Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 38

 

 

 

 

Б.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолтой Б.Нэргүйд холбогдох эрүүгийн 1737000000026 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Амарынхан овогт Боломжавын Нэргүй нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэгцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан жолоооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчиж согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 01-28 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Булган сум дахь Хаан банкны тооцооны төвийн урд талын засмал дээр И.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч Амарынхан овогт Боломжавын Нэргүйд холбогдуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Амарынхан овогт Боломжавын Нэргүйг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Амарынхан овогт Боломжавын Нэргүйгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүй сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан 'Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"- ын 1.3 дахь хэсэгт согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандах багаж /Алкоскан АL-1100 амьсгал дахь агууламжинд согтууруулах ундааны орц байгаа эсэхийг улаан ногоон гэрлээр үзүүлдэг багаж цаашид “тандагч багаж' гэх / ашиглан тандалт хийж болно. Журмын 1.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэлийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандарчлал хэмжил зүйн төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж /драгер 6810, 7510 цаашид согтуурал шалгах багаж’ гэх ашиглана. Мөн журмын 1.6 дахь хэсэгт Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно “гэж аль алинаар нь ч жолоочийн согтолтыг тодорхойлж болохыг журамлажээ. Мөн журмын 2.3 дахь хэсэгт Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна.

            Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна гэж журамласан Цагдаагийн алба хаагч Б.Нэргүйгийн согтолтыг шалгахдаа хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан драйгер багажаар шалгахад 0.96 хувийн согтолттой гарсан болох нь согтууралыг шалгасан тэмдэглэл DVD-нд хуулсан бичлэгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч нэг пиво уусан талаараа мэдүүлсэнийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д Бат-Эрдэний гар утсанд хурааж дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож DVD-нд хуулсан бичлэг зэргээр тус тус давхар нотлогдсон. Хэрэг учрал 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед болсон бөгөөд хэрэг учрал болсноос хойш 6 цагийн дараа Б.Нэргүйгийн биенээс цус авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан цус авсан тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд Б.Нэргүйгээс авсан цусыг 5 хоногийн дараагаар Шүүхийн шинжилгээний албанд тогтоолын хамт хүргүүлсэн ба Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Цэндхүүгийн мэдүүлсэн “...5 хоногийн дараа шинжилгээнд Б.Нэргүйгийн цусыг ирүүлсэн ..уг цусыг хадгалах хадгалалтын горим алдагдсанаар цусан дахь этилийн спирт ууршиж үгүй болсон байх боломжгой, мөн бага хэмжээтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тодорхой цаг хугацаа өнгөрч цус авсан тохиолдолд этилийн спирт илэрэх боломжгүй, тухайн хүний биеийн онцлогоос хамаарч бага хэмжээтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол этилийн спирт илрэх боломжгүй гэжээ. Б.Нэргүйгийн согтууралыг шалгаж 0 96 хувь гарсан согтолтын хувийг үнэлэлгүйгээр жолоочийг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол дээрх зүйлчлэлээр зүйлчлэх ёстой. Гэтэл шүүгдэгч Б Нэргүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан согтуурлыг шалгасан багажаар 0.96 хувийн согтолттой болох нь тогтоогдсон мөн бэхжүүлж авсан дүрс дууны бичлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжээч эмчид хууль сануулж авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 -д зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгуй юм.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан гар утасны дүрс бичлэгийг бэхжүүлж авсан эд мөрийн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн үед судалсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болон үгүйсгэсэн тухайгаа тогтоолд дурьдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2 3-т ‘'шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэнээ дурьдаагүй нь" дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

            Иймд Б Нэргүйд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 1 дэх хэсэгт заасан ‘шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй'. мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан “ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”. мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан.         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Б.Нэргүй нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэгцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан жолоооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчиж согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 01-28 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Булган сум дахь Хаан банкны тооцооны төвийн урд талын засмал дээр И.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгч Б.Нэргүйгийн үйлдлийг  прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх уг хэргийг хүлээнэ авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Б.Нэргүйгийн “ Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэлд “. . . Б.Нэргүйг . . . архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах “Drager “ багажаар . . . шалгахад Б.Нэргүй нь 0,96 хувийн согтолттой гарсан . . .” гэжээ / 1-р хх-н 14 /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд . . . Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнийн гар утсанд үзлэг хийхэд уг гар утас нь самсунг “ ЖЭЙ-5 “ маркийн шаргал өнгийн гар утас байх ба хэрэглүүр гэх цэс рүү орж галерей гэх цонх сонгож камерийн бичлэгт үзлэг хийхэд . . . яллагдагч Б.Нэргүйг согтолт тодорхойлох багажаар үлээлгэж байгаа дүрс бичлэгэнд 0.96 хувийн согтолттой гарсаныг яллагдагч Б.Нэргүй нь 2 пиво уусан гэж тайлбарлаж байгаа дүрс бичлэг байсныг цагаан өнгийн DVD-нд  хуулбарлан авч хэргийн материалд хавсаргахаар тогтов . . . гэжээ / 1-р хх-н 39 /, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Батдорж нарын  . . . “ Тэр шөнө Б.Нэргүйг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд архи уусан гэж гарсан . . .” гэх мэдүүлэгүүд / 1-р хх-н 54, 59 / зэрэг нотлох баримтуудаар Б.Нэргүй нь хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Б.Нэргүйгийн согтолтыг шалгасан “Drager” багаж нь Стандарчлал хэмжилзүйн газраас баталгаажсан багаж гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар /1-р хх-н 230-231/ тогтоогдож байх бөгөөд дан ганц Б.Нэргүйгийн биенээс этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт нь түүнийг согтуу байсан гэх үйл баримтыг нотолсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх боломжгүй юм.

Мөн Б.Нэргүйгийн цуснаас авсан дээжийг 5 хоногийн дараа шинжилгээнд ирүүлсэн тул түүний цусан дахь этилийн спирт уурших боломжтой гэх прокурорын тайлбар үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж , Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Б.Нэргүйд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 

                                                                                               

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА