| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
2021 03 23 2021/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Г.Өлзий-Орших,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгосайхан, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,
Иргэдийн төлөөлөгч М.Саранчимэг нарыг оролцуулан
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2111000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хариад овогт ДБ, 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30-388 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай /РД:......................................../,
Шүүгдэгч ДБ /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 30-388д тоот дахь хашаандаа Б.Цогтсайхантай “нийлээд байгаа эмэгтэйгээсээ сал” гэх зэргээр маргалдаж, улмаар түүний хүзүү, баруун хөлөн тус газар хутгалж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд Цогтсайхан би хоёр хэн хэн нь нэлээд согтуу байсан болохоор хоорондоо маргалдаад би түүнийг зайл гээд хөөсөн. Тэгтэл Цогтсайхан байшингаас гараад явахаар нь би гал тогооны өрөөний татуурганд байсан хутгийг аваад араас нь гүйж очоод дараад унасан. Тухайн үед би согтуу байсан болохоор хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-110-112х/,
Шүүгдэгч Д.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгосайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач Батсайхан овогтой Цогтсайхан нь миний төрсөн дүү байгаа юм ...Манай талийгаач дүү болох Батсайхан овогтой Цогтсайхан нь 1988 онд Хөвсгөл аймагт төрсөн бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд Хөвсгөл аймагтаа бага сургуульд ороод нэгдүгээр ангиасаа гараад дахиж сургуульд сураагүй мал дээр гарсан ...манай талийгаач дүү эхнэр авч, хүүхэд гаргаж байгаагүй ...архи тамхи хэрэглэдэг боловч архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй байсан ...дүү маань ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Бүдбазар талийгаач хоёр хоорондоо маш эвтэй найрсаг харьцаатай байдаг байсан. Ах дүү хүмүүс шиг л байдаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-28х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгосайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би талийгаачийн төрсөн эгч байгаа юм. Хичнээн маргалдсан ч яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ? Энэ хоёр хар багаасаа өвөр түрийндээ орж өссөн бөгөөд янз бүрийн өс хонзонгийн сэдэл байгаагүй. Нэхэмжлэх зүйл байгаагүй. Гэхдээ шүүгдэгчид их гомдож байна” гэв.
Гэрч Б.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний 03:48 цагт хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30-388 тоотод би дүүгээ хутгалчихлаа, миний дүүг авраад өгөөч гэж дуудлага ирлээ гэсэн мэдээллийг хүлээн аваад уг хаягт 5 минутын дараа буюу 03:53 цагт очиж шалгасан. Дуудлагаар очиход уг тоот хашаанд байх нэг давхар өвлийн байшингийн урд хэсэгт нэг хүн доошоо харсан байдалтай газар хэвтэж байсан ба тухайн хүний урдуур газраар цус урсчихсан уг хүн нь ухаангүй байдалтай байсан. Ингээд би жолооч цагдаа Баярцэнгэлийн хамт байшин руу орж шалгахад байшингийн хаалга нь онгорхой дотор нь 30 гаран насны нэг согтуу залуу миний дүүг авраач, би дүүгээ алчихлаа гээд уйлаад зогсож байсан ... нөгөө залууг гавлаад дүүгээ хутгалсан хутга чинь хаана байна гэхэд байшингийн үүдний хэсэгт байх хогийн савны ард хутга нь байгаа гээд зааж өгсөн тул заасан газар нь очиж харахад бор иштэй хутга байсан ...” гэх мэдүүлэг /хх-31-33х/,
Гэрч Д.Баярцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Батбаатар бид хоёрыг дуудлаганд очиход талийгаач Цогтсайхан болон холбогдогч Д.Б нараас өөр хүн байгаагүй. Тэр үед Д.Б нь би дүүгээ алчихлаа гээд уйлаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-34-36х/,
Гэрч Ө.Төмөрхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач Б.Цогтсайхан нь миний төрсөн хүү бөгөөд Д.Б нь манай нөхөр Батсайханы том эгч Балжиннямын төрсөн хүү нь байгаа юм ... тэр үед би юу ч мэдээгүй бөгөөд Эрдэнэт хотод очоод ажил явдлынх нь үеэр манай хүүг Бүдбазар хутгалж амь насыг нь хохироосон байна гэдгийг мэдсэн ...миний хувьд гомдолтой байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна ...” гэх мэдүүлэг /хх-37-39х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №81 тоот дүгнэлтэд:
“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний баруун талын гүрээний артерийн гадна салааны хатгагдаж зүсэгдсэн шарх, төвөнхийн баруун эвэр, төвөнх хоорондын ханын зөөлөн эд, булчингийн нэвт хатгагдсан шарх, улаан хоолой, ходоод, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой дахь бүлэгнэсэн болон шингэн цусны агууламж, баруун гуяны том венийн судасны нэвт хатгагдсан шарх, баруун гуяны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүү, болон гуяны том судас гэмтээсэн шархны улмаас цус алдаж, төвөнх залгиурын нэвтэрсэн шархны улмаас амьсгалын замд цус сорогдсоноос амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн биед бусадтай тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна” гэжээ гэрэл зураг /хх-63-66х, 67-68х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Биологийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №334 тоот дүгнэлтэнд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураагдсан гэх 25 см урттай, хар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан гэх 25 см урттай, хар өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-83-84х, 85х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №156 тоот дүгнэлтэнд:
“1.Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар хүрмэнд зүсэгдэлт, гогодолт, хар өнгийн ноосон цамцанд сэмрэлт, саарал цамцанд зүсэгдэлт, саарал майканд зүсэгдэлт, ханзралт, хар өмдөнд ханзралт зүсэгдэлт, хөх жинсэн өмдөнд зүсэгдэлт, хар саарал дотуур өмдөнд ханзралт, зүсэгдэлт гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.
2. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.
3. Ханзралт, гогодолт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Зүсэгдэлтүүд шинээр гарсан байна. Ханзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр, гогодолт хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр, сэмрэлт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр, зүсэгдэлтүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Хар өнгийн хүрэмний заханд гарсан зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хар өнгийн өмдний баруун халаасны доод талд гарсан зүсэгдэлтийн зах ирмэг тэгш хэмтэй байгаа нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хар өнгийн өмдний баруун гуяны хэсэгт гарсан 3-н зүсэгдэлт, хөх өнгийн жинсэн өмдний баруун гуянд гарсан 3-н зүсэгдэлт, хар саарал өмдний баруун гуянд гарсан 3-н зүсэгдэлтийн хэлбэр, байрлал ижил байх тул зүсэгдэлт тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Саарал цамц, саарал майканд гарсан зүсэлтүүдийн зах ирмэг олон өнцөг гарсан байх тул хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Ханзралт, гогодолт, сэмрэлтийн материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-90х, 91-96х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Биологийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №333 тоот дүгнэлтэнд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Б.Цогтсайханы өмсөж явсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн.
2. Уг илэрсэн цус нь хүний цус байна.
3. Илэрсэн хүний цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-98х, 99-100х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №389 тоот дүгнэлтэнд:
“1. Д.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-77-78х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №8 тоот дүгнэлтэнд:
“1.Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-80-81х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15х/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-17-20х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-123х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-121х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-126-128х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-140-147х, 183-188х/,
Оршуулгын зардал хүлээн авсан гэх баримт /хх-175х/, Зарлагын баримтууд /хх-177-180х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Дэлгэрдалайн Бүдбазар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 30-388д тоот дахь хашаандаа Б.Цогтсайхантай “нийлээд байгаа эмэгтэйгээсээ сал” гэх зэргээр маргалдаж, улмаар түүний хүзүү, баруун хөлөн тус газар хутгалж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Д.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд Цогтсайхан би хоёр хэн хэн нь нэлээд согтуу байсан болохоор хоорондоо маргалдаад би түүнийг зайл гээд хөөсөн. Тэгтэл Цогтсайхан байшингаас гараад явахаар нь би гал тогооны өрөөний татуурганд байсан хутгийг аваад араас нь гүйж очоод дараад унасан. Тухайн үед би согтуу байсан болохоор хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-110-112х/,
шүүгдэгч Д.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгосайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач Батсайхан овогтой Цогтсайхан нь миний төрсөн дүү байгаа юм ...Манай талийгаач дүү болох Батсайхан овогтой Цогтсайхан нь 1988 онд Хөвсгөл аймагт төрсөн бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд Хөвсгөл аймагтаа бага сургуульд ороод нэгдүгээр ангиасаа гараад дахиж сургуульд сураагүй мал дээр гарсан ...манай талийгаач дүү эхнэр авч, хүүхэд гаргаж байгаагүй ...архи тамхи хэрэглэдэг боловч архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй байсан ...дүү маань ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Бүдбазар талийгаач хоёр хоорондоо маш эвтэй найрсаг харьцаатай байдаг байсан. Ах дүү хүмүүс шиг л байдаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-28х/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгосайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би талийгаачийн төрсөн эгч байгаа юм. Хичнээн маргалдсан ч яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ? Энэ хоёр хар багаасаа өвөр түрийндээ орж өссөн бөгөөд янз бүрийн өс хонзонгийн сэдэл байгаагүй. Нэхэмжлэх зүйл байгаагүй. Гэхдээ шүүгдэгчид их гомдож байна” гэв.
гэрч Б.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний 03:48 цагт хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30-388 тоотод би дүүгээ хутгалчихлаа, миний дүүг авраад өгөөч гэж дуудлага ирлээ гэсэн мэдээллийг хүлээн аваад уг хаягт 5 минутын дараа буюу 03:53 цагт очиж шалгасан. Дуудлагаар очиход уг тоот хашаанд байх нэг давхар өвлийн байшингийн урд хэсэгт нэг хүн доошоо харсан байдалтай газар хэвтэж байсан ба тухайн хүний урдуур газраар цус урсчихсан уг хүн нь ухаангүй байдалтай байсан. Ингээд би жолооч цагдаа Баярцэнгэлийн хамт байшин руу орж шалгахад байшингийн хаалга нь онгорхой дотор нь 30 гаран насны нэг согтуу залуу миний дүүг авраач, би дүүгээ алчихлаа гээд уйлаад зогсож байсан ... нөгөө залууг гавлаад дүүгээ хутгалсан хутга чинь хаана байна гэхэд байшингийн үүдний хэсэгт байх хогийн савны ард хутга нь байгаа гээд зааж өгсөн тул заасан газар нь очиж харахад бор иштэй хутга байсан ...” гэх мэдүүлэг /хх-31-33х/,
гэрч Д.Баярцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Батбаатар бид хоёрыг дуудлаганд очиход талийгаач Цогтсайхан болон холбогдогч Д.Б нараас өөр хүн байгаагүй. Тэр үед Д.Б нь би дүүгээ алчихлаа гээд уйлаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-34-36х/,
гэрч Ө.Төмөрхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач Б.Цогтсайхан нь миний төрсөн хүү бөгөөд Д.Б нь манай нөхөр Батсайханы том эгч Балжиннямын төрсөн хүү нь байгаа юм ... тэр үед би юу ч мэдээгүй бөгөөд Эрдэнэт хотод очоод ажил явдлынх нь үеэр манай хүүг Бүдбазар хутгалж амь насыг нь хохироосон байна гэдгийг мэдсэн ...миний хувьд гомдолтой байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна ...” /хх-37-39х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №81 тоот дүгнэлт, гэрэл зураг /хх-63-66х, 67-68х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Биологийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №334 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-83-84х, 85х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №156 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-90х, 91-96х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Биологийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №333 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-98х, 99-100х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №389 тоот дүгнэлт /хх-80-81х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15х/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-17-20х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-123х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-121х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-126-128х/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-140-147х, 183-188х/, Оршуулгын зардал хүлээн авсан гэх баримт /хх-175х/, Зарлагын баримтууд /хх-177-180х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Дэлгэрдалайн Бүдбазар нь согтуугаар Б.Цогтсайхантай маргалдаж, улмаар түүний хүзүү, баруун хөлөн тус газар хутгалж, хүнийг алсан гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, үргэлжлүүлэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн иштэй 25 см урттай хутга 1 ширхэг, талийгаач Б.Цогтсайханы өмсөж явсан гэх юүдэнтэй хар өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хөр өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн хос гутал, хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 16.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт ДБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон нийт 84 (наян дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн иштэй 25 см урттай хутга 1 ширхэг, талийгаач Б.Цогтсайханы өмсөж явсан гэх юүдэнтэй хар өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хөр өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн хос гутал, хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 16.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Д.РЕНЧЕНХОРОЛ