Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0503

 

         

Д.Ү-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалтын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ү, өмгөөлөгч Ж.У

Хариуцагч Нийслэлийн дотоод аудитын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0454/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ү-аас Нийслэлийн дотоод аудитын алба, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалтын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.1.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү-аас Нийслэлийн дотоод аудитын алба, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 ионы 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалаар “...хуульд нийцээгүй маргаан бүхий Б/03 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлтэй ... маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа.

Ч.Г-ын томилсон, ажиллаж буй талаар үйл баримт нь “сул орон тоо байхгүй мэт” харагдуулж байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү-г албан тушаал түр орлон гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөх тухай” тушаал гаргамагц Төрийн албаны тухай хууль, төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлах үүрэгтэй байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаал гаргаж, “төрийн албыг орон тоогүй мэт” харагдуулж байгаа үйлдэл хууль бус гэдэг нь илтэд тодорхой байна.

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 “Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбартаа мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор байгуулсан сургалтад хамрагдсан” байх үндсэн шаардлагыг Ч.Г хангаагүй байхад түүнийг томилж орон тоогүй мэт харагдуулаад байгаа нь илэрхий тодорхой үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрүүдийг үнэлгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Д.Ү-аас “Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалтын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Ч.Г-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилсон бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ч.Г-ыг Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.3. Харин нэхэмжлэгч Д.Ү-г Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл хугацаагаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилжээ.

2.4. Ч.Г-аас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх эсхүл түүнийг албан тушаал бууруулах ямар үндэслэл байгааг нарийвчилж үзээгүй, тушаал нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан эсэхэд шүүх шууд дүгнэлт өгөх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс би ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдохоос татгалзсан, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг дүрмээр болон албан тушаалын тодорхойлолтоор хангахгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчийг мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоож мөн хуулийн 45.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан талаар дүгнэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй, ...” гэх дүгнэлтийг хийж, мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус, уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4-д заасныг захиргаа авч хэрэгжүүлэх байсныг...” тэмдэглэж, маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.5. Гэтэл Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилж, мөн өдрийн Б/03 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Г-ыг томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Ү-г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлжээ.

2.6. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.7. Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах заалдах гомдол гаргасныг хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалаар “...маргаан бүхий Б/03 дугаар тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Г-ыг маргаан бүхий Аудит, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг уг албан тушаалд томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Ү-г маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй, “Ч.Г-ын мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан ... гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д ...гэж заасныг хариуцагчаас тодорхой болгох” замаар дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгасан агуулгаар гарсан, Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Г-ыг шинээр батлагдсан албан тушаал болох Аудит, хяналтын хэлтсийн даргаар шууд томилсон, маргаан бүхий албан тушаалд Ч.Г-ыг томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Ү-г томилсон тушаалыг дуусгавар болгож, түүнийг албан үүргээс чөлөөлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны шүүхийн шийдвэрийг ...захиргааны байгууллага заавал биелүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох” зэрэг хуулийн заалттай тус тус нийцээгүй ...” гэж дүгнэн маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

2.8. Ингэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосны эрх зүйн дагаврыг хариуцагчаас биелүүлэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах нь зүйтэй талаар магадлалдаа дурдсан байна.

2.9. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалуудаас үзэхэд, одоо нэхэмжлэгч Д.Ү-г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаал болон Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалууд аль аль нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалтын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулах боломжтой эсэх, энэ хэрэгт гаргасан шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь хэрхэн яаж сэргэх нь ойлгомжгүй байна.

2.10. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ү болон Ч.Г нарыг маргаан бүхий Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон дээрх тушаалууд аль аль нь хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд тухайн албан тушаал дээр тусгай шалгалт зарлан зохион байгуулах боломжгүйгээс гадна, хэрэв тусгай шалгалт зарлан зохион байгуулахыг шүүхээс даалгаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.

2.11. Нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд шийдвэрлэх асуудал нь тодорхой байхын зэрэгцээ шийдвэр нь биелэгдэх боломжтой, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж болохуйц байх ёстой.

2.12. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр шууд “Ч.Г-ыг Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалтай нэхэмжлэгч маргаагүй, уг тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна энэ нөхцөлд тус тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, маргааныг нэг мөр шийдвэрлэх боломж хязгаарлагдах, процессын хэмнэлттэй байх зарчмыг алдагдуулахад хүргэсэн байх төдийгүй өмнө гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                          Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН