Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Б.Мөнх-Од,

Хохирогч Б.Идшинхорлоо,

Шүүгдэгч Н.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Наймаахүүгийн Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201525022344 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20-50 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй /хх 66/, Өөлд овогт Наймаахүүгийн Дөлгөөн, Регистр: КД95102418 /хх 65/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ленин” клубын автобусны буудлын ойролцоо хохирогч Б.Идшинхорлоогийн халааснаас “Самсунг Галакси Эс-4” загварын гар утас хулгайлж 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын зүүн талын явган хүний гарц дээр хохирогч Б.Баянжаргалын халааснаас “Самсунг Галакси Эс-6 эджи” загварын гар утас хулгайлж 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Со Мангийн халааснаас “Айфон-6” загварын гар утас хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Багшийн Их сургуулийн автобусны буудлын ойролцоо хохирогч А.Оюунтүлхүүрийн халааснаас “Айфон-5” маркийн гар утас хулгайлж 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө би гэрээсээ гараад Сүхбаатарын талбайн урд автобуснаас буугаад чихэвчээ барьсан охины халааснаас “Самсунг эс 4” маркийн утсыг авсан. Тэгээд 11 дүгээр сарын 07-нд хороололд явж байгаад Өргөөгийн хажууд явж байсан хоёр охины нэг охиных нь халааснаас цухуйсан байсан “Самсунг Галакси Эс-6 эджи” маркийн мөнгөлөг өнгөтэй гар утсыг авч Монтел дээр 150.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөө өөртөө хэрэглэсэн. 12 дугаар сарын 31-нд шинэ жил тэмдэглэх гээд надад мөнгө хэрэг болсон. Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрнаас Багшийн дээд орох гэж яваад хажуугаар зөрсөн эмэгтэй хүний халааснаас “Айфон-6” маркийн гар утсыг аваад 200.000 төгрөгөөр таньдаг хүндээ зарсан. Мөн 02 дугаар сарын 16-нд мөнгөний хэрэг болсон учир “Айфон-5” маркийн гар утсыг Арслантай гүүрний хажууд явж байсан хүний халааснаас аваад 80.000 төгрөгөөр зарж гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбай руу найзтайгаа уулзах гээд өглөө 09 цагийн үед явсан. Тэгээд автобуснаас буухад куртканыхаа малгайг өмссөн эмэгтэйгийн баруун халаасанд гар утас харагдсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учир гар утсыг нь халааснаас нь аваад зам гарсан. Шар өнгийн Самсунг галакси эс-4 маркийн гар утас байсан. Тэгээд Монтел дээр аваачаад 80.000 төгрөгөөр зарсан. Би тэр өдөр Продаксийн буудлаас хороололын эцэс рүү алхаж яваад Өргөө кино театрын гэрлэн дохио дээр хоёр охин зогсож байсан. Баруун талд нь зогсож байсан охины баруун халааснаас нь гар утсыг нь аваад хороололын эцэс орсон. Тэр утас нь мөнгөлөг өнгийн самсунг галакси эс-6 маркийн утас байсан. Тэр утсыг би маргааш нь Монтел дээр 400.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Сансар орж Нийслэл кафед хоёр шил пиво уугаад гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх 44-45, 100, 105, 121-122, 178 дугаар хуудас/,

Хохирогч Б.Идшинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө хичээлдээ явахаар автобуснаас Чингисийн талбайн буудал дээр буухдаа утасныхаа чихэвчээр дуу сонсож явсан. Гэтэл утасны маань дуу явахаа болисон. Тэгээд би халаасандаа утсаа үзтэл байхгүй байхаар нь эргээд хартал ард хүн байхгүй байсан. Гэтэл хажууд явж байсан хүн “чиний утсыг улаан куртиктэй хүн авсан” гэхээр нь заасан зүгт нь явтал тийм хувцастай хүн байгаагүй. Тэгээд би яараад хичээлдээ явсан. Сургууль дээрээ ирээд багшийнхаа зөвлөсний дагуу цагдаад хандсан. Тэгээд камерийн бичлэг үзтэл мөрдөн байцаагч энэ хүнийг таньсан байх. Тэгээд надаас мэдүүлэг авсан. Одоо миний хохирол барагдсан учир нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Б.Идшинхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 07 цаг 15 минутын үед би Сүхбаатар дүүргийн 1-р хорооны автобусны буудал дээр буугаад ТҮЦ-ээс юм аваад алхаж байсан. Тэгээд гадуур хүрэмнийхээ баруун талын халааснаас самсунг галакси эс 4 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед чихэвчээрээ дуу сонсоод явж байсан. Тэгээд утасны дуу явахаа боличихоор нь халаасандаа гар утсаа шалгасан чинь алга болчихсон байсан. Тэр хүнийг би харвал таньж магадгүй. Бор царайтай, махлаг биетэй, дундаж өндөртэй бүлтгэрдүү нүдтэй 25-30 насны цүнх үүрсэн хүн байсан. ” /хх 23 дугаар хуудас/

Хохирогч Б.Баянжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цаг болох гэж байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын урд талд явж байгаад куртикны халааснаас гар утсаа алдсан. Би камерын бичлэг дээр байсан доголон залууг сэжиглэж байна... ” гэсэн мэдүүлэг. /хх 61 дүгээр хуудас/,

Хохирогч Ким Со Манг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спортын төв ордны арктай гудамжаар гараад хойшоо Өргөө-2 кино театрын зүүн талаар гараад Блүмон рестораны хажуугаар гараад төв архивын хажуугаар явж байхдаа гар утсаа алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... ” гэсэн мэдүүлэг. /хх 94 дүгээр хуудас/,

Хохирогч А.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол улсын багшийн их сургуулийн урд талын автобусны буудлаас Арслантай гүүр хүрэх замд куртикны зүүн халааснаас гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би минутын дараа гар утас руугаа залгахад миний утсыг эрэгтэй хүн аваад чи сая утсаа хоёр жоохон хүүхдэд алдсан биздээ би цагдаагийн ажилтан байна гээд миний нэр гар утасны кодыг асуугаад үдээс хойш 16 цагийн үед Нийслэлийн цагдаагийн газрын Ганболд гэдэг хүнээс ирж аваарай ах нь одоо хуралтай байна гэж ярисан. Би 20 орчим насны бараан хувцастай хазгар доголон залууг сэжиглэж байна... ” гэсэн мэдүүлэг. /хх 138-139 дүгээр хуудас/,

Гэрч В.Урангоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хороололын эцсийн наахан талд бичил цайны газрын хажууд найз Баянжаргал миний халаасанд байсан утас алга байна гэсэн. Тэгээд бид хоёр цагдаа дээр очиж камер шүүлгүүлсэн. Өргөө кинотеатрын уулзвар дээр байсан хөл нь доголон намхан нуруутай эрэгтэй хүн Баянжаргалын халааснаас нь гар утсыг нь авч байхыг камерын бичлэгээс харсан ...” гэсэн мэдүүлэг. /хх 117 дугаар хуудас/,

Гэрч О.Буянхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг Жуковт аавынхаа гэрт байхад Дөлгөөн орж ирээд “энэ утсын би цэнэглээд, танай гэрт орхичихъя, орой авъя” гэсэн. Тэгтэл орой 19 цагийн үед Дөлгөөн над руу залгаад “танайд үлдээсэн нөгөө утсаа аваад ир” гэхээр нь би энд авчраад цагдаад өгсөн. Би тэр утсын хулгайн утас гэж мэдээгүй. Ямар ч байсан Айфон маркын утас байх шиг байсан...” /хх 119-120 дугаар хуудас/

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ленин” клубын хойд талын автобусны буудлын орчимын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн урд талын автобусны буудал хэсгийг харуулсан хяналтын камерийн бичлэгийг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 20 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 18-19, 55, 88-89, 134-135 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

 

  • “самсунг галакси Эс-4” загварын гар утас – 220.000 төгрөг
  • “самсунг галакси Эс-6 эджи” загварын гар утас – 1.000.000 төгрөг
  • “айфон-6” загварын гар утас – 1.200.000 төгрөг
  • “айфон-5” загварын гар утас – 300.000 төгрөг...” гэжээ. /хх 15, 54, 90, 136 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Дөлгөөний хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 24, 140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь давтан үйлдлээр

- 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ленин” клубын автобусны буудлын ойролцоо хохирогч Б.Идшинхорлоогийн хүрэмний халааснаас “Самсунг Галакси Эс-4” загварын гар утас хулгайлж 220.000 төгрөгийн,

-2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын зүүн талын явган хүний гарц дээр хохирогч Б.Баянжаргалын куртикны халааснаас “Самсунг Галакси Эс-6 эджи” загварын гар утас хулгайлж 1.000.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Со Мангийн куртикны халааснаас “Айфон-6” загварын гар утас хулгайлж 1.200.000 төгрөгийн,

- 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Багшийн Их сургуулийн автобусны буудлын ойролцоо хохирогч А.Оюунтүлхүүрийн куртикны халааснаас “Айфон-5” загварын гар утас хулгайлж 300.000 төгрөгийн, нийт 2.720.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Баянжаргал, Б.Идшинхорлоо, Ким Со Манг, А.Оюунтүлхүүр нарын мэдүүлэг,  гэрч В.Урангоо, О.Буянхишиг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Дөлгөөнийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул хуульд заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхээс шүүгдэгч Н.Дөлгөөнд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ буцаан өгч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

 

Н.Дөлгөөн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгчээс хохирогч нарт учирсан хохирол буцаан төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Н.Дөлгөөний цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өөлд овогт Наймаахүүгийн Дөлгөөнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан  ялтан Н.Дөлгөөний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дөлгөөний цагдан хоригдсон 08 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Дөлгөөн нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дөлгөөнд оногдуулсан 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Н.Дөлгөөний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Дөлгөөнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН