Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгчдэгчийн өмгөөлөгч С.Г

Шүүгдэгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Э-ийн Б-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ............. оны .............дүгээр сарын ................нд Завхан аймгийн ................. суманд төрсөн, .............. настай, ..........й, .............й,*******, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт ............... аймгийн ..............сумын ...................... багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 00000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт Э-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ******* багийн Хужиртын гол гэх газраас иргэн Л.Л-ийн 1 тооны нас гүйцсэн халтар зүсмийн морийг хулгайлж, Л.Л-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .....................нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ******* багийн Хужиртын гол гэх газраас иргэн Л.Л-ын 1 тооны нас гүйцсэн халтар зүсмийн морийг хулгайлж, хохирогч Л.Л-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 11 дүгээр сард Нөмрөг сумын Нуур багийн Хужиртын гол гэх нэртэй газар байсан бөгөөд тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр адуугаа эргэж Хужиртын голын эхээр очсон. Тухайн үед манай адуу бүрэн байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр адуун дээрээ очиход 1 тооны халтар зүсмийн бүдүүн адуу байхгүй болсон байсан. Тэгээд бид хэд ойр орчмын газруудад хайгаад олоогүй. Тэгээд тэрнээс хойш олдохгүй байхаар нь цагдаагийн хэсэгт бүртгүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

Гэрч Ч.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 11 дүгээр сард ******* багийн нутагт байх Хужиртын гол гэх нэртэй газар намаржиж байсан юм. Тэгээд тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Л нь адуундаа яваад ирэхэд адуу бүрэн байсан гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш адуундаа яваагүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр адуундаа яваад ирсэн чинь манай адуунаас 1 тооны халтар зүсмийн бүдүүн морь байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд манайх ойр хавиар адуугаа хайгаад олоогүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний 5508100967 тоот дансанд хэнээс орж ирсэн нь мэдэгдэхгүй 800,000 төгрөг орж ирсэн. Тухайн үед манай ах Б нь “чиний дансанд үхрийн үнэ орсон шүү, наадахаа аваад аавын буяны ажилд зориулаарай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сум руу эмнэлэгт үзүүлэх гэж явсан. Тэр хооронд Э.Б нь Л-ын 1 адууг хулгайлж авсан байсан. Би бүүр сүүлд нь л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Г-ийн 2021 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 20 дугаартай: “...Халтар зүсмийн тамгагүй нас гүйцсэн адууг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14ий өдрийн 36 дугаартай: “...Э овогтой Б нь тус багт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Э.Б-ийн 2020 оны мал тооллогын малын жагсаалт,

Завхан аймгийн Цагдаагийн газрын Х овогт Э-ийн Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,  Х овогт Э Б 000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар,  Х овогт Э-ийн Б, Ү овогт Д А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Мөн яллагдагч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх 2020 оны 11 дүгээр сарын дундуур ******* багийн Хужиртын гол гэх нэртэй газар өвөлжиж байсан юм. Манайхаас хойшоо 7 км орчим зайтай замын ард Дунд овгор гэх нэртэй газарт Л.Л гэх айлтай хамт өвөлжиж байсан юм. Тэдний адуу гэрийнхээ ойролцоо байдаг байсан. Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна нэг орой 16 цагийн үед Хужиртын хавгай гэх газарт морьтой явж байгаад Л-ын адуутай таараад дундаас нь 1 тооны халтар зүсмийн бүдүүн адууг бугуйлдаж барьж авсан юм. Тэгээд тухайн адуугаа шөнө хөтлөөд Тэлмэн сумын төв ороод өөрийнхөө хашаанд шөнийн 1 цагийн үед ирээд ганцаараа адууг нядлаад гаргасан. Тэгээд өглөө нь ачааны машинд Улаанбаатар хот руу ачуулсан юм. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тухайн адууг хулгайлсан. Би өмнө нь ийм хэрэгт орооцолдож байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлэгүүд нь үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч үнэлгээ хийж дүгнэлт гаргажээ.

 Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч нь төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:

Хохирогч Л-ийн “...Миний бие 2020 оны 11 сарын сүүлээр өөрийн 1 тооны  адууг алдсан бөгөөд тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж Э.Б-с  хохирол болох 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн,

Шүүгдэгч Э.Б-ын “... би хохирогч Л-д учруулсан  хохирлыг бүрэн барагдуулж хохирогчтой эвлэрсэн...” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Э.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч Э.Баттогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлсэн болно.

Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б-н  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан бор зүсмийн, зүүн талын гуян дээрээ дормон тамгатай 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг болон шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Э-ийн Б-г   бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 / нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн  гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан цагаан бор зүсмийн, зүүн талын гуян дээрээ дормон тамгатай 1 тооны буурал зүсмийн морийг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ын эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Б-д анхааруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.О