| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00454/И |
| Дугаар | 00613 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 23-16 тоотод оршин суух, Боржигон овогт Банзрагчийн Оюунтөгс /РЮ77062966/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 20-08 тоотод оршин суух, Мандал овогт Батжаргалын Нямхүү /РГ78111833/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Оюунтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр Б.Нямхүүтэй 2000 онд гэр бүл болж 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Би 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүү Н.Бямбадорж 1997 онд төрсөн 21 настай, охин Н.Оюунням 2001 оны 03 сарын 06-нд төрсөн, 16 настай, МСҮТ-д 11-р ангид суралцдаг, охин Н.Оюунжаргал 2002 оны 12 сарын 21-ний өдөр төрсөн, 14 настай, 8 дугаар ангид суралцдаг, хүү Н.Нямжаргал 2005 оны 11 сарын 08-нд төрсөн, 12 настай, 6 дугаар ангид сурдаг, хүү Н.Нямлхагва 2007 оны 09 сарын 12-нд төрсөн, 10 настай, 4 дүгээр ангид сурдаг, хүү Н.Түвшинтөгс 2011 оны 05 сарын 19-нд төрсөн, 6 настай, цэцэрлэгт явдаг, охин Н.Анударь 2012 оны 12 сарын 10-нд төрсөн 4 настай, цэцэрлэгт явдаг. Бид хамтдаа 15 жил амьдарсан ч хамт амьдарч байх хугацаандаа Нямхүү нь байнга зодож /толгойндоо 4 удаа хагалгаа хийлгэж байсан, гараа хугалуулж байсан/ түгшүүртэй байдалд амьдарч байсан. Эрүүл согтуу аль ч үед надтай болон хүүхдүүдтэйгээ зүй ёсоор харьцдаггүй үргэлж хэл амаар /гуйлгачин, гичий, банзал гэх мэт/ доромжилж, зодож нүддэг байсан. Бид энэхүү гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2015 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Одоо Нямхүү нь энэ намар хурим найр хийн Мөрөн сумын 10 дугаар хороонд гэр бүлтэй болсон тусдаа амьдарч байгаа. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон. Би энэ асуудлаар Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Нэгэнт өөр гэртэй болоод хурим найраа хийн тусдаа амьдарч байгаа тул та шууд шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн.
Иймд бид цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэр бүл цуцалж, насанд хүрээгүй хүүхэд болох охин Н.Оюунням, охин Н.Оюунжаргал, хүү Н.Нямжаргал, хүү Н.Нямлхагва, хүү Н.Түвшинтөгс, охин Н.Анударь нарт хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож Нямхүүгээс гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Нэхэмжлэгч Б.Оюунтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Б.Нямхүүтэй 2000 оноос хамтран амьдраад 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Б.Нямхүү бид хоёрын дундаас төрсөн 6 хүүхэд байдаг. Том охин Н.Оюунням 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, удаах охин Н.Оюунжаргал 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, хүү Н.Нямжаргал 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хүү Н.Нямлхагва 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, хүү Н.Түвшинтөгс 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, охин Н.Анударь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус төрсөн. Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан гэвэл Б.Нямхүү бид хоёр гэр бүл болоод 15 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд Б.Нямхүү нь согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж зан ааш нь хувирч ,миний биед удаа дараа гэмтэл учруулж байсан. Мөн үр хүүхдүүдтэйгээ ёс зүйгүй харьцан буруу үлгэр дууриалал байнга үзүүлдэг юм. Намайг үргэлж л элдвээр доромжилж, хардаж, зоддог болсон. Тархиа хагалуулж цагдаад хүртэл өгч байсан. 2009 оноос хойш миний толгой байнга өвддөг болсон юм. Иймд 13 дугаар маягт авч Улаанбаатар хотод очин эмчлүүлэх шаардлагатай болсон. Мөн Б.Нямхүү нь хамтран амьдрагчтай болж тэдний дундаас хүүхэдтэй болсон. Одоо тэд нартайгаа хамт 10 дугаар хороонд амьдардаг юм. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдийнхээ тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулж авах хүсэлтэй байна. Том охин Н.Оюунням маань 16 насанд хүрсэн. Аавынхаа ээжтэй амьдардаг учир өөрийнх нь саналаар эцгийнх нь асрамжинд үлдээх саналтай байна. Энэ охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Нямхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Батжаргал овогтой Нямхүү би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтөгс нь хариуцагч Б.Нямхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2000 онд гэр бүл болж, 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 147 дугаарт бүртгүүлсэн болох нь №0007250/147 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Н.Оюунням төрсөн болох нь 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №0367670/154 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Н.Оюунжаргал төрсөн болох нь 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №0367669/64 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Нямжаргал төрсөн болох нь 2005 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн №0104321/505 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Н.Нямлхагва төрсөн болох нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №04521443/02 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.Төвшинтөгс төрсөн болох нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №0000634768/г-385 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Н.Анударь төрсөн болох нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №0000850246/997 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос тус тусдаа амьдарч байгаа, болон зохигчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Оюуннямыг эцэг Б.Нямхүүгийн асрамжид үлдээж, 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Оюунжаргал, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Нямжаргал, 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Нямлхагва, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Төвшинтөгс, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Анударь нарыг эх Б.Оюунтөгсийн асрамжид үлдээж эцэг Б.Нямхүүгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Н.Оюуннямыг эцэг Б.Нямхүүгийн асрамжинд үлдээж, охин Н.Оюунжаргал, Н.Анударь хүү Н.Нямжаргал, хүү Н.Нямлхагва, хүү Н.Төвшинтөгс, нарыг эх Б.Оюунтөгсийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Оюунтөгс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Нямхүүгээс эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Оюунжаргал, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Нямжаргал нарыг 11-16 нас, суралцвал 18 нас хүртэл тухайн бүс тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хоёр хүүхдэд жилд төлөх тэтгэмжийг тооцоход 4.164.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 81.574 төгрөг, 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Нямлхагва, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Төвшинтөгс, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Анударь нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар гурван хүүхдэд жилд төлөх тэтгэмжийг тооцоход 3.123.000 төгрөг байх бөгөөд нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөг, нийт 216.692 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Нямхүү нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлэж өнгө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хүлээнавч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Банзрагчийн Оюунтөгс /РЮ77062966/, Мандал овогт Батжаргалын Нямхүү /РГ78111833/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Оюуннямыг эцэг Б.Нямхүүгийн асрамжинд үлдээж, 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Оюунжаргал, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Нямжаргал, 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Нямлхагва, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Төвшинтөгс, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Анударь нарыг эх Б.Оюунтөгсийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Нямлхагва, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Төвшинтөгс, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Анударь нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Оюунжаргал, 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Нямжаргал нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Нямхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Нямхүү, эх Б.Оюунтөгс нарт даалгасугай.
5. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Нямхүүгээс 216.692 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН