| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Л.Д, Э.Б /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Д, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2124000000035 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........... оны ....... дугаар сарын 01-нд ................. аймгийн ............. суманд төрсөн, ................. настай, эрэгтэй, ................. боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт ............ аймгийн ..............й сумын .......... багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, 00000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Г овгийн Э-ийн Б.
Монгол улсын иргэн, ............ оны ............ дүгээр сарын 24-нд ................ аймгийн .................манд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт ............. аймгийн ................ сумын ................. багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, 0000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овгийн Л-ийн Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д, Э.Б нар нь бүлэглэн согтуугаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд ............... аймгийн ..........г сумын .................... багийн 9-р гудамжны ойролцоо тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн Э.Б, Л.Д, нар нь бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-ийн толгой, нүүрэн тус газарт нь цохих, газарт татаж унагаах зэргээр зодож биед нь дээд уруулд шарх, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэний урд дээд хэсэг, ар тахимын хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.Д нь 2021 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг Нүхэн хадны хэсэг гэх газарт байх өөрийн гэртээ Л.Ю-н толгой, гарыг нь цохих, гуяа руу нь өшиглөх зэргээр зодож баруун шууны гадна хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэг, зүүн гуяны дотор хэсэгт, баруун гуяны гадна хэсэгт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Э.Б, Л.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д, Э.Б нар нь бүлэглэн согтуугаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн 9-р гудамжны ойролцоо тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн Э.Б, Л.Д нар нь бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-ийн толгой, нүүрэн тус газарт нь цохих, газарт татаж унагаах зэргээр зодож биед нь дээд уруулд шарх, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэний урд дээд хэсэг, ар тахимын хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Д-ийн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед сумын төвөөр өөрийн эзэмшлийн 77-53 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгээд сумын төвийн хойд талын гудамжинд явж байтал араас 1 мотоцикл өндөр хаазтай сигналдаад өнгөрхөөр нь шалгах зорилгоор араас нь дагаж байгаад алдсан...9 дүгээр гудамжны хажууд очтол дээрээс мотоциклтой сундалдсан 2 залуу уруудаж ирээд манай машины хажууд ирж зогссон. Тэгээд ард нь сууж байсан танихгүй залуу нь муу гөлөгнүүдээ яах гээд байгаа пизданууд вэ гээд дунд хуруугаа гаргаад мотоциклоо хаазлаад байхаар нь би мотоциклийг нь явуулахгүй гээд зөөлөн ухартал нөгөө хоёр яг урагшаа явж таараад машины хойд гуперийг мөргөөд унасан. Тэгээд машинаасаа бууж очоод тэр хоёр залууг яагаад согтуу мотоцикл жолоодоод урдаас хаазлаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд Да гэх залууг барьж авсан чинь Б гэх залуу миний дээд уруул хэсэг рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохихоор нь би тэр залууг хашаанд шахаж зогсоод шаардлага биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна шүү гэж анхааруулахад та нар яадаг юм бэ чадахгүй ш дээ гээд хэл амаар доромжлоод намайг дахиж цохихоор нь би түүнийг хавсарч унагаад босож иртэл Д гэх залуу болон Гандангаас 2 залуу гүйж ирсэн. Тэгээд Д, Б нар нь ална та нарыг гээд хүрч ирээд цохих гээд дайрахад нь би гараараа хааж байтал араас хэн нэг нь татаж унагаасан. Тухайн үед газарт унахад Б, Д хоёр над руу цохих гэж дайрахаар нь би хөлөөрөө хамгаалж байгаад хүч хүрээгүй. Давааням миний дээр гарч суугаад толгой руу хоёр цохисон. Тэгээд цохиж байхад Б гэх залуу надтай хамт явж байсан А руу дайрч байсанаа над дээр ирээд миний дух хэсэг рүү гараараа нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-12-р хуудас/,
Гэрч Л.А: “...Бид хоёрыг 23 цагийн үед Гандан руу өгсөж явж байсан чинь гандангийн хажуу талд машин, мотоциклийн гэрэл асахаар нь бид хоёр тийшээ очъё гээд өгсөөд явж байтал дээрээс 1 мотоцикл уруудаж ирээд хажууд зогссоноо хаазлаад араар нь суусан залуу нь салаавч гаргаад гөлөгнүүдээ, пиздануудаа та нар яаж чадах юм гэж хэлээд хашгираад байсан. Тэгэнгүүт хэсгийн төлөөлөгч Д.Д хойшоо ухраад урдуур нь ороод зогсооч гэж хэлээд хойшоо зөөлөн ухарсан чинь нөгөө хоёр залуу бас хаазалж таараад урагшаа хөдөлсөн тэгээд машины ар хэсэгт түр тар хийгээд явчихсан. Хэсгийн төлөөлөгч Д Д гэх залууг та нар яах гээд ингээд хашгиралдаад яваад байгаа юм бэ гэж хэлээд барьж авахад Б гэх залуу нь цохих шиг болсон. Тэгсэн Д Б гэх залуу руу чи намайг цохьчихлоо гэж хэлээд барьж аваад хашаа руу шахаад зогссон...би утсаа гаргаж ирээд У ах руу залгаж байсан чинь Б гэх залуу нь хэсгийн төлөөлөгчийн хажуу шанаа хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд хэсгийн төлөөлөгч чи цагдаагийн алба хаагчийн биед халдлаа, шаардлага биелүүлсэнгүй гэж хэлээд хажуу тийш нь хавирах шиг болоод газарт унагасан. Тэгсэн Д гэдэг залуу нь мотоцикл дээрээ суучихсан асаагаад хэсгийн төлөөлөгч рүү мотоциклоо чиглүүлээд наад пиздаг чинь дайрчихъя гээд хаазлаад байсан...Б, Д хоёр хэсгийн төлөөлөгч рүү яасан овоо пизда вэ алнаа чамайг гээд дайраад цохиход хэсгийн төлөөлөгч Д толгойгоо хаагаад доошоо тонгойгоод цохиулж байсан. Тэгээд над дээр нэг залуу гүйж ирээд манай найзууд согтчихсон байна, уучлаарай хоёулаа салгаад би найзуудаа аваад явъя гэж хэлээд бид хоёр очиж тэр хэдийг салгасан. Салгах гээд очих үед хэсгийн төлөөлөгч Д газарт уначихсан, дээр нь Д гараад цохиж байсан. Тухайн үед Ц нь Д-ыг салгаж авч байсан бөгөөд Б гэх залуу ухаан жолоогүй дайраад над руу бас дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Т.А-н : “...Сумын төвөөс машины гэрэл гараад ирж яваа харагдсан. Тэгээд бид нар цагдаа ирж байна гээд бужигнаад тэндээс тарах гэтэл Д, Б хоёр мотоциклоороо тэр машины гэрлийн өөдөөс яваад очсон. Тэгээд Х, Ц бид гурав суврага дээр байж байтал нөгөө машины тэнд хүмүүс маргалдаж байгаа бололтой чанга чанга дугараад эхэлсэн...яваад очтол Д Нөмрөг сумын хэсгийн төлөөлөгчийг заамдаад бариад авсан, нөгөө Б болохоор хэсгийн төлөөлөгчтэй хамт явсан нэг хүнтэй барьцалдаад зогсож байсан. Ц Д-г хэсгийн төлөөлөгчөөс салгаж дундуур нь орж байгаа харагдсан. Би шууд Б-г тэр барьцалдаж авсан хүнээс нь салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/,
Гэрч Д.Г-ийн: “...23 цагийн үед байх Х гаднаас орж ирээд Түдэвтэй сумаас ирсэн залуучууд манай сумын цагдаа Д-г зодчихлоо гэж хэлсэн...Х-тай хамт гараад тухайн асуудал болж байгаа газарт алхаж очсон...Намайг тэнд очиход машины гэрэлний урд талд цагдаа Д Түдэвтэй сумаас ирсэн Д гэх залуу хоёр юм яриад зогсож байсан бөгөөд Д цагдаагийн хувцас нь шороо болчихсон байсан...Д цагдаа Д руу хандаж та нар цагдаагийн алба хаагчийн биед халдлаа шүү, болсон асуудлыг маргааш өглөө шийднэ. Миний шүд болон уруул руу цохисон гэж хэлсэн. Тэгсэн чинь Д Д цагдаа руу хандаж шүд рүү чинь бол цохиогүй шүү гэхээр нь Д цохилгүй яахав дээ гэх зэрэг яриа өрнөж байсан...Д цагдаа албаны дүрэмт хувцастай явж байсан, би ажлаа хийгээд явж байгаа юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-24-р хуудас/,
Гэрч Б.Х-ийн : “...Гэртээ очоод Б.Ц-ийн утсыг аваад гэртээ байсан Г-г дагуулаад 9 дүгээр гудамжны үзүүрт очсон. Тухайн үед Л.Д Д.Д цагдаатай уулзаад цэргээс халагдаад ирсэн юм, жаахан архи уучихсан байна, одоо бид нарыг явуулчих...гэж хэлж байсан. Б.Ц нь Э.Б-тай уулзаад чи одоо уучлалт гуйчих гээд ятгаж байсан. Тэгсэн Э.Б нь Д цагдаа дээр очоод би цэрэгт ч том байсан юм...би өөрийг чинь дэслэгч цолтой болохоор хүндэлж байна, уучлаарай хө гэж хэлж байсан. Мөн Б.Ц нь Д.Д цагдаад маргааш бид хэд хаашдаа дуудагдана, өнөөдөртөө би энэ хэдийг аваад явчихна, маргааш таны дуудсан цагт чинь бэлэн байя гэж хэлсэн...Цагдаагийн алба хаагчийн биед хэн юугаар халдсан талаар надад мэдэх зүйл алга. Ямар ч байсан Э.Б, Л.Д хоёр цагдаагийн алба хаагчтай муудалцсан гэж мэдсэн. Д цагдаагийн уруул нь жаахан хавдчихсан байсан. Д цагдаа цагдаагийн дүрэмт хувцастай байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-40-р хуудас/,
Гэрч Б.Ц-ийн : “...Суврагнаас жаахан зайдуу сумын төв дотор хүмүүс маргалдаад байсан. Тэгэхээр нь би эхлээд машинаас гараад тэр маргалдаад байгаа хүмүүс дээр очтол манай хоёр найз Э.Б, Л.Д нар сумын хоёр цагдаатай хамт маргалдаад байж байсан. Тэгээд удалгүй миний араас А ирсэн. Тэгээд би эхлээд Э.Б-г маргалдаад байгаа цагдаагаас нь салгаад А-д бариулаад үлдээсэн...би Д дээр очоод маргалдаад зогсож байсан цагдаагаас нь салгасан...хэсгийн төлөөлөгч Д хар өнгийн цагдаагийн дүрэмт хувцастай байсан, цагдаагийн савхин курткатай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000000180 дугаартай: “...Д.Д-ийн биед дээд уруулд шарх, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэний урд дээд хэсэг, ар тахимны хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байгаа тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Д.Д-ийн биед дээд уруулд шарх, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэний урд дээд хэсэг, ар тахимны хэсэгт зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 44-45-р хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан тоот, Цагдаагийн албан хаагчийн /хэсгийн төлөөлөгчийн/ албан тушаалын тодорхойлолт,
2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай “Д.Д-ийн гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илрэхгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчээс асууж авсан тайлбар, эмчийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Л.Д нь 2021 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг Нүхэн хадны хэсэг гэх газарт байрлах өөрийн гэртээ төрсөн эгч Л.Ю-ийн толгой, гарыг нь цохих, гуяа руу нь өшиглөх зэргээр зодож баруун шууны гадна хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэг, зүүн гуяны дотор хэсэгт, баруун гуяны гадна хэсэгт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Ю-ын: “...Манай дүү Д намайг чи унтах болоогүй юм уу гэхээр нь би эхлээд дугараагүй юм тэгтэл Д дахиад чи газраар унтах юм уу, орон дээр унтах юм уу гээд зандрангуй асуухаар нь би хаана ч унтсан яах вэ дээ гэтэл манай дүү Д чи тэгвэл наад орон дээрээсээ бос гээд миний зүүн гуя руу өшиглөсөн, тэгэхээр нь босоод хэвтэж байсан орон дээрээ, орны зүүн хойд булан руу өөрийнхөө толгойг хамгаалсан юм, тэгтэл Д нэг гараараа миний шилэн хүзүү хэсэг рүү доош нь дараад нөгөө гараараа толгой болон баруун гар руу цохиод байсан. Тэр үед би цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа аваад залгах гэтэл манай ээж Н.П гүйж ирээд миний гар утсыг булаагаад авсан. Тэгээд Давааням хэсэг зодохоо болиод зогсохоор нь би өөдөөс нь хараад инээтэл чи их шазруун байна аа гэсэн тэгэхээр нь шазруун байна гэж хэлтэл дахиад яасан овоо шазруун юм бэ чи гээд цохиод байсан...бас миний хөмсөг зулгаагчаар миний гар руу цохьсон нь миний баруун гарын шуунд нэг удаа зоогдсон...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 129-130-р хуудас/,
Гэрч Д.П-ын: “...2021 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад эмнэлгийн жижүүрээс залгаад эмнэлэг дээр зодуулсан хүн ирлээ, та ирээч гэсэн...яаралтай тусламжийн өрөөнд ороход манай сумын Ю сууж байсан...зүрх нь дэлссэн байдалтай даралт 120/80-тай байсан зүрхний цохилт нь олширсон бөгөөд 1 минутанд 114 удаа цохилж байсан...хувцасыг нь тайлуулж бүтэн биеэр нь үзлэг хийхэд зүүн далны орчим цохиулсан оромтой улайж хавдсан өмдийг тайлж доош үзлэгийг үргэлжлүүлэхэд өгзөгний дээд хэсэг буюу ахар сүүлний хэсэг хөхөрч хавдсан, зүүн хөлний гуяны дотор тал хөхөрч хавдсан, зүүн хөлний шилбэ улайж хавдсан байсан...Би болсон зүйлийн талаар асуусан тэгтэл манай дүү ор засах асуудлаас болоод зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 133-р хуудас/,
Гэрч О.С-ын: “...Би тэр өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой Сонгино сумаас ирээд багийн найз Ю-тай уулзчихаад гэртээ ирээд байж байтал тэр өдрийн үдэш цагийг нь яг сайн санахгүй байна, манай найз Ю над руу манай дүү намайг зодоод байна цагдаад дуудлага өгөөч гэсэн утга бүхий чат бичсэн тэгэхээр нь сумын цагдаагийн дугаарыг хүнээс асууж олоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би гэртээ байж байхдаа найз Ю-тай болсон асуудал юу болж байгаа талаар тодруулж асуутал Ю эмчид үзүүлээд манайд ирнэ гэсэн. Тэгээд удалгүй хүргүүлж ирээд манайд унтсан. Би яаж байна гэж найзаасаа асуутал хамаг бие өвдөөд хэвтэж болохгүй байна гээд нааш, цаашаа эргэж хөрвөөгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 137-138-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 000000199 дугаартай: “...Иргэн Л.Ю-ийн биед баруун шууны гадна хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт, баруун гуяны гадна хэсэгт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 6 дугаар сарын 2-3-ны өдөр үүссэн байх боломжтой. Иргэн Л.Ю-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 140-141-р хуудас/ эмчийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх:
Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Иргэн Л.Д, Э.Б нарын өмчлөлд үл хөдлөх хөрөнгөгүй байна...” гэсэн албан бичиг,
Гүндийнхэн овгийн Э-ийн Б, Х овгийн Л-ын Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
Завхан аймгийн Түдэвтэй Ойгон багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай: “...Тус багийн иргэн Л овогтой Д нь эцэг эхийн хамт тус багт амьдардаг. Үеийн залуучуудын дунд нэр хүнд үлгэр дуурайлалтай, ахмад үеийнхээ үгийг сайн сонсдог төлөв даруу хүмүүжилтэй иргэн болох нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
...........н аймгийн ...........й .............т багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай: “...Тус багийн иргэн Э овогтой Б нь ам бүл 7. Аав, ээж, эгч, ах, зээ дүү нарын хамт амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж, үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд нөгөө машин дээр очтол нөrөө машин зогсож байгаад цонхоо жижигхэн онгойлгоод "та 2 түрүүнээс хойш яах гээд байгаа пизда нар вэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 манай он жавууд биш байна гээд Д хөдөлж байтал нөгөө машин ухраад Д бид 2-г мотоциклтой нь хамт мөргөсөн. Тэгээд Д мотоциклтойгоо нөгөө машины доогуур орсон, би цааш өнхрөөд эргээд босож байтал нэг хүн ирээд намайг боогоод хашаа руу шахсан. Тэгээд би тэр хүнийг тавиараа гэж 2-3 удаа хэлсэн. Тэгж байтал Ц ирээд бид 2-г салгасан. Тэгээд тэр хүн цаашаа гүйж очоод Д-ыг бас заамдсан байхаа Д хавираад унагаах шиг болсон. Тэгээд би машин тойроод иртэл нөгөө цагдаатай хамт явж байсан залуу таньдаг залуу байсан, тэр залуутай гар барьчхаад цаашаа нөгөө цагдаа руу яваад очтол нөгөө цагдаа намайг өшиглөөд унагаасан, тэгж өшиглөж байхад би гараараа нэг савсан нөгөө цагдаагийн мөр хэсэгт нь хүрсэн байх. Тэгээд бид нар уулзаад гар гараа барилцаад бие биеэсээ уучлал гуйгаад, нөгөө цагдаа ах та нар болгоомжтой яваад хариарай гэж хэлээд салсан. Тэгээд бид нар Түдэвтэй сум руу явсан. Би А-ийн ард суугаад Д ганцаараа мотоциклоороо явсан... Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Шүүгдэгч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгтэл нөгөө машин жолооч талын цонхоо онгойлгоод “та 2 яах гээд байгаа пизда нар бэ” гэсэн. Тэгээд би нөгөө цагдаа байна гэж бодоод урагшаа хөдөлсөн чинь нөгөө цагдаа ухраад Б бид 2-г мотоциклтой нь мөргөөд унагасан. Тэгээд би мотоциклтойгоо машины доогуур яваад орсон. Тэгтэл нөгөө машинаас цагдаа бууж ирээд Б-г өшиглөөд намайг татсанаа болиод Б руу явсан. Тэгээд би мотоциклоо машины доороос гаргаж ирэх гээд байж байтал дээрээс Ц ирээд Б нөгөө цагдаа 2-г салгасан. Тэгээд мотоциклоо гаргаад данхраадаад зогсож байтал нөгөө цагдаа ирээд намайг заамдаад авахаар нь би “та намайг мөргөж унагаачаад дахин заамдаад байхдаа яадаг юм бэ” гээд гарыг нь тавиулах гээд татаад хөлд нь дэгээ тавьтал нөгөө цагдаа унасан. Тэгээд унахдаа намайг дээрээсээ татаад унасан, тэгээд миний энгэрээс татаад тавихгүй болохоор би гарынх нь бугуйн дээрээс нь барьж байгаад түлхсэн, тэгтэл Ц ирээд одоо боль гээд салгасан. Тэгээд Ц бид 2 нөгөө цагдаатай ярилцаад учраа олоод, уучлал гуйгаад, машины доороос мотоциклоо салгаж авах гэж байгаад хойд гуперыг нь салгачихлаа, та надад дугаараа өгчих би таны машинд гарсан хохирлыг барагдуулна гээд дугаарыг нь авсан. Тэр хооронд А, Б нар гараад явсан байсан. Тэгээд би тэндээс ганцаараа хөдлөөд сум руугаа явсан...Би өөрийн ээж П-ийн хамт 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилтай байж байгаад Түдэвтэй сумын гэртээ 23 цагийн үед очсон. Манай эмээ настай хүн манайд байдаг юм. Тэр хүн гэрт ганцаараа байсан ба гал түлээгүй, хоол унд хийсэн зүйл байхгүй байсан. Тэгээд ээж бид 2 гэртээ ороод байж байтал манай эгч Ю гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ архи уусан байсан. Тэгэхээр нь ээж чи гэртээ байгаад, гал түлээд хоол унд хийж байж болдоггүй юм уу гээд эгчийг загнасан. Тэгтэл манай эгч ээжтэй хэрэлдээд байсан. Тэгтэл ээж энэ надад дийлддэггүй юм аа гэж хэлчхээд гал түлээд эмээд хоол хийж өгөөд орон дээрээ хэвтсэн. Тэгээд би орон дээрээ хэвтэх гэтэл манай эгч Ю миний орон дээр хэвтчихээд босохгүй байсан. Тэхээр нь манай ээж наад архичин хүүхэн чинь дийлдэхгүй болсон гэж хэлсэн. Тэгтэл манай эгч Ю ээжид хандан “танай хүүхэд хэрэгтэй байгаа шүү одоо цагдаад нэг удаа хэлэх юм бол шоронд явна шүү дээ" гэсэн. Тэхээр нь би эгч Ю-д хандаж “тэгээд явуулчхаач” гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би толгой тархи руу нь цохиогүй над руу юм шидэх гээд байхаар орон дээр жоохон дарж суусан, өөр ямар нэгэн зүйл болоогүй... Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86, 152-р хуудас/, нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Э.Б, Л.Д нар нар нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болох нь: “ Д.Д би эрүүгийн 2124000000035 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа бөгөөд миний бие тухайн хэрэгт нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн Д.Д-н хүсэлт,
Хохирогч Л.Ю-н “...нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн хохирогч Д.Д, Л.Ю нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Д, Э.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна
Шүүгдэгч Э.Б, Л.Д нар нь бүлэглэн согтуугаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн 9-р гудамжны ойролцоо тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн Э.Б, Л.Д нар нь бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Д-н толгой, нүүрэн тус газарт нь цохих, газарт татаж унагаах зэргээр зодож биед нь дээд уруулд шарх, хүзүүний урд хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэний урд дээд хэсэг, ар тахимын хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн,
Шүүгдэгч Л.Д нь 2021 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг Нүхэн хадны хэсэг гэх газарт байрлах өөрийн гэртээ Л.Ю-н толгой, гарыг нь цохих, гуяа руу нь өшиглөх зэргээр зодож баруун шууны гадна хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэг, зүүн гуяны дотор хэсэгт, баруун гуяны гадна хэсэгт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг 2021 оны 5, 6 дугаар сард үйлдсэн тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж, мөн зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, мөн түүнчлэн шүүгдэгч нар нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Э.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Д, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гоо сайханы чимхүүр 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э-ийн Б, Х овогт Л-н Д нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х овгийн Л Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Э.Б нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э-ийн Б, Х овогт Л-ийн Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн гоо сайханы чимхүүр 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.О