Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 16

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ий нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт холбогдох 

“Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С /онлайниар/, хариуцагч Архангай аймгийн Ж сумын Засаг дарга Л.Б, хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга Б.Э, хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь Архангай аймгийн Т сумын нутаг Далтын овоо, Асар уул нэртэй газарт орших нийт 43396 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2009 оноос эхлэн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшиж геологийн хайгуул судалгааны ажил гүйцэтгэж ирсэн. “Н” ХХК нь тодорхой хугацаанд Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхийн маргааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан ба уг маргаан нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00324 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

Улмаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээн сунгалт хийлгэх өргөдлийг 2018 оны 6 сарын 19-ний өдөр гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийн сунгалт хийх шийдвэр гарсан.

“Н” ХХК нь дээрх 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу боловсруулан харьяалалын дагуу Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарт 2018 оны 9 дүгээр  сарын 10, 2018 оны 9 дүгээр сарын 19, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийт 4 удаа хүргүүлсэн боловч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг өгсөн. Засаг дарга нарын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа  үйлдэл нь хууль бус болох нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй байна. Гэтэл Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “Н” ХХК Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарт батлуулахаар хүргүүлсэн атал орон нутгийн иргэд эсэргүүцсэн сумын удирдлагууд дэмжихгүй гэх мэт хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм. Нутгийн захиргааны байгууллага нь нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах үүрэгтэй. Гэтэл Засаг дарга нар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг тодорхой бус үндэслэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан хууль бус үйлдэл гэж үзэж байна. 

 Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн  хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ ” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 1/ Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахыг хуулиар шаардсан байдаг ба энэ тохиолдолд хайгуулын шинжилгээ хийх шаардлагагүй, 2/ хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Засаг даргад хүргүүлснийг хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Манай компанийн зүгээс Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүй нь холбогдох хуулийг зөрчсөн байх тул эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсч, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж өргөдөл гаргасан ба Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 188 тоот албан бичгээр сум орон нутгийн удирдлага нарт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь боловсруулах аргачлалын дагуу боловсруулагдсан тухай болон хуульд заасан эрх үүргээ биелүүлж ажиллах тухай зөвлөмжилсөн байна.

Дээрх үндэслэлээр Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Н” ХХК-ий байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нарт даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: “Н” ХХК-ий №5355, №5359 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 болон 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тус тус даалгах юм.

Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл гарсны дараа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт удаа дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулаад хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу процессын үйл ажиллагаа явагдсан бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах хүсэлт тавьсан боловч тодорхой хариу ирдэггүй. Хэрвээ батлахгүй гэж байгаа бол төлөвлөгөө хуулийн дагуу боловсруулагдсан юм уу, боловсруулагдаагүй юм уу гэдэг талаар тодорхой хууль зүйн үндэслэлтэй хариу хариуцагч нараас хэлдэггүй. Үнэхээр энэ хүмүүс хууль зүйн үндэслэлгүйгээр бидний гаргасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзан эс үйлдэхүй гаргаж байна. Яг ямар үндэслэлээр татгалзаад байгаагаа огт бичдэггүй зүгээр зөвшөөрөхгүй хариу амаар хэлж байсан бөгөөд албан бичгээр гаргаж байсан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу төлөвлөгөө гаргасан. Үүнийг ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд батлах зохицуулалттай байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ чиглэлээр хавтаст хэрэгт хангалттай олон нотлох баримт цугларсан байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 3 сумын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн боловч биелүүлээгүй өдий хүрч бид хохирч байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Ж сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ий байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэсэн байгаа. Гэтэл бидэнд өгсөн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Төлөвлөгөөнд хавсаргасан тусгай зөвшөөрлийн хуулбараас харагдсан буюу сунгагдсан талаарх мэдээллийг бидэнд ирүүлээгүй тул миний бие 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 132 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2018, 2019 онд явуулах төлөвлөгөөг батлах боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн билээ.

Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.11-т “Газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлох, ашиглах, уул уурхайг дэмжихгүй байх зарчим баримтлана” гэж заасныг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. “Н” ХХК-ий тус сумын нутагт орших тусгай зөвшөөрөлтэй талбайд геологийн хээрийн хайгуул судалгааны ажил болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийх үеэр иргэдээс маргаан үүсгэж, гомдол санал гарч байсан. 

 Нэхэмжлэлд “өөрт ногдсон эх мэдлээ хэтрүүлсэн” гэжээ. Хуулиар “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг заавал батлах үүргийг хүлээгээгүй болно. Нэхэмжлэлд “Монгол улсад ашиг малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагын зөвшөөрөл, шийдвэрт халдсан гэжээ. Эдгээр шийдвэрээр “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүргийг надад өгөөгүй гэж үзэж байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд эдгээрийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын “бүрэн эрх” гэж заасан. Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Засаг даргын эрхийг үгүйсгэсэн зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас  татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Архангай аймгийн Т сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийг 2009 оноос эхлэн Т, Ж, Ө сумын нутаг дэвсгэрийг хамарсан Далтын-Овоо нэртэй 5359Х, Асар-Уул нэртэй 5355Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж, улмаар хайгуулын ажил хийж эхлэх үеэс байгаль орчин, амьтан ургамалд сөрөг нөлөөллүүд үзүүлж ирсэн талаарх иргэдийн мэдээлэл, санал гомдол өнөөг хүртэл тасраагүй болно.

2018 онд “Н” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар инженер н.Ү-г ирүүлж байсан бол түүний дараагаар тус компаний орон нутаг хариуцсан захирал н.Б хоёр удаа хүрэлцэн ирсэн бөгөөд тухайн үед нь миний бие батлахгүй болох хууль эрх зүйн үндэслэл нөхцөлийг танилцуулж байсан. Эдгээр хүмүүс нь ирэх үедээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө танилцуулж тухай бүр амаар харилцан ярилцаж, тайлбар авч байсан.

“Н” ХХК”-ий 2019 оны 4 дүгээр сарын 15-д ирүүлсэн “Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г судлан үзэхэд Т, Ж, Ө сумыг хамарсан Далтын-Овоо нэртэй 5359Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр, Ж, Т сумыг хамарсан Асар-Уул нэртэй 5355Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус дууссан байсан учир байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно.

Түүнчлэн тус компаний ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-5 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1 дүгээр хавсралтын “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний агуулга” ерөнхий шаардлагад нийцүүлээгүй төлөвлөгөө ирүүлснийг батлаагүй нь тус нэхэмжлэлийн “өөрт ногдсон эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж үзсэн үндэслэлд нийцэхгүй болно. Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасанчлан “Тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болох тул энэ үед “Н” ХХК-ийг тусгай зөвшөөрөл буюу лиценз эзэмшигч гэж үзэхгүй болно.

Иймд “Н” ХХК-ий байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга Б.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө багийн Засаг даргад хүргүүлэх ёстой, гэтэл сүүлд албан бичиг ирүүлсэн.

 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус сумын Азарга багийн иргэдийн Нийтийн Хурал дээр тухай газарт өрөмдлөгө хийсэн зураг, тэмдэглэлийг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан Архангай толь сонинд хэвлэгдсэн баримт хүртэл өгсөн байгаа. Малчид бид газар нутаггүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс бид батлахгүй байгаа. Та бүхэн багийн иргэдийн Нийтийн хуралд дээр очоод төлөвлөгөөгөө танилцуулах шаардлагатай бөгөөд хор хөнөөлгүй гэдгээ батлаад өгчих гэв.

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд “Н” ХХК-иас Архангай аймгийн Ж, Ө, Т сумын Засаг дарга нарт холбогдуулан “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ж, Ө, Т сумын Засаг дарга нарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. /1-р х.х 1-5, 2-р х.х-н 68-71/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Архангай аймгийн Ж, Ө, Т сумын Засаг дарга нарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

1.  Нэхэмжлэгч “Н” ХХК-ий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааны тухайд,

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.15, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,  15 дугаар зүйлийн 15.2. дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ:”, 15.2.1.-т “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх” гэж зааснаар Архангай аймгийн Ж, Т сумын нутагт “Асар уул” гэх нэртэй газарт орших 15687 гектар талбайг хамарсан 5355Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Ж, Т, Ө сумын нутаг дэвсгэрт “Далтын овоо” гэх нэртэй газар орших 27709 гектар талбайг хамарсан 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хайгуулын үйл ажиллагаа явуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар жил бүр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлж байсан байна. /1х.х-н 9-14, 4х.х-н 9-10/

Нэхэмжлэгч “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хүчинтэй гэж тэмдэглэгджээ. /1х.х-н 9-14/

Хариуцагч нараас тус компаний цацраг идэвхт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байх тул, тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзэхгүй, тиймээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч  “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс дууссан, тухайн хугацааг сунгаж тэмдэглэл хийгээгүй болох нь дараах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх үзэв. 

Дээрх хугацаанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2017/00958 дугаар захирамжаар “М” ХХК-ий нэхэмжлэлтэй “Л” ХХК, “Н” ХХК, А.Э нарт холбогдох “М” ХХК-ийн албан тоотоор “Н” ХХК-д анх шилжүүлсэн ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “М” ХХК эгүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00324 дүгээр захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, уг хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Уг шалтгаанаар нэхэмжлэгч “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь тасалдсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тухайн компаний тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. /1х.х-н 31-40, 4х.х-н 12/

Улмаар нэхэмжлэгч “Н” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гомдол гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр “ ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2018/00324 дүгээр захирамжаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд шүүхийн маргаантай байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсан нь тогтоогдож байх тул “Н” ХХК-ий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын бүртгэлийн системд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгосугай ...” гэж /1х.х-н 54/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7/4717 дугаар албан бичигт “ ... компаний хувьцаа эзэмшигчийн хоорондын шүүхийн маргаантай байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсан нь тогтоогдож байх тул “Н” ХХК-ий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг кадастрын бүртгэлийн системд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа  сунгах өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авч бүртгэх болсныг үүгээр мэдэгдэж байна ...” гэх мэдэгдэл /1х.х-н 42/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7/5952 дугаар албан бичигт “ ... XV-005355, XV-005359  тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон бүртгэлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 475 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлүүдийн хүчинтөгөдлөр байх хугацааг сунгах өргөдлийг бүртгэх болсныг танайд мэдэгдсэн ... Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.3, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан баримт бичгийг хавсарган дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргана уу ...” гэх тайлбар /1х.х-н 41/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6414 дүгээр албан бичигт “ ...  Цөмийн энергийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна” заасан байна. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын талбайг хуулиар эрх олгогдсон төрийн дээд байгууллагын тогтоол шийдвэрийг үндэслэн кадастрын бүртгэлийн санд бүртгэдэг. Иймд холбогдох байгууллагуудаар дээрх цацраг идэвхт ашигт малтмалын талбайнуудыг кадастрын бүртгэлийн санд бүртгэх тухай тогтоол, шийдвэр ирүүлбэл бүртгэн авах боломжтой байна ...” гэх тайлбар /1х.х-н 55/

Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний 1/457 дугаар албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/5760 дугаар албан бичгээр “ ... Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, сунгах өргөдлийг хүлээн авахаар шийдвэрлэсэн ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох сумдын Засаг даргаар батлуулж ирүүлээгүй тул сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна ... Одоогийн байдлаар кадастрын мэдээллийн санд Архангай аймгийн Ж, Т сумын нутаг Асар-Уул нэртэй 15653.02 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 5355Х тоот, Архангай аймгийн Ж, Т, Ө сумын нутаг Далтын Овоо нэртэй 27685.30 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 5359Х тоот тусгай зөвшөөрлүүдийг “Н” ХХК нь эзэмшиж байгаа хүчин төгөлдөр бүртгэлтэй байна ...” гэх тайлбарыг тус тус ирүүлжээ. /1х.х-н 53-55, 182-185/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болоогүй,  хариуцагч нарын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх тайлбар нь дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

 Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ий үйл ажиллагаа  эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тухайн компани татан буугдсан, эсхүл иргэн нас барсан, тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, тусгай тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан зэрэг хууль зүйн үндэслэлүүдээр хүчингүй болгох хуулийн зохицуулалттай бөгөөд “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд хүчинтөгөлдөр байна.  

2. Хариуцагч Ж, Т, Ө сумын Засаг дарга нар нь 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох талаар,

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэг “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”:, 38.1.1.-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.3.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-т  “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Тодруулбал, нэхэмжлэгчээс “ ... 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Ж, Ө, Т сумдын Засаг дарга нарт 2018 оны 9 дүгээр  сарын 10, 2018 оны 9 дүгээр сарын 19, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хүргүүлсэн ...” гэх тайлбар гаргасан бөгөөд шүүхээс дээрх сумдад үзлэг хийх явцад тус компаний 2018, 2019 оны байгаль орчныг менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлснийг хүлээн авсан талаар хариуцагч нар маргаагүй, тухайн сум бүрт нэхэмжлэгч талаас өөрсдөө хүргэж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгээр нотлогдсон. /1-р х.х 62-179 Ж сум, 2-р х.х 96-250, 3-р х.х 1-58 Т сум, 3-р х.х 61-199 Ө сум/

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”, 38.3. дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-ий 2018, 2019 оны байгаль орчныг менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн, хариуцагч Ж, Т, Ө сумын Засаг дарга нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тухайн сумдын Засаг дарга нар төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй.

Хуулийн дээрхи зохицуулалтаас үзэхэд тухайн сумдын Засаг дарга нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодитойгоор хянан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, иргэдээс өргөдөл, гомдол гаргасан, батлах боломжгүй гэж татгалзсан нь хууль бус бөгөөд хариуцагч нар нь дээрх төлөвлөгөөг  шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байна. /1-р х.х 31, 176, 2-р х.х 100-101, 3-р х.х 68-67, 72/

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж хуульд заасан үүргээ сумдын Засаг дарга нь зөрчиж нэхэмжлэгч “Н” ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх эрхийг биелүүлээгүй, 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлсээр байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар баталж өгөхгүй байгаа хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компаний хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”,  24.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн /з/ -д “газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульчилсан бөгөөд Архангай аймгийн Ж, Т, Ө сумдын Засаг дарга нараас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахтай холбогдуулан иргэдээс ирсэн санал, өргөдөл гомдлын талаар хэлэлцүүлэх уг асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /багийн иргэдийн Нийтийн Хурал/-д санал оруулаагүй, уг асуудлаар Ж, Т, Ө сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн тогтоол гараагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.  

Мөн дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1.-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, 53.1.2.-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 53.1.3.-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж заасан нөхцөл маргаан бүхий энэ тохиолдолд үүсээгүй бөгөөд хариуцагч нар хуульд заасан ямар үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан болох нь тодорхойгүй, холбогдох баримтыг гаргаагүй болно. 

Хариуцагч Архангай аймгийн Т, Ж, Ө сумдын Засаг дарга нар нэхэмжлэгч компаниас ирсэн албан бичиг, 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэзээ ирсэн, энэ талаар тухайн сумынхаа ирсэн бичгийн бүртгэлд бүртгэж аваагүй, мөн хариуцагч нараас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэл нь “Н” ХХК-тай холбоотой өргөдөл, гомдол иргэдээс ирдэг гэж тайлбарлаж байгаа боловч шүүх энэ талаар үзлэг хийхэд холбогдох нотлох баримтууд гарч ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/241 дүгээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжаар “Х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын 2019/09 дүгээр гомдлын дагуу Архангай аймгийн Ө, Ж, Т сумдын нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацрагийн хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд  хяналт шалгалт хийхээр заажээ. /2-р х.х-н 57-62/

Улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01-08-086/454 дүгээр дүгнэлтээр Далтын овоо/XV-005359/ талбайн орчимд хийсэн хэмжилтийн дүнгээр гамма цацрагийн тунгийн чадал SL1132, SL10508 SL1001 хайгуулын цооногийн орчимд 0.15-0.30мк3в/ц хэмжээтэй байгаа нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшинд байна. 

Далтын овоо /XV-005359/ талбайн хөрснөөс авсан 17040 тоот дээжийн Кали-40 /К40/  изотопын хувийн идэвх цацрагийн хяналтад байх шаардлагатай хамгийн бага утга /10000Бк/кг/-аас бага үзүүлэлттэй, Уран-238 /U238/, Тори /Th232/ изотопын хувийн идэвх цацрагийн хяналтад байх шаардлагатай хамгийн бага утга /1000 Бк/кг/-аас бага үзүүлэлттэй байна гэж тус тус тусгажээ. /2-р х.х-н 63-66/

Дээрх дүгнэлтээс үзэхэд “Н” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нараас дээрх дүгнэлттэй холбогдуулан маргаагүй болно.

Мөн Цөмийн энергийн газрын 2010 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 02/04/14 дүгээр “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” улсын байцаагчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан болохыг тэмдэглэв. /3-р х.х 171-176/ 

Хариуцагч Ж, Т, Ө сумын Засаг дарга нар нь Цөмийн энергийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 13.1.1.-т “цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 13.1.2.-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрөл олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайг зориулалтын дагуу ашиглуулах, гарсан зөрчлийг таслан зогсоох”, 13.1.3.-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 13.1.4.-т “цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх талаар харьяалах нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-т “хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар”:  е/ “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж заасны дагуу Архангай аймгийн Ж, Ө, Т сумын Засаг дарга нар “Н” ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх, хуулийн дагуу нэхэмжлэгч “Н” ХХК 5355Х, 5359Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан эсэх уг нөлөөллийг арилгасан эсэх, цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх тодорхойлолт, саналыг холбогдох байгууллагад гаргаж дүгнэлт гаргаж байгаагүй, иргэдээс гаргасан гэх өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 

Хариуцагч Ж, Т, Ө сумын Засаг дарга нар нь нэхэмжлэгч компаний 2018, 2019 оны 5355Х, 5359Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт зааснаар хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчжээ. 

 Түүнчлэн Ж, Т, Ө сумын Засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн /к/ -д “нутаг дэвсгэрт нь .. ашигт малтмал эрэх, хайх, .. үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Хариуцагч Архангай аймгийн Ж сумын Засаг даргаас Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.11-т “Газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлох, ашиглах, уул уурхайг дэмжихгүй байх зарчим баримтална.” гэж заасан гэх тайлбар гаргасан боловч уг тайлбар нь байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлд хамааралгүй /1-р х.х 190-198/,  шүүхэд ирүүлсэн Асайт багийн иргэдийн хурлын тэмдэглэл, иргэдийн гарын үсэг бүхий баримтыг шүүх үнэлээгүй болно. 

Учир нь 1-т. 2019 оны 8 дугаар сарын 02-нд  шүүхээс үзлэг хийхэд холбогдох нотлох баримтууд гарч ирээгүй, 2-т. хариуцагчаас гаргаж өгсөн өргөдөл, гомдол дэвтрийн 90 дүгээрт 8 дугаар сарын 20, өргөдөл гаргагч Г.Г гэж,  91 дүгээрт 7 дугаар сарын 30-нд В.Г гэжээ уг өргөдөл гомдлын цаг хугацааны дараалалд завсарласан бүртгэл байх бөгөөд Асайт багийн иргэдийн Нийтийн Хурлаас ямар эрх зүйн асуудлыг шийдвэрлэсэн, энэ талаар ямар тогтоол гарсан нь тодорхойгүй, уг тогтоол нь хэрэгт авагдаагүй байна. /1-р х.х 209-215/

Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг даргаас тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хамгаалалтад авсан гэх тайлбар гаргасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 3, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Ө сумын Азарга багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хангах, унаган төрхийг хадгалах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор ... Ө сумын Шаргачины гол орчмын газар нутгийг байгалийн дурсгалт, нөөц газрын ангиллаар тус тус аймгийн тусгай хамгаалалтад таван жилийн хугацаагаар авчээ. Уг тогтоолд заасан хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.8 дахь хэсэгт зааснаар/ 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болжээ. /2х.х-н 80-83, 3-р х.х 182-183/

Мөн Архангай аймгийн Ө сумын Засаг даргаас иргэд эсэргүүцэж байгаа, мал амьтан хордсон, хохирол учирсан гэх тайлбар гаргасан боловч 2018, 2019 онуудад иргэдийн  өргөдөл,  гомдол  бүртгэгдээгүй,  уг  асуудлаар иргэдийн  Нийтийн Хурал  болон иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаагүй, хэнд ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, тус компаний хайгуулын үйл ажиллагааны улмаас байгаль орчин, иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй байна. 

Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргаас “ ... тус компаний ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-5 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1 дүгээр хавсралтын “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний агуулга” ерөнхий шаардлагад нийцүүлээгүй төлөвлөгөө ирүүлсэн ...” гэх тайлбар гаргасан. 

Дээрх хууль нь байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад зорилготой бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэлд шууд хамааралгүй болохыг тэмдэглэв. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж сумын Засаг даргаас ирүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэл, иргэдийн өргөдөл, гомдлыг ирүүлжээ. Уг баримтууд болох 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ж сумын Асайт багийн Иргэдийн Нийтийн хурлын 05 дугаар тогтоолоор Асайт багийн иргэдийн санал болон 129 хүний гарын үсгийг хурлын тогтоолд хавсаргаж хууль хяналтын зохих байгууллагад уламжлахаар болжээ.

 Улмаар уг тогтоолыг үндэслэн хаана ямар хуулийн байгууллагад хандсан эсэх, энэ талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал ямар тогтоол гарсан нь тодорхойгүй бөгөөд энэ хэргийн үйл баримтад ямар хамааралтай болохоо тайлбарлаагүй, нотолсонгүй. /2-р х.х 6-13/

Шүүх хуралдаан дээр хариуцагч Ө сумын Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Азарга багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, иргэдийн гарыг үсэг, зураг 4 ширхэг, Архангай сонинг гаргаж өгсөн бөгөөд, Азарга багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан тогтоол ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Азарга багийн иргэдийн Нийтийн Хурал хуралджээ. Улмаар уг хурлаас ямар тогтоол гаргасан нь тодорхойгүй байна. Уг 4 ширхэг гэрэл зургийг хэн авч, хэзээ хэдэн онд, ямар газар, ямар үйл баримт болсон талаар баталгаажуулсан тэмдэглэл байхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.5-д зааснаар шүүх уг нотлох баримтуудыг үнэлээгүй болно. / 4х.х-н 29-37/

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

  1.  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н” ХХК-ий 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгийн хураамжинд төлсөн  70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг 3 хувааж тус бүр 23400 /хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОДОНТУЯА