Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00661

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 2-19 тоотод оршин суух, Тогоруутан овогт Танягийн Алтангэрэл /РМ65071115/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2017/00560/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Танягийн Алтангэрэл нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 1-нд малчнаар элсэн орж ажилласан. Түүнээс хойш хоньчноор 1998 оныг дуустал тус нэгдэлд ажилласан. 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 7 сар хүртэл цэргийн албанд 3 жил явсан. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаас группт орох болсон. Гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дүтуу хагас бичигдсэн тул миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Т.Алтангэрэл намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1987 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Алтангэрэл нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Алтангэрэл нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 03 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.Алтангэрэл нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 03 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Таня овогтой Алтангэрэлийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Архивын лавлагаа, гэрч Д.Наранчулуун, А.Мөнхбат нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тогоруутан овогт Танягийн Алтангэрэлийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 03 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН