Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

         Улсын яллагч Г.Чанцалдулам,

    Шүүгдэгч Ю.Г******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю-ийн Г********од холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар),

Шүүгдэгч Ю.Г******** нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 05:00-06:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-14 тоотод оршин суух иргэн Б.************ийн эзэмшлийн “Seinke cross” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ю.Г******** нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 05:00-06:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-14 тоотод оршин суух иргэн Б.************ийн эзэмшлийн “Seinke cross” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...  Би 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өглөө гэгээ орж байх үед /өглөөний 05 цаг өнгөрч байсан байх/ Мөрөн сумын 10-33-17 тоотод байрлах гэрээсээ гараад явж байтал манай хажуугийн хашаанаас үл таних эрэгтэй хүн хашаанаасаа мотоцикл гаргаж ирээд хашааныхаа үүдэнд тавьчхаад буцаад гэр рүүгээ яваад орчихоор нь би мотоцикл дээр нь дөхөөд очтол түлхүүр нь зоолттой байсан тэгэхээр нь би мотоциклийнх нь түлхүүрийг сугалж авч халаасандаа хийчхээд гудамжаар тойрчхоод холоос хартал нөгөө мотоцикл хашааны үүдэндээ байж байсан.Тэгэхээр нь явж очоод мотоциклийн түлхүүрийг хийгээд асаагаад хөдлөөд Мөрөн сумын 9 дүгээр хороонд байрлах хамаатны дүү Чинсанаа гэж дүүгийнхээ хашаа руу түрж оруулаад хийчихсэн.Тэгээд орой харанхуй болсны дараа айлын үүднээс хулгайлж авсан мотоциклоо 10 дугаар хороонд байрлах хамаатны дүү Б************ хашаанд оруултал “Энэ ямар учиртай мотоцикл юм бэ? гэхээр нь би “Ах нь наад мотоциклийг чинь хүнээс авсан юм.Одоо ах нь хөдөө гарах гэж байна танайд үлдээчихье” гэж хэлээд байшингийнх нь хажуугийн амбаар руу түрж оруулж хийчхээд Б************аар хамаатны дүү Чинсанаагийн гэр рүү хүргүүлсэн. Тэгтэл удалгүй миний араас цагдаа ирээд намайг аваад явсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-13х),

      Хохирогч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 8-ны өдөр манай гэрт надтай хамт мужааны ажил хийдэг Наранчулуун гэж найз маань эхнэр хүүхдийнхээ хамт ирээд манай эхнэр бид дөрөв том савлагаатай хоёр пиво хувааж уучхаад оройн 22:30 орчим цагийн үед унтацгаасан. Тэгтэл өглөө 05:30 орчим цагийн үед манай гэрийн ард гэнэт миний мотоцикл асахаар нь би сэрээд гэрээс гараад мотоциклоо хартал миний мотоцикл алга болчихсон байхаар нь өөрийнхөө машиныг асаагаад алдагдсан мотоциклынхоо мөрөөр араас нь дагаад явтал шороон замаар явсаар байгаад Мөрөн сумын 9 дүгээр хорооны Сондор нэртэй дэлгүүрийн ойролцоо очоод мөр алга болчихсон.Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд надтай хамт ойролцоох дэлгүүрийн хяналтын камер нь ажиллаагүй бичиг хийгдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-19-20, 22х),

Гэрч Э.Б************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 09-ны оройхон яг хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 19 цагийн үед юм уу намайг гэртээ байж байхад Г******** гэдэг хамаатны ах манайд ирээд ах нь нэг мотоцикл оруулаад амбаарт чинь тавьчих уу ах нь одоо хөдөө гарлаа гэж хэлсэн. Тэгээд манай байшингийн хажууд байдаг модон амбаарт хийчхээд яваад өгсөн. Г******** ахыг явсны дараа удалгүй манайд хоёр танихгүй залуу орж ирээд манай амбаарыг үзээд миний мотоцикл байна гээд байсан ... ганцаараа л тэр мотоциклыг авчирсан ... ” гэх мэдүүлэг (хх-24х),

Гэрч М.Я************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... намайг Эрдэнэбулган суманд байдаг аав Мягмарынд байхад манай хүүхэд Нандин эрдэнэ над руу залгаад өглөө босоод ирсэн чинь хашаан дотор спорт загварын мотоцикл байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэнийх юм бэ гэж асуухад мэдэхгүй өглөө сэрээд харахад мотоцикл байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нандин-Эрдэнэд хандаж наад мотоциклийг чинь хэн ирж авах нуу надад хэлээрэй гэж хэлээд би утсаа салгасан юм. Тэгээд оройхон тийшээ Нандин эрдэнэ над руу залгаад нөгөө мотоциклийг Г******** ах ирээд аваад яваад өгсөн гэж хэлсэн би ийм зүйл болсныг л мэднэ. ...” гэх мэдүүлэг (хх-26х),

Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын эхээр яг хэдэн гэдгийг нь би мэдэхгүй байна өглөө 05 цаг өнгөрч байхад манай нөхөр ************ий, Баяраа, Наранчулуун нар нь мотоцикл дугарлаа гээд ярих чимээгээр би сэрсэн. Тэгээд бид хэд гэрийн гадаа хараад мотоциклоо хартал манай нөхрийн мотоцикл байхгүй болсон байсан. Харин мотоциклийн мөр нь манай хашаанаас гараад Сондор дэлгүүр хүртэл яваад засмал руу гарсан байсан. Тэгээд манай нөхөр ************ий бид хоёр тухайн өдөржингөө мотоциклынхоо мөрийг засмал руу гарсан хэсгээр нь хайсан Угаасаа манай нөхрийн мотоциклийн мөр нь бусад мотоциклийн мөрнөөс содон юм байн лээ. Тухайн өдөр манай нөхөр бид хоёр Сондор дэлгүүрийн урд машинтайгаа зогсож манай мотоцикл Сондор дэлгүүрийн ойр хавиар явж байж магадгүй гэж бодоод өдөржингөө суусан. Тэгээд нөхөр бид хоёр 21 цаг үед санагдаж байна гэр лүүгээ буцъя гэж бодоод харих гэж байтал Сондор дэлгүүрийн цаад талын гудмаас мөр нь харагдсан Тэгэхээр нь бид хоёр мөрийг нь дагаж явахад тухайн мотоциклийн мөр нь Арвай дэлгүүрийн ар талын гудмын 2 дахь хаалга руу орсон байсан Очоод тэр хаалгыг тогшиход нэг хүн гараад ирсэн. Тухайн өдөр нь манай нөхөр бид хоёр цагдаад мотоцикл алдсан гэдгээ тэмдэглүүлсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад тэр айлын амбаарыг үзтэл манай мотоцикл байхаар нь нөхөр бид хоёр мотоциклоо аваад харьсан юм “... гэх мэдүүлэг (хх-28х),

Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-35-37х),

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-54х),

  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Цагаанбэлчир багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт (хх-56х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-57х), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны толлогийн хуулбар (хх-58-59х) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-60х), шийтгэх тогтоолын хуулбар (хх-62-63х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч Ю.Г******** нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 05-06 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-14 тоотод оршин суух иргэн Б.************ийн эзэмшлийн “Seinke cross” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ю.Г********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-13х),

        Хохирогч Б.************ийн (хх-19-20, 22х), гэрч Э.Б************ын (хх-24х), гэрч М.Я************ын (хх-26х), гэрч Д.Уянгын (хх-28х) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

  Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-35-37х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн эд зүйлээ хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ю.Г******** ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

   Хохирогч Б.************ий “... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хх-22) -ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ю.Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.Г******** нь урьд 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3  жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-60, 62-63х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ю.Г********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар  шүүгдэгч Ю.Г******** нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил  тэнсэх ялын саналыг шүүгдэгч Ю.Г******** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах  ял оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Ю.Г********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх зүйтэй байна.

  Энэ хэрэгт шүүгдэгч Ю.Г******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Дархад овогт Ю-ийн Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Юрагийн Г********од хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ю.Г********од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г******** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

  5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ю.Г********од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  6. Шүүгдэгч Ю.Г******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Г********од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН