Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00117

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир,

Улсын яллагч Ч.Сэлэнгэ, Хохирогч М.Төрмөнх,

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ц.Сүхбаатарт холбогдох 201614000250 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 01 сарын 18-ны өдөр Увс аймгийн Баруун туруу суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-6-102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Шарилжийнхан овогт Цэрэндоржийн Сүхбаатар / РД: ОС89011818 /

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед М.Төрмөнхийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Шүүгдэгч Ц.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Болсон явдал үнэн тул мэдүүлэг өгөхгүй. Мөн улсын яллагчийн уншиж сонсгосон яллагдагчаар татах тогтоол миний гардаж авсан тогтоолтой тохирч байна. Би хохирогч М.Төрмөнхөд хохирол төлсөн. Цаашид гаргах эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж өгнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.

2. Хохирогч М.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Би Сүхбаатарт зодуулсанаас 2 шүдээ авахуулсан. Авахуулсан хоёр шүдний хоёр тал гэмтэлтэй тул эмчилгээ хийлгэж байж шүд хийлгэ гэж эмч хэлсэн тул эмчилгээний болон шүдээ хийлгэх мөнгө хэрэгтэй болсон. Хохиролд 25000 төгрөг хүлээн авсан. Шүүгдэгчтэй ярьж тохиролцоод 2. 1.500.000 төгрөг 7 хоногийн дотор өгнө гэсэн.Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэв.

3. Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ : Би Сүхбаатар гэх хүнийг таньдаг.Би хичээлийнхээ хажуугаар таксинд явж байгаад таньдаг болсон юм. Харин нөгөө өндөр залууг нь бол танихгүй. Тэр өдөр бид нар Баян төвийн хажуу талын Дэнж явдаг таксины буудал дээр хүнээ ачих гээд ээлжээ хүлээгээд зогсож байхад 3 хүн ирсэнийг Сүхбаатар машиндаа суулгаад дахин нэг хүн хүлээсэн. Гэтэл зодуулсан гээд байгаа Төрмөнх гэх залуу одоо миний ээлж би хүнээ ачина гээд Сүхбаатартай маргалдаад эхэлсэн. Сүхбаатараас өндөр залуу байсан. Тэр өндөр залуу хувцасаа тайлаад пизда минь гээд янз бүрийн үгээр хараагаад Сүхбаатарыг заамдаад авсан. Хэний ч уур хүрэхээр үгээр хараагаад шарыг нь малтаад тэгээд хоорондоо зодолдсон.тэр хоёрыг салгасны дараа өндөр залуугийн хамраас цус гарсан байсан. Сүхбаатарын нүүр улайсан байсан.Тухайн үед шөнө гэрэл муутай байсан тул сайн харагдаагүй, бусдаар зүгээр байсан гэжээ.

4. Гэрч Д.Доржсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ : Зодоон болдог өдөр би Сүхбаатар, Баяраа нартай Дэнж явдаг таксины буудал дээр зогсож байхад Сүхбаатар маргалдаж эхэлсэн. Зодуулдаг залуу таксинд явдаггүй мөртлөө би чиний урд талд байсан гээд Сүхбаатартай маргалдаад Сүхбаатарыг явуулахгүй татаж чангаагаад машины хаалгыг нь дараад чи амжих уу?, чи намайг барах уу гээд хувцасаа тайлаад машиндаа хийгээд Сүхбаатар луу дөхөөд ирэхэд Сүхбаатар цаашаа бай гээд түлхсэн. Тэгээд эргэх үед нь нөгөө өндөр залуу бариад авсан. Тэгээд хоорондоо зодолдсон.Харилцан зодолдсон.Сүхбаатарын хүзүү нь урагдсан, толгой нь энэ тэндээ домбойсон гэж байсан. Нөгөө залуу зүгээр харагдсан.Ямар нэгэн цус гоожсон харагдаагүй. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Сүхбаатарыг явсаны дараа нөгөө залуу яваад өгсөн гэжээ.

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 330 тоот дүгнэлтээр : М.Төрмөнхийн биед хоёр шүд /41,31/ унасан, хоёр шүдний буйлны үрэвсэл /32,42/ доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт зэрэг үүсчээ. Эдгээр гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих,цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эдгээр гэмтэл нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байж болно. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 10 хувь байна гэжээ.

6. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө шүүгдэгч Ц.Сүхбаатар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнж баг руу явдаг таксины буудал дээр зорчигчоо булаацалдан иргэн М.Төрмөнхтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж 2 үүдэн шүдийг нь унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг дээр дурьдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

Ц.Сүхбаатарын үйлдсэн хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

Хохирогч М.Төрмөнх нь хохирол төлбөрөө хүлээн авсан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ,учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч М.Төрмөнх шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Шарилжийнхан овгийн Цэрэндоржийн Сүхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус заасныг баримтлан Цэрэндоржийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ