Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

 

2021        07          29                                   2021/ШЦТ/443

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч П.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   П.Б-т холбогдох эрүүгийн 2111 00000 0204 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй. Баянгол дүүргийн ТС-11 журмын хашаанд ачигч ажилтай. Ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт              тоотод оршин суух хаягтай. Урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 298 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д тус тус зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

  П.Б /РД:  /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 288 тоотод оршин суух С.Цэлмэгээс “эхнэртэйгээ утсаар яриадхья” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Рэдми нөүт 8  загварын 367.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хохирогчийг хохиролгүй болгосон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч С.Цэлмэгийн “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4- 288 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орой намайг хүүхдүүдтэйгээ, ах, эгч нартайгаа гэртээ байхад миний найз Лхагваагийн нөхөр П.Б ганцаараа согтуу орж ирээд эхнэртэйгээ муудалцсан гээд хоночхоод өнөөдөр босож ирээд 13:00 цагийн үед миний гар утсыг аваад эхнэртэйгээ ярина гэж хэлээд авч яваад одоо хүртэл холбогдохгүй байна ... зүгээр л танил байгаа юм. Эхнэртэйгээ утсаар ярина гэж хэлээд надаас миний утсыг аваад эхэндээ манай байшингийн тамбарт яриад зогсоод байх шиг байсан бөгөөд нэг харсан чинь байхгүй болчихсон байсан ... Тэгээд би араас нь хайгаад явсан чинь манай урд талын хашааг даваад зугтаад явсан байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Л.Мөнхбаатарын “... манай дэлгүүрт тийм утас тавьсан ... 2021 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тавьсан ... өмнө нь тавьсан байсан эхнэр Лхагвадуламын гар утсыг 30.000 төгрөгөөр аваад, дээр нь нэмж хоёр жил архи, болон хүнсний зүйлс 80.000 төгрөгөөр, 20.000 төгрөг бэлэн авсан ... П.Б өөрийн эзэмшлийн утас гэж надад зарсан ... надад гомдол санал байхгүй ... би 130.000 төгрөгөө авахгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 18-19 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД2-21-089 дугаартай “... Рэдми нөүт 8 гар утас 367.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25х/, -Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 66х/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73х/,

Шүүгдэгч П.Б-ын “...би эхнэртэйгээ яриадхъя гэж хэлээд тэдний байшингаас гараад хашаа дотор захирал Нямаа руу залгаад утсаа аваагүй. Тэгээд би хашаанаас гараад зүүнсалаа руу явсан. Тэгээд Зүүн салаанд байрлах Одонт нэртэй дэлгүүрт 130.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37х/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 288 тоотод оршин суух С.Цэлмэгээс “эхнэртэйгээ утсаар яриадхья” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Рэдми нөүт 8  загварын 367.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогч С.Цэлмэгийн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-14, 18-19 дүгээр хуудас/, Дамно ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД2-21-089 дугаартай “... Рэдми нөүт 8 гар утас 367.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25х/, -Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 66х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73х/, шүүгдэгч П.Бын мэдүүлэг /хх-ийн 35-37х/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б нь хүний гар утсыг “эхнэр лүү гээ яриад өгье” гэж хэлээд аваад явсан үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн “хуурч” гэх шинжийг хангасан.

 “Хуурч” ” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлийн алинаар нь ч илрэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн “эхнэр лүү  яриад өгье” гэх үгэнд хууртаж хохирогч эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж өгсөн үйлдлийг хуурч мэхлэх аргаар авсан гэж үзнэ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, П.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагч: 450 000 төгрөгийн торгууль оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн гэв.

Шүүгдэгч П.Б нь хохирогчтой гэр бүлийн найзууд, 2018 оноос таньдаг болсон зэрэг нь тэдний тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул урьдын харилцаатай байсан гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх /хохирол төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч С.Цэлмэг, иргэний нэхэмжлэгч Л.Мөнхбаатар нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх тул шүүгдэгч П.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ