хэдний өдөр байсныг нь санахгүй байна өглөө 10 цаг болж байхад бэлчээртээ гаргаад хэсэг байж байгаад хонь ямаа руугаа хартал хар цагаан хоёр юм барьцалдаад ноцолдоод байсан, тэгээд би гэр лүгээ гүйж ороод утсаа авч Б************* гэдэг хүүхдийн ээж рүү нь залгаж дугаарыг нь авч Б************* руу залгаж хэлэх гэтэл утсаа авахгүй байсан хоёр гурван удаа залгаж байж авсан манаа ямааг Шилүүс гэдэг амьтан бариад авлаа энийг ирээд алаад өгөөч гэж хэлсэн чинь за гээд утсаа тасалчихсан, тэгээд би гүйж гараад хартал дахиад ямаа бариад авчихсан байж байсан тэгээд би орилж хашхираад байхад явахгүй байсан тэгж байтал Б************* мотоциклоор буу үүрч давхиж ирээд гурав буудаж алсан. ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6, 7-8х/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх9х/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-10х/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40-41х/,
2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл /хх-14х/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-15х/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Д.Д********ийн Шинжээчийн дүгнэлт /хх-40-41/,
Шинжээч Д.Д********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Монгол орны ховор амьтны жагсаалтад говийн шилүүс бол хамаарагдаг. Харин дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн шилүүс бол хангайн бүсийн “Шилүүс мий” төрлийн амьтны зүйлд хамаарна. ... гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Б********ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...
Шинжээчийн №76 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-53х/, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн засаг даргын Ц.Г********ийн: “...Хайрхан толгой багийн Их бургаст хэмээх газар өвөлжиж буй малчин Б.Д********ын хотонд зэрлэг араатан болох Шилүүс 2021 оны 01 дүгээр сарын 18-нд халдаж 2 ямааг барьж, маргааш өглөө нь дахин хотны ойролцоо 2 ямааг барьж байх үед Л.Б************* тус малчны өмч хөрөнгийг араатнаас хамгаалсан нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-67х/,
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Батмөнхийн Хүсэлт уламжлах тухай албан бичиг /хх-68х/, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн засаг даргын тодорхойлолт /хх-70х/, Л.Б*************н 2020 онд тоолуулсан малын А дансны хуулбар /хх-71-72х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Л.Б************* нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74х/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Б************* нь амьтны аймагт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлөх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б************* нь амьтны аймагт учруулсан хохирол 2,300,000х2=4,600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах талаараа хохирогчтой 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-92х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын саналыг шүүгдэгч Л.Б************* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “ховор амьтныг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан” байх шинжээр илрэх бөгөөд уг үйлдлийн улмаас заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч Л.Б************* нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд тусгайлан заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон шилүүс /1 толгой шүлүүс/ ангаж болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг нь дээр дурдсан нөхцөл байдалд санаатай болон болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэх боломжтой бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс өгсөн мэдүүлэг дээр үндэслэн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Б************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн ************* дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан Оросын холбооны Улсад 1993 онд ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн “САЙГА” загварын 7.62х39R мм-ийн замганы дугаар 808 дугаар бүхий калибр нэг галаар болон буудлага үйлдэх зориулалттай винтов буу 1 ширхгийг хохирол төлбөрт тооцох, шилүүс гэх амьтны арьс 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2000 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б*************гаас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 2000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бууг хохиролд тооцуулах санал гаргасан тул “САЙГА” загварын бууг үнэлгээ болох 2,500,000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.
************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэн ховор амьтан болох шилүүсний 1 /нэг/ ширхэг арьсыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар сарын 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урчууд овогт Л*************ийн Б*************г ховор амьтныг хууль бусаар агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л*************ийн Б*************д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Б*************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*************н тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б*************гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “САЙГА” загварын замганы дугаар 808 дугаар бүхий калибр бууг үнэлгээний үнэ болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр бодож хохиролд, мөн үлдэх 2,100,00 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэн ховор амьтан болох шилүүсний 1 /нэг/ ширхэг арьсыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*************д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН