Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/445

 

 

 

 

 

                                              

 

 

   2021        07          30                                   2021/ШЦТ/445

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч ******* /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   *******-д холбогдох эрүүгийн 2011 01706 0158 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1,                            тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4дүгээр сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017-07-05-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан,

  *******, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч ******* нь иргэн Я.Мөнхтулгыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эзэмшлийн 23-98 УАА улсын дугаартай хөх өнгийн "Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг түүнд зарж, 2020 оны 9 дүгээр сарын 09, 10, 13-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-323 а тоотод байрлах автомашин засварын газарт нийт 2 800 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Отгонбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эзэмшлийн 47-39 УБЦ дугаартай "Соната 7" маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мэтээр ойлгуулж, түүнд худалдаж 2 000 000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,

иргэн Н.Туяа, Ш.Буяндэлгэр нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны гаднаас Дархан-Уул аймаг руу хүргэж өгнө уурын хувцасны индүү, жимс ногоо бутлагч, 25 килограммын гурил, ус буцалгагч, цүнхтэй багаж, овтерка, алх модон хаалга, гэрлийн абажур, хувцас зэрэг 383.200 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг залилан авч, бусдад нийт 5,183,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 5-197 тоот хашаанаас А.Эрдэнэтуяагийн амьдрал ахуйдаа нэмэр болгоод унаж бай гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн 08-95 УНЧ улсын дугаартай "Соната 5" маркийн тээврийн хэрэгслийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гурилыг нь эзнээс нь асууж байгаад хүнд өгсөн. Би хоёр хайрцагтай юмнаас нь юу ч аваагүй. Намайг юм авсан гээд доромжлоод байсан. Найзынхаа хашаанд байлгаж байгаад Дархан явах унаад 20.000 төгрөгөөр тавьж явуулсан. Би хүн залилснаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 2 сараас эхлэн Алтантуяатай цуг хамтран амьдарч эхэлсэн. Миний хамтран амьдрагч Сонгинохайрхан дүүргийн хашаа руугаа нүүгээд явсан. Тэгээд араас нь очоод хамт амьдарсан. Тэгээд хоёулаа яаж унаагүй байх бэ? гэхээр нь түүний ахын машиныг аваад халтуурт явж байсан. Би тэр машинд маш их засвар хийсэн. Тухайн машин Дарханд байгаа. Бид хамтдаа бичлийн 28-д байдаг нийтийн байранд амьдарч байсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Я.Мөнхтулгын “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний 88085770 дугаарын гар утсанд 88516557 дугаараас мөргөлдсөн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл задаргаанд авах уу гэж залгахаар нь би үзэж байж болно гэж хэлээд би өөрөө хаанаас үзэх вэ? гэж асуутал Дэнжийн-1000 дээрээс ирээд үзчих гэхээр нь Дэнжийн 1000-н “Нарантуул” 2 захын баруун талын зам дээр очиж уулзаад 23-98 УАА улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үзтэл өөрийгөө ******* гэж танилцуулсан хүн уг тээврийн хэрэгслийг 5 000 000 төгрөгөөр зарах гэж байгаа юм манай эхнэр Ганганбайгаль нь Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн болохоор нөгөө эзэн нь мөнгө нэхээд зарах гэж байгаа юм манай эхнэрийн нэр дээр байдаг машины бичиг баримт нь Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст байгаа хохирлыг нь төлүүлж байж бичиг баримтаа авна та эхний ээлжид урьдчилгаа 2 500 000 төгрөг өгвөл би тэр мөнгөөр хохирлыг нь барагдуулж бичиг баримтаа авах гэсэн юм гэхээр нь уг машиныг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-323 а тоот хашаанд байрлах өөрийн ажил дээр авч ирж тээврийн хэрэгсэл хүлээлцсэн тэмдэглэл үйлдээд урьдчилгаа мөнгө болох 2 500 000 төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн Зурагтын шинэ эцэст байрлах Амаяа нэртэй дэлгүүрийн АТМ-с өөрийн Хаан банкны 5058230883 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг авч үлдсэн 500.000 төгрөгийг нь өөрт байсан бэлэн мөнгөнөөс өгсөн юм, Үүнээс хойш маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр миний ажил дээр ирээд бичиг баримтаа авчихсан манай эхнэрт явж байгаа та 200.000 төгрөг өгөөч нөгөө хүн нь бас нэхээд байна гэхээр нь бэлнээр 200.000 төгрөгийг өгч явуулсан юм. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин ажил дээр ирээд манай эхнэр ажил гараад Замын- Үүд явчихсан маргааш иргэний үнэмлэхээ машины бичиг баримтын хамт замын унаагаар явуулчихна гэж хэлээд 100.000 төгрөг авч явсан юм. Гэтэл үүнээс хойш 3 хонгийн дараа над руу 80908688 гэсэн дугаараас залгаад 23-98 дугаартай тээврийн хэрэгсэл танай дээр засвар хийлгэсэн үү.манай охины найз нь засвар хийлгэж ирнэ гээд алга болчихлоо гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм....Би өөрөө засварын газартай учраас манай ажлын самбар дээрээс харсан байх гэж би бодож байна. Өөрөөр би уг хүнийг танихгүй юм. Надад тухайн үед маш их үнэмшилтэй яриад байсан болохоор нь итгээд 3 удаа мөнгөө өгчихсөн юм....Өөрийгөө Замын-Үүд Улаанбаатар чиглэлд том тээврийн хэрэгсэл барьдаг гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Гэрч П.Батзоригийн “...2020 оны 9 дүгээр сарын эхээр би Батсугар гэх найзтайгаа хамт нэг газар сууж байтал ******* над руу дугаарыг нь санахгүй байна Юнителийн дугаараас залгаад “хаана байна хөгшөөн би Замын-Үүдээс Улаанбаатарт ирчихсэн байна” гэхээр нь би Сугараа гээд найзтайгаа байна гэтэл удалгүй цүнх үүрчихсэн хүрээд ирсэн юм. Тухайн үедээ бид хоёрын буудлыг сунгаж өгөөд 1 шил архи, хоол авч өгөөд өөрөө архи уудаггүй болохоор явлаа найз нь Замын-Үүдэд том машин барьж байгаа гээд яваад өгсөн юм. Түүнээс хойш 2 хоногийн дараа намайг Сугартай гадуур явж байхад Жуков дээр буудал авчихсан байна хүрээд ирээч гэхээр нь Сугарын хамт очтол 2 хүүхэнтэй нөгөө 2 эмэгтэй нь нэлээн согтуу ******* найз нь 2,3 хоногоос явлаа өөрийнхөө гар утсыг зарчихсан утасгүй байна. Чи надад утсаа өгөөч 2,3 хүнтэй ярих хэрэг байна гээд бид 2-г нөгөө 2 хүүхэнтэй танилцуулаад миний утсаар нэлээн их орж гараад яриад байсан юм. Тэгээд тухайн буудалдаа хоночхоод маргааш нь өглөө нь би найзтайгаа яваад ******* тэндээ үлдсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын эхээр намайг 100 айл дээрээс хороололд хувиараа засвар хийх гээд явж байтал над руу танихгүй дугаараас залгаад “миний найз хаана явна” гэхээр нь би “100 айлд байна 3,4 дүгээр хороололд засвар хийх гээд автобусан дотор явж байна” гэтэл “би тийшээ явна 32 дээр буучих хоёулаа такси бариад явчихна” гэхээр нь 32 дээр хүлээж байгаад Өлзийтэй уулзаад такси бариад Гандан орж Сугар гэх найзыгаа ажлын цүнхтэй аваад Гандангаас дахин такси бариад Зурагтын шинэ эцэс ороод “Приус засвар” гэсэн засварын гадна ирээд бид хоёрыг таксиндаа сууж байгаараа би хүнтэй уулзаад мөнгө аваад ирье гээд буугаад дугаарыг нь авчихсан цэнхэр өнгийн Приус дотор 15-20 минут юм ярьж байгаад би уг нь энэ хүнээс 1 000 000 төгрөг авах ёстой юм гэтэл мөнгөгүй гээд 100 000 төгрөг өглөө гэж таксиндаа эргэж суугаад Гандан дээр Сугар бид хоёрыг буулгаад явсан юм. Үүний маргааш нь 15 цагийн үед над руу Скайтелын дугаараас залгаад Өлзий байна уу.миний машиныг засуулна гээд аваад явсан боловч утас нь холбогдохгүй алга болчихлоо, машинтай явж байна уу үгүй юу гээд залгахаар нь би миний утсаар ярьсан байх, миний хажууд байхгүй байна гэсэн юм.Түүнээс хойш дахин надтай холбогдоогүй. Харин манай Сугар гэх найзын машиныг нь гуйж аваад Да Хүрээ зах дээр 2 000 000 төгрөгөөр зараад өөрөө зугтаад алга болчихсон байсан.Тухайн үед 88516557 гэсэн дугаар барьдаг байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

Гэрч Ганганбайгалийн “... 2020 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт байх ******* гэх хүн миний гар утас руу залгаад би Замын-Үүд суманд ирсэн байна, та хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би гэртээ байна гэж хэлсэн. Маргааш нь дахин миний гар утас руу залгаад таны машин зүгээр явж байгаа юм уу ганц нэг ажил амжуулах гэсэн юм гэж хэлээд манай гэрт ирсэн. Тэгээд би өөрийн 23-98 УАА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд ороод эвдэрсэн байгаа талаар хэлсэн. Мөн тээврийн хэрэгслээ үзүүлсэн. Тэгсэн чинь ******* манай компани ажилчдын тээврийн хэрэгслийг 50 хувь хямдхан янзалж өгдөг. Таны тээврийн хэрэгслийг янзлуулаад өгөх талаар ярилцаад Улаанбаатар хот руу унаад явсан.Тэрнээс хойш хэдэн хоногийн дараа би *******-ын гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Тэгтэл хэд хоногийн дараа ******* миний гар утас руу найзынхаа гар утсаар залгаад эгч таны тээврийн хэрэгслийн бичиг баримт хэрэгтэй байна, засварын газар гэрээ хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би *******-ын гар утас нь холбогдохгүй болохоор нь нөгөө залуугийн гар утас руу нь залгаж тээврийн хэрэгслийн бичиг баримт явуулах гэсэн чинь таны тээврийн хэрэгслийг телевизийн ойролцоо засварын газар өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа өгч явуулж чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

Хохирогч С.Отгонбаатарын “... 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед Да хүрээ захын машины зогсоол дээр зогсож байсан чинь 47-39 УБЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната 7 маркийн машинтай нэг залуу ирээд машин авдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь байна, ямар машин бэ гэж асуусан чинь энэ машин байгаа юм мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм аа гэсэн. ...Тэгээд бичиг баримт нь хаана байгаа юм бэ гэж асуутал тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй жолооны үнэмлэхтэй бас худалдах худалдан авах гэрээ гаргаад ирэхээр нь энэ гэрээ байгуулсан хүн нь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь энэ хүнээс 2019 онд энэ хүнээс худалдан авч байсан юм одоо энэ хүн нь Солонгос улсад байгаа гэж хэлсэн. 2 800 000 төгрөгөөр авахаар болсон. Тэгсэн чинь 2 000 000 төгрөгийг нь одоо өгчих манай эхнэр хүлээн авалт хийх гэж байгаа маргааш ирээд нэрээ шилжүүлэхдээ үлдсэн мөнгөө авъя гэсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гэсэн чинь та надад бэлэн мөнгөөр өгчих би байрны лизингтэй болохоор банкнаас татчих байх гэхээр нь Хаан банкны АТМ орж 2 000 000 төгрөг авч бэлэн өгсөн. Би гэрээн дээр байсан 80095864 гэсэн дугаар луу залгаад би машин авсан хүн байна гэсэн юу яриад байгаа юм бэ манай найз миний машиныг 2 хоног унаад өгье гэж хэлээд аваад явсан би Б.Батсугар гэж хүн байна, би найз руугаа яриад буцаад холбогдъё гэж хэлээд утсаа салгасан, жаахан байж байгаад над руу залгаад найзын утас нь холбогдохгүй байна.Та хаана байгаа хүн бэ яваад очъё гэсэн....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 144-р хуудас/,

Хохирогч Б.Батсугарын “...Өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад зүс таних найз болох Өлзий гэх залуу над дээр ирээд машинаа түр хэрэглүүлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн 47-39 УБЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн соната 7 маркийн тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 20-1433 тоот хашаанаасаа өгч явуулсан. Тухайн залуу нь өчигдөр надтай холбоотой байсан ба хэзээ машин өгөх талаараа хэлэхэд маргааш өглөө өгнө гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 21- ний өглөө 10 цагийн үед 80110380 дугаараас над руу залгаад сайн байна уу Батсугар мөн үү гэсэн тэгэхээр нь би мөн байна гэтэл би өчигдрийн машиныг чинь авсан ченж байна.хэзээ машиныхаа нэрийг шилжүүлж өгөх вэ гэсэн. Тэгээд би гайхаад юу болсон талаар асуусан чинь чиний энэ машиныг өчигдөр нэг залуу надад зарсан ш дээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1139-140-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 156-р хуудас/,

Хохирогч Д.Туяагийн “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өлзий /99443537/ залгаад Дарханаас танай нөхрийн чинь дүү Оюунаа бид хоёр суух гэж байгаа юм. Манай хадам ээж танаас очиж юм аваад ир гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хадам ээж рүүгээ залгаад “нэг хүн ярьж байна, таны юмнуудыг өгөөд явуулчих уу” гэсэн чинь тэг тэг” гэж хэлсэн. Ингээд Өлзий 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 74-61 УНП улсын дугаартай амьжиргаа цагаантай ирж уурын хувцасны индүү, жимс ногоо бутлагч, 25 килограммын гурил, ус буцалгагч, манай нөхрийн хувцаснууд, цүнхтэй жижиг багажууд, модон байрны хаалга, гэрлийн абажур, нөхрийн дүүгийн хувцаснууд гээд 2 хайрцаг дүүрэн юм байсан. Дандаа хэрэглэж байсан юмнууд байсан. Ингээд Өлзий Дархан-Уул аймаг руу явлаа гэж хэлсэн. Тэр орой нь залгасан чинь Төмөрлөгийн үйлдвэрийн урд талд машинтай явж байна гэж хэлсэн...ингээд тэр өдрөөс хойш Өлзий 6 хоног сураггүй алга болчихоор нь Чингэлтэй дүүрэг дээр очиж өргөдөл өгөх гэсэн чинь 74-61 УНП улсын дугаартай автомашины эзэмшигчийг дуудаж уулзуулаад хоорондоо ярь гээд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 224-р хуудас/,

Гэрч Ш.Буяндэлгэрийн “...2021 оны 02 дугаар сарын үеэр Улаанбаатар хотоос манай бэр болох Д.Туяа над руу залгаад 2 хайрцагтай юм явуулмаар байна унаа байна уу гэж асууж байсан. Яг тухайн үед манай охинтой хамт барилга дээр ажиллаж байсан Өлзий гэдэг залуу манай гэрийн хаалгыг янзалж өгч байхдаа Улаанбаатар хот руу машинтайгаа яваад ирнэ гэж ярьж байхаар нь эгч нь 2 хайрцагтай юм захина хямдхан аваад ирэхийг бодоорой гэхэд Улаанбаатар хот ороод над руу залгаад “та над руу 35,000 төгрөг хийчих машины юм эвдэрчхээд байна таны хайрцагтай юмыг аваад очноо” гэхээр нь дансаа өгчих гэхэд надад одоогоор данс алга, засварын хүний дансыг явууллаа гээд нэг данс явуулж би шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоног алга болоод утас нь холбогдохгүй байж байгаад утас нь холбогдоод яасан бэ гэхэд “би төмөрлөгийн үйлдвэр орж явна, одоохон очлоо” гэж хэлээд 10 орчим хоног алга болсон. Тэр хооронд бэр Туяа цагдаад хандсан байсан ба над руу Өлзий залгаад таны хайрцагтай юмыг замын унаанд тавиад явуулсан" гэж хэлэхээр нь нөхрийг явуулаад зах дээрээс 2 хайрцагтай юм, эвдэрхий хаалга зэргийг аваад эвдэрхий шар өнгийн хаалга байхаар нь зах дээр хаячихлаа гээд 2 хайрцагтай юм аваад ирсэн. 1 хайрцаг дотор нь хоосон шил, цаас чихээд хаячихсан, нөгөө хайрцаг дотор нь хүүхдийн хувцас, орны цагаан даавуу гэх мэт бас л хог чихчихсэн байсан...ер нь хүнд хэрэгтэй юм ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 235-236-р хуудас/,

Гэрч С.Жаргалсайханы “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхэд Төржаргал аав та компьютер ландаас юм ачаад Алтайн гудамжинд буулгах уу, 15,000 төгрөгөөр гэж хэлсэн. Тэгээд явахаар болоод нэг хүн 7799 засварын газрын зам дээр гарч ирээд чадад суугаад явсан. Ингээд компьютер ланд ороод 2 хайрцагтай юм, нэг хаалга. 1 шуудайтай, 1 шар тортой юм ачаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Аятайн 9-207 тоотод буулгасан. Ингээд буулгаж өгөөд мөнгөө авах гэсэн чинь над руу мобайл банкаар хийнэ гэж хэлэхээр нь хийчих байх гэж бодоод би явсан. Уг тоотод манай хүүхдийн найз Бүлтка гэдэг залуугийнх амьдардаг юм байна лээ, би ачаагаа буулгачхаад мэдсэн. Миний хувьд Өлзий гэх хүнийг огт танихгүй тухайн залуу өөрийгөө том тэрэг барьдаг маргааш уг ачааг 22-ын товчоо дээр аваачиж буулгана гэж ярьж байсан. Би буулгасан газраа зааж өгсөн уг газар очиход миний буулгасан ачаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 226-р хуудас/,

Гэрч О.Төгсжаргалын “...миний зүс мэддэг Хишигээ гэдэг эмэгтэйн үерхэж байгаа ******* гэдэг залуу нь надтай тааралдаад "юм ачих гэсэн юмаа" гэж гуйсан ба миний бие аавыг гуйгаад яваад өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу аав Жаргалсайхан нь *******тай хамт явж Чингэлтэй дүүргээс юм ачсан гэсэн. Юм ачсаны хөлс болох 15,000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөөгүй оронд нь 25 килограмм гурил өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 227-р хуудас/,

Гэрч Д.Тулга-Эрдэнийн “...Миний бие Улаанбаатар-Дархан хот хоёрын хооронд Нарантуул захаас хүнсний тээвэр хийдэг юмаа. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй юмуу гэж харагдахаар хэл ам нь ээдэрсэн залуу над дээр ирээд Дархан руу юм ачуулах гэсэн юм гэж асуухаар нь болно гэж хэлсэн чинь нөгөө үл таних залуу /*******/ нь 1 ширхэг модон хаалга, 2 ширхэг цаасан хайрцагтай юм авчирч өгсөн. Уг эд зүйлийг өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэж авчирсан гэж надаас 20.000 төгрөг авсан ба уг эд зүйлийг Дархан хотод хүлээж авах хүмүүс нь надаас авсан 20.000 төгрөг болон тээврийн хөлс болох 50.000 төгрөг нийт 70.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь орой 16-17 цагийн үед үл таних эгч залгаад чамд ачуулсан эд зүйлийг залилуулсан хүн нь байнаа гэж яриад байхаар нь хүрч ирээд уулзчих гэж хэлсэн чинь нэг эмэгтэй /Туяа/ ирж уулзаад хаалга болон 2 ширхэг эд зүйлээ үзмээр байна гэж хэлсэн боловч эд зүйлүүдийг нь ачааны машины доор ачаад дээр нь юм тавьсан байсан учир үзүүлэхгүй боломжгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө эгч учраа хэлээд, залилуулсан гээд байхаар нь заза эгч тэгвэл наад хаалга, 2 ширхэг хайрцагтай зүйлийг чинь үнэгүй хүргэж өгье гэж хэлээд Дархан хотод очсон чинь настай хоёр хүн ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-р хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй эд зүйлс нь 2021 -02-18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 383,200 төгрөгөөр үнэлэгдэв...” /1-р хавтас хэргийн 238-239-р хуудас/,

Хохирогч А.Эрдэнэтуяагийн “...2020 оны 06 дугаар сарын эхэн үеэр би өөрийн эзэмшлийн соната 5 маркийн машиныг өөрийн төрсөн дүү Алтантуяа, түүний хамтран амьдрагч ******* нарт амьдрал ахуйдаа нэмэр болгож таксинд явж мөнгө ол гэж өгсөн юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ******* гэгч залуу миний машиныг унаж яваад одоог хүртэл дүү Алтантуяатай уулзаагүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж дүү маань надад хэлсэн. Анх 2012онд 4.500.000 төгрөгөөр худалдан авсан, одоо гадуур 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 32-р хуудас/,

Гэрч А.Алтантуяагийн “...би 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр *******тай танилцаад 5 сараас 8 сарын 03-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 5-197 тоотод хамтран амьдарсан юм. ******* хашаанд байсан соната 5 машиныг унаж гадуур таксинд явдаг болсон ба 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний барьж байсан самсунг эй 5 маркийн гар утсыг аваад машинаа унаж гадуур явна гэж гараад одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

Гэрч А.Болоржаргалын “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 5-197 тоот хашаа миний эзэмшил өмчлөлд байдаг. Тухайн үед ээжийн дүү Алтантуяа нь хамтран амьдрагч *******-ын хамт амьдарч байсан бөгөөд 08-95 УНЧ улсын дугаартай автомашиныг тухайн хашаанаас 2020 оны 08 дугаар сарын эхээр унаж яваад алга болсон юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ “...соната 5 маркийн тээврийн хэрэгсэл 1,400,000 төгрөг”

Шүүгдэгч *******-ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 86/, мөн бусад бичгийн номлох баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь иргэн Я.Мөнхтулгыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эзэмшлийн 23-98 УАА улсын дугаартай хөх өнгийн "Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг түүнд зарж, 2020 оны 9 дүгээр сарын 09, 10, 13-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-323 а тоотод байрлах автомашин засварын газарт нийт 2 800 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Отгонбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эзэмшлийн 47-39 УБЦ дугаартай "Соната 7" маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мэтээр ойлгуулж, түүнд худалдаж 2 000 000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,

иргэн Н.Туяа, Ш.Буяндэлгэр нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны гаднаас Дархан-Уул аймаг руу хүргэж өгнө уурын хувцасны индүү, жимс ногоо бутлагч, 25 килограммын гурил, ус буцалгагч, цүнхтэй багаж, овтерка, алх модон хаалга, гэрлийн абажур, хувцас зэрэг 383.200 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг залилан авч, бусдад нийт 5,183,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 5-197 тоот хашаанаас А.Эрдэнэтуяагийн амьдрал ахуйдаа нэмэр болгоод унаж бай гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн 08-95 УНЧ улсын дугаартай "Соната 5" маркийн тээврийн хэрэгслийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Я.Мөнхтулгын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/, гэрч П.Батзоригийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-20-р тал/, гэрч Ганганбайгалын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 23-24-р тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44-р тал/, хохирогч С.Отгонбаатарын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 144-р тал/, хохирогч Б.Батсугарын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 1139-140-р тал/, шүүгдэгч *******ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 156-р тал/, хохирогч Д.Туяагийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 224-р тал/, гэрч Ш.Буяндэлгэрийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 235-236-р тал/, гэрч С.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 226-р тал/, гэрч О.Төгсжаргалын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 227-р тал/, гэрч Д.Тулга-Эрдэнийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-р тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтас хэргийн 238-239-р тал/, хохирогч А.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 32-р тал/, гэрч А.Алтантуяагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 43-44-р тал/, гэрч А.Болоржаргалын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60-61-р тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 73-74-р тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг тайлбар мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх гэсэн саналыг гаргасан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч ******* нь шүүхийн тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар ажлын 5 хоногийн хугацаатай завсарлага авсан боловч хохирол төлбөрөө төлж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******-аас нийт 6.583.200 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Мөнхтулга /ЧЕ79022671/-д 2.800.000 төгрөг, хохирогч С.Отгонбаатар /ТЗ71102714/-т 2.000.000 төгрөг, хохирогч Н.Туяа /ТА73062661/-д 383.200 төгрөг, хохирогч А.Эрдэнэтуяа /хм61042903/-д 1.400.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын нийт 66 хоног цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 528 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч   *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******-д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын нийт 66 хоног цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 528 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******-аас нийт 6.583.200 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Мөнхтулга /ЧЕ79022671/-д 2.800.000 төгрөг, хохирогч С.Отгонбаатар /ТЗ71102714/-т 2.000.000 төгрөг, хохирогч Н.Туяа /ТА73062661/-д 383.200 төгрөг, хохирогч А.Эрдэнэтуяа /хм61042903/-д 1.400.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ