| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00472/и |
| Дугаар | 00658 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 00658
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багт оршин суух, Шарнууд овогт Ганчимэгийн Нямтулга /РВ95070901/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 03 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Ренчинбазарын Билэгдэмбэрэл /РА94031718/-д холбогдох
Гэм хорын хохирол 1.061.500 /нэг сая жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00472/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Бямбасүх, нэхэмжлэгч Г.Нямтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нямтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Нямтулга би Б.Билэгдэмбэрэлд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүчиндүүлж бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсон тул гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд Р.Билэгдэмбэрэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0З сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож хохирогч Г.Нямтулга намайг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно. Би эмнэлэгт 2016 оны 12 сарын 06-нд 10 хоног эмнэлэгт хэвтсэний 300.000 төгрөг, эм тарианы 55400 төгрөг, таксигаар Мөрөн Алаг-Эрдэнэ хоёрын дунд явсан 564.000 төгрөгөөр үйлчлүүлсэн, мөн Алаг-Эрдэнэ сумаас өөрийн нөхрийн хамт цагдаа, прокурорын байгууллага дуудахад мотоциклээр ирсэн 77.100 төгрөгийн зардал тус тус гарсан байгаа тул би нийтдээ 1.061.500 төгрөгийг Б.Билэгдэмбэрэлээс нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Нямтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энэ хүнд хүчиндүүлсэн. Мөрөнд орж ирээд сар гаруй эмнэлгээр явж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Жаргалан эмнэлэгт 300.000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн. Мөн Алаг-Эрдэнэ суманд эмчлүүлсэн төлбөр, Мөрөн Баянзүрх сумын хооронд явсан унааны зардал, нийт 1.061.500 төгрөгийг Б.Билэгдэмбэрэлээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа 120.400 төгрөгийг авахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Р.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Нямтулгын нэхэмжилсэн 1.061.500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Нямтулгын нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож байгаа компьютер томографт харуулсан 65.000 төгрөг, эм тариа авсан 55.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжилсэн унааны зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нямтулга нь хариуцагч Р.Билэгдэмбэрэлд холбогдуулан гэм хорын хохирол 1.061.500 /нэг сая жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Г.Нямтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Г.Нямтулгад эм тарианы 55.400 төгрөг, оношилгооны 65.000 төгрөг, нийт 120.400 төгрөг төлөхөөр зохигч эвлэрч байх бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Р.Билэгдэмбэрэлээс 120.400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Нямтулгын нэхэмжлэлтэй Р.Билэгдэмбэрэлд холбогдох гэм хорын хохирол 1.061.500 /нэг сая жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 120.400/ нэг зуун хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Билэгдэмбэрэлээс 120.400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Г.ДАВААХҮҮ