| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/199 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/199
019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Г.************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г*************ын *************д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Г.************* нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 01 дүгээр баг “Айраг” гэх газрын бэлчээрээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Х*************ийн 2 тооны адуу хулгайлж нядалсан ба уг хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.************* нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 01 дүгээр баг “Айраг” гэх газрын бэлчээрээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Х*************ийн 2 тооны адуу хулгайлж нядалсан ба уг хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.*************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “… би Д*************тай анх уулзаж адуу нядлах талаар ярихдаа манай ээжийн 2 адуу байгаа юм түүнийг нядлалцаад өгөөч гэж гуйсан. Тэгэхэд Д************* зөвшөөрч бид хоёр уг хоёр адууг нядалсан юм. Түүнээс хулгайн адуу нядлах гэж байгаа талаар Д*************д хэлээгүй тэгээд гэрээсээ мах ачаад Мөрөн сум руу явах үед Д************* хулгай мах байна гэж мэдсэн. ...Адуу хулгай хийхэд Д************* надтай хамт яваагүй маргааш өдөр нь Д*************д манай ээжийн 2 адуу байгаа юм үүнийг хамт нядлалцаад өгөөч гэж гуйж хамт нядалсан. Тэгээд хоногийн дараа миний машинд мах ачиж байх үед Д************* энэ танай адуу биш байна гэхэд тийм ээ би таныг бодно махаа зараад мөнгө өгнө гэж хэлсэн. ...” (хх-35-37х) гэх мэдүүлэг,
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х),
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-03-04х),
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №114/234 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-24х),
Хохирогч Д.Х*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төмөрбулаг сумын “Урд чулуутын ам” гэх газарт Хонгор азаргатай 34 тооны адуугаа бүргэж үзэхэд 2 тооны адуу байхгүй 34 тооны адуу байснаас 32 болж 2 адуу зүсээрээ дутсан байсан. Хонгор зүсмийн охин шүдлэн байдас, зөв гуяндаа РГ1 гэсэн тамгатай хул хонгор эр даага, духан дээрээ сартай мөн РГ1 гэсэн тамгатай адуунууд алга болсон. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай хүү Х.Б*************ын 98491919 тоот утас руу аймгийн төвөөс ярьж байна гээд намайг Э************* гэдэг хүн байна танай 2 адуу хулгайд алдагдаад нядлагдсан байна одоо байгаа төвд байнга цагдаа мэдсэн тул хурдан орж уулзаарай гэж хэлсэн болохоор би орж ирлээ. Би хулгайд алдсан хонгор зүсмийн шүдлэн байдсаа 2 сая төгрөгөөр, хул хонгор даагаа 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. миний хонгор азарга төл миний хонгор азарга Сүхбаатар аймгийн Дарьганга угшилтай адуу тул алдсан адуугаа 3 сая 500 мянган төгрөгт үнэлж байна. ...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд явж байхдаа ************* болон Д************* нараас адууны үнэ гэж *************гийн 5894020023 тоот данснаас миний 8594017522 тоот данс руу 3 сая 500 мянган төрөг шилжүүлж авсан. Би одоо хохирлоо нөхөн төлүүлж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал алга байна. ... ” гэх мэдүүлэг (хх-8-9, 10-11х),
Гэрч А.Д*************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны орчим би *************гийн идэш хийлцэж өгсөн. Дараа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Батбаатар гэдэг хүний өвөлжөөний хашаан дээр *************тай хамт 2 адуу нядалсан уг хашаан дээр сартай хонгор даага нядалсан үүнийг би амийг нь тасалж нугасалсан. Харин нөгөө хул хонгор шүдлэн байдсыг *************гийн гэрийн гадаа хөтөлж авчраад ************* өөрөө амийг нь тасалж нугасалсан харин би хамжилцсан. ... би Х************* гэж хүнийг сайн танина. ... Бид хоёр дээрх 2 адууг нядлах үедээ Х************* гэдэг хүний адуу гэж мэдээгүй тэгээд маргааш өглөө нь Х************* гэдэг хүний адуу байна гэж им тамгыг нь хараад мэдсэн. ************* банкны зээлээ дарах хэрэгтэй надад өвс тэжээл авах мөнгө хэрэг болоод хулгай хийсэн махаа мөнгө болгоод тэнцүү хувааж авъя гэж тохиролцсон. ... хоёр адууны мах нийлээд 1 сая 100 мянган төгрөг болсон би мөнгө аваагүй. Х************* гэдэг хүн 3 сая 500 мянган төгрөг бид хоёроос нэхсэн тул 1 сая 100 мянга дээр 2 сая 400 мянган төгрөг нэмж Х************* гэдэг хүнд өгсөн би өөрөөсөө 1 сая төгрөг гаргаж ************* 1 сая 400 мянган төгрөг нэмж гаргасан байгаа. ... ” гэх мэдүүлэг (хх-14-15, 16-17х),
Гэрч Л.Э*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн малчин Д************* гэх над руу 15 цагийн орчим залгаад би өглөө сумаас орж ирсэн. Малчин ************* гэдэг хүний машиныг чирч аймгийн төв рүү оруулж ирсэн чинь энэ нөхөр 2 адууны хэрэгт холбогдсон байна гэхээр нь би 13-59-08 тоотод очиж Д*************тай уулзахад ямар зүсмийн ямар им тамгатайг сайн мэдэхгүй байна гэхээр нь хамт байсан чи ямар зүсмийн адуу нядалсан юм гэхэд хул хонгор зүсмийн даага шүдлэн 2 байсан чи гэхээр нь хөдөө Бат-Жаргалан руу залгаад чи адуугаа бүртгээд иргээд яриач танай адуунаас 2 адуу алдагдсан байж магадгүй гэхэд нь харин тийм ээ манай аавын адуунаас 2 адуу дутаад байгаа гэхээр нь чи тэгвэл зүсийг нь үзээд эргэж яриарай сураг гарч магадгүй байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),
Гэрч У.А*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүрэнтогтох сумын Сангийн далай 1 дүгээр Дарханы өтөг газраас аймгийн Төв рүү орж ирээд 3 хоноод хөдөө гэртээ намайг очиход амбаарт 2 адууны мах байхаар нь би энэ ямар учиртай адууны мах вэ гэж асуухад ээжийн адууны мах вэ гэж асуухад ээжийн адууны мах намайг махлаад аваад ирээрэй гэсэн гэж надад хэлэхээр нь би үнэндээ тийм байх гэж бодсон. ... манай нөхөр намайг аймаг руу яваад 3 хоноод гэртээ буцаж очиход сартай хүргэн даага хонгор байдас зэрэг 2 адууг нядлаад махыг нь амбаарт хийсэн байсан. Манай нөхөр ************* адуу нядлахдаа гэртээ ганцаараа байсан. Манай нөхрийн нядалсан гээд байгаа 2 адууны мах 13-59-08 тоотод манай хөх өнгийн Портер машин дээр ачсан байгаа. Манайх хамт 2020 оны 11 дүгээр сард 1 адуу 2 үхэр нядалсан байгаа манайх 2021 оны 01 дүгээр сард 3 сая төгрөгийн зээл тушаах ёстой үүнийг тушаахад зориулсан мах бас хамт авч орж ирсэн. ” гэх мэдүүлэг (хх-20-21х),
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №114/234 дугаартай Хөрөнгө үнэлсэн тайлан (хх- 24-25х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43х), Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/215 дугаартай тодорхойлолт (хх-45х),2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Г*************ын *************гийн 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны тодорхойлолт (хх-49х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-51х), Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-66-67), Хохирогч Д.Х************* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-57х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.************* нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 01 дүгээр баг “Айраг” гэх газрын бэлчээрээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Х*************ийн 2 тооны адуу хулгайлж нядалсан ба уг хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.*************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х),
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-03-04х),
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №114/234 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-24х),
Хохирогч Д.Х*************ийн (хх-8-9, 10-11х), гэрч А.Д*************н (хх-14-15, 16-17х), гэрч Л.Э*************ын (хх-18-19х), гэрч У.А*************ийн (хх-20-21х) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Д.Х************* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.************* нь хохирогч Д.Х*************ийн 2 тооны адууг хулгайлж 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.************* нь урьд Хөвсгөл аймгийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгэгдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-67х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Г.*************г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.************* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч Г.************* нь 2019 оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч Г.*************гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч Г.*************гийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.*************д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2800 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.*************гаас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У************* овогт Г*************ын *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г*************ын *************г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Шүүгдэгч Г.*************гийн дүйцүүлэн сольсон 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилийн дээсээр тогтоож, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*************д шүүхэд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН